Нийгмийн

Н.Ганибал: Эдийн засгийн баримжаагаа алдчихаад байна

Өнөөдөр УИХ-аар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Эдийн засаг-Хөгжлийн яам, Цахим хөгжил-Харилцаа холбооны яам нэмж байгуулахаар тусгасан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Н.Ганибал Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим хөгжил-Харилцаа холбооны яам байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, чиг үүргийг нь маш тодорхой зааж өгөхийг сануулав. Тэрээр цааш нь хэлэхдээ:

Өнгөрсөн 30 жилд салбар бүр өөрсдийнхөө асуудлыг яриад, яам, тамгын газраа байгуулсан. Тэндээс гаргасан бодлогын бичиг баримтууд, бодит үр дүнгүүдийг харахаар бид макро түвшинд эдийн засгийн чиг баримжаагаа алдчихаад байна. Зөвхөн ХАА-н салбар дээр гэхэд, Эрээний хил хаагдахаар нарийн ногооны хомсдол үүсч байна. Мах экспортлохоор дотоодын хэрэгцээ яриад эхэлдэг. Макро түвшиндээ эдийн засгийн үр өгөөж нь ямар байх юм гэдэг дээр нэгдсэн бодлого алга. Эдийн засаг-Хөгжлийн яам байгуулагдлаа гэхэд, Монгол Улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүр дээр эдийн засгийн тооцооллыг нь гаргаад, аль замаар явбал Монголын эдийн засагт үр өгөөжтэй байх юм бэ гэдгийг тодорхойлоод, жил бүр төсвийн хуулиа батлахдаа уяж өгөөд, түүнийгээ манадаг байх хэрэгтэй. Төсвийн тухай хууль бас гаргасан зүг чигийн хүрээнд явж байгаа юу, үгүй юу гэдэг дээр анхаарах асуудал бас бий. Салбар хоорондын уялдаа, экспорт, импорт, валют гээд бүгдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ бүхнийг Эдийн засаг-Хөгжлийн яам цаашид авч явах ёстой. Нэг юм дутаад байгаагаа олоод харчихсан байна. Харамсалтай нь, шийдэл нь уриа лозун төдий, маш ядруухан байдлаар томьёолж оруулж ирсэн байна.

Өнөөдөр аль ч салбар шинжлэх ухаангүй байгаа. Учир нь бүх салбараас шинжлэх ухааныг нь салгаад Боловсролын яаманд харьяалуулчихсан. Эрүүл мэндийн яам гэхэд судалгаа шинжилгээ хийдэг шинжлэх ухааны байгууллагагүй болохоор гаргаж байгаа дүгнэлт, шийдвэрүүд нь буруу, өвчлөл гаарлаа. Аливаа байгууллага шинжлэх ухаанч судалгаа хийж байж, асуудлыг бодитой болгодог, түүнийхээ дагуу шийдвэр гаргадаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button