Улс төрийн халуун сэдэв

“Рио Тинто”-гоос 1.6 их наядын татварын өр аваагүй мөртлөө өгөөжийн 3.5 их наядыг “үрнэ"

Энэ оны 6-р сард Оюу Толгойн гэрээнээс хүртэх өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн хэмээн алга ташуулж, зураг татуулсан.

Гэтэл 2027 оны 43 их наядын зарлагатай түүхэн өндөр төсөвтөө ирэх онд өгөөжийн эхний хэсгийг авахаар тусгаж “Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээнэ” гэдэг гялгар шошго наав. Бодитой, эрх зүйн болон санхүүгийн үндэслэлтэй болоогүй мөнгийг төсөвт зарлагаар оруулж ирж, тэр тусмаа иргэдэд өгөөж хэлбэрээр тараах агуулгыг Н.Учрал хөндсөн нь өнөөх Баялгийн сангийн тухай хуулиа зөрчиж буй явдал.

Баялгийн сангийн зорилго нь төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Өөрөөр хэлбэл уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийг санд төвлөрүүлдэг гэсэн үг.

Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ерөнхий сайд. Уг нь Оюу Толгой төслөөс орж ирсэн баялгийн өгөөжийг энэ санд төвлөрүүлэх ёстой болохоос биш иргэдийн гар дээр шууд өгөх тухай амлалтыг Ерөнхий сайд зарлах эрхгүй. Энэ нь өөрөө Баялгийн сангийн тухай хуулиа зөрчиж буй явдал.

Нөгөө талд, Г.Занданшатарын Засгийн газрын үед Рио Тинто компанийн зүгээс “Оюу Толгой” ХХК-д тавьсан 1.6 их наядын татварын хуулийн дагуу Төрийн сангийн дансанд мөнгийг шилжүүлсэн хэмээн “попорч” байсан. Энэ нь гэхдээ яг ч манай улсын төсвийн дансанд орчихож буй процесс биш бөгөөд Рио Тинто арбитр дээр шүүхдэлцэж яваа.

Энэ юун 1.6 их наяд төгрөг байсан бэ гэвэл, 2013-2020 оны хооронд хамаарах татварын акт 220 сая ам.доллар, үүн дээр 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт 440 сая ам.долларыг "Оюу Толгой" ХХК-ийг төлж барагдуулахыг шаардсан байдаг. "Оюу Толгой" компани өнөөдөр ч дээрх татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг арбитр дээр очсон. Гэвч Монгол Улсын Татварын тухай хуулийн дагуу Төрийн сангийн дансанд 1.6 их наяд төгрөгийг байршуулсныгаа татварын өрийг "бүрэн төлсөн" хэмээн албан ёсны хуудастаа мэдэгдэл байдлаар оруулж байсан удаатай.

Гэтэл авах ёстой татварын өрийг Рио Тинто-гоос аваагүй атлаа өгөөжийн хугацааг наашлуулж, эхний ээлжид 2027 онд авна гэж хэлэлцсэн 3.5 их наяд төгрөгийг Н.Учрал улс төрийн “оноо” авахдаа ашиглаж, төсвийг тэлээд зогсохгүй Баялгийн сангийн хуулийг үнэгүйдүүллээ.

МАХН-ын үед иргэдийг өгөөж, хувь хишиг гэх нэрээр “угжиж” байсан халамжийн бодлого Ардчилсан нийгэмд бойжсон 39 настай Н.Учралаас гарч байгаа нь МАН яалт ч үгүй бодлогын хувьд ухарч яваа нь харагдана.  

Ц.ТАМИР

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button