Ярилцлага

BIG GEE: Батаа, Батмаа, Ишчүү бид дөрвийн нэг харамсалтайгаар амиа алдана

Тун удахгүй оролцон тоглосон “Boss of Boss” кино нь нээлтээ хийх гэж буй Рэппэр GEE буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр ирэх зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд бие даасан гурав дахь тоглолтоо хийх гэж буйгаа саяхан олон нийтэд зарласан юм.  Бид түүний шинэ кино болоод таван жилийн дараа хийж буй тоглолтын талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-ЭНЭ “ТОГЛООМ”-НД ӨДИЙГ ХҮРТЭЛ ЯВСНЫХ ТӨВ ЦЭНГЭЛДЭХДЭЭ ТОГЛОЖ ҮЗЬЕ Л ДЭЭ-

-Уран бүтээлийн олз омог ихтэй хаваржиж байна уу?

-Ажил ихтэй л байна. Олз омог гэхээсээ илүүтэй зардал их гарч байна. Зардал их гаргаж байгаа болохоор олз омог ч ихтэй байх болов уу гэж найдаж байна. Одоо кино, тоглолт, цомог, шинэ дууны ажлуудаа хийж байгаа.

-2014 онд тоглолтоо хийснээс хойш таван жилийн хугацаанд огт тоглолт хийсэнгүй.  Таван жилийн дараа болж буй тоглолтын онцлог юу байх вэ? Хэдэн дуу багтах бол?

-Тоглолтын бэлтгэл ажилд ороогүй байгаа тул хэдэн дуу дуулна гэж хэлэхэд арай эрт байна. Би хамгийн доод тал нь 25 дуу дуулна. Харин урилгаар надтай хамтарч ажилладаг, ажиллаж байсан болон хамтарч ажилладаггүй ч ирж өөрсдийн хийсэн зүйлээсээ сонсогчидтойгоо хуваалцан, нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх олон уран бүтээлчид бий.   

-Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийнэ гэсэн. Яагаад задгай талбай сонгох болов?

-Энэ удаагийн тоглолтын маань гол онцлог бол маш олон хүн оролцож байгаа явдал. Өмнө нь зөвхөн би өөрөө болон хамтарч дуулсан хүмүүстэйгээ л 2000 хүн багтах зааланд тоглолтоо хийдэг байв. Багтаамж багатай заал хүний тоо заадаг, дүүрнэ, тасалбар дуусна гэх мэт асуудал олон. Тиймээс тасалбар дуусна гэх аюул багатай учраас аль болох олон хүнд өөрийн хийж буй зүйлийг харуулъя гэж хүсч Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон. Мөн шударга хэлэхэд энэ “тоглоом”-нд өдийг хүртэл явсных Төв цэнгэлдэхдээ тоглож үзье л дээ. Мөрөөдөл гэх үү, хүсэл гэх үү тийм зүйл бий. Мөнгө бол сонин биш, тоглолтоо гоё хиймээр байна. Гэхдээ хэдэн хүн ирсэн ч тоглолтын чанар алдагдахгүй.     

-Тасалбар хэзээнээс борлуулагдаж эхлэх болон хэдэн төгрөгийн үнэтэй байх талаар тогтсон болов уу?

-Энэ тал дээр манай маркетингийн алба ажиллаж байгаа. Тасалбараа хэзээ, хэдэн төгрөгийн үнэтэй борлуулагдах вэ гэдгийг зарлах арай эрт байна. Учир нь бид зардал сэлт бүхнээ тооцож байна, спонсор байгууллагууд хэдий хэр “баджет”-аар манай тоглолт руу орж ирэх зэргийг тооцно. Мэдээж тоглолтын тасалбараа үзэгчдэд аль болох уян хатан байдалтайгаар хүргэхийг хичээж байгаа учраас бодох, тооцоолох цаг хугацаа хэрэгтэй байгаа. Тоо боддог хүмүүс маань энийг гаргана. Би тоо бодохдоо жаахан муу, буруу тооцоолдгоосоо болж жаахан алдагдалд ороод байдаг талтай /инээв. сурв/

-ЗОХИОЛЫГ ӨӨРИЙН АМЬДРАЛД БОЛЖ БУЙ МЭТЭЭР ТӨСӨӨЛЖ, ИТГЭЖ ТОГЛОДОГ-

-Удахгүй шинэ кино нээлтээ хийнэ, хойноос нь тоглолт, цомог гээд. Их давчуу хугацаанд олон том ажил руу зэрэг орох шиг боллоо?

-Хийх ёстой бол хийе. Кино маань тавдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Сар хүрэхгүй хугацааны дараа тоглолт маань болно. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна. Зохицуулаад болох байлгүй, чадахын төлөө урагшлах болно. Чадах байх гэж бодож байна. Олон хүн дэмжиж байгаа. Урмаар дутахгүй байхад болчихно доо.

-Киноны зураг авалт хэзээ дууссан бэ? Хаагуур хаагуур явав?

-Кино зураг авалт 2018 оны 11 сараас эхлээд 2019 оны гуравдугаар сард дууслаа. Сэлэнгэ болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр зураг авалтаар явсан. “Boss” цувралын өмнөх хоёр кино маань огт натурт гарч байгаагүй. Энэ ангид хотын зураг авалтаас гадна натурт авсан зураг авалтууд багтаж байгаа. Одоо киноны өнгө шүүлт болон хөгжмийн зохиолчийн ажил гээд постпродакшны ажлууд үргэлжилж байна. Мөн киноны саундтрак бэлэн болчихсон, дөрөвдүгээр сарын 21-нд цацагдана.

-Энэ удаагийн кинонд гарах үйл явдлаас багахан задалж болох уу?

-Өмнөх ангиудтай харьцуулахад энэ удаагийн кинонд хэд хэдэн шинэ жүжигчид нэмэгдэж орсон. Тухайлбал, “X-Түц” продакшны Т.Бархүү, УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ,  ОХУ-аас урилгаар Анастасия Бузак зэрэг жүжигчид кинонд оролцсон байна. Харин өмнөх ангиудын дөрвөн гол дүр Батаа, Батмаа, Ишчүү бид дөрөв хэвээр бий. Кино зохиолын дагуу энэ дөрвөн хүний дүрийн нэг нь харамсалтайгаар амь үрэгддэг. Ер нь их эвгүй юм билээ. Үхэж байгааг харах.

-Үхэж байгааг харах гэхээр та өөрөө биш юм байна даа?

-Мэдэхгүй, би тэрийг хэлж болохгүй /инээв. сурв/. Өмнө нь би кинонд жүжигчин болон хөгжмийн продюсероор ажиллаж байсан. Энэ кинондоо харин киноныхоо продюсероор багийн хамт ажиллаж байгаа бөгөөд миний хувьд анхны тохиолдол боллоо.

-Уучлаарай, нэгэнт кинонд тоглосон тул “жүжигчин” гээд дур мэдэж нэрлээд асуухад энэ удаагийн кинонд жүжигчний ур чадварын хувьд ямар шинэ зүйлсийг нээв?   

-Кино зураг авалт тэр чигтээ хүнд. Кино гэдэг маш хүнд ажил, амархан биш. Зарим хүмүүс хоёр гэрэл тавьж байгаад, камераа зоогоод л болсон болоогүй жүжиглэсэн болоод болчихдог, 14-30 хоногийн дотор зургаа аваад дуусчихдаг мэтээр ойлгодог шиг байна лээ. Тиймдээ ч хялбар аргаар мөнгө олох арга гэж бодож, харж энэ салбар руу орж хана, тааз мөргөдөг хүмүүс бий. Кино бүр хүнд. Тиймээс зөвхөн энэ удаагийн кино түүгээрээ хүнд байсан гэж хэлж чадахгүй. Учир нь би өөрөө мэргэжлийн жүжигчин биш. Гэхдээ манай найруулагчид цаг хугацаа өнгөрөх тусам жүжиглэх ур чадвар чинь сайжирч байгаа гэх урмын үгс хэлж байгаа. Би номын дууг нь сонсоогүй болохоор өөрөө өөртөө жүжиглэх арга барилтай. Тухайн дүрийнхээ оронд өөрийгөө тавиад, тийм зүйл тохиолдсон бол би ямар сэтгэл хөдлөл гаргах, ямар нүүрний хувирал гаргах бол, ямар үг хэрэглэх бол гэж тухайн болж буй үйл явдалд итгэдэг. Өөрөөр хэлбэл, тэр зохиолыг миний амьдралд болж буй мэтээр төсөөлж, итгэж тоглодог. Номын дуу сонссон хүмүүст өөр арга чарга, техникүүд байдаг байх. Хичээж л байна. Хичээл зүтгэл минь талаар өнгөрөхгүй байх. Хүмүүс үзээд жүжиглэж чадсан байна уу, дүрээ бүтээж чадаж уу, дүрсээ үлдээгээд өнгөрч үү гэдгийг шүүх байх.

-АМЬДРАЛД ТОХИОЛДСОН СААД БЭРХШЭЭЛ, ХЭЛ АМ БИДНИЙГ ЗОГСООХГҮЙ-

-Та өөртөө хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Би хангалуун байгаа. Уучлаарай. Зарим хүмүүс кино салбарт мэргэжлийн бус хүмүүс орж, кинонд тоглоод байна гэж шүүмжилдэг. Яасан бэ? Энэ киног хүн үзэж байна шүү дээ.

-Та мэргэжлээрээ ажиллаж байгаа гэв үү?

-Тийм. Би мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хип-хоп бол сэтгүүлзүй. Үгээ бичээд л явж байна гэдэг сэтгүүлзүй шүү дээ.

-Таны сэтгүүлзүйн сүүлийн үеийн сэдвүүд юу байна? Нэг хэсэг улстөрчдийн талаар нэлээд хатуухан үгтэй бүтээлүүд гаргаж байснаа түр хугацаанд намжсан байдаг.   

-Би төлөвлөдөггүй. Өнөөдөр улс төрийн агуулгатай дуу хийе, маргааш зөөлхөн, охиндоо зориулсан дуу хийе гэх мэтээр дууныхаа сэдвүүдийг төлөвлөдөггүй. Зүгээр л надад өнөөдөр юу мэдрэгдэж байна, ямар сэдэв байна түүнийгээ бичдэг.

-“BBC”-ийн радио нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байсан. Англи хэл дээр ярилцсан байсан болохоор уншигчид, сонсогчид төдийлөн сайн ойлгоогүй байж болно. Та юу ярив?

-Монголын хип-хоп, өөрийнхөө юу хийдэг, яах гэж хийдэг, яаж хийдэг талаараа л ярьсан.

-Монголын улстөрчдийн нөлөөлөл хип-хоп урлагт хэрхэн тусаж байгаа талаар ярьсан байсан шүү дээ?

-Би хип-хопыг яг одоогийн нийгэмд хамгийн нөлөөтэй хөгжим гэж хэлж чадна. Хар л даа. Хип-хоп хөгжмийн ертөнц гэж хэлбэл, тэнд долоо хоногт хэдэн шинэ дуу гарч байна, тэгэхэд бусад хөгжмийн урсгалуудад хэдэн шинэ дуу гарч байна. Үүнийг та бүхэн тоолоод үзээрэй. Тэнгэр газар шиг ялгаатай. Хип-хоп хувьсаж байна, өөрчлөгдөж байна, шинэчлэгдэж байна. Яг үүнийхээ хэрээр олон сонсогчдыг байлдан дагуулж байна. Олныг хамарч чадаж байгаа энэ зүйлсийг ашиглахыг хүсч байгаа олон хүн бий. Үүнд улс төрийнхөн, бизнесийнхэн зэрэг олон салбарынхан маркетингийн ямар нэг хэрэгсэл болгон ашиглаж байна. Хип-хоп бол зөвхөн улстөрчдийг шүүмжилдэг салбар биш, шүүмжилж болно. Гэвч зарим нэг дуучинд мөнгө төлөөд өөрийгөө магтуулж ч чадаж байна. Дээрх нэвтрүүлэгт би тийм “deep” юм яриагүй, зүгээр л Монголын хип хоп урлагийн талаар л ярьсан.

-Гадаад харилцаагаа хэр тэлж байгаа вэ? Тийм төлөвлөгөө бий юу?

-Манайд гадаад харилцаа хариуцаж ажилладаг хүн гэж байхгүй. Гадныхан өөрсдөө л ихэвчлэн ханддаг. Яг одоогийн байдлаар би урдах ажлуудаа л харж байна. Киноны нээлт, бие даасан тоглолт хоёр надад маш чухал. Цомгийн ажлаа энэ хоёр ажлынхаа дараа ярина.

-Зогсохгүй гэдэг нэр их утга учиртай нэр шиг байна. Яагаад ингэж нэрийдэх болсон бэ?

-Би тоглолтоо “Зогсохгүй” гэж нэрлэсэн. Киноны маань саундтрак “Зогсохгүй” гэдэг нэртэй. Энэ дуу мөн миний шинэ цомогт орж байгаа бөгөөд шинэ цомгийн нэр ч бас “Зогсохгүй”.

Зогсохгүй. Урд минь ямар ч саад тулсан зогсохгүй.

Удаан нэг байрандаа тогтохгүй

Урагшаагаа давшина, хэзээ ч зогсохгүй

Өөртөө болон өрөөл бусдад урам өгч байгаа л юм даа. Амьдралд саад бэрхшээл, хэл ам гээд янз бүрийн зүйлс тохионо. Энэ бүхэн хэзээ ч биднийг зогсоохгүй. Бид зорьсон зорилготой, түүндээ хүрэх зорилготой, хийх ажилтай, хийсэн үйлдэлтэй хүмүүс. Үүний төлөө зогсохгүйгээр зорино. Үүний төлөө ямар ч саад бэрхшээл, тээглэх чулуу байсан хамаагүй, бид цаашаа зогсохгүй явна. “Би” гэж яриагүй шүү.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-“Boss of Boss” кино маань тавдугаар сарын 10-нд нээлтээ хийнэ. “Boss” франчайзингийн гурав дахь ангийг хүлээж байгаа олон хүн байгаа байх. Тэр хүмүүстэйгээ удахгүй кино театрын дэлгэцээр уулзъя. Киногоо хурдхан хүмүүст үзүүлж, “риакшн”-ийг нь хармаар байна. Би өчигдөрхөн өөрөө үзсэн, ганцаараа булагнаж үзсэн. Маш гоё санагдаад байгаа.

Үүний дараа Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо хийнэ. Хага саагина. Тэр үдшийг хүлээж байна. Хамгийн гол нь эдгээр цаг мөчүүдээс өмнө хийх ажил маш их байна. Үүнийхээ ард гараад урамтай уулзах байх.

            Хэн хүнгүй түүний дотоод ертөнц рүү өнгийх дуртай. Учир нь тэр уран бүтээл, үг яриа бүхий л хэлэмжээрээ онцгой содон дүрийг бий болгож чадсан залуу. Энэ удаад ч гэсэн олон сэдвээр амттайхан яриа өрнүүлмээр байсан ч тоглолтын ард урамтайхан уулзья гэсэн найрсаг үгээр “хааж” орхилоо.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button