Нийгмийн

Загасны ой санамжтай ТӨР

Хэлсэндээ хүрдэггүй, гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг төртэй байх хэцүү юм аа. Өнөөдөр нэг шийдвэр гаргаж маргааш нь түүнээсээ буцаж иргэдээ, нийгмээ эргэлзээ төөрөгдөлд оруулсаар бүтэн хоёр жилийн нүүрийг үзлээ. Өчигдөр ч бас.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цагаас хаах шийдвэр гаргав. Уг нь хэдхэн хоногийн өмнө “бүгдийг нээнэ” үгээр лоозогнож явсан билээ. Тодруулбал, цахим үндэстэн болох гээд задгай талбайд залуусыг утгаар нь “шавааралдуулсан”. Бид чинь уг нь энэ оныг дуустал улсын хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй амьдарч байгаа улс.

Ийн өндөржүүлсэн бэлэн байдлаа зөрчиж, шоу цэнгээн зохион байгуулсныхаа хариуд хариуцлага хүлээх нь битгий хэл арьсаа хамгаалж, амиа хоохойлж “цаашид бүх арга хэмжээг нээнэ” гэж том дуугарсан.

Өмнө нь УОК-оос аж ахуй нэгжүүдийг бүсээ чангалж, олон нийтээр амны хаалтгүй сууж үйлчлүүлдэг газруудыг уртасгасан цагийн хуваариар ажлуулахгүй гэж байв. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар хариуцлагын гэрээ хийсэн ресторан, биллярд, спорт төв, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг долдугаар арын 30-наас 07:00-00:00  болгож өөрчилсөн билээ.

Гэвч өчигдрөөс хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын хаалгыг 22:00 цаг гэхэд тас хаах нь. Тэд ч төрийн хатуу гар дор дахин бүсээ чангалах нь. Бүхнийг хорихгүй нээнэ уриатай дарга нар чинь та нараар зүгээр л даажигнаж.

Covid-19-ийн халдвар цаашид олон ч мутацид орж үргэлжлэх учир дэлхий нийтээр дасан зохицож амьдрахаас өөр аргагүй гэж байснаа мартав уу. Эсвэл үнэхээр зориуд ингэж тавладаг юм уу гэлтэй. Загасны ой санамжтай төртэй байхын хэцүүг улс нийтээрээ үүрч явна. Үүрсээр ч байх бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button