УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл том амбицтай шийдэл эрж байна

Монголын нийгэмд тулгамдсан олон асуудал бий. Энэ бүгдийг тоочоод суух биш тойрч суугаад шийдлийг нь ярилцах, гарц гаргалгааг нь олох нь чухал. Энэ хүрээнд Ардчилсан намынхан “Монголын 76 асуудал, шийдэл” төслийг санаачлан, зуны амралтын энэ өдрүүдэд хөдөөгийн баг, сумуудад ажиллаж байна.
АН-ынхан дотоод хагаралтай, улс төрд АН-ын сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж буй гэх шүүмжлэлтэй ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээр ахлуулсан АН-ынхан, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнөө, маргаашийн дотоод хэрүүл, сөрөг хүчний гэх хийрхсэн хоосон улс төрчилжилтөөс илүүтэйгээр Монголын хөгжилд саад болж буй асуудлуудыг судлан, түүнийг шийдэх арга замыг эрж иргэд, бизнес эрхлэгчидтэй нүүр тулан уулзаж яваа нь энэ аж.
Тэдний аялал аймаг, сумдын АН-ын удирдлагуудтай уулзаж, намын дотоод асуудлаа ярилцаж байгаа ч, хүн амын 50% суурьшдаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 80% гаруйг бүтээдэг сум, багт амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудлыг судлах, тэдэнтэй тойрч суун гарц гаргалгааг нь ярилцах том зорилго өвөртлөн яваа нь ирээдүйд АН-аас гарах хөгжлийн шинэ бодлого, шийдлийн хүлээлтийг үүсгэх нь гарцаагүй.
Элдэв гоё ганган сурталчилгаа, олон телевиз, сэтгүүлчгүй тэдний аялалын талаарх сошиал мэдээллээс нь харахад “...говь нутагт усны асуудлыг хэрхэн шийдэх, Орхон говь, Хэрлэн говь зэрэг усжуулалтын олон төслүүд яригддаг ч өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгааг нэн яаралтай эхлүүлэх...”, “...сум дундын эмнэлэгүүдэд шүдний иж бүрэн кабинет байгуулж, хөрш зэргэлдээ сумууддаа явуулын шүдний эмчийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл, багаж техник хэрэгслээр хангаж өгөх...” зэргээр эхний шийдлүүдээ олон нийтийн сүлжээнд танилцуулсан байх юм.

30-аад жил улс төрчид, улс төрийн намуудын ярьж ирсэн хамгийн том сэдэв нь ҮЙЛДВЭРЖИЛТ.
Өнгөрсөн 30-аад жил “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжье”, “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье”, “Нэг сум Нэг бүтээгдэхүүн”...”21 аймагт 21 үйлдвэр” гэх мэт сонгуулийн ялалтанд суурилсан төрийн олон бодлогууд гарч, улсын төсвийн болоод гадаадын олон тэрбум төгрөгийн зээл тусламжийг зарцуулсан ч өдгөө орон нутагт олон ажлын байр шингээсэн, экспортод чиглэсэн үйлдвэр бараг байхгүй.
Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан зэрэг төрөөс орон нутагт үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлээд 10 гаруй оныг үдэж байна. Гэтэл бодит байдал дээр орон нутагт дээрх сан, зээлүүд ялсан намын гишүүдийн сонгуулийн урамшуулалд зориулагдах санхүүгийн хэрэгсэл болсон нь нууц биш.

АН-ын залуусын орон нутгийн үйлдвэрлэгчидтэй уулзаж, хэлэлцэж яваа бодлогын шийдлээс харахад зөв менежмент, нэгдсэн стандарт, нутгийн онцлогийг илтгэсэн нэгдсэн брэнд, инноваци, технологи шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, гадаадын зах зээлд гарах том амбицтай ажиллавал бидэнд өчнөөн боломж байгааг нутгийн үйлдвэрлэгчдэд дуулгаж, хамтарч, хоршиж үндэсний томоохон үйлдвэрлэгчид, борлуулалтын сүлжээтэй холбогдон ажиллахыг зөвлөж, энэ чиглэлд бодлогын дэмжлэг, шийдэл гаргах талаар ярилцаж байх юм.
Баянхонгорын “Тэмээн тавхайн ааруул”, Архангайн “Сарлагын шар тос”, Ховдын “Давжаа алим”, гэх мэт орон нутгийн брэндүүдийг хөгжүүлж, дэлхийн хүн амын өргөн хэрэглээнд гаргах том бодлого Монголын төрд дутагдсаар байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.