Эдийн засгийн тойм, анализ

Рио Тинто буулт хийж, Н.Учрал алга ташуулсан ч "Онтрэ"-гийн хэлэлцээ, татварын өр 1.6 их наяд хаачив

Рио Тинто-гийн төлөөллүүд 2026 оны эхний хагаст ирээдүйд өсөн нэмэгдэх зэсийн томоохон орд болох Оюу Толгой төслийнхөө улс төрийн нөхцөл байдлыг тойрсон томоохон сорилтуудтай нүүр туллаа. Өнөөдрийн энэ цаг хугацаа нь хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж байсан 2009 он шиг биш. Улс төрийн хувьд болоод эдийн засгийн хувьд томоохон өөрчлөлтүүдийн дунд яваа монголчуудтай Рио Тинто хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийж буй нь энэ.

УИХ-ын 120-р тогтоолын дагуу Засгийн газраас Оюу Толгойн өгөөж, хөрөнгө оруулалтын гэрээний хэд хэдэн агуулгыг хөндсөн ажлын хэсгийг байгуулж, хагас жилийн хугацаанд хэлэлцээ хийв.

Хэлэлцээ үндсэндээ хоёр Засгийн газар дамнасан, гэхдээ Монголын тал энэ удаад илүү хатуу байр суурь дээрээ тогтож эл дунд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь хэлэлцээний ажлын хэсэгт яваа мөртлөө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлсэн зэрэг сонирхолтой бөгөөд сорилттой үйл явдлуудын дунд хэлэлцээ хагас жил үргэлжиллээ.

ХЭЛЭЛЦЭЭГЭЭР ЮУГ ӨӨРЧЛӨВ

1.Менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээг Г.Дамдиннямын ахалсан ажлын хэсэг хийв

Менежментийн төлбөрийг 50 хувь бууруулах байр суурь дээрээ Монголын тал хэлэлцээ эхлэхэд л зогсож байсан бөгөөд Рио Тинто талаас энэ саналыг удаа дараа хүлээж аваагүй. Хэдийгээр хоёр талын хэлэлцээ энэ оны 1-р сарын 31-ээр дуусгавар болсон ч оны эхний хагас хүртэл ерөнхийдөө талууд ойлголцолд хүртлээ үргэлжлүүлэхээр болоод байв.

Энэ хооронд "Рио Тинто" Засгийн газрыг тойглох, ингэхдээ улс төрд оноо авах өндөр сонирхолтой Ерөнхий сайдтай нь тулж ажиллах арга замыг сонгосон. Өөрөөр хэлбэл "Оюу Толгой"-д тавьсан татварын актаас үүдэлтэй 1.6 их наяд төгрөгийг Төрийн сан руу шилжүүллээ, "хэлэлцээ нааштай явж байна" гэх мессежийг ч олон улсын хэвлэлүүдэд өгч ирсэн.

Рио Тинтод менежментийн төлбөрийг бууруулах сонирхол огт байгаагүй гэдгийг хэлэлцээ дөрвөн удаа үргэлжилж, улмаар Монголын тал 2030 он гартал өгөөж хүртэх боломжгүй байгаа гэх байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй гэснээс нь харж болдог. Түүнчлэн Рио талаас нааштай санал шийдэл хэлэхгүй байсаар эцэст нь менежментийн төлбөрийг зардлын 9 хувиас 3.5 хувь болгож бууруулсан гэж ажлын хэсгийг ахалсан Г.Дамдинням сайд мэдээлэл хийсэн ч угтаа хөрөнгө оруулалтын гэрээнд 6.5 хувь л гэж бий гэх байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонгоо илэрхийлж байв.

Үнэхээр ч нягтлан харвал, 2015 оны хэлэлцээгээр менежментийн зардлын хэмжээг 6 хувь тусгасан бөгөөд Дубайн гэрээнд менежментийн зургаан хувийг зардлаас тооцно гээд заачихсан нь Рио Тинто-д зардлаа өсгөх боломж олгосон хэмээн Оюу Толгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголын үеэр яригдаж байв.

Харин үүнийг салбарын сайд дан ганц гэрээнд туссан 6 хувь бус өөр бусад хоёр төлбөрийн нийлбэр 10 гаруй хувь бөгөөд эдгээрийг нэгтгэж 3.95 хувь болгож, 1.5 тэрбум ам.долларыг өгөөж болгож чадсан хэмээн тайлбарладаг.

2. Зээлийн хүүг бууруулах хэлэлцээг З.Мэндсайханы ахалсан ажлыг хэсэг хийв

Монголын тал Оюу Толгой төслөөс хувь эзэмшиж, үүнийхээ дагуу 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 4 орчим тэрбум ам.доллар нь хувьцаа эзэмших байдлаар үлдсэн 16 тэрбум орчим ам.доллар нь зээлээр хийгдсэн байдаг. Хэдийгээр хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын тал 53 хувийн өгөөж хүртэнэ гэж тусгасан байдаг ч үүнийхээ талд чүү ай хүрдэг. Иймээс өгөөжийн хэмжээг нэмье гэдэг агуулга хэлэлцээний шатанд бий.

Өнөөдрийн байдлаар зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд Монголын талаас 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй.

Харин Сангийн сайд З.Мэндсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 7 жил тутам гэсэн заалтын дагуу хэлэлцээ хийж, улмаар зээлийн хүүг бууруулах ээлжит боломжоо эдэлж, 10.5 хувиас 7.9 хувь дээр аваачив. Өөрөөр хэлбэл 2.6 хувиар буулгасан. Гэхдээ өмнөх 7 жил буюу 2018 онд зээлийн хүүг эргэн харах боломжоо алдсан Монголын хувьд энэ бол бага дүн. Хүсэмжит 2.2 хувь руу дөхүүлж чадаагүй.

Гэвч одоогийн бууруулсан хүүгээр тооцвол үндсэндээ 6.2 тэрбум ам.доллар зээлийн хүүд төлөхгүйгээр хэмнэсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь шууд байдлаар өгөөж хэлбэрээр ирнэ гэхээсээ илүү жилд төлдөг зээлийн хүүгийн хэмжээ л буурч байгаа гэж ойлгож болно.

Сангийн сайдын зүгээс энэхүү 7.9 хувь бол олон улсын жишгээс бага буюу зээлийн эрэмбийн хамгийн багаар тогтоож чадсан хэмжээ гэж тайлбарлаж байгаа билээ. Мөн зээлийн хүүг эргэн харах хугацааг 7 жил байсныг 3 жил болгон бууруулснаар 2029 онд зээлийн хүүгийн агуулгаар дахин хэлэлцээ хийх боломж бүрдсэн гэсэн үг.

ОНТРЭ ХААЧИВ

Оюу Толгойн хамгийн чухал буюу голлох агуулга үндсэндээ ирээдүйд ашиглалтад орох Онтрэ ресурсийн эзэмшлээс Оюу Толгой ХХК руу дур мэдэн шилжүүлсэн алт, зэс, молибденийн Жавхлант, Шивээ Толгой хоёр лиценз дээр Монголын төр 34 хувийн зээмшлээ хэрхэх талаар хэлэлцэх ажил байв.

Энэ бол хэлэлцээний цөм нь. Учир нь уг хоёр лицензийг “Туркоиз хилл Ресурс” болон “Онтре Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг нь өөрийн болгон авсан байдаг. Ингээд сонсголын дараа уг хоёр лиценз дээр төр хувь эзэмшихдээ АМНАТ-өөр орлуулах асуудлын хөндөж, салбарын сайд нь ч энэ хувилбарыг багагүй зүтгүүлсэн.

Гэхдээ Рио Тинто тал бол Онтрэ дээр Монголын талаас шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагагүй гэж яриад байдаг. Учир нь шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийчихвэл зэсийн АМНАТ-ийг одоогийн хуулиар өндрөөр төлнө. Харин хуучин Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хэлэлцээг хийнэ гэвэл Оюу Толгой дээр тогтворэуулах гэрээгээр АМНАТ 5 хувь л төлөх учраас энэ асуудал дээр Монголын тал байр сууриа илэрхийлэх, хэлэлцээг сайн хийх үүрэг ирж буй.

Ийм нөхцөл үүссэний учир Г.Дамдиннямын өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Онтрэгийн хэлэлцээ хийгдэж дуусах хүртэл зэсийн АМНАТ-ийг хөндөхгүй байх ёстой хэмээн хойшлуулсан юм.

Онтрэд одоо хоёр талд ашигтай нөхцөл үүсчихсэн.

  • Нэгдүгээрт, хуучин гэрээг барьж хэлэлцээ хийнэ гэвэл АМНАТ 5 хувь төлнө
  • Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэвэл тусгай нөхцөл заахгүй л юм бол Г.Дамдинням сайдын өргөн барьсан хууль хэрэгжсэний ард зэсийн АМНАТ нь ирээдүйд дагаад буурах боломжтой.

РИО ТИНТОГИЙН ТАТВАРЫН ӨР 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ХААЧИВ

Мөн энэ сэдвээс гээгдэж хоцроод байгаа нэг агуулга бол Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад буюу энэ оны 3-р сард Рио Тинто талаас "Оюу Толгой" ХХЗ татварын акт болох 1.6 их наяд төгрөгийг Төрийн санд руу шилжүүллээ гэх сурталчилгаа түгэж, аль аль талдаа улс төрийн эерэг пи ар болгоод амжсан.

Энэ юун 1.6 их наяд төгрөг байсан бэ гэвэл 2013-2020 оны хооронд хамаарах татварын акт 220 сая ам.доллар, үүн дээр 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт 440 сая ам.долларыг "Оюу Толгой" ХХК-ийг төлж барагдуулахыг шаардсан байдаг.

"Оюу Толгой" компани өнөөдөр ч дээрх татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг арбитр дээр очсон. Гэвч Монгол Улсын Татварын тухай хуулийн дагуу Төрийн сангийн дансанд 1.6 их наяд төгрөгийг байршуулсныгаа татварын өрийг "бүрэн төлсөн" хэмээн албан ёсны хуудастаа мэдэгдэл байдлаар оруулсан байв. Гэхдээ энэ мөнгө Монголын талд орж ирээгүй, арбитраар эцэслэгдэхийг хүлээсээр байгаа. 

Түүнчлэн "Оюу Толгой" компанийн зүгээс энэ оны 3 сарын 11-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг асуудлаараа Монголын талтай нээлттэй хэлэлцэхэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу аргагүйн эрхэнд Төрийн санд татварын нийт өр бүхий 1.6 их наяд төгрөгийг шилжүүлж, буцаагаад төлөхгүй гэж арбитрт өгчихөөд, хариуг нь хүлээж буй. Энэ мөнгө өнөөдөр юу болов, хаачив.

Н.Учрал өөрөөрөө овоглогдож, МАН-ын нүүрийг тахлах томоохон хэлэлцээг хийж, ард нь гарлаа. Бараг л хэмнэж, авсан ашигт дүн нь 8 орчим тэрбум ам.долларын дүнд хүрсэн гэв. Өгөөжийг 2026 онд авахаар болсон гэдгийг ч зарласан. Гэхдээ эрсдэл нь өгөөжийг эрт хүртэнэ гэдэг сонгуулийн сурталчилгаа болоод дуусах вий. Цаана нь бас өгөөж хүртэх хугацаа үлдэнэ, зэсийн үнэ мөн савлах боломжтой гэдгийг тооцох нь зүй.

Рио Тинтогийн хэлэлцээ хийгдсэн энэ зургаан сарын хугацаанд сөрөг хүчин буюу АН нам гүм байлаа. Энэ бол АН-ын гал тогоог С.Баярцогт барьж буйн хувьд Оюу Толгой тойрсон хэлэлцээнй асуудал дээр сөрөг хүчнийг нэг талын мэдээллээр усалж буй нэг сул тал гэж харагдана. Н.Учрал Ерөнхий сайдын хувиар ганцаар урагшилж, хаврын улс төр нь өндрийг авч ганхах үест Ерөнхийлөгч өөрийн статусаар Оюу Толгойн гэрээг анхаарч буй гэдгээ илэрхийлсэн нь түүнд улс төрийн томоохон дэмжлэг үзүүлээд зогсохгүй, нөгөө талд эдгээр нөхцлүүд нь Рио Тинтод томоохон дарамт боллоо.

Монголын Засгийн газар хэлэлцээ хийх боломжит хугацаагаа ашиглаж чадсан ч Онтрэгийн эзэмшлээс шилжсэн Жавхлант, Шивээ толгойн хоёр лицензийн асуудлыг хэлэлцэхгүй өнгөрч болохгүй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хэлэлцээгээр тодорхой ахиц гарсан нь сайн. Гэхдээ Онтрэ болон 1.6 их наядын татварын асуудал бүрэн шийдэгдээгүй бол хариулт нь тодорхой байх ёстой

Зочин
Зочин

Асуулт их байна. Албан ёсны тайлбаруудыг дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Ontreegiin sedev uneheer orhigdoh yosgui

Зочин
Зочин

Тоон үзүүлэлт гоё сонсогдож байна. Гэхдээ бодит өгөөж нь Монголд хэзээ, яаж ирэхийг л хүмүүс харна

Зочин
Зочин

Рио Тинтотой хийх хэлэлцээ бүр Монголд ашигтай байгаасай

Зочин
Зочин

1.6 ih nayadiin asuudal todorhoi bolohgui bol humuus asuusaар l baina

Зочин
Зочин

Улс төрөөс илүү улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой

Зочин
Зочин

Өгөөжийг эрт авна гэдэг амлалт бодит ажил болоосой

Зочин
Зочин

Онтрэгийн асуудлыг орхигдуулж болохгүй. Хамгийн чухал хэсэг нь тэр шүү

Зочин
Зочин

Тоон үзүүлэлт гоё сонсогдож байна. Гэхдээ бодит өгөөж нь Монголд хэзээ, яаж ирэхийг л хүмүүс харна

Зочин
Зочин

Amlalt bish ur dun harmaar baina

Зочин
Зочин

Rio Tinto bolon Mongoliin tal hoyulaa il tod baih heregtei

Зочин
Зочин

Тооноос илүү бодит үр дүн чухал

Зочин
Зочин

Il tod baidal l itgel turuuldeg

Зочин
Зочин

Buh asuudal ni todorhoi shiidegdeesei

Холбоотой мэдээ

Back to top button