Н.Ууганбаатар: Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах сонирхлын уршгаар төсөв улам "улстөржиж" байна

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл” (ТТБЗ) хэмээх байгууллагын тухайд ард олон тийм ч гүнзгий ойлголт мэдээлэлтэй байдаггүй нь нууц биш. ТТБЗ болоод Үндэсний Аудитын газар хэмээх хоёр байгууллага бол улсын төсөв, санхүү, цаашлаад улс орны эдийн засгийн баруун зүүн далавч болсон чухал байгууллагууд. Далавчгүй онгоц тэнгэрт нисдэггүй. Төсөвт өгсөн дүгнэлт хэчнээн үнэн бодит, зөв байв чиг хэрэгжилт дээр нь манай Засгийн газар анхаарал хандуулж чадаж байгаа, эсэх нь асуултын тэмдэг болчхоод байна. ТТБЗ-ийн гишүүн Н.Ууганбаатартай хийсэн ярилцлагаа танд хүргэе.
- Ярилцлагынхаа эхэнд хоёулаа ТТБЗ гэх байгууллага ямар үүргийг биелүүлдэг, ямар дүрэм журмыг баримталдаг тухай ярилцах уу?
- Төсөв гэдэг маань өөрөө их олон оролцогчтой, их урт удаан хугацаанд боловсрогддог процесс. Олон оролцогч гэдэгт Засгийн газар талаасаа Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, УИХ, Төсвийн байнгын хороо, Үндэсний аудитын газар, ТТБЗ зэрэг багтаж таарна. ТТБЗ нь төсвийн асуудалд үндсэндээ хоёр чиг үүргээр оролцдог. Хавар нь Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран ирэх жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн таамаглалыг урьдчилан боловсруулдаг. Одоо бид 2027 оны төсвийн талаар ярьж байна.

2027 онд Монгол Улсын Засгийн газар буюу төр түүнд НД-ын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгууд болон төрийн захиргааны байгууллагууд ямар хэмжээний орлого олоод түүнийгээ юунд зарцуулах гэж байгаа юм бэ гэдгийг нь өнөөдөр бид 2026 онд баталж өгөх гээд байгаа юм. Тэгээд төсвийн хүрээний мэдэгдэл (ТХМ) гэх бодлогын маршрутыг гаргана.
Хавар батлагддаг бас нэг чухал бичиг баримт нь Үндэсний аудитын газрын “жилийн хөгжлийн төлөвлөгөө”. Нэг хэсэг бид огт төлөвлөдөггүй, төлөвлөгөөнд их дургүй байлаа шүү дээ. Сүүлдээ хөгжихийн тулд заавал төлөвлөх хэрэгтэй юм байна гээд 2019 оноос хойш бодлогын өөрчлөлт хийсэн юм. Түүнээс нэгдүгээрт “урт хугацааны төлөвлөгөө” гэх зүйл гарч ирнэ. Үндсэн хуулийн заалттай “Алсын хараа 2025” гээд 30 жилийн алсыг харсан төлөвлөгөө байна. Дараа нь ирэх 5 жилийн үндсэн хөгжлийн чиглэл гэх зүйл батлагдана. Түүний дараа жил болгон “жилийн хөгжлийн төлөвлөгөө” бас батлагддаг. Ирэх жил ямар салбарт ямар хөрөнгө оруулалт хийгдэх юм, түүний хэдэн хувийг нь улсын төсвөөс, хэдэн хувийг нь төр хувийн хэвшлээс гаргах юм, ямар замаар санхүүжигдэх вэ, бид ямархуу үр дүнг хүлээж байгаа вэ гэдэг нь батлагддаг гэсэн үг. Ингээд намар нь төсвийн төсөл маань өргөн баригдах ёстой.
-ТТБЗ-ийн хоёр дахь роль бол намар нь орж ирсэн төсөв дээр хөндлөнгийн хараат бусаар дүгнэлт өгөх. Бид Монгол Улсын эдийн засгийг эрсдэлээс хамгаалах ёстой.
Яагаад ТТБЗ хэрэгтэй болсныг тайлбарлая.
Улсын төсөвт орж ирж байгаа нийт орлогын 10-аас илүү хувь нь эрдэс баялгийн сектороос байх юм бол түүнийг баялгийн эдийн засаг гэж нэрлэж байгаа юм. Манайд бол 30-аас дээш хувьтай, экспортын орлого бол 90-ээс дээш хувьтай байдаг. Нүүрсний үнэ гээд яриад байдгийн цаад учир нь энэ. Татварын орлогын гуравны нэг, валютын урсгалын 90 хувь нь уул уурхайн салбараас орж ирдэг байх нь. Баялгийн эдийн засаг дээр огцом орлогууд орж ирнэ ээ. Тэр орлогоо тэр чигт нь зарцуулаад байвал юу болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Олсон хэмжээгээрээ зарцуулаад яваад байхаар сүүлдээ гэв гэнэт тормоз гишгэхэд баялгийн эдийн засагт маань шок орж ирнэ, бусад бүх сектор маань түүнийг дагаад хямарчих гээд байдаг. Огцом өрөнд орох эрсдэлтэй.
Хүн төрөлхтөнд эрсдэлийн эсрэг хамгаалах зүйл бол дүрэм л байдаг. Зарлагаа хэтэрхий их өсгөж болохгүй, орлогоо хэтэрхий өндрөөр бүү төсөөлөөрэй, жинхэнэ орлого өнөөдрийн орлого хоёр чинь зөрөөтэй шүү, тэнцэл нь ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх ёстой гэх мэт дүрмүүд бий.
-Гэвч ихэнх тохиолдолд Засгийн газар маань дээрх дүрмүүдээ тойрох аргыг сэдэж олоод байдаг. Заримдаа хэсэгчлэн, заримдаа бүр мөрддөг ч үгүй.
Түүнийг мөрдүүлэх дахин нэг хамгаалалтын механизм хэрэгтэй болсон нь ТТБЗ байсан.

- Саяны 2026 оны төсвийн тодотголын асуудал нэлээд шуугиан дагууллаа шүү дээ. Эдийн засагчид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлснээр инфляц өснө гэх эрсдэлийг анхааруулсаар байгаа ч Засгийн газар эсрэг байр суурьтай байгаа. Хэрэв төсвийн тодотгол батлагдвал Засгийн газар ямар арга хэмжээ авч байж инфляцийг бууруулж чадах вэ?
- Энэ жилийн хувьд эдийн засгийнхаа төлөвөөс хамаараад нефтийн шок орж ирсэн. Орос, Украйны дайны шок дүлэгнэж байгаад хожуу орж ирлээ. Ингээд хомсдол үүссэн, үнэ огцом өссөн. Энэ бүхний цаана нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж яригдана. 1990 оноос хойш манайд бараг хөгжөөгүй гэж хэлж болно. Өмнө нь үүнийг хаалтан дотор "ченж" гэгдэх хүмүүс маань хийдэг байсан. Ингээд цаашид ченжүүдээр яваад байж болохгүй юм байна гэх шийдэлд хүрсэн. Одоогоор оронд нь орлуулах зүйл байхгүй болсон гэсэн үг. Бүх сүлжээнүүд маань импортын барааг түгээж байна. Энэ сүлжээнүүд нь үндэснийхээ бүтээгдэхүүнүүдтэйгээ, ХАА-н салбартайгаа нэгдсэн эргэлттэй байх юм бол манайд ХАА-н үнийн савлагаа иймд хүрэхгүй байлаа. Машинаар бол тэгш сондгой гэдэг шиг нийлүүлэгчдэд тогтсон тогтолцоотойгоор нийлүүлэх системийг бүтээж өгвөл нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасрахгүй. Манайх ХАА-н орон гэдэг мөртлөө үүнийгээ бүтээж чадахгүй байгаа.
-Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ХАА-н салбарт нийлүүлэлтийн гинжин хэлхээг боловсронгуй болгох хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд бид төдийлөн амжилт олоогүй ч гурилан дээр бол тогтоож чаджээ. Хэн тариа тарах вэ, хаана хэдэн га тариалах вэ, тариалсан тариагаа аль үйлдвэрт аваачих вэ, гурилын үйлдвэр нь гурилаа аль зах зээл рүү нийлүүлэх вэ гэдгээ мэдэж байгаа. Энэ сүлжээ бусад салбарт алдагдаж байгаа.
2027 оны хувьд төсөвт "их том" дүн орж ирсэн. Бараг 10 их наядаар огцом өсч орж ирсэн. Нэгдүгээрт ТӨК-иудын ногдол ашгийг төсөв рүү авна гэсэн, хоёрдугаарт Оюутолгойгоос нэг удаадаа 3 их наяд орчим ногдол ашгийг авна гэсэн.
Хүмүүсийн хувьд энэ жилийг илүү ноцтой анхаарч байгаа ч үнэндээ жил болгоны төсөв хаалтан дотор шуугиантай л байдаг. Харамсалтай нь улс төрийн эффект их орж ирдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр манай институцийн тогтолцоо бүрэн бэхжээгүйтэй холбоотой. Бид эрчим хүч дээр, эрүүл мэнд, боловсрол дээр ийм чигээр явах нь байна шүү гэдгээ хавар баталчихлаа, гэтэл намар нь өмнөх баталсан бүхнээ цоо шинээр бодлогоо тэс өөрөөр өөрчлөөд оруулаад ирсэн.
Миний ажигласнаар Ерөнхий сайд ч гэсэн чуулган дээр "миний оруулж ирсэн анхны төсөв энэ байна" гэх үгийг хоёр гурван удаа хэлнэ дээр. Гэтэл одоогийн засаг бол сонгуулийн дараа цоо шинээр бүрэлдсэн засаг биш. Бид өөр Засгийн газартай байсан. Дахиад өөр Ерөнхий сайдтай болсон.
-Н.Учрал бол энэ циклийн гурав дахь Ерөнхий сайд. Тэгтэл дөнгөж өчигдөр сонгууль болсон мэтээр хандсан нь бодлогын алдаа боллоо гэж би хувьдаа дүгнэсэн.
Урт хугацаанд шат шатандаа явдаг процесс дээр гэнэт огцом эргэлт хийдэг институци байгаад байна.

- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010 оноос хойш 22 удаа өөрчлөлт орсон. Тогтвортой байх ёстой нөхцөл байдлыг байн байн хөдөлгөснөөс үүдээд буруу шийдвэрүүл гараад байна уу? Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ингэж олон өөрчлөлт хийх нь хүлээн зөвшөөрөгддөг юм уу? Хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр зүйл заалтыг нь дахин өөрчилж булхай луйврыг зөвтгөх боломж бий юу?
- Энэ хууль үргэлж л төсвийг дагаж өөрчлөгдөж байсан. Өөрчлөлт нь жишиг болоод тогтчихлоо. Манай парламент болон гүйцэтгэх засаглал хоёрын хооронд хяналт тэнцэл гэх ойлголт бий. Энэ нь хүчний хуваарилалт буюу зохион байгуулалтан дээр хямрал үүсгэхгүй байх хамгийн зөв тохиргоо бол - хяналт тэнцлийг хэр сайн тохируулж чадсанаас шалтгаална. Үндсэн хууль хэр сайн хууль вэ гэдэг хяналт, тэнцэл нь хэр байгаагаас шалтгаална.
Төсөв дээр энэ алдагдаж байгаа. Бүх хуулинд аль ч шатанд УИХ-ын гишүүн санал гаргах эрхтэй. Н.Ууганбаатарт төсөвлөсөн 10 сая төгрөгийг өөр хүн рүү шилжүүлэх эрх тэдний мэдэлд гэсэн үг.
-Ийм санал гаргах эрхтэй учраас гишүүд маань өөрсдийн тойрогтоо хөрөнгө оруулалт татах сонирхолтой байдаг. Төсөв улс төржөөд байгаагийн нэг шалтгаан энэ.
Төсөв томроод байгаагийн шалтгаан нь ч энэ. Өнгөрсөн жилийн төсөв дээр тухайн үеийн Сангийн сайд "Энэ миний оруулж ирсэн төсөв биш болчихлоо" гэж байсан. Тэр хэмжээнд өөрчлөлт орчхоод байдаг гэсэн үг байх.
- ТТБЗ-өөс гаргасан дүгнэлтийг Засгийн газар хэрхэн хүлээж авч байна? Үндэсний аудитын газар болоод ТТБЗ бол төсвийн хууль, хэрэгжилтэнд хамгийн чухал байгууллага шүү дээ.
- Зөвлөмж гарлаа ч хэрэгжилт сул гардаг. Үндэсний аудитын газар болоод ТТБЗ хамгийн чухал байгууллага уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Хамгийн чухал нь Засгийн газар, УИХ. Засгийн газрын хувьд биднийг хавар их сонсдог юм аа. Бид тооцоо, тоо ярина. Засгийн газраас хөгжлийн хөтөлбөр төлөвлөгөө орж ирдэг. Тэгээд намар нь сонсохоо больчихдог юм. Хавар сонссон бүхнээ намар нь өөрчлөхөөр өргөн барьдаг гэсэн үг.
Тогтвортой байдлын тухай хуулийн маргаан үүсгээд байгаа 7.5 гээд заалт яригдаад байгаа юм. Тэр нь төсвийн хүрээ болон төсвийн төсөл хоёрын хооронд гурван сарын хугацаа байх ёстой гэсэн хууль. Тэр нь товчхондоо хавар баталсан тоогоо намар нь өөрчилж болохгүй шүү гэсэн хууль л даа. Тэгтэл энэ жил энэ хуулийг бүр болъё гэж ярьж байна. Энэ бол институци хэрэгжих талаасаа буруу шийдэл.
- Манайхаас бусад улс орнуудын хувьд ТТБЗ-өө Засгийн газар нь хэр хүлээж авч хоорондоо ямар уялдаа холбоогоор ажилладаг бол?
- ТТБЗ гэх байгууллагатай нийт 50 орчим улс орон бий. Гэхдээ хоёр янзын хэлбэртэй байдаг. Нэг нь ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад ТТБЗ нь парламентынхаа хажууд ажилладаг, жишээ нь АНУ-д Congressional Budget Office гэж байгаа. Солонгос улсад бол National Assembly Budget Office байгаа гэх мэтчилэн. Эд бол парламентыг бүх төрлийн тооцоо судалгаагаар хангадаг, харин эцсийн шийдвэр мэдээж парламентаас гарна.
Нөгөө нь манайхтай адил харьцангуй хараат бус, бие даасан байдлвалтай ТТБЗ-тэй улс орнууд бий. Энэ нь ихэнхдээ Европын улс оронд байдаг юм. Оролцооны түвшин, чиг үүрэг нь манайхтай ойролцоо гэсэн үг. Гэхдээ бусад улс орнуудын хувьд институци нь харьцангуй бэхэжсэн байдаг учраас тогтвортой байдлын тухай хуулиа бидэн шиг жил болгон өөрчлөөд байдаггүй. Хуулиа л дагана шүү дээ.
Бусад улс орнуудын хувьд жилээс жилд тулгамдаж байгаа асуудал бол төрийн зардлаа хэмнэх буюу төсвийн тэлэлт, өрийн хэмжээ байгаад байна. Нэг талаасаа геополитикийн шокууд болон бусад зүйлээс хамаараад ковидоос хойш Засгийн газруудын өрийн хэмжээ өндөр түвшинд хүрчихсэн. Саяхан АНУ-ын өрийн хэмжээ бол ДНБ-ээ давсан байдаг.
-Гэхдээ манайх шиг эдийн засгийн эрсдэл даах чадвар бага биш учраас өртэй ч тэр нь тулгамдсан асуудал болдоггүй.
Төсвийн хувьд хуучин уламжлалт халамжит төрийн загвар буюу Welfare state гэж нэг загвар бий. II-р дайны хойноос эх газрын Европт төлөвшсөн нийгмийн хамгаалал талдаа төвтэй төрийн загвар л даа. Үүн дээр хамгийн том асуудал нь тэтгэвэр байдаг. Тэтгэврийн систем ихэнх орнуудад одоо хөдөлмөрлөж байгаа хэсэг нь цалин хөлснөөсөө тэтгэврийн хэсэгтээ төлдөг. Өнөөдөр би ээждээ тэтгэвэр өгөхийн тулд ажиллана, маргааш миний хүү надад тэтгэвэр өгөхийн тулд ажиллана гэдэг үе хоорондын зарчим.
Гэтэл хүн амын өсөлт нь буурч эхэлснээс болоод энэ систем цааш үргэлжлэх боломжгүй болчихсон. Тэгэхээр төсөв талдаа дэлхий нийтийн хамгийн том хоёр дахь challenge бол энэ байгаад байгаа юм.
Төрийн реформыг яаж хийх вэ гэдэг асуудал. Үүнийг сайн хийж чадсан орнууд НДШ-ээсээ тэтгэвэрт суутгаж аваад, үлдсэнийг нь хадгалж эргэлтэнд оруулаад өгөөжийг нь өсгөчихдөг. Ингэхээр иргэн НДШ төлөх сонирхолтой болж эхэлнэ. Тэтгэвэрт гарахдаа тэр хүн хангалттай сайхан амьдарч чадна шүү дээ.
- Гэтэл өнөөдөр бид улсаараа дүүрэн бухимдсан тэтгэврийнхэнтэй яваад байна. Бүх статистик үзүүлэлтээр тэтгэврийнхэн маань ядуу орлоготой гэх ангилал руу ордог. Нийгэм тэр чигтээ үүнээс болж бухимдаж байгаа цаад шалтгаан нь НДШ-ийн асуудалтай холбоотой.
Тэгэхээр бидний хувьд төсөв маань том байгаа хэрнээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Надаас авч буй НДШ их байна, ээжид очиж буй тэтгэвэр бага байна. Хэн ч хожихгүй байгаа биз.

- Судалгаагаар үзвэл сонгуулийн жилийн зарлага өмнөх оноо үргэлж давсан байдаг. 2027 оны сонгуулиар улсын төсөв дахиад хэдэн их наядаар нэмэгдэх нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад 2027 онд инфляц улам бүр нэмэгдэх магадлалтай юу?
- Ковидын үед манай инфляц 16 хувьд хүрч байсан. Гэхдээ хүнсний инфляц 25 хувь байсан. Ирэх онд ялангуяа хүнсний инфляц өсөх нь дамжиггүй. Үүн дээр шок орж ирэх байх. Дээрээс нь сая 8 сард болдог шиг нефтийн хомсдол дахиж давтагдах магадлал тун өндөр. Энэ нь ирэх жил, ирэх хавар бидэнд сюрприз барьж магадгүй.
Бусад улс орнуудын хувьд ч гэсэн сонгуулийн жилүүдэд төсвийн зарлага өсөх хандлагатай байдаг.
Одоо биднийг 2027, 2028 онд дараалсан хоёр сонгууль биднийг хүлээж байна. Түүний эффект орж ирж л таарна, энэ бол судалгаагаар батлагдчихсан зүйл.
- Та сая тэтгэвэр, тэтгэмжийн иргэнд очих үр ашгийн талаар ярилаа. Иргэдийн хувьд санхүүгийн ийм хүндрэлтэй нөхцөлд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэхийг л хүсч байгаа. Нөгөө талаар инфляц үүснэ гэх эрсдэл байгаа. Үүнийг яаж балансжуулах вэ?
- Ер нь бол хэцүү. Нөгөө талаас инфляц нэмэгдээд байгаа учраас тэтгэврийг нэмэхгүй бол болохгүй нь гэх аргументыг маш их гаргадаг. Инфляцаа үүсгэчихээд тэгээд гарсан үр дагавраас нь болоод дахиад нэмээд, өөрөө өөрийгөө тэжээгээд яваад байх тойргийг үүсгэдэг.
Гэхдээ инфляц дан ганц эрэлтээр шийдэгддэггүй. Түрүүн ярьсан нийлүүлэлтийн гинжин хэлхээ, эдийн засгийн потенциал, үйлдвэрлэл, үйлчилгээ нөлөөлдөг. Хүн бүр орж байгаа мөнгөтэйгээ дүйцэхүйц хэмжээнд ажиллаад, мөнгө эргэлдээд байвал инфляц үүсэхгүй.
-Гэтэл манайд ингэх боломжгүй. Яагаад гэвэл олон жил инфляцтай явснаас болоод бодлогын хүү маань өндөр болчихоод байгаа юм. Тэгэхээр юм үнэтэй байхаас өөр аргагүй болчихоод байна. Дотоодоос юм худалдаж авснаас Taobao-аас захиалах нь хямд болчихоод байна л даа. Эдийн засаг маань тэлэхгүй байна.
- Бага зэрэг хөндлөнгийн асуулт асууя. Та 2023 онд өгч байсан нэг ярилцлагадаа УИХ-ын гишүүдийн тоо 152 байх ёстой гэж хэлж байсан. Одоо бид 76 гишүүнээ 126 болгочихлоо, харин иргэд үүнийг төсвийн мөнгө хувааж идэх толгой олширлоо л гэж харж байна шүү дээ?
- Тэр үед ч бас гишүүдийн тоо нэмбэл зардал нь нэмэгдэнэ гэх асуудал яригдаж байсан. Тооны болон чанарын өөрчлөлт гэж хоёр зүйл үүнд багтаж байгаа. Чанарын өөрчлөлт нь тойргийн болон жагсаалтын буюу процорциональ зарчмын дагуу сонгодог гишүүдийн тоо.
Яагаад 152 болгох гээд байсан бэ гэхээр аль алиныг нь 50, 50 хувьтай тэнцүү болгож парламент дээр бид баланс үүсгэх нь зөв гэдэг шийдэл дээр тогтоод тухайн үед хуулийн төслөө өргөн барьж байсан. Дараагийн асуудал хяналт тэнцлийн асуудал. Илүү их хяналт тавих ёстой. Хяналттайгаар алсыг харсан бодлогын шийдлүүд явах ёстой гэдэг зарчим явсан.
Тухайн үед эрх баригч нам маань салбар салбарын төлөөллийг оруулна гэдвх бодлогын шийдлийг гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, бизнесийн төлөөлөл гэхчилэн оруулсан чинь нөгөөдүүл нь гишүүн болсныхоо маргаашнаас би төлөөлсөн салбарынхаа эрх ашгийг хамгаална гэдэг байр суурин дээр зогсчихсон.
-Гэтэл манай Үндсэн хуулийн философиор УИХ-ын гишүүн гэдэг хүн сонгогдсоныхоо маргаашнаас эхлээд цоо шинэ хүн болох ёстой. Нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. Чи сектороо төлөөлөх ёстой, улсын эрх ашгийг нэгт тавих ёстой болно. Энэ зохицуулалтан дээр очоод сорилттой нүүр тулаад гацчихсан. Өөрөөр хэлбэл намуудын жагсаалтын бодлого, Үндсэн хуулийн дэг жаяг хоёр нийцтэй байсан уу гэдгийг бид эргэж нэг харах шаардлагатай.
Үүнийг одоохондоо ярихгүй байна, гэхдээ чи хөндчихлөө. Удахгүй УИХ-ын сонгууль дөхөөд ирэхээр энэ асуудал яригдах болов уу гэж би найдаж байна. Эргэж хараасай гэж бодож байна. Нөгөө талаар төсөвтэй холбоотой зардал мөнгөний асуудал дээр бид хяналт тэнцлээ алдчихаад байна.
Эрх мэдлийг хэтэрхий их хийсвэрээр нэг газар төвлөрүүлчхээр тэр газар маань хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болчхоод байгаа юм. Нэг талаас тойрогтоо төсөл оруулж тавих гэж байгаа УИХ-ын гишүүн, нөгөө талаас төслийн төсөвт хяналт тавих ёстой УИХ-ын гишүүн. Энэ хоёрын балансыг олох чухал. Тэгэхээр их хурал маань ямар бодлого баримтлах вэ гэдгээ эргэж нэг харах ёстой.
- Та арваад жил МУИС-д математик, эдийн засгийн ухааны багшаар ажилласан хүн. Өнөөгийн Монголын залуу үеийнхэн Монголын нийгэм, улс төр, эдийн засаг, жишээлбэл төсвийн тодотгол, түүний гарах үр нөлөө зэргийн хувьд хэр бодит ойлголттой байна вэ?
- Манай МУИС дээр хөтөлбөрүүд бол онолын талдаа явдаг. Бид бол ерөнхийдөө глобал юм ярих их дуртай. Локал буюу манай улсын эдийн засагт юу болдог вэ, манай улсын төсөв ямар баланстай байдаг юм, манай эдийн засгийн секторууд юу юу байдаг юм гэх мэтийн мэдлэг дутмаг байдаг. Залуу хүн бол төсөв уншиж сурах шаардлагатай. Тэгэхийн тулд боловсрол шаардана. Энэ боловсролыг олгохын тулд хаа хаанаа ажиллах ёстой. Их сургуулиуд, ТТБЗ бас Сангийн яам ч бас ажиллах ёстой байх. Одоо тэр энэ төсөв чинь хаанаас гараад ирэв гээд эксел файл яригдаад байна шүү дээ. Төсөв чинь ил тод биш байна гээд шүүмжлэгчдээд байна шүү дээ. Ард түмэн үнэн мөнийг ялгаж салгаж, зааглаж, уншиж чаддаг байх хэрэгтэй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.