УЛС ТӨР

Гэмт хэргийн мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулж байгаа эсэх талаар асуулт тавилаа

УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдөр /2021.08.12/ Байгаль орчны сайд Н. Уртнасанд хандан “хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно.” гэсэн хуулийн заалт хэрэгжиж байгаа эсэх, гарч буй үр нөлөөний талаар асуулт тавьлаа.

Тэрээр мөн энэ сарын эхээр Сангийн сайд Б.Жавхлан болон Байаль орчны сайд Н. Уртнасан нарт  хандан Ойн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 33/А/63 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан “Ойн тухай хууль тогтоомжийн зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн этгээдэд урамшуулал олгох журам”-ын хэрэгжилтийн талаар асуулт тавьсан байна.

Тэрээр энэ талаар цахим хуудсандаа “Дотоодын аялал жуулчлал жилээс жилд өсч, иргэд маань нэг үеэ бодвол хог хаяхгүй, байгальдаа ээлтэй аялах ухамсартай болж байна. Гэсэн хэдий ч явсан, очсон газар бүхэн хогондоо дарагдсан, бохир байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд халаглан бичицгээсээр байна. Уг нь Хог хаягдлын тухай болон Ойн тухай хуулийг зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад гаргасан иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувийг урамшуулал болгон олгохоор хуульчилж, журамласан байдаг. Гэвч үүнийг мэдэхгүй хүн олон байна. Энэ нь баталсан хуулийг сурталчлах, мэдээлэх ажил хангалттай хийгддэггүйтэй холбоотой. Хэрэв мэдээлэл өгсөн иргэдэд урамшууллыг нь тухай бүрт нь олгодог бол гэмт хэрэг, зөрчлийн талаарх илрүүлэлт сайжирч, улмаар гаралт нь буурахад нөлөөлөх учиртай. Иймд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар БОАЖ-ын сайд болон Сангийн сайдад асуулт тавьж, мэдээлэл ирүүлэхийг хүслээ.” хэмээн тайлбарлажээ.

УИХ-аас олон хууль, тогтоол баталдаг ч хэрэгжилт нь харилцан адилгүй байдаг. Тиймдээ ч зарим хуулийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн хөшүүрэг ашигладаг. Гэвч нэг талаар хууль тогтоогчид болон хэрэгжүүлэгчид хуулийг сурталчлах ажлаа хангалтгүй хийдэг, нөгөө талаар иргэд мэдээлэл дутмагаас хуулиар олгогдсон боломжоо ашиглаж чаддаггүй. Чухам үүнийг сануулж байгаагаараа Н.Ганибал гишүүний асуулт цаг үеэ олсон ажил болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button