Нийгмийн

“Төрийн дархлаа болсон цагдаагийн байгууллагад 100 жилийн ойн мэнд дэвшүүлье”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъябазар цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт цагдаа, цагдаагийн албан хаагчид аа.

Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд эх орон, ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төрийн дархлаа, түмэн олны хамгаалалт болж яваа их үйлсэд тань талархал илэрхийлье.

Тэртээ XVIII зуунаас Нийслэл их хүрээнд цагдаа, цэргийн үйл ажиллагаа явуулж ирсний дээр 1921 оны ардын хувьсгалын ялалтын дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилга, Засгийн газрын шийдвэрээр нийслэл хотод “Ардын цагдан сэргийлэх байгууллага”-ыг албан ёсоор байгуулсан нь Монгол Улсад орчин цагийн цагдаагийн алба үүсэж хөгжих үндэс суурь болсон билээ. Тиймээс ч үе үеийн цагдаагийн албан хаагчдын үнэт зүйл, хичээл зүтгэл, ноён нуруу, мэргэжлийн ур чадвар, өргөсөн тангаргаа үнэнчээр сахиж ирсэн итгэл үнэмшлээр Улаанбаатар хотын аюулгүй байдлын түүх бичигдэж ирсэн гэдэг нь туйлын үнэн юм. Иймд нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 100 жилийн үүх түүх, хөгжил дэвшил, хүн амын өсөлт, алдаа оноо, иргэн нэг бүрийн амьдралын агшин хором бүрийг хамгаалж, хайрлаж, түшиж, тулж ирсэн Нийслэлийн цагдаагийн газрын үе үеийн бие бүрэлдэхүүн болоод энэхүү хүнд хэцүү албан үүргийг нь хүндэтгэн дэмжиж, хань ижлээ хатамжлан дээдэлж, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлж яваа хань ижил, гэр бүлийнх нь гишүүдэд хүндэтгэл илэрхийлье.

Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдварын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн удаа дараагийн хөл хорионы үеийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангаж, онц байдлын үеийн хэв журмыг сахин хамгаалах амаргүй үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгэж буй Та бүхэндээ дахин талархал илэрхийлээд ШИНЭ УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨх бодлогод тусгагдсан цагдаагийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх замаар албан хаагчдын ахуй хангамжийг сайжруулж, ар гэрийг тань дэмжин ажиллахаа амлаж байна.

Энэ хүрээнд онц байдлын урамшууллыг нэмж, автопаркийн шинэчлэлийг эрчимжүүлж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг шинэчлэхээр ажиллаж буй ч энэ нь төгсгөл бус эхлэл гэдгийг санаж, цаашдаа нийслэл хотын цагдаагийн албаны шинэчлэл болоод ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг хангахын төлөө хийж хэрэгжүүлэх бүхий л үйл хэрэгт ЦАГДАА ТАНЫГ идэвхтэйгээр хамтран ажиллахыг урьж байна.

Улаанбаатар хотын айдас эрсдэлгүй хөгжил дэвшил болоод Улаанбаатарчуудын амар тайван амьдралын агшин хором бүр Та бүхний хичээл зүтгэл, эрхэм зорилгын үр дүн бөгөөд зуу зуун жилийн их түүхэнд тодорч үлдэх МОНГОЛ ЦАГДАА ТАНЫ яруу алдар мандан бадраг.

Үйлс шударга, улс амгалан байг ээ!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button