ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Сайхан хайрын түүх: Володимир Зеленский

Орос-Украины асуудлаас үүдэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “ингэлээ”, “тэглээ” гэсэн мэдээнүүдийн урсгал сүүлийн сар гаруй хугацаанд цаг минут тутамд ар араасаа урссаар. Тиймдээ ч одоо Зеленскийг бараг мэдэхгүй хүн гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Түүний явуул буй бодлогыг дэмжих нэгэн байхад, дэмжихгүй эсэргүүцэх нэгэн ч байгаа нь гарцаагүй. Тэгвэл Володимир Зеленскийг улстөрч гэсэн утгаар бус та бидний нэгэн адил хувь хүн гэдэг талаас нь, ялангуяа залуу насандаа Елена гэх нэгэн сайхан охинд сэтгэл татагдаж, дурлаж хайрлаж явсан хайрын сайхан түүхээс нь хуваалцъя гэж бодлоо. Ингээд Володимир Зеленскийн хайрын түүхтэй танилц.

УЧРАЛ БҮХЭН УЧИРТАЙ

Володимир Зеленский, Елена Кияшко нар Кривой Рог хотын шилдэг дунд сургуулиудын нэгэнд хамт сурч байсан талаар “Fresher” сэтгүүлд бичсэн байдаг. Тэд уг нь нэг ширээний ард сууж болох байсан ч өөр өөр ангид суралцдагаасаа болоод “нэг ширээний ардаас төрсөн” үерхэл гэсэн ангилалд багтдаггүй. Володимир Зеленский аль сургуульд байхаасаа л соёл урлагийн гайхалтай авъяас чадвартай хүү байв. Бүр сургуулийнхаа урлагийн багт гитарчин хийж, сонирхогчдын урлагийн янз бүрийн үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцогчдын нэг байжээ. Нэмж сонирхуулахад, тэрбээр юм цуглуулах, латин бүжиг, спорт, дуу хөгжим гэх мэт олон төрлийн хоббитой байв. Нэг сонирхолтой зүйл гэвэл, тэрбээр нөгөө параллель ангид нь ямар охид байсныг санадаггүй байсан гэнэ. Харин сүүлд оюутан болсныхоо дараа Елена гэх нэг сайхан охинд сэтгэл татагдаж эхэлсэн байна.

“Үнэнийг хэлэхэд, Володимир бид хоёр анх хэдийд харц тулгарснаа санахгүй байна. Үүний учир нь, бүгд л түүнийг сургууль дээр таньда, өдөр болгон л хардаг байсан болохоор тэр байх. Түүний хүрээлэл, найз нөхөд гэж үргэлж л инээж хөөрсөн, гэрэл гэгээтэй байдаг байсан. Хэрэв хаа нэгтээ хэн нэгэн чанга дуугарч л байвал тэнд өнөөх Зеленский л байх жишээтэй. Би долдугаар ангид байхдаа гимназид сурахаар болж, тэр цагаас хойш Зеленский бид хоёр параллель ангид сурч эхэлсэн юм даг. Тэгэхэд би Зеленскийг нөгөө “Б” ангид сурдаг гэдгийг мэдэж байсан, тэгээд л болоо” хэмээн Елена анх Зеленскийтэй хэрхэн танилцсан талаараа ингэж ярив.

Сургуулиа төгсөөд Зеленский Киевийн Их Сургуулийн Кривой Рог дахь Эдийн Засгийн Дээд Сургуулийн хуулийн факультетэд элсэн орсон. Харин Елена Кривой Рог Их Сургуулийн барилгын инженерийн факультетад оюутан болов. Ингээд нэгэн сайхан нартай өдөр тэд учрав. Тэр учрал тэдний урт удаан, аз жаргалтай хайрын түүхийн зөвхөн эхлэл нь байлаа.

Зеленскийд Елена их таалагдаж байсан тул үргэлж л түүний “араас гүйж”, байнга анхаарал халамжаа түгээнэ. Гэтэл, Елена яагаад ч юм Зеленскийтэй дотно үерхэхийг хүсдэггүй, өөр залуутай болздог байв.

“Эхэндээ би Вова /Зеленский/-тай тийм ч сайн харилцаатай байгаагүй, учир нь тэр шууд л намайг халамжлах гэж оролдсон, тэр үед би үүнийг үнэхээр хүсээгүй. Гэвч, бидний харилцан яриа намайг бодлоо өөрчлөхөд хүргэсэн л дээ. Бид нэг зүг рүү харсан байсан. Юу гэхээр, бид ижил хөгжим сонсох дуртай, сонирхол нэг байсан гэх үү дээ. Энэ бол ямар ч харилцаанд маш чухал зүйл шиг санагддаг.” Хэмээн Елена Зеленская “Сегодня” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурссан байдаг.

ХАЙР АНХНЫ ХАРЦААР ИРДЭГГҮЙ

Зеленский анх Еленатай уулзах үеэрээ тэрний утасны дугаарыг шуудхан асууж зүрхэлсэнгүй. Аз болоход тэгэхэд Зеленский Елена гартаа “Үндсэн зөн совин” киноны видео хуурцаг барьчихсан зогсож байсныг гярхай олж анзаарснаар Еленатай ойр дотно танилцах шалтгаанаа олсон байна. Киноны хуурцагийг Еленагаас авч үзэж дуусчихаад буцаагаад өгье гэж хэлэхдээ түүний утасны дугаарыг нь авах нь тэр.

Хожим нь, Украины ирээдүйн Ерөнхийлөгч Зеленский охидтой хэрхэн харьцахаа үргэлж мэддэг байсан гэдгэээ хүлээн зөвшөөрдөг ч Еленагийн хувьд бүх зүйл өөр байсан гэж ярьсан нь бий. Учир нь, Елена бусад охидын адил Зеленскийг “зүр сэтгэл” рүүгээ амархан оруулаагүй болохоор энэ нь түүний сонирхлыг улам татсан байна. Эхэндээ энэ нь түүнд сорилт шиг санагдаж, эцэстээ яван явсаар Зеленский Еленад дурласан гэдгээ ойлгов. Гэтэл, тэр үед Елена Зеленскийг нэг их тоогоогүй, ач холбогдол өгч анхаарлаа хандуулсангүй. Тэр аль хэдийн өөрт нь таалагддаг найз залуутай болсон байсан тул амьдралдаа юуг ч өөрчлөхгүй гэж шийдсэн байжээ.

Ингээд л Володимир Зеленский өөрт нь таалагдсан, дурласан охины сэтгэлийг нь урвуулахын төлөө үнэхээр янз бүрээр их хүчин чармайлт гаргах ёстой гэдгээ ойлгосон байна. Уг нь, түүний хувьд охидтой харилцах тийм ч төвөгтэй зүйл биш байв. Сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэмжтэй, бас ч гэж дур булаам залуу болохоор хэн хүний сэтгэлийг дорхноо татчихна. Харин дээр өгүүлсэн шиг Еленагийн хувьд тэрээр байгаа бүхий л авьяас чадвар, уран мэхээ ашиглах ёстой болов.

Володимир Зеленский сэргэлэн, гэхдээ бусдад нэг их анзаарагдаад байдаггүй хэрнээ няхуур, бас бусдыг залхаадаггүй, нэг үгээр ядаргаатай залуу биш байв. Хамгийн гол нь түүний маш тэвчээртэй, тууштай байдал нь “үр жимс”-ээ өгсөн байна. Ингээд Елена охины амьдралд Володимирын “үл үзэгдэх” хандлага аажмаар нэвтэрч, удалгүй Елена ч түүнд дасаж, тэд салахааргүй дотносов. Елена энэ талаараа ингэж дурссан байдаг: “Зеленский намайг ёс суртахуун, бараг бүх л асуудлыг амархан шийдвэрлэчихдэг чадвараараа намайг байлдан дагуулсан”.

НАСАН ТУРШДАА ХАМТДАА

Бие биедээ дасаж, дотноссон ч гэлээ тэд эхнэр, нөхөр болж гэрлэсэнгүй. Тэд бүтэн найман жил хамт амьдарч, хоолоо хувааж, өөр өөр хотуудаар аялж зугаалан, хамтдаа байх нь үнэхээр тэдэнд “дулаахан” мэдрэмж төрүүлдэг гэдгийг ойлгож авав.

Оюутан байхдаа ч гэсэн тэд “КВН”-ийн наадамд оролцох хүсэлтэй байв. Тэд хүүхэдтэй болж, эцэг, эх болох үе ирэх үед ч Зеленский Еленатай гэрлэхийг яаравчилсангүй. Өөрөөр хэлбэл, Зеленский Еленаг хуримаа хийе гэж шахаж шаардаагүй аж. Учир нь, Украины ирээдүйн Тэргүүн хатагтай паспорт дээр нь  гэрлэсэн, гэрлээгүй гэдэг бол чухал зүйл биш гэж үздэг байв.

“Бид залуу байсан болохоор яаран гэрлэхийг хүсээгүй. Надад гэрлэх юмсан гэсэн бодол төрж байгаагүй. “Бурхан минь гэж, тэр яагаад надад гэрлэх санал тавихгүй байна вэ? Яагаад сүйн бэлзэг өгөхгүй байгаа юм бол оо? Би ямар нэг зүйлийг буруу хийчихсэн юм болов уу?” гэх хуримаа хийхсэн гэсэн ийм олон бодол байхгүй байсан. Мэдээж, бид хууримын талаар ярилцсан. Хэзээ нэгэн цагт хуримаа хийж л таарна гэдгийг мэдэж байсан. Гэвч, үнэнийг хэлэхэд бид юу ч төлөвлөөгүй. Тэгээд харин бидний аяллын хуваарьт чөлөө завтай сарууд гарсныг олж харчихаад л хугацаагаа товлосон доо” хэмээн Елена Зеленская хуучлав.

Гагцхүү тэд аялан тоглолтуудаа болих үеэрээ л ирээдүйнхээ талаар боддог болсон. Володимир Зеленскийг эцэстээ гэр бүлээ бүтээх шийдвэр гаргахад нь кино урлаг чухал үүрэг гүйцэтгэв. Хамтдаа өнөр өтгөн, найрсаг гэр бүлийн тухай дур булаам гоё кино үзсэнийхээ дараа Зеленский өөрийгөө албан ёсоор аав болоход бэлэн байгаагаа гэнэт мэдэрсэн байна.

Ингээд 2003 онд Володимир Зеленский, Елена Кияшко нар эхнэр, нөхөр болж хуримаа хийв. Хурим мэдээж дуу хууртай, хөгжилтэй, олон хүн цугларсан хурим болов. Олон хүн нэгэн зэрэг хүлээн авах боломжтой бүх кафе үйлчлүүлэгч дүүрсэн байсан тул тэд боулингийн клуб түрээслэх шаардлагатай болов. Учир нь, тэдний хуримд 120 зочин цугларсан байв.

Жилийн дараа тэдний гэр бүлд том охин Александра нь, харин есөн жилийн удаах хүү Кирилл нь мэндлэв. Тэдний хамтын амьдрал бол яг л хоёр хүний “​​нэгэн амьсгал” юм. Тэдний бүх зүйл нэг байв. Бизнес, сонирхол, бүтээлч байдал, үзэл санаа, төлөвлөгөө, бүр улс төрийн үзэл баримтлал нь хүртэл нэг байв. Тэд зөвхөн эхнэр, нөхөр төдийгүй бас гайхалтай сайн найзууд.

ШОУ-БИЗНЕСЭЭС УЛС ТӨРИЙН ТОГОО РУУ

Хэдийгээр тэд бүх л зүйлд нэгэн санаа бодлоор ханддаг байсан ч Еленагийн хувьд Зеленскийд цорын ганц хүлээн зөвшөөрөөгүй зүйл бол нөхрийнхөө томоохон улс төрд орох гэсэн хүсэл байв. Елена эхэндээ нөхрийнхөө улс төр лүү орох гэсэн бодлоос эмээж байв. Учир нь, энэ нь түүний болон хүүхдүүдийнх нь аль хэдийн дасал болсон амьдралынх нь хэв маягаас тэс өөр “их өөрчлөлт орохоор” зүйл байсан юм.

Володимир Зеленский эхнэрийнхээ улс төрийн үйл ажиллагаанд туйлын сөрөг хандлагатай байгааг хараад түүнийг түгшүүр, эмх замбараагүй байдлаас хамгаалахыг оролдсон тул эхнэрээ аажмаар өөрчлөлтөд бэлтгэж эхлэв. Цаг хугацаа өнгөрөх тусам Зеленскийн эхнэр Еленагийн бодол ч өөрчлөгдөж, улс төр тэдний амьдралд нухацтай, удаан хугацаагаар орж ирснийг ойлгов. Тэгээд Елена нөхрийнхөө жинхэнэ найз нь байж, түүнд дахин тусалж эхлэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Елена Зеленская эр нөхөр Володимирыгоо бүх л талаар дэмжиж, чухал үйл явдлуудад нь үргэлж дагаж явдаг байв.

Хос хоёр сэтгэл хөдлөлөө нуулгүй олон нийтэд ил дэлгэж байв. Тэдний сэтгэл хөдөлгөм үнсэлтүүд олон нийтийн сүлжээг аль хэдийн “булаан авч” чаджээ.

Украины ирээдүйн Ерөнхийлөгчийн эхнэр, Тэргүүн хатагтай Елена Зеленская тэдний гэр бүлд уламжлал тогтсон байдгийг хуучлав. Тухайлбал, Володимир, Елена нар хамтдаа илүү их цагийг өнгөрөөхийн тулд хүүхдүүдээ үргэлж дагуулан аялалд гарцгаадаг аж. Тэд аль болохоор гэр бүлээрээ хамтдаа оройн хоолоо идэхийг хичээдэг ч завгүй ажлынх нь хуваарийн улмаас тэр бүр бүтдэггүй.

“Бид хамтдаа оройн хоол иддэг уламжлалаа алдахгүйг хичээдэг ч шигүү цагийн хуваарийн улмаас хамтдаа хооллох боломж олддоггүй. Энэ бол бид гэр бүлээрээ хамтдаа байж, хоолны ширээний ард ярилцах нь өдрийн хамгийн сайхан цаг мөч” хэмээн Елена ярив.

Өнөөдрийг хүртэл Елена нөхрийнхөө шинэ байр суурь, тэдний гэр бүлийн амьдралд гарах өөрчлөлтүүдээс айдаг ч гэлээ тэр нэг зүйлийг баттай мэддэг: Тэр юу вэ гэхээр, түүний гэр бүлд үргэлж хайр бялхаж, үргэлж биедээ итгэж, үргэлж ойлголцох орон зай хэзээд хэвээр гэдгийг.

Эх сурвалж:Woman Forum Daily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-08 09:10

Поп

Зочин
Зочин
2022-04-08 09:23

Сүүлчийн мөч

Зочин
Зочин
2022-04-08 09:52

Дэргэд нь Путин өвгөн бол эхнэрээ солиод л шар сэмжлээд явдаг

Холбоотой мэдээ

Back to top button