Нийгмийн

П.Сайнзориг: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол хорьж, төрд ажиллах эрхийг нь 20 жилээр хасна

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн яамны ТНБД-аар тус газарт Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг томилсон. Ажлаа аваад удаагүй байгаа ТНБД П.Сайнзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МАНАЙ ЯАМ ТҮЛХҮҮ ОРОЛЦОНО-

-Сайн байна уу. ХЗДХ-ийн яамны ТНБД-аар томилогдоод удаагүй байна. Өмнө нь яамандаа 15 орчим жил ажилласан, туршлагатай хүн энэ албанд очсонд олон хүн ам сайтай хандаж байх шиг байсан. Ажлаа аваад юунд анхаарч байна. Танай салбарт ямар асуудлууд байна вэ?

-ХЗДХ-ийн яамандаа Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Миний хийх ажил тодорхой. Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн сайдын дэвшүүлж байгаа зорилт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд яамны үйл ажиллагааг уялдуулж, дэмжлэг үзүүлэх чиг үүргээ биелүүлэх ёстой. Тэргүүлэх чиглэл болох Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд манай яам нэлээд түлхүү оролцох ёстой. Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Иргэн бүртээ тоон гарын үсэг олгох зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг цахимын багц хуулийг хэрэгжүүлэх ажлыг энэ хаврын саруудад шуурхай зохион байгуулах ёстой. Мөн Засгийн газар, Хууль зүйн сайдын барьж буй Хувийн эрхзүйн шинэтгэлийг хийж, эдийн засгийг дэмжсэн, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн эрхзүйн шинэчлэл хийх зорилт тавьж байна. Энэ ажлууддаа онцгой анхаарсан жил байх болов уу.

-Хувийн эрхзүйн шинэтгэлийн хүрээнд ямар гол хуулийн төслүүд боловсруулж байна вэ?

-Хувийн эрхзүйн шинэчлэлтэй холбоотой маш олон хуулиуд байгаа. Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт, Иргэний хэрэг шүүхэд хянана шийдвэрлэх тухай хууль буюу процессын хууль шинэчлэх ажил хийж байна. Мөн Дампуурлын хуулийг нэгдүгээр сард өргөн барьсан. Аливаа бизнес төлбөрийн чадваргүй болоход эрсдлийг нь томруулахгүйгээр наана нь арга хэмжээ авч, шүүхийн оролцоотойгоор гүйцэтгэх удирдлагыг солих, хөрөнгийг нь хамгаалах ёстой. Ямар зохион байгуулалт хийвэл үр дүнтэй болгож, ашиг орлогыг нэмэгдүүлэх вэ. Ингэснээр өр төлбөрийг хэрхэн барагдуулах вэ. Өнөөдөр 200-аад мянган хуулийн этгээд байдаг энэ харилцааг сайжруулахгүйгээр монголд бизнесийн итгэлцэл сэргэхгүй. Түүнчлэн Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаааны тухай хуулийг удахгүй Засгийн газарт танилцуулах гэж байна. Цаашдаа иргэний шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг анхаарч ажиллана. Компанийн, Арилжааны гэх зэрэг томоохон хуулийн төслүүдийг санаачлахаар ажиллаж байна.

-Дампуурлын тухай хуулийг өнөөх улсын мөнгө хадгалж байгаад дампуурлаа зарлаад байгаа банкуудтай холбоотойгоор өргөн барьж байгаа юу?

-Банкны дампуурал тусдаа Банкны хуулиараа явдаг. Банкнаас бусад хуулийн этгээдүүд төлбөрийн чадваргүй болвол яах вэ гэдэг асуудлыг Дампуурлын хуулиар шийдвэрлэнэ. Хууль, хүчний байгууллагын оролцоотой гэхээс илүү талууд бизнесийн зарчмаараа ойлголцож, шүүхийн зарчмаараа шийднэ. Гүйцэтгэх удирдлага нь муу байвал хувийн өмчид нь байсан ч үл хамаараад гүйцэтгэх удирдлагыг солих эрх шүүхэд байгаа юм. Энэ мэтээр бизнесийг аварч үлдэх ёстой. Бизнесийн цаана ажлын байр байгаа. Татвар төлдөг. Бизнес эрхэлдэг хүмүүсээ, татвар төлдөг сууриа бид алдаж болохгүй. Ажлын байруудыг хадгалж авч үлдэх ёстой. Мөн мөнгөө өгчихөөд тэр компанийг бүрэн дампуурахыг харж, хүлээж суухгүйгээр яаж өөрийнхөө хөрөнгийг наана нь гаргуулж авах вэ гэдэг асуудалд хамтран оролцох бололцоотой болно гэсэн үг.

-ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ГОЛ ЗОРИЛГО НЬ ЭХЛЭЭД ЭРСДЛИЙГ ИРГЭДЭД ОЙЛГУУЛНА-

-Виртуал хөрөнгийн тухай хууль батлагдсан. Энэ хуулиар койнтой холбоотой харилцааг зохицуулна гэж ойлгож болох уу. Хуулийн хэрэгжилт юу болж байна?

-Энэ хууль батлагдаад, ердийн горимоор хэрэгжиж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжилтийг хангаж явна. Засгийн газар, ХЗДХ-ийн яамнаас тодорхой дэмжлэг үзүүлж ажиллана. Монгол Улсад виртуал хөрөнгө гэж юуг үзэх вэ, хэн, ямар этгээд үйл ажиллагаа эрхэлж болох вэ. Тэд үүсэх эрсдлийг хэрэглэгчдэд урьдчилж мэдэгдэх ёстой. Ямар харилцаанд орж, гэрээ байгуулж койн авах гэж байгаа эрсдлийг нь ойлгуулна гэсэн үг. Эрсдлийг ойлгуулж байж гэрээ контракт хийж, дараа нь койноо зарах үйл ажиллагаа явна. Биржээр дамжих ёстой. Мөн оруулж байгаа хөрөнгө нь ямар нэг байдлаар даатгал, аливаа өмч хөрөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр баталгаажаагүй шүү гэдгийг ойлгох чухал. Хөрөнгөө оруулж байгаа таны эрсдэл шүү гэдгийг л анхааруулсан хууль эрхзүйн орчин. Технологид суурилсан үзэгдлүүд зогсолтгүй явж байна. Цаашдаа ч үргэлжлэх байх. Тэгэхээр иргэн хүн хариуцлагатай байх ёстой. Аливаа бизнест хөрөнгө оруулахдаа бизнесийн зарчмаар явж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах ёстой. Насаараа цуглуулсан мөнгөө ийм зүйлд оруулаад ханшийн зөрүүнээс болоод алдахыг үгүйсгэхгүй.

-Хууль хэрэгжиж эхэлнээр Санхүүгийн зохицуулах хороо элдэв гомдол саналыг хүлээж аваад, хариуцаад явах ёстой юм билээ. Хууль батлагдахаас өмнө койны маш олон арилжаа болсон. Үүнээс хохирсон гэх иргэд Эрүүгийн цагдаагийн албанд ихээр хандах болсон гэсэн мэдээлэл байгаа юм. Үнэн болов уу?

-Тодорхой хэмжээнд гомдол, мэдээлэл гаргасан тохиолдлууд байгаа. Иргэдэд өмнө нь ч хэлж байсан. Эрсдэлтэй байна шүү. Энэ бол цахим мөнгө биш. Цахим мөнгөний ард тодорхой хэмжээний баталгаа байдаг. Нэг цахим мөнгө, нэг цаасан мөнгөтэй тэнцэж байгаа. Харин койн бол цахим мөнгө биш виртуал хөрөнгө юм шүү. Эрсдэл ихтэй гэдгийг албаны хүмүүс маш олон удаагийн давтамжтай хэлж байсан боловч иргэд богино хугацаанд ашиг олох гэсэн сэдэлдээ хөтлөгдөж, мөнгөө оруулсан тохиолдлууд байна. Эргээд оруулсан хөрөнгөө авч чадаагүй, технологиос болоод гүйлгээнүүд саатсан зэрэг асуудлууд мэр сэр гарсан байна билээ. Үүнийг нь холбогдох хууль хяналтын байгууллага гомдол мэдээллийн дагуу шалгана. Ямар гэрээ контракт байгуулсан, тэр хүрээндээ асуудлаа ярьж шийдэнэ. Бүх зүйлийг эрүүгийн эрхзүйгээр зохицуулна гэсэн үг биш.

-АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНИЙГ ТОРГОХГҮЙ, ЗААВАЛ ХОРЬДОГ БОЛНО-

-Хөгжлийн банкнаас чанаргүй зээл өгсөн гэх асуудал анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад байсан хэргүүдийг буцаагаад сэргээж шалгах болсон талаар прокуророос мэдэгдсэн. Хуулийн цоорхой гэх үү энэ асуудлыг яаж засах ёстой юм бэ?

-Тухайлсан хэрэг маргааны хувьд янз бүрийн коммент хэлэх чиг үүрэг байхгүй. Мэдээлэл ч байхгүй байна. Засгийн газар, ХЗДХ-ийн яамнаас ямар бодлого барьж байна вэ гэхээр авлига, албан тушаалын гэмт хэргийн ял хариуцлагыг эргэж харна гэдэг зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хаврын чуулгаанаар Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт тодорхой өөрчлөлтүүд оруулахаар ажиллаж байна. Гэмт хэргийн шинжийг тодотгох, авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял хариуцлагыг чангатгах, энэ хүрээнд торгох ялыг үндсэндээ халах бодлого барьж байна. Цаашдаа авлига, албан тушаалын хэрэг дээр торгох ял байхгүй болно. Хоёрдугаарт төрийн албанд найм хүртэл жилээр эрхийг нь хязгаарлаж байгааг тодорхой хэмжээнд уртасгана. Тодруулбал, 20 жил хүртэлх хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хязгаарлах бодлого барьж байна.

-Хялбаршуулсан журмаар авлигын хэргийг шийдэхдээ торгохгүй болно гэж ойлгож болох уу?

-Тухайн этгээд хохирлоо барагдуулаад, гэм буруугаа хүлээж байгаа бол Эрүүгийн хуулийн түргэн шуурхай байх, хүнлэг ёсны зарчмыг бодож ял хариуцлага хөнгөлдөг. Шүүхээс хялбаршуулсан журмаар шийтгүүлж байгаа хэргүүдийн 60 орчим хувьд нь торгох ял оноогоод байгаа юм. Цаашдаа торгох ялыг авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулахгүй, зөвхөн хорих ялтай үлдэнэ гэсэн үг. Хялбаршуулсан журам ашигласан ч хорих ял оногдуулна. ХЗДХ-ийн яамнаас олон нийтээр хэлэлцүүлэх гэж байгаа төсөл дээр Хялбаршуулсан журмыг авлига, албан тушаалын хэрэг дээр хэрэглэхгүй гэдэг өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна. Цаашдаа авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлдэггүй байх, ял хариуцлага үр нөлөөтэй байх асуудалд анхаарч байна. Иргэд, олон нийт гайхаад байдаг. Авлига авчихаад, улсын мөнгө завшчихаад хэдхэн сая төгрөгөөр торгууллаа гэдэг. Тэр хууль бусаар олсон хөрөнгийг хураачихдаг. Нэмэлтээр ял гэдэг утгаар нь 40 сая төгрөгөөр торгож байгаа шүү гэдгийг бас салгаж ойлгох ёстой. Эрүүгийн хуулийн хариуцлага гарцаагүй хэрэгжиж байгаа юу гэвэл тийм. Хөнгөн байна уу, шударга ёсны зарчимд хэр нийцэж байна вэ гэдэг асуудал байгаа учраас цаашдаа Эрүүгийн хуулийн ял хариуцлагыг энэ түвшинд нь чангатгах бодлого барьж байгаа юм.

-ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД УДАА ДАРАА БУЦААЖ, УДААШРУУЛЖ БАЙГАА НЬ ҮНЭН-

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусгах зорилгоор албаар шүүх хурал сунжруулаад байгаа асуудлууд байна. Тухайлбал “Жаст”-ын Ш.Батхүү, “Алтжин” группын Алтан тэргүүтэй хүмүүсийн хэрэг хэдэн жил шийдэгдэхгүй, шүүх хурал нь хойшилсоор байна. Энэ мэт хугацаа авч, ял завшдаг асуудлыг яах вэ?

-Төр хариуцлагатай буюу гэмт хэрэгтэй тэмцэх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөц, магадгүй хууль эрхзүйн орчиндоо тогтмол анхаар гэдэг л сигнал. Хүнийг эцэс төгсгөлгүй насаар нь шалгаад яваад байж болохгүй. Төр гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ яаж биелүүлж байгаа вэ. Үүндээ яаж анхаарах вэ гэдэг цагийн лимит. Нөгөө талдаа буруугаар ашиглаж, хэргийг мөрдөн байцаалтад удаа дараа буцаах байдлаар ашиглаж байгаа тохиолдлууд гарч байгаа нь үнэн. Тэгэхээр бид хэд энэ асуудалд бас дүгнэлт хийж байна. Анхан шатны шүүхээс тодорхой буцаах нөхцөл байдал үүсвэл хэргийг буцаадаг нөхцөл байдал байсан. Давах, хянахаас буцаадаггүй байх эрхзүйн орчин байсан боловч цэцийн шийдвэрээр үүнд өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр цаашдаа хэрэг маргааныг буцаах үндсэн шалтгаан юу болоод байгаад дүгнэлт хийж байна.

-Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Манай алба хаагчдын ачаалал их. Үүнийгээ дагаад хэргийг дутуу дулимаг шалгах явдал байна. Жишээ нь АТГ 150 хүний орон тоотой ажиллаж байгаа бол 21 хувь буюу 30 орчим мөрдөгч л ажиллаж байна. Нэг мөрдөгч жилд 17 гомдол мэдээлэл шалгадаг. Энэ нь бусад орны чиглэлийн байгууллагатай харьцуулахад маш өндөр тоо. Бусад орны хувьд, тухайлбал Сингапур, Хонгконгын хувьд жилд нэг мөрдөгч дөрвөн гомдол мэдээлэл шалгадаг байх юм. Зөвхөн АТГ-ын асуудал биш. Манай цагдаа нар хүртэл ийм ачаалалтай байна. Тэгэхээр яах аргагүй хүний хүчин зүйл, мөрдөгчийн ажлын ачааллаас хамаарч дутуу дулимаг шалгадаг зүйлс байгаа юм. Мөн шүүгч, прокурор, бид хэдийн тал талын хамтын уялдааны асуудал юм. Хууль эрхзүйн талаас нь аль болох сайжруулаад явах ёстой. Цаашдаа шударга ёсны зарчмыг барьж, хэн нэг этгээдийг хэлмэгдүүлэхгүйгээр, үнэхээр гэмт хэрэг үйлдсэн байх юм бол нотлох баримтыг нь хууль журмын дагуу шалгаж, бүрдүүлж, хариуцлага хүлээлгэдэг зарчим руу орох ёстой. Үүний төлөө систем ажиллах юм. Тэгэхээр бидний хийж байгаа бас нэг ажил бол авлигын хэрэг шалган шийдвэрлэх үйл ажиллагаа анхан шатны шүүхээр биш цаашдаа давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцдэг, дээд шүүх давах эрхийг нь хангачихдаг байх тогтолцоо руу орно.

-Дутуу дулимаг шалгаад байгаад алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг нөлөөлж байгаа юу?

-Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, хуульч бэлтгэх тогтолцоонд хүртэл анхаарч байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол эдийн засаг, мөнгөтэй холбогдсон гэмт хэрэг байдаг. Эдийн засаг, бизнесийн харилцааг ойлгохгүйгээр мөрдөгч, прокурор, шүүгч нар ажиллаж чадахгүй. Тиймээс хуульч бэлтгэдэг тогтолцоонд энэ чиглэлийн хичээлүүдийг давамгай ордог байдал руу шилжих гэж байна. Хувийн эрх зүйгээ судлах, бизнесийн харилцаагаа ойлгодог, ингэж байж үр нөлөөтэй ажиллаж чадна гэсэн үг. ХЗДХ-ийн яам боловсон хүчин бэлтгэхээсээ эхлээд бүхий л зүйлээ сайжруулах бодлого барьж ажиллаж байна.

-Цагдаа нарын эхнэрүүд нэгдээд тэмцэл хийж байна. Цалин маш муу, илүү цагийн хөлс олгодоггүй гэж байна. Нөхцөл байдал яг ямар байгаа юм бэ?

-Ковидын амаргүй үе ч өнгөрлөө. Хоёр жил гаруй галын тэргүүн шугаманд манай цагдаагийн алба хаагчид л явсан. Нийгэмд болж байгаа бүхий л асуудалд оролцдог. Тиймээс ажлын ачаалал өндөр байгаа нь үнэн. Авдаг цалин хөлс нь тийм ч өндөр биш. Улсын төсөв мөнгө ч амаргүй байна. Гэхдээ аль болох алба хаагчдынхаа ажиллах нөхцөл бололцоо, нийгмийн асуудлыг хангах чиглэлтэй байгаа. Үе шаттайгаар судалж, анхаарах нь зүйтэй. Сайд маань ч бас анхаарч ажиллаж байна.

-БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ЦААШИД МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД НЬ ШИЛЖҮҮЛЖ ӨГНӨ-

-ХЗДХ-ийн яамны ТНБД-ын хувьд Баяр наадмын комиссын Бөхийн салбар хороог ахалдаг. Сүүлийн үед бөхийн асуудал бүр учир нь олдохоо болилоо. Баяр наадмын тухай хууль юу болж байна. Хуулинд бөхийн асуудлаа, эрийн гурван наадмын асуудлаа хэрхэн өөрчлөн найруулж байна вэ?

-Баяр наадам бол бидний өв соёл. Монгол хүн гэж бусдаас ялгарах онцлогийг маань илэрхийлэх сайхан үйл явдал шүү дээ. Өнгөрсөн жил тасарчихсан. Энэ жил баяр наадмаа өргөн дэлгэр, сайхан хийхийн төлөө зорьж байна. Баяр наадмыг зохион байгуулах асуудлыг 2006 оноос хуульчлаад ирсэн. Хууль эрхзүйн зарим тодорхойгүй орчноос болж маргаанууд гарч байна. Уяач, бөхчүүдтэй ярих хариуцлагын асуудлууд байна. Миний бие албан тушаалаараа Бөхийн салбар хороог тэргүүлж ажилладаг. Бөхчүүдийн цол эрэмбэ, допингтой холбоотой асуудлыг хууль эрхзүйн орчны хувьд тодорхой болгоё гэсэн зорилт тавьсан. Өнөөдөр допинг илэрсэн бөхөд арга хэмжээ авахад хоёр жил хүртэл эрхийг нь хасах шийдвэр үйлчилж байгаа юм. Хоёр жил нь ч орохгүй. Ийм л хууль үйлчилж байгаа. Гэтэл шүүх хоёр жилээр хассан шийдвэрийг жишээ нь нэг жил болгоод бууруулчих жишээтэй. Цаашдаа хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгохгүй бол ингээд маргаад яваад байж болохгүй. Маргаан нь эцэстээ нутаг усаар талцах байдал руу хөтөлчихдөг.

-Баяр наадмын асуудлаас төр холдоод, мэргэжлийн холбоонд нь шилжүүлчихэж болдоггүй юм уу?

-Цаашдаа баяр наадам зохион байгуулалтын асуудлыг мэргэжлийн холбоонд нь шилжүүлж өгөх, допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох хариуцлагыг чангаруулж өгөх хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн хуулийн төслөө ерөнхийдөө боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногт уяачдын холбооны хүмүүстэй уулзсан. Цаашид бөх, сурын холбоодуудтай уулзаад, Үндэсний баяр наадмын тухай хуулийн боловсруулалтыг мэргэжлийн түвшний байдлаар хийнэ. Тун удахгүй хуулийн төсөл УИХ-д өргөн барьж, хэлэлцэнэ.

-Допингтой холбоотойгоор Н.Батсуурь, Э.Оюунболд нарын бөхчүүдийн асуудал маргаан дагуулаад байгаа. Н.Батсуурийг барилдуулахгүй гээд бөхчүүд эсэргүүцээд, бөөн юм болсон. Уг нь бол одоо үйлчилж байгаа хуулиараа хоёр жил хүртэл гэж заасан учраас 11 сараар эрхийг нь хассан нь зөв ч юм шиг. Энэ асуудалд таны байр суурийг сонсъё?

-Баяр наадмын салбар хорооны шийдвэр хуулийн хүрээнд л гарсан. Харин Э.Оюунболдын эрхийг найман жилээр хасаж байгаа нь холбооны асуудал. ХЗДХ-ийн яам, Бөхийн салбар хорооны байр сууринаас үүнд коммент хэлэх шаардлага байхгүй. Энэ бол МҮБХ-ний асуудал.

-Хуулиас дээгүүр МҮБХ-ны журам гэж байж болдог юм уу гээд шүүмжлээд байна шүү дээ?

-МҮБХ-ны дүрэмдээ юу гэж заасан байдгийг мэдэхгүй учраас аль нэг ТББ-ын гаргасан шийдвэрийг зөв, буруу гэж хэлж чадахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-02-28 08:22

Ulbiisen...muliisen bichleg yaria....bna

Зоч
Зоч
2022-02-28 08:28

Энэ яриа хэрэгживэл нийгэм даяараа бухимдаад байгаа шударга бус үйлдлүүд эцэс болж мэднээ!! Харж л байя!!!
Уул нь ийм л байж нийгэм эрүүлжих ёстой л доо. Гэхдээ нам гэдэг өвчин, түүн дотроо ман гэдэг өвчин хэцүү хэцүү

Irgen.
Irgen.
2022-02-28 08:33

Baahan uym xamj yarij .....buteh butehgui uym xolij yaridag amladag shine ye....bas l 10..20 jil xoino urd ni oruulj xolij yarina biz

Зочин
Зочин
2022-02-28 09:32

Mash zuw

Зочин
Зочин
2022-02-28 09:52

uul ni zuv l yriad baina

bat
bat
2022-02-28 10:42

hergejij chadahgui baih doo.bugd l deeguuree huivaldan.turiin alban tushaalruu uhtel temuuldeg humuus yah gej. zugeerl uls ornoo tonoj deeremdej uursduu bayjah gej l uur yah gej tsalin bagatai ajilruu temuuldiin.odoo avilagchidiin ur udam ni zalgamjildag bolson.

ard
ard
2022-02-28 20:58

ц�##�ин бага шдээ угаасаа улсын төсвиин мөнгө улсад бага байгаач гэх шиг сангиин яамны л�##�ар юмууу

Зочин
Зочин
2022-04-27 14:54

Хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн бат�##�гааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Энэхүү үүргийг зөрчих нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг �##�дагдуулж, улмаар төрийн бодлого гажуудах нөхцлийг бүрдүүлэх аюултай. Яг үнэндээ хүн �##�ж хүрээ т�##�снаас долоон дор болгож үзэж байгааг тайлбарлана уу?,

Холбоотой мэдээ

Back to top button