Москва НАТО-гийн эсрэг шийдэмгий алхам хийхээр бэлтгэж байна гэж Европ анхаарууллаа
Европын тагнуулын албадын дарга нар ОХУ НАТО-г туршихийн тулд шийдэмгий алхам хийх магадлал өссөнийг мэдэгдэж байна. Тодруулбал Чехийн BIS тагнуулын албаны дарга Михал Коуделка “The Guardian” агентлагтай ярилцахдаа ОХУ-тай хиллэдэг НАТО-гийн орнуудын агаарын хилийг дроноор зөрчин орж ирэх тохиолдол нэмэгдсэн нь Кремлийн төлөвлөгөөний нэг хэсэг байж магадгүй гэжээ. Тэрхүү төлөвлөгөөгөө ирэх жилүүдэд бус хэдэн сарын дотор хэрэгжүүлэх магадлалтай гэж тэр хэлсэн байна.
Балтийн орнуудын албан тушаалтнууд мөн адил анхааруулга өгчээ. Латвийн “VDD” тагнуулын албаны ерөнхий захирал Нормундс Межвиец хэлэхдээ, Москва Европт шийдэмгий алхам хийхээр бэлтгэж буйг илтгэсэн зүйлс ажиглагдсан гэсэн юм. Гэхдээ маш ойрын хугацаанд халдлага үйлдэхийг илтгэсэн шинж тэмдэг олдоогүй гэж тэр хэлсэн байна.
Тагнуулын албадын дарга нараас гадна Европын эрх баригчид ОХУ халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа гэж анхааруулах болсон. Тодруулбал Польшийн Ерөнхий сайд Доналд Таск өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ ирэх саруудад ОХУ НАТО-гийн гишүүн орон руу дрон, пуужингаар халдаж магадгүй гэдгийг тагнуулын дүгнэлт харуулсан гэжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Таскийн мэдэгдлийг баримттай хэмээж, баасан гарагт /2026.09.18/ намын дарга нар болон 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүстэй уулзаж хэлэлцсэн байна. Тэдний хэлэлцсэн сэдвүүд дунд ОХУ-аас үзүүлж буй аюул заналхийллийн талаарх тагнуулын мэдээлэл багтжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.