Ярилцлага

Б.Хүдэр: Өнжмөл өвсийг шатаахад 51 төрлийн хорт бодис ялгардаг

-ӨНЖМӨЛ ӨВСНИЙ “УСТГАЛ” ГАЛ ТҮЙМРИЙН 50 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА-

Нийслэлийн хэмжээнд 2019 он гарсаар 1200 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгдсэнээс ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага 50 орчим хувийг эзэлж байна.Гэр хороолол, зуслан чиглэлийн оршин суугчид хашааныхаа өнжмөл өвсийг шатааснаар, мөн бусад тохиолдлын түймэр өнжмөл өвсөнд авалцсанаар ийнхүү өдөр алгасахгүй түймэр гарах болов. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Гоодойн аманд задгай хашаандаа гагнуур хийж байсан иргэд гагнуурын очноос гал алдаж улмаар өнжмөл өвсөнд асаж түймэр дэгджээ. Үүний улмаас 23 айлын зуслангийн байшин шатаж 15 га газар түймэрт өртлөө. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн энэ мэт санамсар болгоомжгүй үйлдлүүд өчнөөн олон мянган га газрыг шатааж, өөрийн болон бусдыг эд хөрөнгөөр нь хохироосоор байна. Энд иргэд болгоомжгүй гэхээсээ илүүтэй хариуцлагагүй, амар хялбар аргаар асуудлаа шийдэх гэсэн нийтлэг хандлага харагдаж байна. Бид энэ удаад  Нийслэлийн байгаль орчны газрын ойн хэлтсийн мэргэжилтэн Б.Хүдэртэй ярилцлаа.

-ТҮЙМЭРТ ӨРТСӨН ГАЗРЫН ӨВСИЙГ 3-4 ЖИЛ МАЛ ИДДЭГГҮЙ-

-Иргэд  хашаан дахь өнжмөл өвсөө шатааснаас үүдсэн түймрийн тохиолдол өдөр бүр гарсаар байна. Тэгэхээр та иргэдэд хандсан зөвлөмж өгөөч?

-Иргэд хашааны өвсөө заавал хаврын хуурайшилтын үед шатаахгүйгээр шийдэх боломж байгаа. Тодруулбал намар 9-10 дугаар сард, хавар 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 20-ны хооронд хадуур, хайч, тастагч багажаар авах хэрэгтэй. Хурааж хадсан өвсөө товлосон хугацаанд очдог хогийн машинд ачуулна. Ер нь бол өнжмөл өвсийг тастаж хадаж авахгүй байсан ч болно. Учир нь өвс байгалийн жамаараа гандаж хагдарч салхинд хийсэж үгүй болдог. Иргэд хашаа хороогоо цэвэрхэн байлгах, эрт ногооруулах гэсэн зорилгоор шатааснаас байгаль орчинд болон өөрийн, бусдын эд хөрөнгөд асар их хохирол учруулсаар байна. 
-Шатаасан газрын өвс хурдан ургадаг гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн юмуу?

-Маш буруу ойлголт шүү дээ. Өвс шатаасан газар цэвэрхэн болчхож байгаа учраас ургаж буй ургамал сайн харагддаг болохоор тэгж эндүүрдэг. Харин ч эсрэгээрээ өнжмөл өвсийг шатаахад төрөл бүрийн өвс ургамлууд урвалд орж 51 төрлийн химийн хорт бодис ялгардаг. Судалгаанаас харахадтүймэрт өртсөн газрын өвс ургамлыг 3-4 жил мал иддэггүй. Мал өөрөө хор хөнөөл бүхий ургамал, муу усыг мэддэг учраас тэр.

-Он гарсаар бүртгэгдсэн галын дуудлагын ихэнх хувийг өнжмөл өвсний түймэр эзэлж байгаа юм байна. Иргэдэд хамтарсан байгууллагууд байнга сануулга өгсөөр байтал шүү дээ?

-Он гарсаар бүртгэгдсэн гал түймрийн 1290 дуудлагын 50 хувийг ахуйн түймэр эзэлж байна. Хуурайшилт өндөр зэрэгтэй байгаа энэ үед НБОГ, ОБГ зэрэг хамтарсан байгууллагууд урьдчилан сэргийлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа ч үр дүн хангалтгүй байсаар байна. Үүнд манай иргэд хариуцлагатай, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

-Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна гэсэн мэдээлэл хангалттай цацагдсан. Үүнийг тодруулбал?

-Зөрчлийн тухай хуулиар ил гал гаргасан буюу хог, өнжмөл өвс шатаасан иргэнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, ААН 3000 нэгж буюу гурван сая төгрөгийн торгууль ногдуулна. Өнжмөл өвс шатаахад ялгардаг хорт бодисууд агаарт дэгдэж ямар хэмжээний хор хохирол учруулж буйг авч үзэх л ёстой асуудал юм.

-Нийслэлийн бүсээс мал гаргачихаар өвс өнжих байдал нэмэгдэж байна уу?

-Харьцангуй ойлголт юм. Малыг нийслэлийн ногоон бүсээс гаргах шаардлага нэгэнт үүсчихсэн байсан. Нэгдүгээр малын гоц халдварт өвчин хүн ам олноор суурьшсан газар маш олон эрсдэлт хүчин зүйлсийг бий болгодог. Хоёрдугаарт ногоон бүсийн ойжуулалт малын хөлөөр гатлагдаж сүйдлэгддэг.  Нөгөө талаас түймрийн тохиолдлуудын дийлэнх хувийг эзлээд байгаа өнжмөл өвс бүгд иргэдийн хувийн эзэмшлийн хашаанд байгаа. Тэрийг мал орж иднэ гэж байхгүй шүү дээ.

-Шатсан газрын нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ?

-НБОГ-аас жил болгон ойн цэвэрлэгээ хийдэг. Ой хээрийн түймэр болон хортон шавжид идэгдсэн мод хуурайшиж шим шүүсээ алддаг. Ингэж нөлөөлөлд орсон ой түймэрт илүү нэрвэгддэг. Тэгэхээр тухайн газарт ойжуулалт хийж залуу зулзаган мод тарьдаг. Энэ жил одоогийн байдлаар СХД 25 дугаар Хустайн амны 18.5 га ойн газар түймэрт өртөөд байна. 

-МАНАЙ УЛСАД СҮҮЛИЙН 15 ЖИЛД 47600 ТҮЙМЭР ГАРСАН-

Манай улсад өнгөрсөн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 3520 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, 200 гаруй хүн амь насаа алдаж, 80 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан байна.

Бүх тохиолдлын 90 хувийг гал түймэр эзэлсэн бөгөөд ангилж үзвэл объектийн гал түймэр 84%, ой хээрийн түймэр 3.2% байна. Амь насаа алдсан иргэдийн 33 хувь нь гал түймэрт өртжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хотжилтын нөлөөгөөр гал түймрийн давтамж, хамрах хүрээ улам бүр нэмэгдэх болсныг мэргэжлийн байгууллагууд сануулсаар ирлээ. ОХУ-ын Гал эсэргүүцэх албанаас хийсэн гал түймрийн судалгаагаар Монгол Улс 1000 хүнд ногдох гал түймрийн тоогоор 57 орноос 40, 100 мянган хүн тутамд нас барсан хүний тоогоор 9, түлэгдэж бэртсэн хүний тоогоор 42 орноос 34 байрт эрэмбэлэгдсэн байна. Тийс ч учраас МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хөндүүр сэдэвт оруулж хэлэлцүүлэг санаачлан, тус хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн юм.

Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button