ДЭЛХИЙНИЙГЭМ

Үймээний үеэр Казахстаны хамгийн баян 4 хүний хөрөнгө 3 тэрбум ам.доллароор буурчээ

Казахстанд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, үймээний улмаас тус улсын хамгийн баян чинээлэг дөрвөн хүний хөрөнгө гурван тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар  америкийн “Форбес” /Forbes/ сэтгүүл мэдээлжээ.

Нэгдүгээр сарын 4-8-ны хооронд Казахстаны төлбөр тооцоо, санхүүгийн зохицуулах “Kaspi.kz” компанийн ТУЗ-ийн дарга Вячеслав Ким, мөн тус компанийн Ерөнхий захирал Михаил Ломтадзе болон анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дунд охин Динара Кулибаева, түүний нөхөр Тимур Кулибаев нарын хөрөнгө гурван тэрбум ам.доллараар буурсан аж.

Үүнийг тодруулбал, Вячеслав Ким 1.5 тэрбум ам.доллароо алдсан байна. Түүний хөрөнгө үймээн самуун өрнөсөн хэд хоногийн дотор 5.7 тэрбум доллароос 4.2 тэрбум ам.доллар болтлоо буурчээ.

“Kaspi.kz” компанийн хувьцааны үнэ 30 хувиар унасны дараа тус компанийн Ерөнхий захирал Михаил Ломтадзегийн хөрөнгө 5.2 тэрбум ам.доллароос 3.8 тэрбум ам.доллар болжээ.

“Засгийн газраас нэгдүгээр сарын 19-нд онц байдал зарласан ба онц байдлын хугацаа дуустал банкууд тэтгэврийн мөнгөнд зохицуулалт хийхгүй гэсэн мэдээлэл гарсны дараа хувьцааны үнэ ийнхүү буурсан” хэмээн “Форбес” мэдээлэв.

Нурсултан Назарбаевын охин болон түүний нөхөр нийтдээ 200 мянга орчим ам.доллароо алдсан ба одоо тэдний хөрөнгө тус бүр 3 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Тэд бол үймээн самууны хөлд үрэгдсэн Ардын банкны хувьцааны ихэнхийг эзэмшдэг юм.

Үүнээс өмнө Казахстаны бизнес эрхлэгчид үймээн самууны улмаас жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг бараг 184 сая ам.доллар гэж тооцоолсон байсан.

(Эх сурвалж: Forbes)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button