УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалтнууд сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг

Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” болж байна.

Чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Тэрбээр "НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна” гэлээ.

Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэлээ. Мөн тэрбээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрх зүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой.

Манай хууль сахиулагчид төрсөн өдрөөрөө аль нэг ресторанд үнэгүй хоол иддэг нь үнэн, энэ бол авлига.  Төрийн байгууллагын албан тушаалтнууд дунд сарын цалингаасаа хэд дахин үнэтэй бэлэг, шан харамж авдаг. Бид үүнийг байдаг л юм шиг, байх л ёстой мэт бодож болохгүй. Дассан сэтгэлгээ, уламжлалт хандлагыг өөрчилж, сэтэлж гарах цаг болсон” хэмээсэн юм.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлж байлаа. Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарчээ. Тодруулбал 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Ерөнхий сайд энэ үеэр онцлоод 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгаж, И-Монгол системээс авдаг болохоор ажиллаж байгааг хэллээ. Одоо төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x