Даарч эхэлсэн гэр хорооллынхон VS зарагдаж эхлээгүй шахмал түлш

Намрын сар дундаа орж, өглөө оройдоо сэрүүхэн болоод байна. Энэ үед гэр хорооллын иргэд гэр, байшингаа галлахгүй бол даарч эхэлдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар сайн түлш гадуур зарж эхлээгүй байгаа учир гэр хорооллын иргэд өглөө, оройдоо түлэх түлшгүй болсон талаар мэдээлж байна.

-ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ДААРЧ ЭХЭЛЖЭЭ-
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Б-ээс энэ талаар тодруулахад “Зун дуусч өглөө, оройдоо даарч эхлээд байна. Аав ээж нь ажилтай учраас хоёр зээ маань манайд ажлын өдрүүдэд байдаг. Гэтэл сэрүүсээд даарах гээд байна. Гэр хороололд байрных шиг нэг хэмийн дулаантай байхгүй шүү дээ. Гэтэл гадуур сайн түлш зарж эхлээгүй, хайгаад олсонгүй” хэмээсэн юм.

Г.ДАВААБААТАР: БОРЛУУЛАГЧДАА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХҮСЭЛТ АВЧ БАЙНА
Тиймээс бид түлш яагаад зарахгүй байгаа, хэзээ зарж эхлэх талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн олон нийттэй харилцах ажилтан Г.Даваабаатартай холбогдож тодрууллаа.
-Сайн байна уу. Сайн түлш зарж эхлээгүй байгаа юу. Хэзээ зарж эхлэх вэ?
-Эхлээгүй байна. Бид одоогоор борлуулагчдыг сонгон шалгаруулах бүртгэл хийж байна. Есдүгээр сарын 03-нд хүсэлт авах сүүлийн хугацаа юм.
-Өмнөх жилүүдийн борлуулагч нар нь зарж болохгүй юм уу?
-Гэрээ байгуулдаг учраас гэрээний хугацаа дууссан. Тиймээс дахиад шинээр хүсэлт авч, сонгон шалгаруулна.
-Тэгэхээр есдүгээр сарын 03-нд хүсэлтээ авч дуусаад, түүнээс цааш хэдий хугацаа шаардах бол?
-Хүсэлтээ аваад шаардлага хангасан борлуулагчдаа маргаашаас нь ажилуулж эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Өнгөрсөн жил хэдэн борлуулагч байсан, энэ жил хэд болгохоор төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн жил 460 орчим цэг байсныг 600 болгоно. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана.
-Шахмал түлшний нөөц байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 28 мянган тонн байна. Энэ өвөл тус үйлдвэр зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Энэ нь Улаанбаатар хотын жилийн хэрэгцээ юм. Есдүгээр сарын 15 гэхэд 50 мянган тонн нүүрс бүрдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.