СПОРТ

Допинг хэрэглэсэн тэдний хэн нь хэн бэ

Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрснийг МҮБХ-ноос өнөөдөр албан ёсоор зарласан билээ.

Допинг илэрсэн тэдний хэн нь хэн бэ

Энхтөгсийн Оюунболд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тэрбээр 2015, 2019 оны улсын наадмын түрүү бөх. 2012 онд аймгийн арслан, дараа жил нь улсын харцага, 2015 онд улсын арслан, 2019 онд улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд өнөө цагийн хамгийн дуулиан дагуулж буй бөхчүүдийн нэг.

2019 онд улсын наадамд түрүүлснийх нь дараа түүнээс допинг илэрсэн. Э.Оюунболд “Би допинг хэрэглээгүй. Миний шинжилгээг сольчихлоо” гээд АТГ, хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллага энэ асуудлыг хэлэлцэн, удаан хугацаанд сунжирсаар, энэ оны эхээр Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, аварга цолыг нь хураасан юм. Монгол наадмын түүхэнд улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол түүнийхээс өөр үгүй. Улмаар түүний аварга цолыг хураан, Н.Батсуурьт даян аварга цол олгохоор шийдвэрлэсэн. 2020 оны улсын наадмын үзүүр бөх Н.Батсууриас өнгөрсөн жил допинг илэрсэн нь сонин тохиолдол. Монгол Улсын түүхэнд аварга цолтой бөхөөс допинг илэрсэн хоёр тохиолдол тэднийх.

Өнгөрсөн жил улсын наадмыг өнжсөн Э.Оюунболд өнөө жилийн наадамд улсын арслан цолтой барилдсан. Наадмын өмнө бөхчүүд түүнийг барилдахыг эсэргүүцэн, нэлээд юм болсон. Допингийн эсрэг, өөрийг нь барилдахыг эсэргүүцсэн Ц.Содномжийг гурвын даваанд амласан нь өнөө жилийн наадмын гол дуулиан байлаа. Улмаар тус барилдаанд Э.Оюунболд давсан. Барилдааны дараа Ц.Содномдорж хүсэлт гаргасны дагуу хоёр арслан сайн дураараа шинжилгээ өгсөн юм. Өнөө жил улсын наадмын тавын даваанд Өмнөговь аймгийн харьяат бөх Э.Нямаад “түгжилдүүлсэн” Э.Оюунболдоос дахин допинг илэрлээ.

Батжаргалын Хадбаатар

Хэнтий аймгийн хоёр бөхөөс допинг илэрсний нэг нь Э.Оюунболд, нөгөө нь аймгийн арслан Батжаргалын Хадбаатар. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх тэрбээр өмнө нь допингийн асуудалд холбогдож байгаагүй. 2008 онд аймгийн заан, 2010 онд аймгийн арслан цол хүртсэн Б.Хадбаатар улсын начин Б.Одхүүгийн төрсөн дүү нь.

Б.Хадбаатар өнөө жил улсын наадамд барилдахдаа тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсан. Улмаар зургаагийн даваанд энэ жилийн наадмын түрүү бөх Б.Бат-Өлзийд унасан юм.

Нямпүрэвийн Батсайхан

Улсын цол хүртэхийн төлөө олон жил зүтгэж яваа бөхчүүдийн нэг нь аймгийн арслан Н.Батсайхан. Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх тэрбээр 2008 онд аймгийн начин, дараа жил нь аймгийн харцага, 2012 онд аймгийн арслан болсон. Ховд нутгаас улсын цолонд хамгийн ойртож очсон Н.Батсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо тавын даваанд улсын харцага Д.Анарыг, зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг давжээ. Улмаар долоогийн даваанд улсын начин Ч.Батчулуунд өвдөг шорооджээ.

Баатарын Уртнасан

Ховд аймгийн Үенч сумын харьяат бөх Б.Уртнасан аймгийн заан цолтой. Тэрбээр 2010 онд сумын заан, 2014 онд аймгийн начин, 2018 онд аймгийн заан цол хүртсэн.

1989 онд төрсөн Б.Уртнасан өнөө жил улсын наадамд барилдахдаа тавын даваанд улсын харцага Д.Бат-Эрдэнийг, зургаагийн даваанд улсын начин Б.Чимэдванданг давжээ. Улмаар долоогийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд унасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button