П.Сайнзориг: Прокурорын албан тушаалд өмгөөлөгч, шүүгч хүн нэр дэвших боломжийг нээсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.05.31/ хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Уг хуулийн төслүүд дунд Улсын Ерөнхий Прокуророор заавал прокурорын албан тушаал хашиж байсан хүн томилогддог заалтыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлага тавилаа. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Өргөн барьсан хуулийн төслөөс прокурорын байгууллагатай холбоотой хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бичгээ Засгийн хурлаар оруулж, байнгын хорооны даргад хүргүүлнэ" гэж мэдэгдэв.
Улмаар уг хуулийн төслөөр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Харин энэ төслийн талаар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тайлбар хийв.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллахад мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажиллах шаардлага хэвээрээ. Мэргэжлээрээ гэдэг нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажилласан байхыг хэлж байгаа юм. Өнөөдөр шүүгчийн албан тушаалд прокурорууд, өмгөөлөгч нар нэр дэвшиж болдог. Харин прокурорын албан тушаалд өмгөөлөгч, шүүгч нар нэр дэвшиж болдоггүй нь хаалт болчихоод байгаа юм. Гаднаасаа урсгалгүй цөөрөм намаг шиг болдог шүү дээ. Хүний нөөцийн уян хатан бодлого явж байх ёстой. Танилцаад зөвшөөрөх, томилох эсэх нь мэдээж эрх бүхий албан тушаалтны мэдэх асуудал. Бид боловсон хүчний асуудлыг салбарт нь үлдээснээр алдсан тохиолдол байгаа. Зөвхөн шүүгч нарын туслах шүүгч болсноор юу болсон билээ дээ. Шүүгч нарын туслахууд, ах дүүс нь л шүүгч болж шүүхийн системд цус ойртолт бий болсон шиг үзэгдэл прокурорын байгууллагад бий болчих вий гэсний үндсэн дээр энэ өөрчлөлтийг санал болгосон" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.