ЭДИЙН ЗАСАГ

“Рио Тинто”: Хуучин байр сууриа баримтална, шинжээчдийн хараат бус байдалд эргэлзсэн

“Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан салбараас Засгийн газрын ажлын хэсэгт хаяглан, захидал илгээжээ. Үүндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, хугацаа хэтэрсэн шалтгааныг судалсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг хэрхэн хүлээж авч буйгаа илэрхийлсэн байна.

Мэдээлэл өгөхөд, “Рио Тинто” компаниас дээрх шалтгааныг урьдчилж төлөвлөөгүй геотехникийн нөхцөлөөс үүдэлтэй гэж мэдэгдсээр ирсэн. Харин Засгийн газраас томилж, ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн баг үүнийг үгүйсгэж, геотехникийн нөхцөлөөс бус, илүүтэй менежментийн алдаанаас үүдсэн гэж дүгнэсэн.

Уг дүгнэлтэд “Рио Тинто” компани ямар байр суурь илэрхийлэх нь олны анхаарлыг татаад байсан юм. Засгийн газрын зүгээс “Rio Tinto Mongolia”-г ойрын хугацаанд хариу тайлбар хийхийг шаардсан.

Тэгвэл эхэнд дурдсан захидлаараа, тэд уг шинжээчдийн дүгнэлттэй санал нэгдэхгүй байгаагаа ерөнхий утгаар илэрхийлжээ. Түүнчлэн, шинжээчдийн багийн хараат бус байдалд эргэлзэж байна гэж онцолжээ. Эцэст нь, хуучин байр сууриа хэвээр хадгалж, Оюу толгойн далд уурхайн зардал, хугацаа хэтэрсэн нь геотехникийн нөхцөлөөс үүдэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

 “Рио Тинто”-гийн эл байр суурьтай холбогдуулж, Засгийн газрын ажлын хэсэг хуралдах товтой байна.

Ташрамд дурдахад, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа нь 22 сараар хойшилсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button