Зеленский: АНУ-ын сонгуулийн үр дүн Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2026.11.04/ ярилцлага өгөхдөө АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан үр дүн Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал Зеленский Германы “ZDF” телевизэд ярилцлага өгөхдөө “Би Бүгд найрамдах намынханд талархаж явдаг. Гэхдээ Ардчилсан нам Украиныг дэмжиж, тусламж үзүүлэх талаар маш тодорхой ярьдаг” гэсэн байна.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Ардчилсан нам АНУ болон Европ хоорондын харилцааг сэргээх тухай ярьдаг. Тиймээс Вашингтонд хүчний тэнцвэр бий болж, бидэнд илүү их дэмжлэг авна гэсэн найдвар байна. Европ одоо бидэнд үзүүлж байгаа санхүү болон цэргийн тусламж шиг дэмжлэг үзүүлнэ гэж Конгресс ярьж эхэлбэл Путинд нөлөө үзүүлэх эерэг алхам болох болно” гэжээ.
Сүүлийн долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д ашигтай хэд хэдэн алхам хийсэн. Тодруулбал ОХУ-ын эсрэг авах шинэ арга хэмжээний гол хоригуудыг Трамп хэрэгжиж эхлэхээс нь өмнө цуцалсан. Мөн ОХУ-ын дизель түлшний экспортод тавьсан хоригийг суллаж, дизель түлш худалдан авах гэрээ хийсэн юм.
Өнгөрсөн жил ажлаа хүлээн авсныхаа дараа Трамп Украины дайныг дуусгахаар ажиллаж эхэлсэн ч амжилт олоогүй. Энэ жил гарч, хоёрдугаар сард АНУ Израилын хүслээр Иранд цохилт өгч Ойрх Дорнодын дайн эхэлсний дараа хүчин чармайлт нь зогсонги байдалд орсон. Тэгвэл ирэх долоо хоногт АНЭУ-ын нийслэл Абу Дабид АНУ, ОХУ, Украины гурван талт уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Даваа гарагт /2026.11.03/ Трампын тусгай элч Стив Виткофф мэдэгдэл хийхдээ ирэх долоо хоногийн мягмар /2026.11.10/ болон лхагва /2026.11.11/ гарагийн хооронд Украины дайныг дуусгах, дайны дараах аюулгүй байдлын тохиролцоо, хурцадмал байдлыг намдаах талаар хэлэлцэнэ гэжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.