Нийгмийн

ОНЫ ТОЙМ: Хятад Монголыг чангалж, иргэдийн тэвчээр тасран, үйлдвэрлэгч бус орны горыг амсав

“Eguur.mn” сайт 2021 онд Монголын нийгэм, урлаг, боловсролын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

Бид өмнө нь Монголын УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГГЭМТ ХЭРГИЙН ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэсэн билээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТАРЫГ НЬ ТАНИУЛСАН ЭЭЖ, ДӨРВӨН ДАРГЫГ СЭЛГЭСЭН Ч ДЭЭРДЭЭГҮЙ ХӨСҮТ

Коронавирусийн халдвартай ёстой нэг баавартай “байлдаж” байна гэж өнгөн дээрээ харагдан, салбарын сайд (Д.Сарангэрэл)-аа “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулж явсан Монголын төрийн, эрүүл мэндийн салбарын үнэн нүүр царайг илчилсэн, тарыг нь таниулсан үйл явдлын нэг нь “Өргөө” амаржих газарт амаржсан эхийг нөмгөн зөөсөн явдал. Үүнд эгдүүцсэн олон түмэн төв талбайд жагсан, эрүүл мэндийн салбарын хоцрогдсон, бугшсан байдал, иргэндээ ээлгүй хандсаныг эсэргүүцсэн.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх үүнийг Ерөнхийлөгч болох хүслээ биелүүлэх том “боломж” гэж харан, хоёрхон хоногийн дараа Засгийн газраа огцруулсан. Засгийн ийм том эргэлт болж, коронавирусийн халдвар хэд хэдэн удаа хувьсан, өөр, өөр хувилбарт шилжсэн ч эрүүл мэндийн салбар өнөө ч өнөөх л хэвээрээ. Ерөөс эрүүл мэндийн салбар коронавирусийн халдвар, цар тахалд бэлэн бус, ХӨСҮТ “балгас” болтлоо хуучирсан, техник, хэрэгслүүд нь үеэ элээсний горыг иргэд бид амссаар.

Олон түмэн дэмий л “ХӨСҮТ арай ч дээ” гэж халаглан, ХӨСҮТ аргаа ядсандаа тэр үү эсвэл ашиг сонирхолдоо хөтлөгдөөд үү, ямартай ч зөвхөн энэ жилд дөрвөн даргын нүүр үзлээ. Асуудал тухайн удирдлагуудын алдаа, дутагдалд байв уу, аль эсвэл өөр эрх ашиг байсан уу гэдгийг таашгүй.

Нэгэн цагт ард түмний баатар гэгдэн, “од” болж явсан Д.Нямхүү өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бол түүний дараа ХӨСҮТ-ийг удирдсан Д.Наранзул, Л.Баттөр нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн нь “Яагаад” гэдэг асуултыг араасаа дагуулсан. Үүний сацуу ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа ажлаа хүлээлгэн өгсөн нь нэг юм хэлээд байх шиг. Хэдийгээр тэд “Хувийн шалтгаанаар” гэж тайлбарласан ч улс төрийн ямар нэгэн шахалт байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч цар тахал, коронавирусийн халдварыг сөрж буй хамгийн чухал байгууллагын удирдлага дөрвөн ч удаа солигдсон нь таатай үйл явдал яавч биш.

Үүний сацуу ажлын ачаалалдаа ядарч, сөхөрсөн эмч, албан хаагчид цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлж, жагссан нь үр дүнд хүрсэн. Үүгээрээ эрүүл мэндийн салбарт шинэ арга барил, межежмент хэрэгтэйг сануулж, тэд бусадтай л адил хүн гэдрээ мэдрүүлсэн юм.

ЦАР ТАХЛЫН ШУУРГАНД “ОРХИГДСОН” ҮНДЭСНИЙ БАЯР

Эрүүл мэндийн салбар, эмч ажилчид ийм их ачаалалтай, цар тахал, коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Цагаан сарыг хоёр дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглээгүй. Иргэдийг нэгнийдээ золгох, айл хэсэх, хөл хорионы дэглэмийг мөрдүүлэхийн тулд төрийн албан хаагчдыг “харуул”-д зогсоосон.

Сар шинийн баярыг ийн өргөн дэлгэр тэмдэглээгүй монголчууд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадах эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Засгийн эрх барьж буй МАН 100 жилийн ойгоороо төрийн наадмыг нижгэр тэмдэглэж, нүсэр баярлах болов уу гэсэн таамаг олны дунд байв.

Улсын наадмыг цахимаар тэмдэглэхээр шийдвэрлэн, бөхчүүд, уяачид бэлтгэлд гаран, уяачид морьдынхоо уяа, сойлгыг тааруулж байв, анхандаа. Гэтэл наадам болохоос долоохон хоногийн өмнө хойшлуулах санал УОК гаргасан нь үндэсний спортынхныг ихээхэн бухимдуулсан. Наадам хийхийг эсэргүүцсэн иргэд “No naadam” хөдөлгөөн өрнүүлж, төв талбайд жагссан нь үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөн тал бий.

Наадмыг хойшлуулахыг эсэргүүцсэн уяачид Сүхбаатарын талбайд морьтойгоо жагссан ч тусыг эс олсон. Улмаар тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар улсын наадмыг хойшлуулахаар шийдвэрлэсэн нь олны эсэргүүцлийг дарах, “гал”-ыг намжаах гэсэн арга байлаа. Дараа нь буюу наймдугаар сард Хүй долоон худагт 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох эсэх одоо ч тодорхойгүй байгаа юм.

МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫГ ЦЭНЭГЛЭСЭН “ГЭМ ЗЭМ”, ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МОНГОЛ БАРИТОН

Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа монгол баритон Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар тодорсон нь Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал мөнөөс мөн. 25 насандаа Гавьяат жүжигчин цол хүртэж байсан тэрбээр дуурийн урлагийн “Оскар” гэгддэг эл нэр хүндтэй шагналаа энэ сарын 29-нд АНЭУ-д гардаж авна. Дэлхийн шилдэг болсных нь дараа түүнд Ардын жүжигчин цол олгосон нь “Шагнал эзнээ оллоо” гэж үнэлэгдсэн юм.

Цар тахал, хөл хорионы улмаас хамгийн хүнд байдалд орсон салбаруудын нэг нь урлагийн салбар. Ийм хүнд цаг үед “Гэм зэм” жүжгийг тайзнаа амилуулсан нь монголчуудын талархлыг ихэд хүлээв. Алдарт зохиолч Достоевскийн хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тоглоно гэдэг найруулагч М.Батболд, яруу найрагч Я.Баяраа нарт төдийгүй “Орфей” театрын уран бүтээлчдэд том сорилт байлаа.

Амжилттай болвол Монголын сонгодог урлагийн хөгжлийг нэг шат ахиулна, том зургаар нь харвал. Бүтэлгүйтвэл “Гэм зэм”-ийг Монголын тайзнаа тоглолоо” гэгдээд л өнгөрнө. Том зохиол сонгохын хэрээр том эрсдэл үүрсэн гэсэн үг. Үүнийг тэд чадсан уу гэвэл чадсан. Бүр чадсан шиг чадсан. Монгол түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлж, “Гэм зэм”-ээр монголчууд бидний оюуныг цэнэглэсэн, браво.

Үүний сацуу загварын ертөнцөд гялалзаж яваа Ж.Энэрэл Италийн Венец хотын “Сан-Марко” талбайд болсон “Dolge&Gabbana” брэндийн “Alta moda” загварын тайзнаа алхсан нь түүнийг дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөнийх нь нэгээхэн илрэл байлаа. Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногт оролцсон туршлагатай Ж.Энэрэл өдгөө “Mirrrs models”, “Special Management”, “New York Models”, “Oui Management” зэрэг загварын агентлагийн моделиор ажиллаж байна.

Хүннү рок урлагийг дэлхийд таниулж, шуугиулж яваа, “Чингис хаан” одонт “The HU” хамтлагийн уран бүтээл, карьерт цар тахал чамгүй хэмжээнд нөлөөлсөн. Тэгсэн ч тэд бууж өгөөгүй. Өнөө жил хэд хэдэн орноор аялан тоглолт хийн, хүсэн, хүлээж байсан фэнүүддээ бэлэг барьж, урлагийн “цангаа”-г нь тайлсан юм.

НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ТУЙЛДАА ХҮРТЛЭЭ ДОРОЙТОЖ ЗАЛУУС, ХҮҮХДҮҮД ЦАГ БУСААР АМИА АЛДАХ НЬ ИХСЭВ

Хоёр жил орчим хугацаанд хөл хоригдож, нийгмээс тусгаарлагдсан иргэд сэтгэлзүйн дархлаагүй болсныг сүүлийн үед тохиож буй эмгэнэлт хэргүүд харуулна. Иргэд амиа хорлосон гэх хэргүүд мэр сэр гардаг ч, цагдаагийн байгууллагаас ил болгох нь тун ховор. Учир нь хар хэргийг олон нийтэд ил болгосноор гэмт хэргийг өөгшүүлэх, бусдыг уриалан дуудах эрсдэлтэй гэх нь бий.

Гэвч “даравч далдайна, булавч бултайна” гэгчээр энэ мэт хар хэргүүдийг нуугаад, дараад өнгөрөх аргагүй болов. Цар тахлын үеийн санхүүгийн хямрал, сэтгэлзүйн асуудлаас улбаатайгаар өдөрт л 4-5 хүн цаг бусаар амиа хорлох болсныг мэргэжилтнүүд онцлов. Ялангуяа идэр насны залуус амиа өргөх үзэгдлийг “хил хаасан, хөл хорьсон, ажилгүйдлээс шалтгаалсан эдийн засгийн хямралаас улбаатай” хэмээн сэтгэл зүйч Б.Жавзан хэлсэн юм.

Олонд ил болсон харамсалтай жишээнүүдээс дурдахад, өнгөрөгч наймдугаар сарын 7-нд Баянзүрх дүүрэгт 11 настай хүү 7, 14 настай эгч дүүсийг хутгалж, эгч нь шархаа даалгүй амиа алдсан. Түүнээс 16 өдрийн дараа нийгмийг цочроосон ахин нэг хэрэг гарсан нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд 30-32 настай эхнэр, нөхөр хоёр дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан явдал байв. Саяхны жишээнүүдээс дурдвал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд Баянхонгор аймагт төрсөн эцэг нь 7,9,14 настай хүүхдүүдээ буудаж хөнөөгөөд өөрийгөө хөнөөсөн бол арванхоёрдугаар сарын 3-нд Говьсүмбэр аймагт төрсөн эцэг нь 5, 10 настай хоёр хүүхдээ гэртээ нь хамт шатаагаад, өөрийгөө боомилсон байж болзошгүй хэрэг гарсан юм.

Түүнчлэн өнгөрөгч 18-ны орой Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах есөн давхар өндөр барилгаас 13 настай эмэгтэй Х аврах гудас дээр унасан ч, амиа алдсан явдал нь өсвөр насныхны дунд амиа хорлох үзэгдэл ихэссэн, цаашлаад НОБГ-ын техник хэрэгслийн чадамжгүй байдалтай холбоотой болох нь илчлэгдсэн. Зөвхөн амиа хорлолт бус сургуулийн орчин дахь хүчирхийлэл хяналтаас гарсан нь, өсвөр насныхны сэтгэл зүй төдий хэрээр гэмтсэнийг илтгэх шиг...

СҮХБААТАР ХӨЛӨГ ОНГОЦЫГ ТАТАЖ, АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДЭРСЭН САРУУД

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргаж, эрэгт байршуулав. Цэнгэг усны ундарга болсон Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой учраас 360 тонн орчим жинтэй уг хөлөг онгоцыг татан гаргасан гэх.

Учир нь Хөвсгөл аймаг нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Цаашид Сүхбаатар хөлөг онгоцыг аялал жуулчлал, музей болгож ашиглахыг Засгийн газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэгдсэн билээ. Онгоцыг татан гаргахад оролцсон 123 албан хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнаж, шагналын хур буулгасан нь тухайн үед олны шүүмжлэлийг дагуулаад амжсан.

Түүнчлэн энэ жил урьд, урьдын жилүүдийг бодоход газар хөдлөх чичирхийллийн давтамж нэмэгдэв. Аймгууд, нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн ч, "газар хөдлөлтийн дуут дохио дуугараагүй” нь иргэдийг айдаст автуулав. Газар хөдлөлтийн дамтамж 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэсчээ. Өнгөрөгч онд, Монгол орны нутгийн дэвсгэрт нийт 44,462 мянган  газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ жил энэ тоо нэмэгдсэн байна.

СУРГУУЛИЙН ТАНХИМ, СУРСАН ЭРДМЭЭ МАРТСАН СУРАГЧИД ЦУГЛАЖ, ХАРИН БАГАЧУУД НЬ ЦЭЦЭРЛЭГГҮЙ ХОЦРОВ

Хоёр жил гаруй хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, суралцах, нөхөрлөх эрхээ эдэлж чадаагүй багачууд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс сургуульдаа явж эхэлсэн. Сурдаг сургууль, сурагч найзууд, анги танхимаа мартсан багачуудад шинэ хичээл заахаас илүүтэй өнгөрсөн жилүүдэд үзсэн хичээлийг нь сануулахад чиглэсэн гэхэд болно. Хичээл орж эхлэхтэй зэрэгцээд гэртээ түгжигдэж, нийгмийн харилцаанд бус гар утастай нөхөрлөх болсон хүүхдүүд нэгнээ шоглох, зодох, дооглох үзэгдлүүд мэр сэр гарав.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сурагчид танхим, цахим хосолсон хэлбэрээр суралцсаар сурагчийн амралтаа эхлүүлсэн бол цэцэрлэгийн багачууд гэрийн хориогоо үргэлжлүүлэв. Гэртээ түгжигдсэн зарим хоёр болон гурван настнууд ахуйн осолд өртөх, архины хамааралтай, арчаагүй эцэг эхийнхээ гарын шүүс болох нь ихсэв.

Хүүхдээ харуулах хүнгүй цөхөрсөн эцэг эхчүүд амьдралын эрхэнд хүүхдээ гэртээ цоожлох сонголтыг хийсэн бол зарим нь ажлаасаа гарах шийдвэрийг гаргаж байв. Гэртээ эрсдэлд орох магадлалтай дөрөв, таван настнуудыг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр амралтын хугацаанд цэцэрлэгт нь хамруулж эхэлсэн ч, төд удалгүй ахиад л гэртээ хоригдоод эхэллээ.

ХАЛАМЖААР УГЖУУЛАГСАД КОЙНООР МӨНГӨ ОЛБОРЛОХЫГ САНААРХАВ

2021 он хөл хориогоор эхэлж зарим бизнес эрхлэгчид дампуурах төлөвтэйгөөр шинэ оноо угтав. Харин сонгуульд нэр дэвшихээр төлөвлөсөн улс төрчид байдлыг овжиноор ашиглаж хог, ус, цахилгааны төлбөрийг тэглэж, сайжруулсан шахмал түлшийг хямдралтай үнээр авах шийдвэр гаргасан. Оны хоёрдугаар улирал гэхэд ажилгүйдлийн түвшин эрс өссөн учир төр хатуу хөл хорио тогтоохын тулд тэсэрч мэдэх иргэдийнхээ амыг 300 мянган төгрөгөөр таглав.

Түүнчлэн бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн мөнгө 180 мянгаас 280 мянган төгрөг болж ихсэв. Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг энэ онд дахин сунгасан гээд халамжид угжуулсан Монголчуудын дансанд зүгээр сууж байхад л автоматаар мөнгө шилжиж орсоор байлаа. “Төр тэтгэчих юм чинь” хэмээх бэлэнчлэх сэтгэлгээ суусан иргэд ажлаас хойш сууж эхлэлээ. Бэлэн мөнгө иргэдийн гарт төвлөрснөөр замбараагүй зарцуулалт архидалт, шагийн наймаа цэцэглэж, хүчирхийлэл нэмэгдэж байснаас гадна амар хялбар аргаар мөнгө олох аргыг иргэд сүвэгчлэх болов.

Энэ үед Монгол Улсад койн, токен эрчимжиж, мөнгө угаалт, хөрөнгө босголт массыг хамрах болсон юм. Ямар ч мэдлэггүй байсан иргэд хүртэл ухуулга, танилцуулгад автаж, биенийхээ үгийг даган, өөрийн оролцоогүйгээр мөнгө олборлож болох энэ аргад шумбав. Бизнес
эрхлэгчдийн эхлэлийн хөрөнгийг босгож IEO-д оролцохоор уралдажгаац хэдхэн секундэд халамжаар угжуулдаг Монголчуудаас 30 тэрбум төгрөг өлхөн босож байлаа. Харин өнөөх токенууд нь хоёрдогч зах зээлд гарсан хойно ч иргэд эрсдэлийг тооцолгүй өндөр дүнгээр койн авч, мөнгөө дүүжлүүлэн гаргаж чадахгүй гацав.

ГАДНААСАА ТҮГЖИГДСЭН УЛС

Архивын зураг ашиглав.

Монгол улсад БНХАУ-тай хиллэдэг долоон боомт бий. Үүгээрээ бараа бүтээгдэхүүн татан оруулж бас экспортлодог. Гэвч 2021 онд БНХАУ хилээ хааж, Монгол Улсыг халдварын голомт, аюулт бүс хэмээснээр манай улсад бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй тасалдсан юм. Ингэснээр Тяньжин боомтоор орж ирдэг олон улсын импорт ч зогссон. Үүнээс үүдэн олон төрлийн бараа тасалдсаны нэгээхэн жишээ бол барилгын материалын түүхий эд байлаа. Эл бүтээгдэхүүн тасалдсанаар шинээр баригдаж буй байрны үнэ огцом өссөн. Боомтоор орж ирэх барааны тээврийн зардал нэг удаад 3.5 сая төгрөг байсан бол 35 сая хүртлээ нэмэгдэхэд хүрсэн. Импортын барааны тээврийн үнэ ийн өссөн учир энэ зардлыг барааны үнэдээ шингээн дотоодын дийлэнх бараа үнээ нэмэх болсон юм.

Мөн хил хаалттай учраас улсын төсвийн ихээхэн хувийг бүрдүүлдэг нүүрс тээвэр гацаж, тээврийн жолоочид кабиндаа сараар хоноглосон тарчиг өдрүүд өнгөрлөө. Гуравхан сая хүн амтай Монгол Улс дотоодын ногоогоо бүрэн хангаж чаддаггүй нь хил хаалттай өдрүүдэд нарийн ногоо тасалдаж мэдрэгдэв. Мөн гялгар уут, шуудай зэргийн жижиг хэрэгллүүд хомстов.

Энэ мэт шалтгаанаас барааны үнэ маш ихээр өссөн нь улсын инфляцыг хоёр оронтой тоо руу ороход хүргэсэн. Уг нь манай улсын инфляцын зорилтот түвшин зургаан хувь. Үүнээсээ хоёр хувиар нэмэгдэж хасагдахыг хоёр хувь хэлбэлзэхийг хэвийн гэж үздэг. Гэвч инфляцын түвшин улсын хэмжээнд 10.5 хувьд хүрсэн явдлыг Монгол банкны ерөнхийлөгч нийлүүлэлтийн шинж чанартай хэмээдэг. Хэрэв БНХАУ-ын хилээр бараа бүтээгдэхүүн хэвийн тээвэрлэгддэг болох юм бол нийлүүлэлтийн чанартай инфляцын хөөрөгдөл буурах юм. БНХАУ үүдээ хаахад л бид гаднаасаа түгжигдсэнтэй айл шиг дотроо хоосон гэр л үлдэх аж. Дотооддоо үйлвэр эрхэлдэггүй, төрийн удирлагууд улсаа цэцэглүүлэхийг боддоггүйн муйхралын гор.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Хориглоно, торгоно” гэж юм л бол сүрдүүлж, дүрэм, журмаар далайлгадаг төр, засгийн эргэж, буцсан шийдвэр, хоорондоо уялдаа холбоогүй бодлого, үйл ажиллагааны горыг амссаар буй иргэд цөхөрч гүйцлээ. Хоёр жил дамнан үргэлжилсэн хөл хорионы улмаас үүдээ барьсан, үйл ажиллагаа нь доголдсон байгууллага олон. Аргаа барсан иргэд “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж, дуу хоолойгоо төрд хүргэсэн. Үнэндээ тэгэхээс өөр арга олон  түмэнд үлдээгүй. Үүнийх нь үр дүнд “Торгоно, эрхийг нь цуцална” гэж сүрдүүлдэг төр, засгийн “чих” зөөлөрч, урлаг, соёлын арга хэмжээ, үйлчилгээний байгууллагуудыг нээсэн нь иргэдийн амьдралд ихээхэн нэмэр боллоо.  Үүний сацуу иргэд “Халдвар авчих вий” гэсэн айдас, хүлээсээсээ гарч, коронавирустэй дасан зохицох, зэрэгцэн аж төрөх арга, эвээ эрэлхийлэх болсон нь том дэвшил.

Дөнгөж амаржсан эхийг эмнэлгээс дулаан хувцас өмсүүлэлгүй зөөсөн нь зөвхөн эрүүл мэндийн салбарыг төдийгүй Монголын төрийг “донсолгосон”. Монгол Улс коронавирусийн халдварын эсрэг бэлтгэлээ бүрэн хангаагүй, хаана хаанаа бэлэн бус, сэтгэлгүй, мэдрэмжгүй ажиллаж буйг эл үйл явдал харуулж, үнэн төрхийг нь илчилсэн. Энэ асуудлыг намжаахын тулд “Одооноос ёстой эрүүл мэндийн салбарыг шинэчилнэ. Коронавирусийн халдварын эсрэг зүгээр л “алаад” өгнө” гэж “манж”-илсан эрүүл мэндийн салбарынхан, ХӨСҮТ удирдлагаа сольсноос өөр юу ч хийж, гийгүүлсэнгүй. Бүр коронавирус тусан, тусламж авахаар очсон иргэн аврал эрсээр эмнэлгийн гадна нас барав. Энэ бүхэн коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд бэлэн бус, иргэндээ ээлгүй төрийн балаг байлаа.

Цаг үе ийм ээдрээтэй байхад БНХАУ Эрээний хилээ тодорхойгүй хугацаагаар хаасан нь байдлыг улам хүндрүүлж, иргэдийг бүсээ улам чангалахаас өөр аргагүйд хүргэв. Шүдний чигчлүүр, хүрзний ишнээс авхуулаад хамаг юмаа урд хөршөөс авдаг монголчууд хөөрхийлөлтэй байдалд ороод удаж буй. Өргөн хэрэглээний барааны хомсдолд орон, Эрээний хилийн цаана иргэдийн их хэмжээний ачаа гацав. “Хэл, хил, мал гуравтайгаа байхад Монгол баян” гэдэг байсан цаг үе өөр болсныг бид одоо биеэрээ мэдэрч буй. Онгоц, машин, компютер гээд супер юмыг нь байг гэхэд ойрын хэрэглээний, өдөр дутмын хэрэгцээний юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг бол юу гэж ингэж хомсдолд дөрлүүлж, Хятадыг царай алдаж суух вэ дээ, уг нь.

Хөл хорио, цар тахал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарлуулсан монголчууд “авралын од”-оо гэж нэгэн зүйлийг харсан, итгэсэн нь койн. Мөнгөтэй, элбэг хангалуун амьдрахыг хүн бүхэн хүсдэг нь мэдээж. Туйлдсан монголчуудын амархан баяжих, бие амар мөнгө олох ахархан бодол дээр нь койн гаргагчид дөрөөлж, сэвэхийн дээдээр “сэвсэн”. Төр засаг, харьяа байгууллагууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргаа олж ядахдаа “Хууль гартал шинээр койн гаргахыг хориглолоо” гэж муйхарлаад, өөрсдийгөө цэвэрхэн авч үлдсэн. Дуугараагүй биш дуугарсан, асуудлыг зохицуулсан уу гэвэл зохицуулсан гэдэг нэр зүүгээд л өнгөрсөн. Койны ирээдүй цаашид хэрхэн өрнөхийг тааж, таамаглахын аргагүй.

Тэгш ойн жил буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойн улсын наадмыг өнжсөн нь энэ онд олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдлын нэг байлаа. Наадам хийхийг эсэргүүцэн, төсөвлөсөн мөнгөөр нь эрүүл мэндийн салбарт зарцуулахыг уриалсан иргэд “No naadam” хөдөлгөөн өрнүүлж,  жагссан. Нөгөө талд төрийн наадмыг хийхийг уриалсан, шаардсан уяачид морьтой жагсан, бөхчүүд, харваачид дуу хоолойгоо хүргэсэн ч санасандаа хүрч чадаагүй.

Бараан, бүүдгэр зүйлсийн хажуугаар гэрэл гэгээ татуулсан сайхан үйл явдлууд ч мөн энэ онд тохиолоо. Шинээр Ардын жүжигчин цол хүртсэн Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар тодорч, Достоевскийн хамгийн алдартай роман болох “Гэм зэм” жүжгийг Монголын тайзнаа “амилуулж”, Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг 33 жилийн дараа татан гаргасан нь энэ оны онцлох, чухал үйл явдал байлаа.

Б.БУЯНДАЛАЙ

О.ЦОЛМОН

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

ОНЫ ТОЙМ: Он удаан шалгуулагсад, ЖДҮХС-г цөлмөгсөд, авлигын хэргээ хялбаршуулагсад

Тус тоймыг ЭНД дарж уншина уу.

ОНЫ ТОЙМ: МАН нам биш ХААН болж, “галзуурал“-д нь томоохон өөрчлөлтүүдийн суурь тавигдав

Тус тоймыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-23 09:06

Arbitriin margaaniig hoishluulj bolohgvi shv herew hoishluulbal OT gereend mongold ashigtai uurchlult oruulj chadahgvid hvrne

Зочин
Зочин
2021-12-23 09:09

2021 он бол тэр чигтээ л ард иргэдээ шулж идсэн тийм нэг хөгийн жил байлаа

Зочин
Зочин
2021-12-23 09:23

Танай оны тоймыг уншиж байгаа шүү

Зочин
Зочин
2021-12-23 09:28

2021 он сайнаасаа саар нь их л болж өнгөрлөө дөө

Зочин
Зочин
2021-12-23 09:45

daraa jil songuuli bhku bvr har baraan jil bn bhdaa

Зочин
Зочин
2021-12-23 09:50

ер нь дээдрдсэн юм байгаа юмуу энэ улс оронд чинь асууд#### гараад шуугиад л байдаг тэгсэн хэрнээ бахь байрандаа л байгаад байхын

Зочин
Зочин
2021-12-23 09:52

койныг яагаад улс төртэй холбоод байгааг ер ойлгохгүй юм. ####ь хэдийн дэлхийн бирж дээр гараад ирчихсэн зүйлйиг яахав дээ Монголдоо нэвтрүүлээд иргэдээ жоохон гайгүй болгоё гэж бодсон биш тэрийг нь санхүүгийн мэдлэггзй иргэд нь буруугаар ашиглаад байгаа болхоос биш

Зочин
Зочин
2021-12-23 09:55

ard irged chadlaraa hicheej huwi huwidaa bolomjooroo amjilt vzvvlsen jil bsan b n harin ene tor zasag niigem l ter chigtee har baraan zvileer duuren baijdee

Зочин
Зочин
2021-12-23 10:29

тэр хүүхдээ тэвэрсэн эмэгтэйгээр манайхан ч их сайхан попорсон доо

Zochin
Zochin
2021-12-23 12:31

Hytadaas uur zundu uls bn shuudee.Turk ulsaas buh yuma zuuguud eheltsishde manaihan

Зочин
Зочин
2021-12-23 15:11

Эрээн хот аа муу эрээн гээд л байдгүй билүү.ккк

зочин
зочин
2021-12-23 17:41

Бид чинь өнгөрсөн 30-н жилд 44-н архины үйлдвэртэй шүдний чигчлүүрч хийж чадахгүй т####х түлшний уут ч үйлдвэрлэж чадахгүй болсон байд####д өнөөдөр хархад хэний буруу вэ?

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x