
Турк улсад ажиллаж, амьдардаг уйгарчууд БНХАУ-ын эрх баригчдыг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Тэд Хятадын эрх баригчдыг лалын шашинт уйгар үндэстний цөөнхийг үй олноор нь устгах бодлого баримталж, мөн эрүүдэн шүүдэгт буруутгаж байгаа юм. Тиймээс ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын наадмыг бойкотлохыг уриалан Истанбул хотод жагсаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, дуу хоолойгоо хүргэлээ.

Жагсагчид өнгөрсөн ням гараг /2022.01.23/-т Туркийн Олимпын Хорооны байрны гадаа цугларч, Зүүн Туркестаны тусгаар тогтнолын хөдөлгөөний хөх цагаан өнгийн туг далбааг мандуулан жагссан байна. Тэд Бээжинг баруун хязгаарын Шинжаан бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна хэмээн буруутгаж байгаа юм.
“Хятад улс үйл олноор хоморголон устгахаа зогсоо”, “Хятадууд хуарангаа хаа” гэсэн уриа лоозонтой жагсаж, зарим нь “Геноцид Олимпоо цуцал” гэх лоозон барин жагслаа.
Жагсагчдын нэг уйгур эмэгтэй Муневвер Озуйгур ярихдаа, хамаатнууд нь Хятадын хуаранд “хоригдож” байгаа гээд, Хятадын эрх баригчид уйгарчуудыг тамлан зовоож, харгислал үйлдэн, хоморголон устгаж байгаа тул өвлийн олимпыг зохион байгуулах эрх тэдэнд байхгүй” гэсэн юм.
(Эх сурвалж: Al Jazeera)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.