Нийгмийн

ОНЫ ТОЙМ: Их спортоор олимпод, PUBG-аар дэлхийд шуугиулж, допингийн сүүдэр үндэсний бөхийг улам нөмрөв

“Eguur.mn” сайт 2021 онд Монголын спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

Бид өмнө нь Монголын УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ГЭМТ ХЭРЭГ, НИЙГМИЙН салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэсэн билээ.

Н.ТҮВШИНБАЯР “БҮДЭРЧ, МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛ ЭЗЭНГҮЙ ХЭВЭЭР

Цар тахлын улмаас хойшилсон “Токио-2020” олимп өнөө жил болсон тул Монголын спортынхны хувьд хамгийн чухал он байлаа, 2021 он. Ийм чухал жилийн эхэнд спортын толгой байгууллага болох МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатыг зодон, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж, Монголын спортын салбарын нэр хүндийг сэвтүүлсэн.

Юу юугүй олимп болох дөхсөн байхад Монголын спортыг дэлхийд төлөөлж яваа, МҮОХ-ны ерөнхийлөгч нь ёс суртахууны том алдаа гаргасан нь өөрөө гол асуудал байлаа. Мэдээж түүнийг буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Гэхдээ МҮОХ-ны удирдлага юун Токиогийн олимп, тамирчид манатай явсан нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол хаана хаанаа байв. Үүний сацуу ОУОХ энэ асуудлын улмаас ямар нэгэн бойкот хийж, хориг тавихгүй гэсэн баталгаагүй байлаа. Улмаар Н.Түвшинбаяр тавдугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ “Би хариуцлага хүлээнэ” гээд ажлаа өгөөгүйг тодотгоё. Учир нь тухайн үед МҮОХ-ноос түүнийг тамгаа аваад зугтсан гэж мэдэгдэж байлаа.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудал одоо ч эзэнгүй хэвээр. Тус хорооны чуулганыг 2021 оны гуравдугаар сард товлоод буй. Тэр хүртэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалыг Ч.Наранбаатар түр орлон гүйцэтгэнэ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч болохын төлөө Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх магадлал өндөр.

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшээгүй нь үүнтэй холбоотой байж мэднэ. Улсын Ерөнхийлөгч асан бууриа сэлгэн, карьераа шинээр эхлүүлж МҮОХ-ны ерөнхийлөгч болох уу, нөлөөтэй аавын амбийцтай хүү “барьц”-аа улам ахиулж, ерөнхийлөгч болох уу гэдгийг бид удахгүй харах нь.

ОЛИМПОД МОНГОЛОО ДУУРСГАСАН БАХАРХЛУУД

Ийн МҮОХ-ны Ерөнхийлөгч асуудалд орсны дараа Токиогийн олимпод мордохын хазгай гэгч болох гэсэн болгоомжлол олны дунд байв. Цар тахалтай, хөл хориотой хүнд нөхцөлд бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэсэн Монголын тамирчидТокиод очсон зам дардан байгаагүй. Хөл хорионд орох, бэлтгэлээ гэртээ хийх, олимпын эрхийн тэмцээн хойшлох, цуцлагдах зэрэг олон бэрхшээл тулгарч байлаа.

Ийм хүнд нөхцөлд Монголын 43 тамирчин спортын 10 төрөлд “Токио-2020” олимпод оролцсон. Улмаар Саид Моллаеи мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан юм.

Үүний сацуу “Токио-2020” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ түрүүлж, “Рио-2016”-гаас хүрэл медаль авсан амжилтаа ахиуллаа. Ингэснээр паралимпэд түрүүлсэн хоёр дахь (Анхных нь Д.Баатаржав) монгол тамирчин болов.

“Токио-2020”-ийн дараа дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, дэлхийн аварга, паралимпийн аварга Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Харин олимп, дэлхийн медальт Б.Болортуяа, олимпоос медаль авсан Саид Моллаеи, Ц.Цогтбаатар нарт Гавьяат цол олгоогүй нь тэднийг төдийгүй спортын хорхойтнуудыг гонсойлгов.

Токиогийн олимпод бичигдсэн түүхэн амжилтууд:

-Монгол Улсын багийн спортын төрлөөр олимпод анх удаа өрсөлдлөө. Түүхэн амжилтын эзэд болох  Баясгалангийн Солонго, Энхтайваны Чимэддолгор, Мөнхсайханы Цэрэнлхам, Онолбаатарын Хулан нар сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцсон нь Монголын спортын түүхэнд тодоос тод бичигдэх үйл явдал мөнөөс мөн.

-Иргэншлээ сольсон, легионер тамирчин олимпод оролцсон, бүр мөнгөн медаль авсан нь Монголын спортын түүхэнд анхны тохиолдол. Эл түүхэн амжилтын эзэн нь Саид Моллаеи.

-Монголын спортын түүхэнд олимпод анх удаа эмэгтэй тугч сонгогдсон нь сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан байлаа. Тэрбээр жүдоч Ө.Дүүрэнбаярын хамт Токиогийн дэвжээнд улсынхаа тугийг мандуулсан юм.

-“Токио-2020” наадмын боксын төрөлд Монголын эмэгтэй ширэн бээлийтэн өрсөлдсөн нь Монголын спортын түүхэнд анхны тохиолдол. Түүхэн амжилтын эзэн нь М.Мягмаржаргал.

-Монгол Улс ширээний теннисний төрлөөр олимпод анх удаа оролцов. Анхдагч амжилтын эзэд бол Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар.

-Т.Энхцэцэг жүдо бөхийн спортын түүхэнд Монголын эмэгтэйчүүдээс анх удаа олимп шүүв

-Хүндийг өргөлтийн спортын түүхэнд олимп шүүсэн анхны шүүгч болсон эрхэм бол Л.Одгэрэл.

-Токиогийн олимпод Монголоос анх удаа байт харвааны тэмцээнийг Э.Саруул шүүлээ.

МОНГОЛЫГ ТҮШСЭН “МОЛОМ”

ДАШТ-ий алт, хүрэл медальтай, иран тамирчин иргэншлээ сольж, манай улсын тамирчин болсон тэгээд бүр Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртэн, Монголын далбааг олимпын дэвжээнд мандуулсан нь яах аргагүй энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа. Улс төрийн нөхцөл байдлын улмаас иргэншлээ сольж, Монголын түшсэн түүнийг монголчууд алгаа тосон угтсан. “Молом” гэдэг нэр хайрлан, элгэмсэг, дотно хандсаар буй. Саид Моллаеи ч монголчуудын итгэлийг амжилтаар хариулж, хэний ч өмнө нүүр бардам яваа.

Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Гадаадын жүдоч Монголын иргэншил авсан анхны тохиолдлын эзэн нь тэр. Тэр хэрээр Монголын жүдогийнхны төдийгүй ард түмний хувьд шинэ зүйл. Манай жүдочид түүхэндээ эрэгтэйчүүдийн 81 кг-д олимп, дэлхийгээс медаль авч байгаагүй. Энэ бараан “цуврал”-ыг Саид Моллаеи зогсоон, анхдагч болсон. Токиогийн олимпын дараа ялимгүй үл ойлголцол гарч, тунисныг нь эс тооцвол Молом Монголыг түшсэндээ сэтгэл хангалуун яваа байх.

МОНГОЛЫН 2021 ОНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН М.УРАНЦЭЦЭГ

Шинэхэн Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг энэ онд үнэхээр өнгөтэй байлаа. Өнөө жил ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн тэрбээр олимпоос Монголын багийн анхны медалийг хүртэн, дутуугаа гүйцээсэн. Улмаар “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар хоёр дахь удаагаа тодорч, Монголынхоо хамгийн шилдэг болов. Нэг жилийн хугацаанд олимп, дэлхийн аваргаас медаль авсан анхны тамирчин болсон  М.Уранцэцэг өмнө нь дэлхийн аваргад түрүүлсэн жилээ “Бөртэ чоно”-ын эзэн болж байв. Тэрбээр энэ онд мөн Тбилиси, Ташкентын “Их дуулга”-д дараалан түрүүлсэн юм. Токиогийн олимпын дараа түүнийг зодог тайлах эсэх олны анхаарлыг татаж байв. Ямартай ч М.Уранцэцэг Парисын дэвжээнд барилдан, олимпын аварга болох зорилгодоо хүрэхийн төлөө дахин зүтгэхээ амлан, монгол түмнээ баярлуулаад байгаа юм.

“АЛТАН ОХИН” М.АНХЦЭЦЭГ

“Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA” гэж зарлуулан тэмцээнд өрсөлдөх л надад сайхан хэмээн итгэл төгс хэлэн, гадаадын орнуудаас тавьсан их хэмжээний мөнгөн дүнтэй саналаас татгалзаж, Монголдоо үнэнч үлдсэн М.Анхцэцэг дэлхийн аварга боллоо. Олимпын өмнө Гавьяат тамирчин цол хүртэн, “Токио-2020”-д медалийн оосроос атгаад алдан, IV байрт шалгарсан дутуугаа ийн гүйцээв. Дэлхийн аварга болсон төдийгүй ДАШТ-ээс медаль авсан түүнээс өөр монгол туйванч үгүй.

Төрсний дараа амьдралын хэмнэлдээ дасах, өмнөх шигээ байхад хэчнээн хэцүү байдгийн зовлонг эмэгтэй хүн бүхэн мэднэ. Тэгвэл төрөөд гуравхан сар болоод хүндийг өргөлтийн бэлтгэл хийн, амжилтын төлөө зүтгэхэд ямар байх бол.

М.Анхцэцэг 2019 онд үрийн зурай үнэрлээд гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Улмаар найман сартай үрээ гэртээ үлдээн, дэлхийн дэвжээнд нялх биетэй хүч сориод ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэнээр нь бахархахгүй байхын аргагүй. Яах аргагүй бахдам амжилт. Тэгэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилснийг нь тодотгоё. Түүнээс өөр тамирчин ингэж чадна гэдэг эргэлзээтэй. Хүндийг өргөлтийн спорт хэчнээн хүнд, хэцүү билээ дээ. Магад олон түмэндээ “Алтан охин”, “Бурхны бэлэг” гэж хүндлэгдсэн М.Анхцэцэгийн л чадах зүйл болов уу.

UFC-ийн ДЭВЖЭЭНД ШУУГИУЛЖ БУЙ Д.БАТГЭРЭЛ

Холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо бол UFC. Тухайн тамирчны нэр хүндийн баталгаа болдог тус холбоонд өрсөлдөхийг тулаанч бүхэн мөрөөддөг. Тэр хэрээр өндөр босготой, шалгуур өндөртэй. Дэлхийн шилдгүүд хүч сорьдог UFC холбоотой гэрээ байгуулж, Монголоос хөл тавьсан анхны төдийгүй цорын ганц тулаанч бол Данаагийн Батгэрэл.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат тэрбээр энэ жил UFC-ийн дэвжээнд үнэхээр шуугиуллаа. Д.Батгэрэл тус холбооны анхны тулаанаа Өвөр Монголын тамирчин, дотны найз Алтанхилтэй хийн, 29:27-гоор дийлдсэн. UFC холбооноос тус тулааныг “Үдшийн шилдэг тулаан”-аар тодруулж, хоёр тамирчныг тус бүрт нь 50 000 ам доллароор шагнасан юм.

Түүнээс хойш Д.Батгэрэл гурав дараалан ялаад буй. Гурвууланг нь хүнд цохилтоор ялсныг нь UFC үнэлж, түүнийг дахин 50.000 ам.доллароор шагнасан нь монгол тулаанчийн ур чадвар, авьяасыг үнэлсэн, ихэд итгэл, найдвар хүлээлгэж буйнх нь илрэл байлаа.

ЗОДОГ ТАЙЛСАН ХАКҮХО, АВАРГУУДЫГ ЗАЛГАМЖИЛСАН ТЭРҮНОФҮЖИ

Монгол аваргуудын эрэн үе, ноёрхол Хакүхогоор дуусах уу. Эл асуулт олны анхаарлыг ихээхэн татаж байв. Иргэншлээ солин, Японы иргэн болсон их аварга М.Даваажаргал энэ жил бэртлийн улмаас зургаан башёг өнжсөнийхөө дараа Нагоя башёд түрүүлсэн. Зургаан башёг өнжөөд түрүүлсэн анхны тохиолдлын эзэн нь Хакүхо болсон юм. Аварга тус түрүүг аавдаа зориулснаа тодотгож байв. Улмаар мэргэжлийн сүмод 45 дахиа түрүүлж, цагийг эзэлсэн их аварга гэдгээ баталсан юм. Эл баше, тус түрүү түүний сүүлчийнх байсан нь харамсалтай.

Хакүхо өнгөрсөн есдүгээр сард зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан. Их аварга М.Даваажаргал энэ хүртэл бүхнээ дайчлан зүтгэсэн, зодог тайлахгүй гүрийсэн өөр нэгэн шалтгаан бий. Түүнд амжилт, түрүүгээс илүү Токиогийн олимпын нээлтийн бамбарыг асаах том зорилго, амбийц байлаа.

Хакүхо зодог тайлсныхаа дараа тэмцээн болох ордны үүдэнд зогсон, тасалбар шалгаж, “хаалгач” хийсэн нь олны хүндлэлийг ихэд хүлээсэн.

Хакүхогийн төдийгүй монгол аваргуудыг хэн залгамжлах вэ, тэдний эрэн үе ингээд дуусах уу гэдэг асуултыг хариулт нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байлаа.

Цагтаа цалгиж, аварга болоход тун ч дөхөж очоод байсан ч озеки цолоо хураалган тэр ч битгий хэл жонидан зиндаа руу хүртэл унасан харамсалтай замнал түүнд бий. Хоёр жилийн хугацаанд бэртэл гэмтэлтэй тэмцэн, өөрийгөө ялж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсаар эргэн ирээд, озеки цолоо эргүүлэн авч, тэгээд бүр аварга цол хүртсэн нь үнэхээр бахархахгүй, бахдахгүй байхын аргагүй амжилт. Ийм амжилт гаргасан анхны сүмоч нь Тэрүнофүжи.

Мэргэжлийн сүмогийн отгон аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн сарын башёд ганц ч уналгүйгээр түрүүлсэн. Ингэснээр дээд зиндаанд нийт зургаа дахиа түрүүлж, Эзэн хааны цом өргөв.

Тэрүнофүжи дээд зиндаанд анх удаа уналгүйгээр, аварга цол хүртсэнээсээ хойш хоёр башёд дараалан түрүүлсэн нь энэ. Улмаар Ёкозүна цол хүртээд дараалан түрүүлсэн амжилтыг 61 жилийн дараа давтлаа. Энэ нь түүний зургаа, монгол сүмочдын 93 дахь түрүү.

МОНГОЛЧУУД ЦАХИМ СПОРТООР ДЭЛХИЙД

PUBG, “Dota-2”, “Counter strike” гэхээр уншигч та хамгийн түрүүнд эцэг, эхчүүдийн “шүдний өвчин” болсон цахим тоглоомын төрлийн тухай бодох болов уу. Тэгвэл энэ бүхэн ард хоцорч, интернэт тоглоом өдгөө цахим спорт болон хүрээгээ тэлж, дэлхийн олон орон жүдо, чөлөөт бөхөөс дутахгүй хөгжүүлэхийн төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгааг анзаарсан уу.

Өнөө жил PUBG mobile-ын дэлхийн аваргад Монголын “Zeus” баг анх удаа өрсөлдөхдөө гуравдугаар байрт орон, түүхэн амжилтын эзэд болсон нь үүнийг нотолсон үйл явдал байлаа.

Улмаар тэд дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгахын сацуу 100.000 ам.доллароор шагнуулсан нь яах аргагүй түүхэн үйл явдал.

“Zeus” багийнхан өнгөрсөн долдугаар сард PUBG мобайлын “Mobile world international” хандивын тэмцээнд оролцон, 155.000 ам.доллароор шагнуулжээ. Улмаар шагналын мөнгө болох 433 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан юм.

ДОПИНГОД ДӨРЛҮҮЛСЭН ҮНДЭСНИЙ БӨХ

Үндэсний бөхийн “шүдний өвчин” болж буй тулгамдсан асуудлыг нэг нь допинг. Жил жилийн наадмын дараа “Хэдэн бөхөөс допинг илрэх бол. Энэ яг үнэн хүчээрээ цол авсан болов уу” гэх хардлага олны дунд байх болсон. Өнөө жил л гэхэд дөрвөн бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн нь улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нар байлаа. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг найм, бусдынхыг нь дөрвөн жилээр хассан. Энэ шийтгэл Э.Оюунболдын бөхийн замналыг үгүй хийсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь найман жилийн дараа дахин барилдах, өндөр хэмжээний амжилт гаргана гэдэг үнэхээр бэрх.

Нөгөө талаар допинг илэрсний улмаас аварга цолоо хураалгасан Э.Оюунболд үнэнд гүйцэгдчих шиг боллоо. Тэрбээр өнөөг хүртэл “Би допинг хэрэглээгүй. Миний шинжилгээг сольчихлоо” гээд АТГ, хуулийн байгууллагад хандсан, шинжилгээний хариугаа эсэргүүцсэн. Үнэндээ түүний талд орж, “Оюунболд хорлогдчихлоо” гэж өмөөрч байсан хүн олон.

Гэхдээ энэ удаа дахиад илэрсэн нь Э.Оюунболд хорлогдоогүй, хариуцлагаас бултаж, худал хэлж байж гэх хардлага эрхгүй төрүүлэв. Монгол наадмын түүхэнд улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол түүнийхээс өөр үгүй.

Допингийн өөхшүүлж, бөхчүүдийг даврааж буй хүчин зүйлсийн нэг адил бус шийтгэл. Өнгөрсөн жилийн наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн ч 11 сараар эрхийг нь хасаад өнгөрсөн нь шударга бус. Энэ мэт адил бус шийтгэл допингийг улам гааруулсаар байгаа юм.

ОНЫ ТОЙМ: Он удаан шалгуулагсад, ЖДҮХС-г цөлмөгсөд, авлигын хэргээ хялбаршуулагсад

Тус тоймыг ЭНД дарж уншина уу.

ОНЫ ТОЙМ: МАН нам биш ХААН болж, “галзуурал“-д нь томоохон өөрчлөлтүүдийн суурь тавигдав

Тус тоймыг ЭНД дарж уншина уу.

ОНЫ ТОЙМ: Хятад Монголыг чангалж, иргэдийн тэвчээр тасран, үйлдвэрлэгч бус орны горыг амсав

Тус тоймыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-24 08:34

mongoliinhoo ner hundiig undurt urguj yavah ystoi humuus uursduu ingeed baij baidag unheer uruvdultei yumaa

Зочин
Зочин
2021-12-24 08:36

үнхээр хүмүүсийн итгэлийг �##�дахгүй явсан бол гэж бодох юм.

Зочин
Зочин
2021-12-24 08:38

хүмүүс яагаад ийм муухай юм бэ . нэг �##�даа л биз гээл толгойг нь илдэг монгол зангаас л болж байгаан

Зочин
Зочин
2021-12-24 08:40

мундаг амжил гаргасан тамирчиддаа хандаж хэлхэд бусдын �##�даан дээрээс сур�##�цаж аваарай битгий �##�дааг нь давтаарай л гэж захия даа

Иргэн
Иргэн
2021-12-24 09:23
Reply to  Зочин

Манай ахмад үеийн нэр �##�дартай тамирчид болох Ойдов Баянмөнх нар бу�####�д дээрэлхэж аархаж явсан билүү.Ямар нэг хууль бус зүйлд холбогдож явсан билүү. Жинхэнэ хүч чадлаараа тодорсон тэр аваргуудыг харж сургамж авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-12-24 08:44

PUBGг аар дэлхийд монголын нэрийг шинэ үеийхэнд таниулах бол үнхээр мундаг шүү амжилт хүсеэ ZUES

Зочин
Зочин
2021-12-24 08:46

tuvshinbayar unheer mngol tumniihee setgeliig devsleedee hunii horlol baisnuu esvel uuruu unheer iim munhag baisnuu medeh yum alga

Зочин
Зочин
2021-12-24 08:47

oyunboldiin erhiig 8n jileer hassan gesen uguu esvel buh nasaar niyumuu

Зочин
Зочин
2021-12-24 08:50

humuusiin hairiig l hurtee bizdee tuvshinbayar oyunbold 2 yaj bgan iim hachin yumnuudaar hariutslaga tootsoj ulger jishee bolgoh heregtei hair daaj chadahgui haltar bandi nar

Зочин
Зочин
2021-12-24 08:56

ih sportoor hicheelledeg humuusde bugdend ni bayrlalaa iluu ih amjilt gargaj mongolchudiinha itgeliig bitgii evdeeerei

Иргэн
Иргэн
2021-12-24 09:18

Допингтой бөхөд олгосон цагдаагийн хурандаа цолоо хурааж аваач.Тэр цолны үнэ цэнэ гэж �##�га боллоо.

Зочин
Зочин
2021-12-24 12:22

миний бодлоор одоо энэ бөх сумо нтр анхаар�##� ханлуулахаа больмоор юм. глоб�##� дэлхийд з�##�уучууд маань глоб�##� спортуудаар амжилт үзүүлээд нэрээ мандуулаад байна тэд нарыг сайхан дэмжээд өгвөл

Зочин
Зочин
2021-12-24 12:28

үндэсний бөхөөс бусад бол үнэхээр бахархам

Зочин
Зочин
2021-12-25 00:08

Хөөрцөглөөд байх хэрэггүй. Гэхдээ та бүгдийн бахарх�##� Түвшинбаярын �##�лага бүгдийг гутаасан болно.

Холбоотой мэдээ

Back to top button