Ярилцлага

О.Дэлэг: Аквариумын загасны дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна

-АКВАРИУМЫН ЗАГАСНЫ ШӨНИЙН ХУДАЛДААНД 12 ДЭЛГҮҮР ОРОЛЦОНО-

“Монголын аквариумын загас, ургамал сонирхогчдын холбоо”, “Кори загас сонирхогчдын клуб”-ыг тус тус үүсгэн байгуулагч, Барилгын Политехник коллежийн сантехникийн инженер багш Очирхуягийн Дэлэгийг зочиноор урилаа. Учир нь түүний болон Ulaanbaatar Zoo and Aquarium-н хамт олны  санаачилгаар Монголд анх удаа аквариумын загасны шөнийн худалдаа хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа билээ. Бид зургадугаар сарын 08-нд болох загасны шөнийн худалдаа буюу Ulaanbaatar aquarium night арга хэмжээний тухай болон аквариумын загасны талаар яриа өрнүүллээ. О.Дэлэг багш 1995 оноос хойш загас тэжээж байгаа аж.

- “Ulaanbaatar aquarium night” загасны шөнийн үзэсгэлэн худалдаа Монголд анх удаа болох гэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-За баярлалаа. 2019 оны зургадугаар сарын 08-ны 21-24 цагийн  хооронд Монголд анх удаа шөнийн загасны худалдаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Бид үүнийг Бээжингийн загасны шөнийн захаас санаа аваад Ulaanbaatar Aqva zoo-гийн хамт олонд хэлэхэд дэмжиж хүлээж аваад энэ газар 100 хувь зохион байгуулаад явж байна. “Монголын аквариумын загас, ургамал сонирхогчдын холбоо” 2014 онд байгуулагдсан цагаасаа хойш тохижилтын тэмцээн 2 удаа , бартер үйл ажиллагааг зохион байгуулаад тасралтгүй явуулж ирсэн. Харин энэ удаагийн арга хэмжээ бол анхных юмаа.

-Тэр үдэш Ulaanbaatar Aqva zoo-гийн гадаа талбайд ямар ямар үйл ажиллагаа болох вэ?

-Аквариумын загас, хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, солилцоо, дуудлага худалдаа, сонирхолтой илтгэл, зөвлөгөө, сонирхол нэгтнүүд хоорондоо танилцах нөхөрлөх зэрэг цогц үйл ажиллагаа болно. Нийтдээ 12  дэлгүүр оролцоно. Үүнээс гадна загас сонирхогчид маань өөрсдөө загасаа, хэрэгслээ авч ирж худалдаалж солилцоход нээлттэй. Мөн энэ үеэрUlaanbaatar Aqva zoo амьтны хүрээлэн 50 хувь хямдарсан үнээр үйлчилнэ. Ер нь бол байр, орон сууцанд тэжээх хамгийн тохиромжтой амьтан бол загас байдаг. Өнөөдөр загас сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Ер нь бид нар аквариумын загас сонирхогчдын зорилгыг тодорхойлж хобби болгох, загас тэжээхийн ач холбогдлыг илүү олон хүнд хүргэх зорилготой ажилладаг.

- Дуудлага худалдаа гэхээр их л сонин сонсогдож байна. Тодруулбал?

-Ер нь бол аквариумын загасны дуудлага худалдаа манайхаас бусад улс орнуудад явагддаг. Манай улсын загас сонирхогчдын зорьдог газар болох Бээжингийн шөнийн зах дээр бол энэ төрлийн үйл ажиллагаа бол тогтмол явагддаг. Манайхан ч гэсэн хямдралтай эгзэгтэй цагийг тааруулж очиж бараа бүтээгдэхүүнээ авдаг. Дуудлага худалдааны онцлог бол чамин, ховор тэр бүр олдоод байдаггүй загаснууд гарч ирдэг. Жишээ нь, сая дуудлага худалдаа эхлэхээс өмнө хоёр охин, нэг эр гуппиг нэг сонирхогч гуйсаар байгаад авчихсан. Хэдийгээр энэ арга хэмжээ монголд анх удаа зохиогдож байгаа ч гэсэн маш ховор, чамин гоё загаснууд гарч ирэх төлөвтэй байна.

-Шөнө зохион байгуулдаг нь ямар учиртай вэ?

 -Өдөр болохоор дэлгүүрүүдийн үйл ажиллагаа явагдана, загас сонирхогчид маань бас ажилтай байдаг. Тэгэхээр 21-24 цаг бол хамгийн тохиромжтой санагдсан. Бид оролцох дэлгүүрүүддээ 20-30 хувийн хямдрал зарлахыг санал болгож байгаа. Загас үржүүлгийн газрууд маань ч гэсэн загаснуудаа хямдралтай үнээр худалдаална. Анх тэжээх гэж байгаа, эсвэл нэг л учраа олохгүй байгаа сонирхогчид энд ирээд цогц мэдээлэл авах боломжтой. Аквариумын загасанд хэрэгтэй бүх зүйл цогцоороо энд цуглана гэсэн үг.

-УРД ХӨРШӨӨС ЗАГАС АВЧ ҮРЖҮҮЛЭЭД ХОЙД ХӨРШ РУУ ГАРГАХ  БОЛОМЖ ХАРАГДААД Л БАЙГАА.

-Аквариумын загасны ач холбогдлын тухайд?

-Миний хувьд өөрөө сантехникийн инженер хүн болохоор өрөөний чийгшилд үзүүлдэг онцгой нөлөөлөлд их ач холбогдол өгдөг. Мөн нүдний хараа сайжруулна, стрессийг бууруулна,  маш сонирхолтой. Яг тэр усан доорх амьдралыг цогцоор бүрдүүлчхээд хараад сууж байхад хүн маш ихээр тайвширдаг. Гоё мэдрэмж төрдөг, улмаар хобби нь улам гүнзгийрээд шунаад судлаад цаашаа явдаг. Загас тэжээдэг хүн усны бүтэц, найрлагыг маш сайн мэддэг байх шаардлагатай. Манай аав ээжүүд хүүхдээ гар утас, зурагтаас хөндийрүүлэх зорилгоор загас авч тэжээгээд улмаар өөрсдийнх нь хобби болчихдог. Яг ийм замаар орж ирсэн хүмүүс зөндөө бий.

-Өөр ямар зорилго, чиглэлээр тэжээж байна вэ?

 -Янз, янз. Байгалийн орчныг гэртээ бүрдүүлэх, эсвэл махчин төрлийн загаснуудыг тэжээж кайф авах, хүүхдүүддээ хоббитой болгох зорилгоор гээд олон чиглэлээр тэжээж байна. Түүнчлэн хобби нь яван явсаар загас үржүүлгийн чиглэлээр ажилладаг болчихсон хорь гаруй газар байна. Ер нь бол загас тэжээнэ гэдэг нь  шилэн хоргонд ус, загас хийгээд хоол өгч гэрэл асаах төдий зүйл биш гэдгийг ойлгоод, мэдрээд даван туулчихсан хүмүүс цаашаа гүйнзгийрдэг. Амьд амьтан юм чинь өвдөнө, өлсөнө, хоол унд, амьдрах орчин нь таарахгүй хямарна. Загас тэжээгээд хэсэгхэн хугацаа өнгөрөхөд тухайн хүн өөрөө цааш нь судлах улам ахиулж сонирхоод өөрийн мэдэлгүй хобби болоод явчихдагаараа онцлогтой.  Аквариумын загасны хамгийн урт насладаг нь 30 жил гэж үздэг. Тэр болтол амьдруулна гэдэг бол маш их хүч хөдөлмөр бас кайф шүү дээ.

-Таны хувьд хэчнээн аквариум, хэчнээн загастай вэ. Онцлог нь?

-Долоон аквариумтай. 1.20Х40 харьцаатай зургаан аквариум байна. 1.10х80х 40  харьцаатай цагаан шилэн нэг аквариумтай. Тооны хувьд бол хэцүү шүү дээ. Та бид хоёрыг энд ярилцаад сууж байхад тэнд үржиж л байгаа. Би ер нь голчлон соом тэр тусмаа гахай соом буюу кориг илүү сонирхдог. Зөвхөн гахай соом л дотороо 180 гаруй төрөл бий. Гахай соом өөрөө хүйтэн усны загас учраас манай нөхцөлд үржүүлэхэд их урамтай.  Би кори загас сонирхогчдын клубын үйл ажиллагаагаа жигдрүүлэх гээд явж байна. Цаашдаа клубынхээ байранд гишүүнчлэлээ аваад системтэй хөгжүүлэх зорилготой байна.

-АКВАРИУМЫН ЗАГАСНЫ ХӨГЖЛИЙГ ТАСАЛДУУЛЖ ОРХИОГҮЙ АХМАД ҮЕДЭЭ ТАЛАРХДАГ-

-Монголын аквариумын загас сонирхогчдын хөгжлийн түвшин ямархуу байна?

-Өдий хүртэл авч явсан ахмад үедээ үнэхээр талархдаг. Ид хөгжлийн үе нь бол далаад оны сүүлч наян оны эх юм билээ. Одоо бол хэдийгээр тэр үеийнх шиг олон хүн сонирхоогүй ч гэсэн ер нь бол хөгжиж байна. Манай ахмад загас сонирхогчдын ид үед орц болгонд загас сонирхогчидтой тэдний чөлөөт цагаа өнгөрөөдөг зүйл нь байсан. Тэр ч утгаараа манай ахмад үе зах зээлийн нийгмийн шилжилт хөдөлгөөний үед  тэрийгээ орхилгүй өдий хүртэл аваад ирсэн. Харин одоо бид эхлэлийг зөв тавьж байж дараагийн үе маань зөв явна. Тэр утгаараа ашгийн бус иймэрхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манайд стандарт хараахан бүрдээгүй л байна. Тэгэхээр тухайн амьтны амьдрах орчныг төгс бүрдүүлж байж л утгаараа хөгжинө. Муухай тэжээдэг хүмүүс байдаг байхгүй юу.

-Мэдлэггүйгээсээ болдог байх. Хамгийн гол нь юуг мэдэж байх ёстой вэ?

-Загасыг амны байрлалаар нь гурав ангилдаг. Дээшээ харсан амтай загаснууд усныхаа мандал дээгүүр,  дундаа амтай загаснууд усныхаа дунд,  доошоо харсан амтай загас усныхаа ёроолд амьдардаг. Тэгж байж зөв цикл үүсдэг. Үүнийг мэдэж байх хэрэгтэй. Загас тэжээхэд үүсдэг бас нэг гол асуудал бол өвчлөл байдаг. Темпаратурын зөрөө, хоол тэжээлийн чанар, тог тасрах, крантны уснаас хүртэл өвчилдөг. Крантны усан дахь хлорамин, хлорын хэмжээ  аквариумд хийвэл загасанд үхлийн тунгаар ороод ирдэг. Ингэхээр загасны загалмай нь аажмаар гэмтээд дархлаа нь суларч өвдөнө, усаараа дамжаад бусаддаа өвчин тархана. Загасны өвчнүүд нь судлагдчихсан, таарсан эмүүд хүртэл байгаа болохоор сонирхогчид маань сайн ажиглах хэрэгтэй. Зарим загаснууд түрсээ иддэг байхад зарим нь түрсээ хамгаалж өсгөдөг байх жишээтэй.

-Та аквариумын загас сонирхогчдодоо хандаад юуг хэлмээр байна вэ?

-Хүн ямар нэг хоббитой байхад амьдрал илүү утга учир, аз жаргал, баяр баясгалантай боддог. Энэ төрлийн хобби бол цаашаа бүрэн хөгжих боломжтой. Урд хөршөөс загасаа авч үржүүлээд хойд хөрш руугаа гаргах боломж ч бидэнд бий. Та хэрвээ загас сонирхдог бол эсвэл сонирхдоггүй ч гэсэн  зургадугаар сарын 08-ны үдшийн 21-24 цагийн хооронд БГД-ийн 3 хороо буюу Алтай хотхоны замын эсрэг талд хуучнаар төмрийн завод буюу одоогийн Ulaanbaatar aqva zoo-гийн хашаанд хүрч ирээрэй. Гурван цагийг өөртөө зориулаад маш гоё кайфыг аваарай. Магадгүй та эндээс өөрийн хоббигоо олох байх. Бас загас сонирхогчид маань загасаа, хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ авч ирж өөр хоорондоо бартер үйлчилгээгээ хийгээрэй.

Г.ҮҮЛТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М.Энхтуяа
М.Энхтуяа
2020-11-20 11:09

өдрийн мэндээ би улаан хоолойн нарийс�##� анхан шатандаа явагдаж бгаа юм тэгээд жараахай 3 ш з�##�гах хэрэгтэй болоод хаанаас авч болох вэ

Холбоотой мэдээ

Back to top button