УРЛАГЯРИЛЦЛАГА

Энэ хаврын аяз| Хуучирч ЭНХТӨРИЙН ЦЭНДСҮРЭН

Монгол Улсын Консерваторийн зүүн урдах уулзварт гэрэл хүлээнгээ утсаараа тоглуулсан хөгжим минь “Хаврын голын дулаан урсгал” хэмээх хуучрын концерт. Уржнан намраас эхэлсэн хатуу хөл хорио сунасаар ноднин хавартай золгож, тэр зуурт дөрвөн хананы дундаа тушаатай суусаар тэсгэл алдсан би үүр цүүрээр оргуул босуул шиг гарсан нь энэ ээ! Хаврын гол нь эгээ л дэргэдэх Сэлбэ мэт, тэр зүгээс л дулаан салхи илбээ мэт, үнсэн саарал өнгөт хотыг минь хэн нэгэн зураач өнгө өнгөөр бийрлэж байна уу гэлтэй догдлуун мэдрэмж түгэв.

Улирал өөрийнхөө жамаар л солигдоно, гол нь анзаарсан мөчөөс л тухайн хүний хувьд шинэ улирал албан ёсоор эхэлдэг бололтой. Байрны буланд ганц цэцэг дэлбээлснийг ажихад л, агаараас чийг мэдрэгдэхэд л, өвлөөр хэт дэврүүн санагдсан үгсэд гэнэт догдлоход л “Хавар болжээ!” хэмээн дуу алддаг даа. Ийнхүү хавар ирсэн өдөр би хуучиртай ахин танилцсан юм. Үгүй ээ, тэр аялгууг сонсох мөчид ноднингийн хавар эхэлсэн юм. Хуучир ийм энхрий, ялдам хөгжим бил үү? Хэн тоглож байна вэ? Утсаа нээн харваас Энхтөрийн Цэндсүрэн гэнэ.

Яг жилийн дараа хөгжмийн зохиолч Б.Шаравын хуучирт зориулсан чуулбар концертын нэгдүгээр анги болох “Аяз”-ыг аанай л Э.Цэндсүрэнгийн тоглосноор сонсонгоо алхаж байлаа. Хөвсгөл нуурын өмнөд эргийн багашаархан тосгонд өнгөрүүлсэн сэрүүн намар, тэсгим хүйтэн өвлийн дараах үе. Долоо орчим минутын аязыг ганц сонсоход сэтгэл ханамгүй тул хэд хэд дахиулсаар тэр зуурт нуураас эх аван урсдаг Эгийн голын эрэгт хүрээд нүдэндээ ч итгэсэнгүй. Гангар хунгийн сүрэг ганганалдан гунганалдаж байх нь тэр ээ! Хавар иржээ. Миний хаврыг хоёронтоо урин дуудсан хуучир хийгээд хуучирч Э.Цэндсүрэн гэж хэн бэ? 


Үндэсний хөгжмийн их найрлын дутааж болохгүй нэгэн хөг

“...Зун бол айраг исгэж, үүдний хавьд тавин, дэргэд нь ямагт хуур барьсан хүн суулгана. Харин манай газар байхгүй хуур хөгжмүүд тэнд маш олноор үзэгдэх бөгөөд тэр нь машид сонин байлаа. Нэгэн зарц зээ! гэж дохио өгөхөд хөгжим дуугарч...” хэмээн XIII зуунд монгол газраар жуулчилсан Рубрукийн замын тэмдэглэлд бий. “Эрт цагаас эхлэн монголчуудын аж амьдралд хуурч хүн салшгүй чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байна. Дуулах дуучгүй, хуурдах хуурчгүй найрыг найр биш гэдэг байжээ” хэмээн Ц.Дамдинсүрэн бээр дурджээ. 

Эрт цагаас эхлэн… ардын дунд түгсээр буй манай үндэсний дуу, эл удаад хөгжим гэж юу болохыг ухвал морин хуур, хуучир, ёочин, лимбэ, шанз тэргүүтэй зэмсэг багтана. Цохон дурдсан эдгээр хөгжмийн зэмсэг нь "Сонгодог тавал" буюу Монголын үндэсний хөгжмийн их найрлын үндсэн суурь нь болох ажээ. XX зууны эхэн, дунд үеэс хөгжмийн салбарт өрнийн стандарт бүхий орчин цагийн тогтолцоо нэвтэрсэн агаад манай урлаг дуунаас дуурь, найрын ширээнээс мэргэжлийн театрын тайз руу шилжиж, улмаар хөгжим судлаач Ж.Энэбишийн дүгнэснээр XXI зууны босгоор “...шууд туурвин бүтээх үндэсний өвөрмөц сэтгэлгээтэйгээ, гэрийн уламжлалт сургуультайгаа, найр наадмын дэг жаягтайгаа хамт алхан оржээ”. Үнэхээр хамт алхан орсон бол юутай сайн. Ард түмэн  өөрсдөө үүтгэх мөртөө эргээд тэдний мөн чанар, ялгамжийг тодруулах, үндэстний ижилсэл бүтээж буй соёл нь юугаар илэрч, дамжиж байна, тэр нь соёлын өв юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар бол “үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил” хийгээд “хуучир хөгжим тоглох урлаг” нь манай соёлын өвийн нэг ажээ.

Хуучир ийм энхрий, ялдам хөгжим бил үү? хэмээх өмнөх асуултдаа нэмээд манай соёлын өв атлаа өмнө яагаад анзаарсангүй вэ? хэмээе л дээ. Соёлын биет бус өвийн мэргэжилтэн Ш.Номиндарийн хэлж буйгаар  “...Соёлын биет бус өвийг хамгаалахыг хамгийн энгийнээр “соёлын биет бус өв өнөөдрийн үеийнхний амьдралын идэвхтэй хэсэг байж, маргаашийн үеийнхэнд өвлөгдөн очих нөхцөлийг хангах” ажээ. Хуучрын тухай ажил хэрэг болгож судлаад буйн цаад шалтгаан нь яг энэ л юм.  Ардын дууны арын дэвсгэр хөгжим эсхүл дорнын киноны уянгын хэсгийг чимэх хэрэглүүр төдий асан хуучир өдгөө гоцлон харагдаж, дамаан түүгээр "өнөөдрийн" хөгжим дуурьсаж, түүнчлэн “өнөөдрийн” хэрэглүүр болох Spotify, Youtube-ээр сонсож болж буй учраас тэр биз ээ. Харин хаврыг мэдрээд буйд өөр холбоос буй бөгөөд тэр нь хөгжимчинд хамаарах нь дамжиггүй ээ.  


Хуучирч Энхтөрийн Цэндсүрэн

“...Дээд түвшиндээ ургуулан бясалгах, энгийн түвшинд төсөөлөх зэргээр тухайн хөгжмийн агуулга, утга санааг ухан бодож, оюун санаандаа ургуулан төсөөлж, өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн тэрхүү гоо сайхны талаар бодролд хөтлөгдөн, түүнээсээ байгаль, хүн, нийгмийн сайн, сайхны тухай оюун дүгнэлтэд хүрэх нь хөгжимчин ур чадвараа төгс төгөлдөр илэрхийлэх нөхцөл болно...”  хэмээн хөгжим судлаач, доктор Ц.Цэвэгсүрэн “Хөгжимчний сэтгэхүй болон урлахуйн асуудал” илтгэлдээ өгүүлж байх юм. Төрөлх авьяасгүй бол эзэмшиж чадахгүй мөртөө авьяас дангаараа хангалтгүй нь тодорхой мэргэжил ажээ. Зохиолч нэгийг санан туурвиж, хөгжимчин нөгөөг эргэцүүлж эгшиглүүлдэг юм бол сонсогч бид яаж сонсвол зохилтой вэ? Зөвхөн мэдрэх л хангалттай гэхийн оронд бүтээгчийг нь ойлгохын төлөө оролдоод үзье л дээ.

 “Тэр жилийн намрын анхны цаснаар манайх нэгэн шинэ хүмүүнийг ѳлгийдѳн авлаа. Мѳѳмѳѳ хѳхѳх, хуурайлуулахаа болохоор даруухнаар мушилзан уйлагнахаас ѳѳр зангүй бяцхан охиндоо нэр хайрлаач! гэж тэр үед хотоос айлчилж ирсэн ахдаа ѳгѳхѳд Айнаа минь толгойгоо маажлан хуумганан инээснээ “Цэндсүрэн” гэж ганцхан үг хэлээд духыг нь үнэрлэчхээд ээжид нь ѳгсөн нь яг ѳнѳѳдѳр шиг тодхон санагдаж байна...” хэмээн эхлэх аавын хайр шингэсэн захидал уншин сууна.

"1994 оны анхны цас есдүгээр сард оржээ" гэх юм уу "Аавын энхрий, нандин охин байх нь!" зэргээр бодонгоо танд Э.Цэндсүрэнг таниулахын тулд сонгосон эхлэл минь энэ. Албаны маягаар эхэлсэн бол Хөгжим бүжгийн коллеж, БНХАУ-ын Шанхай хотын Хөгжмийн дээд сургуулийг тус тус дүүргэж, дотоод, гадаадын мэргэжлийн олон уралдааны тэргүүн, дэд, гутгаар байруудыг ээлжлэн хүртсэн, сурагч ахуй үеэсээ эхлэн жил дараалан тайлан тоглолт хийсээр ирсний ээлжит нэг нь болох “Дотоод хөрөг” тоглолтоороо цомог гаргаад удаагүй, өдгөө Монголын Үндэсний Урлагийн их театрын гоцлол хөгжимчин гэх байлаа.

За, ярилцлагаа эхлэх үү дээ!


-Хөгжим тоглохын тулд судална, боловсруулна, бодно гэх юм?

-Цөм ажил нь бодох шүү дээ. Хөгжим тоглохыг зөвхөн ноот унших гэх юм бол хүнээс илүү компьютер ямар ч алдаагүй гүйцэтгэх байх. Хөгжим сайн мэддэггүй хүмүүс “Та нар уралдаанд оролцохдоо "заавал тоглох зохиол" гээд бүгд ижилхэн зүйл тоглох юм,  юугаараа ялгарч байр эзэлдэг юм” гэдэг л дээ. Хөгжим хэмээх сүнслэг зүйлийг амьдруулж, хүний сэтгэлд хүргэх нь л бидний ажил. Зохиолчоос хичнээн гайхалтай хөгжим гарлаа ч сүнсгүй тогловол хүний сэтгэлд хүрэхгүй. Үндсэндээ бидэнд ноот л ирнэ, зохиолын эх санааг ойлгох, түүнийгээ сонсогчдод хэрхэн хүргэх вэ? гэдгийг бодохоос өөр аргагүй. Тийм л болохоороо хөгжимчнийг нарийн мэргэжил гэдэг байх даа.

-Зохиолын сүнс гэх хийсвэр шахуу зүйлийг дамжуулахдаа бодитой хандах гэхээр?

-“Үгээр илэрхийлж болшгүй зүйлийг эгшгээр илэрхийлдэг” гэж хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн үг бий. Үг хэчнээн хүчтэй билээ дээ? Гэтэл үгээр ч илэрхийлж чадашгүйг илэрхийлсэн эгшгийг сонсогчдод дамжуулагч нь хөгжимчид байх нь. Тун хэцүү хариуцлага. Зохиолтой ажиллах бол шинэ ертөнц рүү хийх аялал. Тэр ертөнцөө төсөөлж, өөрийнхөөрөө бүтээхийн тулд бодно. Би хувьдаа зохиолдоо тохирсон түлхүүр үгс эхлээд оноож, түүндээ тохирсон дүрслэл бүтээх, характер гаргахыг хичээдэг. Тухайлбал, Б.Шарав гуайн "Аяз"-ын түлхүүр үг бол гэгээлэг, дундаршгүй. Тийм болохоор ээжийгээ бодож, хайрлаж тоглодог. С.Соронзонболд гуайн “Хуучрын III концерт”-ын гуравдугаар анги бол дайчин. Уян зөөлөн хэр нь ээ юунд ч халиршгүй, сэтгэлийн тэнхээ дүүрэн XIII зууны үеийн монгол хатанг төсөөлдөг. “Дууг авьяасаар бус ухаанаар дуулдаг” гэж дуурийн дуучин Х.Уртнасан гуай хэлсэн байдаг. Ухаантай хөгжимчнөөс л жинхэнэ хөгжим гарна. Хүний сэтгэл санаанд нөлөөлнө, тийм нарийн зүйлийг мэдрүүлнэ гэдэг чинь хэцүү ажил. 

-Тэр ухааныг яаж суулгах вэ?

-Суралцаж байхад багшийн дэмээр болдог л доо. Төгссөний дараа уран бүтээл дээр ажиллах, түүнийг амилуулах чадвар бол уран бүтээлчийн өөрийн хариуцлага. Орчин үед хүн хаанаас ч таашаал авч болно. Хүний алтан цагийг хөгжимдөө барьж байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүнийг хайрлах, амьдралд тохиох жаргал зовлонг ойлгох, сайн сайханд тэмүүлэх, ихийг бодож эргэцүүлэх, өөр өөр “би” рүү хөрвөх чадвар гээд олон чанар нийлж ухаан суудаг байх. Юун түрүүнд дотоод ертөнцөө баялаг болгохын тулд хүний яриа сонсох, хөгжим сонсох, ном унших зэргээр хичээж л явна.

-Дурлах, үерхэх, салах, уй гашуу туулах зэргээр амьдралын туршлага хэр нөлөөлдөг вэ?

-Тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ Э.Цэндсүрэн гэдэг ганц хүний амьдрал зарим нэг хөгжмийг гаргахад хангалтгүй. Зөвхөн хувийн туршлагадаа найдаж болохгүй тул илүү сайн унших, үзэх, харахыг чухалчилдаг. Уншсан номынхоо үйл явдлыг төсөөлөөд тоглох үе ч бий шүү. Гэвч мянга бодлоо ч хөгжмөө давтахгүй л бол нэмэргүй. Ялангуяа хуучир их ааштай, гярхай, хартай хөгжим (инээв). “Юу хийгээд яваа юм? Чи ер нь хуучирч болох юм уу, үгүй юм уу? Хөгжмөө давтаач!" гэнэ шүү дээ. Бүрэн уусаж автахгүй бол, автах хүртлээ давтахгүй бол тоглох үед намайг тас хүлчхээд хэлэх гэснийг минь хэлүүлдэггүй, ер нь сонсогчоос ч айхавтар. Сэтгэлээ өгөх л юм бол буй бүхнээ бүрэн дүүрэн дэлгэж чадахаар эмэгтэй хүн шиг хөгжим.

-Шантрах үе байх уу?

-Хөгжим бол хөлгүй далай. Хэдий багаасаа тоглож буй ч хөгжимчин мэргэжлийг эзэмшиж чадаагүй л явна. Ихэнхдээ утга учиртай, урам зоригтой байдаг ч байнга даалгавартай, дандаа л хийх ёстой зүйлтэй байдаг учраас хаа нэг шантрах, мухардах үе бий. Гэхдээ дотогшоогоо илүү өнгийж, маш сайн давтаж, санаандаа дөхтөл тоглочихвол буцаад л урам сэргэнэ.

-Шантрах мөртөө давтана гэдэг чинь яасан хэцүү юм бэ?

-Давтахгүй л бол хэдэн сар хөдөлмөрлөсөн бүхэн гараас алдуураад, салхинд хийсчихнэ. Өөртөө эрхшээж, бардамнаж болдоггүй мэргэжил. “Би чадна” гэж онгироод, давтахгүй байвал дорхноо л чадахаа болино.

-Давтах гэснээс төвлөрөл хэр чухал вэ? 

-Дотоод мэдрэмж, гүйцэтгэл хоёроо зэрэг авч явах, бүтээл босгохын тулд төвлөрөх маш чухал. Хуучир бэлэн өнгөгүй хөгжим учраас хараа, сонсгол, гар, бие цөм нэг цэгт төвлөрч байж л тоглоно. Төвлөрөхгүйгээр буюу ухамсарлахгүйгээр зөвхөн техник давтаад байвал буруу дадал сууна. Буруу дадлыг засах нь бүр хэцүү. Үнэхээр сайн төвлөрч, тухайн агшиндаа шингэж давтаж чадвал бясалгалын төлөвт орчихдог. Тэр үед заримдаа бодол үгүй болно, заримдаа олон бодол төрнө. Төвлөрч давтсаны дараа тайвширч, амарч, цагийг үр бүтээлтэй ашигласан мэт санагддаг.  

-Хөгжимчин бол хүний санааг л дамжуулаад явдаг гүйцэтгэх шатны ажил. Сонсогчид зохиолчийг нь санахаас бус хөгжимчнийг нь ер анхаардаггүй шүү дээ.  Сүүдэрт байгаа мэт бодит байдал, гэрэлд байх хүсэл хоёрын дунд шаналдаггүй юу?

-“Хөгжмийн зохиолчид нэр алдартай байхад бид яагаад?” гэх мэтийн бодол хэзээ ч орж ирдэггүй. Оюун санаа, зүрх сэтгэлээ бүхэлд нь зохиолдоо зориулж, түүн дотроо амьдарч байхдаа л хамгийн том амбицаа биелүүлчихдэг учраас тэр. Зохиол маань өөрөө аль хэдий нь надад өгөх ёстойгоо өгөөд, түүнийг нь хүртээд, би  хангалттай жаргалтай. Тэгээд ч хөгжим маань өөрөө намайг сургадаг. "За, энэ хөгжмийг эзэмшчихлээ дээ. Тэгсхийгээд тоглочихно доо" гэж бодох төдийд өөдөөс “Миний охион, хөгжмөө давт аа, чи болоогүй шүү” гэдэг дээ (инээв). Яндашгүй арвин далайгаас шанаганыхаа хэмжээгээр хутгаж авах тухай л бодохоос бус тэр далай дундарна гэж үгүй.

-Хамгийн даруухан, чимээгүй, хэл ам, бослого тэмцэлгүй мэргэжлийнхэн гэвэл танайхан байх аа?

-Ер нь л дуугүй, даруухан, тэвчээртэй, хэл ам багатай улс даа. Мэргэжлийн хүмүүжил нь л  тэр. Мөн хэцүү хөтүү бүгдийг нь мэдсээр атлаа өөрсдөө хүсэж, дурлаж сонгосон учраас тэр байх. Уг нь ч зарим нэг юмсыг зөвшөөрч болохгүй л дээ. 

-Гэхдээ байна аа, та Шанхайн Хөгжмийн дээд сургуульд мэргэжлийн зэргээ ахиулаад уржнанхан ирсэн хүн. Орчноо солих, хөгжил дэвшлээр илүү газрыг үзэхээр байсан газрынхаа болохгүй,  бүтэхгүйг харах нүд нээгдэж, хэл ам хиймээр санагддаг даа?

-Юун түрүүнд болж, бүтэж байгааг нь олж харсан шүү.  Их театртаа ажиллаж байгаад явсан учраас хэчнээн мэргэжлийн, төлөвшсөн, давтагдашгүй өнгө аяс, бүрэлдэхүүн, халуун дулаан уур амьсгал дунд ажиллаж байснаа илүү ойлгосон. Харин таны асуултын тухайд бол дуртай юмаа хийж байгаа учраас л чимээгүй өнгөрөөд байгаагаас биш мэр сэр болохгүй зүйлтэй таардаг аа. Тухайлбал, ноднин зуны (2021 он) наадмын нээлтийн "Би Монгол хүн" теле концертод оролцсон. Өөрсдөө тоглоогүй, компьютерын хөгжимд “гар бариад” суух бидэнд маш ичгэвтэр байлаа. Юм бүрийн ард оркестр суух ёстой гэж боддог юм уу, хий сүр бадруулах дуртай юм уу, тоглоогүй хөгжимд нь "гар бариулах" шийдвэр гаргасан хүмүүсийг гайхаад байгаа юм. Ийм үнэ цэнгүй зүйлд оролцох гэж тэр олон жил суралцсан гэж үү? гэх мэтээр их эмзэглэж билээ.

-“Гар барих” гэж тогтсон хэлц үү?

-Хөгжимдөж байгаа мэт дүр үзүүлэхийг хэлнэ. Техникийн бололцооноос хамаарч заримдаа “гар барих” үе гардаг л даа. Гэхдээ өөрсдийнхөө тоглож бичүүлсэн хөгжимд бус бусдын эсвэл компьютерын бичлэгт тэгж суусан учраас шар хөдлөөд байгаа юм (инээв). Тэгээд ч сайн сонсогч ялгана шүү дээ. Цаад утга учрыг нь бодохгүйгээр энэ мэтээр хий сүр үзүүлж болохгүй л дээ. Уг нь бид өөрсдөө л хариуцлагатай байж, хоорондоо нэгдэж иймэрхүү зүйлийг таслан зогсооно. 

-Уучлаарай, тэр концертод хөгжимчид байсныг анзаараагүй юм байна. Ер нь баяр бүрээр л теле концерт үздэг ч хөгжимчдийг  нь анхаардаггүй л дээ. Үүний ард ийм жишиг тогтсон байжээ?

-Яг үнэн. Уг нь дуучид ч, бүжигчид ч хөгжимгүйгээр дуулж, бүжиглэхгүй л дээ. Шинэ жилийн гацуураар зүйрлэбэл гацуур буюу гол суурь нь хөгжимчид юм. Жинхэнэ үнэ цэнийг нь ойлговол хөгжим дээрээ тогтдог салбар. Тийм болохоор хөгжимчдийг үнэлэх хэрэгтэй. Бид бодож, боловсруулж, сургуулилж, мэдэрч, уусаж тоглодог учраас сонсогч маань тэр дайны нандигнаж сонсвол сайхан.

-Хуучрын тухай ярихаар манайхан уг гарлынх нь талаар маргадаг. Надад бол монгол зохиол тоглохоор манайх, хятад зохиол тоглохоор хятад хөгжим мэт сонсогддог? 

-Үнэндээ одоо цагт үр дүн багатай хэлэлцүүлэг. Яалт ч үгүй  хуучрын хөгжлийн гол цөм нь урд байна. Хүн ам нь олон, түүнд ногдох хуучраар дагнасан хөгжмийн зохиолч, хуучирч нь олон, тэр хэрээр өрсөлдөөнтэй салбар. Тэд үндэсний дүр төрхөө хуучраар илэрхийлэх нь түгээмэл учраас дэлхий нийт хуучрыг Хятадаар төсөөлдөг. Гэвч хуучир манай ардын хөгжмийн зэмсэг мөн шүү дээ. Ирээдүйд монгол хуучир хятадынхаас юугаараа ялгаатай юм гэдгийг дэлхий дахинд илүү сайн ойлгуулахад хувь нэмрээ оруулах сан гэж зорьдог. Монгол зохиолч, монгол хөгжимчдийн арга барил, эгшиглэгээ, онцлогийг эхлээд эх орондоо, цаашилбал дэлхий дахинд ойлгуулмаар байна. Үүний тулд хуучирт зориулсан монгол зохиолын урын санг зузаатгах, зохиолчдоосоо нэхэх, чадал хүрвэл өөрөө зохиож найруулах хүсэл ч бий. Зөвхөн ардын хөгжмөөр хязгаарлагдахгүйгээр олон төрлийн аялгууг хуучраар тоглохын тулд толгойгоо ажиллуулах ёстой л болоод байна.

-Хөгжим дэх “Монгол” гэх ялгамжийг яг юу бий болгоод байна вэ. Хуучрыг хятад хөгжим гэх хүмүүс Б.Шарав, Н.Жанцанноров, Ц.Нацагдоржийн хөгжмийг хуучраар сонсвол гарцаа байхгүй монгол хөгжим л гэх байх? 

-Монгол хүнээс гарсан хөгжим монгол дуугарахгүй гээд, түүнийг нь монгол хүн тоглож байхад монгол сонстохгүй гээд өөр яах вэ дээ. Жишээ нь, хятад хэл дөрвөн үндсэн хөгтэй. Хэлнийх нь хөг, аялга хөгжимд нь шингэдэг байх аа, хятад хуучрын зохиол вибраци, маяг ихтэй байх нь бий. Гэхдээ хятад бол олон үндэстэнтэй улс, тэр бүрийнх нь хөгжим өөр, зарим хөгжмөөс нь монголжуу юм сонсогддог, шалтгааныг нь судалбал өвөр монголчуудын нөлөө байдаг. 

-Тэгвэл Монгол хөгжим юу “их”-тэй вэ?

-Манай ардын дуунуудад донж, маяг мэдээж бий. Гэхдээ л цаагуураа уртын дууны тэнүүн, уужуу, амьсгаа авмаар уур амьсгал хөгжимд маань байдаг аа. Хятадад сурч байхад багш нартаа монгол хөгжмөө сонсгохоор тайван, уянгалсан, урт аятай хөгжим гэцгээдэг байв. Энэ чинь бид шүү дээ. 

-Жижигхэн улсын залуухан хөгжимчин ийм том мөрөөдөлтэй байгаа нь биелэх боломжтой юу?

-Чиг шугам, зорилго маань том байх хэрээр шаргуу хөдөлмөрлөхгүй бол хий мөрөөдөл л болно. Ганц хөгжимчнөөр бодоход л Хятадын хуучирчид гурав, дөрвөн настайгаасаа эхэлж бэлтгэгддэг, харин бид дунд ангиасаа эхэлдэг учраас гарааны цэгээсээ  шууд хоцорч байна. Тэгэхээр илүү л сайн хөдөлмөрлөх ёстой доо. Нэмээд салбараа том зургаар нь харж, зах зээлээ мэдэрч хөгжүүлэх мэргэжилтнүүд болон продюсерууд их чухал.

-Хуучирт зориулсан хөгжим гэж онцгойлохын учир юу вэ. Голцуу хуучрынхан хөгжимдөө зориулж хөрвүүллээ гэж ярьцгаадаг?

-Анхнаасаа өөр хөгжимд зориулж бичсэн зохиол, эсвэл дуулаачийн бүтээлийг хуучрынхаа онцлогт тааруулж хөрвүүлэхийг хэлээд буй юм. Баритон хоолойтой хүн сапрон хоолойд зориулсан дууг дуулдаггүйтэй адил. Хөгжим бүүр өөрийн онцлогтой. Жишээ нь, морин хуурын доод өнгө, хийлийн дээд, доод өнгөнүүдийг хуучраар тоглоход хэцүү. Хөгжмийнхөө цар хүрээнд тааруулаад байна гэсэн үг.

-Зориулсан зохиол багатай учраас хөрвүүлээд байна гэсэн үг үү?

-Олон, цөөндөө ч яг биш ээ. Хуучир бол ардын хөгжим учраас зарим талаар сонсох хүрээ нь бага. Тиймээс хөгжмөө сурталчлах үүднээс сонсогчдын сонсож дадсан сонгодог, өрнийн эсвэл орчин үеийн хөгжмийг тоглох удаа бий.  Даашинз өмсөөд нийтлэг гоё байх, үндэсний хувцсаа өмсөөд ялгамжит гоё байх хооронд ялгаа бийтэй адил ардынхаа хөгжмөөр орчин үеийн, өрнийн, сонгодог хөгжим тогловол ялгарч харагдаж магад. Хөрвүүлэгт сайн тал бий. Хөрвүүлэх явцдаа сонгодог бүтээлийн арга барилаас аль чадахаараа суралцах боломж гардаг тул буруутгах юмгүй.  Ер нь хуучирт зориулсан мэргэжлийн,  шинэ хөгжим цөөвтөр байсан үе бий. Шинэ хөгжим гэж онцлоод буй болохоос Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, Ц Нацагдорж, Б.Шарав, З.Хангал гээд тоочвол сайхан хөгжмүүд олон бий. Хоёрдугаар курстээ ороод л одоо ямар монгол хөгжим тоглох вэ гэх асуулттай тулгарсан. Төгсөхдөө хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Б.Мөнхжаргал нарт захиалж зориулсан хөгжим бичүүлж байв. Нэг үеэ бодвол хуучирт зориулсан, хуучир хөгжмийн онцлогийг харуулж болох хөгжмүүд олшроод сайхан байна аа. 

-Та өөрөө хэд хэдэн хөгжмийг хөрвүүлэх шиг болсон доо?

-“Дотоод хөрөг” цомогтоо багтсан М.Понсегийн “Эстрелита”, Жорж Гершвиний "It ain't necessarily so" гэх зэргээр хэдэн хэдэн хөрвүүлэг бий. Шинээр найруулга хийхгүй, бэлэн ноотыг л хөрвүүлдэг ажил учраас сүртэй онцлоод байх зүйлгүй дээ. 

-Хөгжимчний хувьд амжилтад хүрэх гэдэг нь?

-Том тайз, олон үзэгч, бие даасан тоглолт, уралдааны тэргүүн байр зэрэг нь харагдац талаасаа амжилт мөн боловч чанар илүү чухал. Ганц хүнд тоглосон ч хамаагүй, нүдэнд нь гэрэл асааж, хөгжмөөсөө амьд зүйл мэдрүүлэх л амжилт. Тийм болохоор зохиолыг том, жижиг гэж ялгаж ханддаггүй. Энгийн, хэмжээ бага ая ч том,  урт концертын хэлж чадаагүй санааг илэрхийлж болдог. Зохиол бүртээ анхлан суралцагчийн шинэ сэтгэлээр хандахыг хичээдэг. Хуучин дээлээ өмсөж буй  мэтээр хөгжимд хандвал сонсогч ч түүнийг мэдэрнэ. Хөгжмийг минь сонсож буй хүний цаг хугацааг үнэ цэнгүй болгож болохгүй.


Хавар иржээ

Гурван ой өнгөрч яваа охин эвдэрхий мандалин буруу харуулчхаад "Маамуу нааш ир" тоглож эхэлжээ. Ижий, аав нь урамшуулах гэхдээ шинийг авч өгсөнд охин төд удалгүй “Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ явна даа” зэргийн хүүхдийн хэдэн дуу дарж сурсан нь тийм хачирхам сонин зүйл  биш ажээ. Учир нь ээж сумын клубийн эрхлэгч, аав дуу зохионо, ах эгч нар хэр хэрдээ урлагийн авьяастан. Ийм нэгэн айлын аав бага охиноо дагуулсаар Хөгжим бүжгийн коллежийн 45 тоот өрөөнд очсон намар бол 2005 оных юм. Хүссэн сургуульдаа тэнцэж, хуучраар амьсгалсан амьдралд хөл тавьсан хавар бол 2006 оных. Түүний багш П.Мөнгөнцэцэг  “Хүүхдэд хөгжмийн авъяас, өгөгдөл байгаа эсэхийг сонсгол, ритмээр шалгаж үзэхээс гадна дууг хэр зэрэг дуулж байгаагаар нь харж болдог. Мэдээж хэрэг ямар хөгжимд шалгуулахаас хамаараад тухайн хөгжимд гар хуруу, уруул ам (үлээвэр хөгжим), биеийн байдал нь таарч тохирох нь уу гэдгийг заавал хардаг. Нэмээд реакц, хурд, эвсэл, сэтгэл хөдлөл, тогтооц, мэдрэмж, бие болон гарын чанга хатуу эсвэл сул зөөлөн, чөлөөтэй гээд гурваас дөрвөн шатны олон шалгуураар тодруулдаг. Э.Цэндсүрэн маань анхны шалгалтаас л өөрийгөө их сайн илэрхийлж, шалгалтыг торох юмгүй давсан. Би болоод манай бусад багш нар сонсгол, хэмнэлийг нь хүндхэн шалгуураар шалгахад ч сайн байв. Мөн дууг их гоё эвлэгхэн, дотроосоо дуулж байсныг тод санаж байна..." хэмээсэн юм. Харин одоо тэр хуучиртайгаа хэдний нь ээ ээж-охин, эгч-дүү, багш-шавь, анд нөхрийн харилцаа тогтоосон бололтой. Хөгжмөө давтаж суутал л ороод ирэхээр нь буулгасан гэх мөртийг нь уншаад ийн дүгнэсэн юм. Ганцаараа уншаад яах вэ, танд ч бас хуваалцъя.

Хайр яг ингэж эгшиглэх байсан-
Гар минь чам дээр бүждэг.
Хагацал яг ингэж шархлуулах байсан-
Нулимс минь чам дээр бѳмбѳрдѳг. 
Би эзэн, чи хуучир биш
Бид хоёр ив ижилхэн БҮСГҮЙ хүмүүс.
Чиний хоолой бол миний хоолой
Чиний ааш бол миний ааш.
Чамгүйгээр би хоолойгүй дуучин
Надгүйгээр чи дуугүй хѳгжим.
Бид нэгэндээ уусах мөчид
Би тоглоогүй, чи дуулаагүй хѳгжим бүтнэ.
Миний ч биш, чиний ч биш 
Огт-оргуйн хѳг ингэж эгшиглэнэ.
Цаг хугацаа, орон зайн хаа нэгтээ  гацаана, намайг чи  
Гацсан тэр газартаа хэн нэгний дүрд хувилаад
Ганц өөрийн бус түүний гашуун чихрээс амтална, би. 
Хамаг дотрыг минь уудалдаг үнэнч нѳхѳр минь
Хар бараан сүүдрийг зайлуулагч аврал минь
Чамаар дамжиж асгардаг нандин хийцтэй нулимс минь
Намайг гэсэн хувираагүй сэтгэл- хуучир минь.

-Таныхаар гоо үзэсгэлэн гэж юуг хэлэх вэ?

-Дуртай зүйлээ маш сайн гүйцэтгэж буй үед бол гоо үзэсгэлэн. Ажлаараа жишээ татвал, үнэхээрийн сайхан хөгжимдөж, тайзан дээрээ амьдарч буй хуучирч гоо харагддаг юм. 

-Тийм гоо үзэсгэлэнтэй байж үзэв үү?

-Би жирийн амьдрал дээрээ хөөрхөн, сайхан, үзэсгэлэнтэй хүн биш ээ. Тайзан дээр өөрийгөө гоо үзэсгэлэнтэйгээр мэдэрсэн үе олон. Бэлтгэлээ сайн хийсэн, энэ зохиолоор ийм л санааг илэрхийлнэ гэдгээ бүрэн, дүүрэн ойлгосон үедээ өөртөө итгэлтэй байдаг. Зөв газраа чадах зүйлээрээ хэрэгтэй байгаа тийм мэдрэмж байдаг даа. Яг тэр!

-Тийм өдрөө тайз руу гарахын өмнө толинд харвал?

Жирийн үеэсээ онхи өөр, тун ч ихэмсэг харагддаг даа (инээв).

-Хавар иржээ. Юу мэдэрч байна?

-Сайхан хувцас өмсмөөр, нүүрээ будмаар ч юм шиг, юу юугүй л сайхан зүйлтэй учрах мэт догдлуун. Гэхдээ баахан гэгэлзэж гэгэлзснээ хөгжмөө л давтаж байна даа (инээв).

Ярилцлагаа жаргаах цаг боллоо. Бүтээл, бүтээгч хоёр хоорондоо зөрөх тохиол цөөн бус. Угтаа бүтээлээс нь эзнийг нь хайж, өөрийнхөө таньж чадсанаар бүхэлд нь дүгнэх өрөөсгөл.  Гэвч бүтээл бүрд эзэн нь их, багаар байж л таарна. Зохиолдоо түлхүүр үг оноож, түүндээ ертөнц бүтээдэг гэх эл хөгжимчнийг түлхүүр үгээр тодорхойлбол…? Үүнийг танд үлдээх нь зөв байх.  

Энэ хавар Э.Цэндсүрэнгийн хуучрын аялгуугаар хөглүүлэн, хөтлүүлэн сэтгэлээ ухсаар л явна. Өчигдөр, уржигдархан хаврын урийг мэдрүүлсэн атал Хөвсгөл нуур гэсэх яагаа ч үгүй, агаарын найрлагад байх жихүүн орц арилаа нь үгүй. Гэвч хажууханд нь чуулах хун шувуудыг бодохтой зэрэг "Ирж яваа цаг шүү дээ. Мөдхөн дөө" гэж инээвхийлэх. Үзэгдэх өнгө нь өвлөөрөө буй ч нуур гүнээсээ гэсэж л буй, гэсэн гэссээр нэг л анзаарахад их ус мэлтэлзэж байх вий. Мэдээний хуудсуудаар шагайвал улс орны байдал ороо бусгаа, урдах ирээдүй бүрхэг гэнэ. Тийм ч биз, үгүй ч биз. Улс орны өнцөг булан бүрд даруухнаар урдах ажлаа чадахаараа хийж яваа улс өчнөөн бий. Данко шиг зүрхээ сугалж замчлаагүй ч  зүрхээ шингээсэн бүтээлээрээ гэрэлт ирээдүй рүү дуудаж буй хүмүүс ч бий. Тэдэнтэй хамт алхвал улирлын болоод улс орны хавар ирснийг бат мэдэх болно. "Би өвөл шиг цагтаа ирнэ. Өвөл шиг заримдаа түрүүлж ирнэ. Адгаж ирнэ. Харин чи зун шиг голдуу л хожимдож ирнэ. Туньж ирнэ. Гэхдээ л ирнэ" хэмээх зохиолч Ж.Лхагвын мөрт бий. Тийм ээ, хавар иржээ. Гол нь анзаарах л хэрэгтэй.  



Ашигласан нэмэлт сурвалж:

Ц.Дамдинсүрэн., Монголын уран зохиолын тойм”, 1957.
Д.Дашдорж, Г.Цоодол.,“Ардын дуу хөгжмийн суу билэгтнүүд”, 1971.
Ж.Энэбиш., Уран сайхны шүүмж буюу онгодыг өдөөгч “халгай”,
2007.
 Ш.Номиндарь.,Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл дэх соёлын биет бус өвийн асуудалд”, 2003.
Ц.Цэвэгсүрэн.,Хөгжимчний сэтгэхүй болон урлахуйн асуудал”, 2020.

Уран бүтээлчид:

Хөрөг ярилцлагыг Ч.Бат-Уянга
Facebook: Ч. Бат-Уянга
Instagram: Ч. Бат-Уянга

Гэрэл зургийг З.Энхмөнх
Instagram: Kush.Zorigt

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-04 08:55

Вооооов ямар гоё контент уншив аа

Hurelbaatar
Hurelbaatar
2022-04-04 08:55

Ene ih saihan bichjee. Daanch huuchir tsaanaa l neg hytad sonsogddog shuu

Зочин
Зочин
2022-04-04 08:56

Авьяаслаг бичжээ. Баярл####аа, Эгүүр. Хөдөлмөр ш дээ

Зочин
Зочин
2022-04-04 09:22

Сонсоход сайхан л байна. Их урлаж тоглодог юм байна. Гэхдээ монгол сонсогддоггүй ээ. Хуучир ер тэгдэг л дээ.

Зочин
Зочин
2022-04-04 09:46
Reply to  Зочин

Ярилцлага уншаад ахиад л хятад, монгол хэрүүл хийж яахын бэ? Хуучирч өөрөө хариулж байна шд. Шаравын нь сонсоод бол хийл шиг санагдлаа

Zochin
Zochin
2022-04-04 19:12
Reply to  Зочин

Hiil shig ch bish morin huur shig ch bish baina
Ta hezee hyatad mongol geed hereldeed uzsen ym boloo? Yriltslaga ogson hun ni ooroo hereldeed baigaan bish bizdee?

Зочин
Зочин
2022-04-04 09:52

Уран бүтээлчийг хөгжимтэй нь…зэмсэгтэй маш сайхан бичжээ.…

Зочин
Зочин
2022-04-04 10:37

zaza

Зочин
Зочин
2022-06-14 21:54

Yamar goy yariltslaga unshchihvaa,

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x