УЛС ТӨР

П.Сайнзориг: Гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан этгээдэд энэрэнгүй хандах зарчим бий

Авлига авч, улсад олон тэрбумын хохирол учруулсан этгээдүүд хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтээ өгч, ээлж дарааллан ялаас мултарч байгаад олон нийт дургүйцэж байна. Тэгвэл эл журмыг авлигын хэрэгт ашиглах нь зөв эсэх талаар ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОХ ЭРХ ХАСАХ ЯЛЫГ БҮХ НАСААР НЬ ГЭДЭГ БАЙДЛААР ТУСГАХААР СУДАЛЖ БАЙНА-

-Авлигын хэргийн ял шийтгэлийг Эрүүгийн хуульд яаж оруулвал зүгээр вэ. Одоогийн хуульд ялын бодлого маш хөнгөн байна гэж шүүмжлэл гарч байна?

-Ганц тоон статистикаар асуултад хариулж эхэлье гэж бодож байна. АТГ-ыг байгуулсан цагаас хойш эхний арван жилд авлига, ашиг сонирхлын 1700 орчим хэрэг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл сүүлийн таван жил 5400  хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тодорхой үр дүн гарч байгаа гэсэн үг. Оногдуулж байгаа ял бага байна уу гэдэг асуудал дараагийн асуудал. Гэхдээ хойш тавилгүйгээр Монгол Улсын Засгийн газар, ХЗДХ-ийн яам анхаарч байна. Одоо ял хариуцлагыг яаж чангаруулах вэ гэдэг асуудлыг олон нийт сонирхож байна. Цаашдаа авлига, ашиг сонирхлын хэрэг дээр торгох ялыг хасах бодлогыг Засгийн газар барих гэж байна. Мөн төрийн албанд бүх насаар нь ажиллахгүй байх буюу эрх хасах ялыг нь хуульд тусгаж болох уу гэдгийг судалж, хуулийн төсөлд оруулах гэж байна. Одоо байгаа хуульд эрх хасах ял дээд тал нь найман жил байдаг. Үүнийг бүх насаар нь гэдэг байдлаар тусгахаар судалж байна.

-Ялын бодлогыг чангалснаар авлигын хэрэг буурах уу?

-Хорих ялыг тодорхой түвшинд нэмэгдүүлж болох юм гэж үзэж байна. Гэхдээ авлигатай тэмцэнэ гэдэг бол Эрүүгийн хуулийн ялын бодлогыг чангаруулах асуудал биш. Энэ нь төрийн чиг үүргийн оновчтой болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх ёстой. Мөн төрийн хэмнэлтийн горим, тендер маргааныг маргаан таслах зөвлөлөөр шийдэх гэдэг ч юм уу олон цогц байдлаар шийднэ. Түүнчлэн цахимжуулалтаа эрчимжүүлэх ёстой. Төрд байгаа мэдээллээ ил тод  тавьж, иргэд танилцдаг, танилцсан иргэд эргээд төрийн үйл ажиллагаанд хяналт тавина. Бусдын эрхэнд халдахгүй, өөрийнхөө эрхийг хамгаалж чадна. Энэ дадал, хандлага, бодлогын уялдаа цуг явж байж авлига, ашиг сонирхолтой тэмцэх тэмцэл жигд хүртээмжтэй, чигч байдлаар хэрэгжинэ.

-ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭЖ, ХОХИРЛОО БАРАГДУУЛСАН ЭТГЭЭДЭД ЭНЭРЭНГҮЙ ХАНДАХ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРЧИМ БИЙ-

-Хялбаршуулсан журмаар авлигачид торгуулаад байгаа нь олон нийтээс маш их шүүмжлэл хүлээж байна. Энэ хуулийн заалтыг эргэж харах уу?

-Тодорхой хэмжээнд шүүмжүүд байна. Гэхдээ бусад оронд нийт гэмт хэргийн илрүүлэлтийн 90-95 хувийг хялбаршуулсан журмаар шийдэж байна. Уг этгээд гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан, хууль бусаар олсон орлогоо буцааж өгсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа. 2021 онд гэхэд авлигын хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 96 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байна. Өмнөх жилүүдийнхээс харьцангуй өссөн дүн. Тиймээс хууль эрхзүйн орчныг савалгаатай байдлаар өөрчлөх биш, тодорхой үр дүнг нь харах шаардлага байна. Гэхдээ үнэхээр засаж, залруулах зүйлүүд гарах юм бол цаг алдалгүй засах ёстой. Би шийдвэр гаргах түвшний хүн биш. Энэ асуудлыг ажлын хэсэг, тал талаасаа ярилцаж байж хялбаршуулсан журам авлигын хэрэгт байх, байхгүйг шийднэ. Нөгөө талдаа Эрүүгийн хуулийн зарчим бий. Гэм буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулж байгаа этгээдэд энэрэнгүй байх зарчим. Гэхдээ нийгэмд учруулж байгаа гэмт хэргийн хор аюулаа бодох юм бол мэдээж энэ зарчим энэ төрлийн хэрэг дээр үйлчлэх үү, үгүй юу гэдгийг эргэж нухацтай авч үзэх ёстой. Хуулийн төсөл боловсруулаад гаргаад ирсэн үед ХЗДХ-ийн яамнаас мэдээлэл, танилцуулга хийнэ.

-Авлигачид хэрвээ баригдахгүй бол хэдэн тэрбумаар нь идээд ашигтай байх юм байна. Хэрвээ баригдвал мөнгөө өгөөд, буруугаа хүлээгээд л зүгээр өнгөрчих юм байна гэсэн ойлголт нийгэмд газар авлаа шүү дээ. Энэ зөв юм уу?

-Бүх хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгээд, шоронгийн цаана суулгаснаар асуудал төгсөхгүй. Магадгүй энэ этгээдүүдийг буцаад аль нэг төрийн байгууллага, компанид томилоод байгаад асуудал байна. Төрийн байгууллагаас гадна улс төрийн нам, нийтийн эрхзүйн этгээдүүд, мэргэжлийн холбоодууд энэ хүмүүсийг ажлын байраар хангаад байгаа нь буруу. Тэр байгууллагууд дүрэмдээ заагаад авлига авсан бол манай эгнээнд байх ёсгүй гэдгээ зааж өгөх ёстой. Түрүүчээсээ эхлээд намуудын дүрэмд тусгаж эхэлж байна гэж харж байна. Эрүүгийн хуулиар бүхнийг хазаарлаж, хязгаарлаж, зогсооно гэдэг нэг талдаа өрөөсгөл. Авлигатай тэмцэх асуудал хамтын ажиллагаа юм бол бусад институтууд ч гэсэн мэдрэмжтэй байж, соргог байх ёстой. Өөрсдөө ч гэсэн үл тэвчих дүрэм журам, соёлуудаа байгууллагынхаа дүрэмд суулгах ёстой. Ингэж нийтээрээ ажиллана уу гэхээс биш бүх зүйлийг Эрүүгийн хууль руу чихэж болохгүй. Зохион байгуулалтын шавхагдашгүй нөөцүүд байна. Бид ашиглахгүй байна. Авлига авсан нь нотлогдсон хүмүүсийг УИХ, тэр бүү хэл орон нутгийн сонгуульд дэвшүүлэхгүй байх ёстой.

-Улс төрийн томилгоонууд танил талаараа, улс төрийн нөлөөтэй байдаг болчихсон. Энэ ашиг сонирхлын зөрчил биз дээ?

-Төрийн өмчит компаниудад яагаад улс төрийн нөлөөтэй томилгоонууд хийдэг юм бэ. Цаана нь авлига, ашиг сонирхол байгаа шүү дээ. Түүнийг таслан зогсоохгүйгээр тодорхой түвшинд л тойрч яриад байгаа нь утгагүй. Нээлттэй сонгон шалгаруулалтаар хүмүүсийг томилдог, нээлттэй компанийн засаглал хэрэгждэг байж том хавдар арилна. Дараа нь төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх гэх мэт ажлуудыг үе шаттай хийж байж авлигатай бүх утгаар нь тэмцэнэ.

-Гол нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрийнхэн авч чадаж байна уу?

-Авлига, ашиг сонирхлын хэргээс учруулсан хохирол улсын төсөвт орж байгаа шүү дээ. 2021 онд 96 тэрбум төгрөг хураасан байна. Хуучин бол эд хөрөнгө хураах ял гэж байсан. Тэр нь өөрийнх нь юм уу авлигаар авсан юм уу гэдгийг ялгахгүй хурааж байсан бол одоо гэмт хэрэг үйлдэх замаар олсон бүх орлогыг шууд хурааж байгаа. Тэгэхээр ял хариуцлагаас гадна буруу замаар олсон бүх хөрөнгийг хурааж байгаагаараа давуу.

Түүнээс гадна нэг зүыл ярихад үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудлын субьектыг өргөжүүлэх гэж байна. Энэ зөвхөн төрийн албан хаагчдад хамаатай асуудал биш. Бүх иргэн өөрийнхөө хөрөнгийг тайлбарлах үүрэгтэй. Татвар төлсөн үү, шударгаар олж авсан уу гэдэг үүрэг хариуцлага бүх иргэдэд байх ёстой. Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинж, өргөжүүлэх асуудлыг ярьж байна. Энэ нь цаашлаад хамаарал бүхий этгээдүүдэд хөрөнгөө шилжүүлдэг асуудлыг илрүүлж, хариуцлага хүлээлгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна гэсэн үг.

-ХЯЛБАРШУУЛСАН ЖУРАМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛДЭГ-

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэдэг хэчнээн улс орон байдаг юм бэ?

-Дэлхийн бүх улс оронд ийм элемент, эрүүгийн эрхзүйн процесс орж ирсэн. Миний хамгийн сайн мэдэж байгаа нь АНУ байна. Тэнд нийт  үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 90-95 хувийг хялбаршуулсан журмаар шийддэг. Тэр хүн гэм буруугаа хүлээгээд, хохирлоо төлж барагдуулж байгаа бол ял, хариуцлагыг нь багасгаж, тохиролцож өгдөг. Эсвэл гэмт хэрэг илрүүлэхэд тусалж байгаа хүнд ял хариуцлагыг нь багасаж өгдөг үр дүнтэй арга. Маш их хэмжээний зохион байгуулалттай гэмт хэргүүдийг хялбаршуулсан журам илрүүлж өгдөг. Гэм буруугаа хүлээгээд, бусад гэмт хэргүүдийг илчлэх замаар далд байгаа зохион байгуулалттай гэмт хэргүүдийг илрүүлэхэд тусалдаг элемент юм. Авлига, ашиг сонирхлын хэрэг дээр энэ аргыг ашиглах уу, үгүй юу гэдгийг дараагийн шийдэх асуудал. Зөвхөн бид хэдийн гаргаж ирсэн, зөвхөн монголчууд хэрэглээд байгаа хууль огт биш.

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэг нь хэрэгсэхгүй болдог асуудлыг яах вэ?

-Хөөн хэлэлцэх хугацаа бол боломжийн байна. Ял хариуцлагыг нэмэгдүүлээд ирэхээр дагаад хөөн хэлэлцэх хугацаа нь өсчихдөг. Эрүүгийн хуулийн нэг зарчим хөндөгдөхөд дагаад бүх зарчим хөндөгддөг учраас маш болгоомжтой, сууриар нь авч үздэг. Хуулийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлэх дадал, соёл бүрдэж байгаа энэ үед огцом өөрчлөх асуудал байх ёсгүй.

-Эрүүгийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр ямар заалтууд өөрчлөх юм бэ?

-Баталсан хуулийг батлаад хаях биш Эрүүгийн хууль тогтоомж дээр дэд сайдаар ахлуулсан байнгын ажлын хэсэг 2017 оноос хойш тогтмол ажиллаж байна. Бид тодорхой өөрчлөлт, засварууд хийж байна. Хамгийн сүүлд 2020 онд 2017 оны өөрчлөлтөөс гадна тодорхой зүйлүүдийг тодотгосон. Энэ удаагийн өөрчлөлтөөр авлига, ашиг сонирхол, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, эдийн засгийн эсрэг гэмт хэргүүдийн заалтуудыг тодотгоно. Зарим ойлгомжгүй зүйлүүд байна.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийг дэмжих Шүүхийн тухай хууль баталчихсан. Тиймээс энэ хуулиудыг цаашдаа нэг мөр хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарна гэж харж байна. Эрхзүйн шинэтгэл, хуулийг боловсронгуй болгох асуудал нэг удаагийнх биш гэдгийг дахин дахин хэлмээр байна. Үнэхээр цаг үеийн асуудлууд байвал засаад явах ёстой. Манай яамны зүгээс хууль тогтоомжуудыг ажиглаж, засаад явна.

-Энэ өөрчлөлтүүдийг оруулсан Эрүүгийн хуулийн нэмэлтийг хэзээ өргөн барих юм бэ?

-Чадвал энэ ондоо өргөн барихыг хичээнэ. Болохгүй бол нэгдүгээр сардаа багтаад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Тодорхой хэлцэл, ойлголцол шаардлагатай учраас засах гэж байгаагаа олон нийт, алба хаагчиддаа танилцуулж байж урагшилна. Тэгж байж шийдвэр гаргахад амар, дөхөм байна.

-Авлига өгсөн гэдгээ мэдээлсэн хүмүүс ял шийтгэл аваад байгаа учраас авлигын талаар мэдээлэх хүнгүй болж байна гэж бас шүүмжилж байна. Үүнийг засч, сайжруулах боломжтой юу?

-Өөрөө хүсэж авлига өгсөн хүн бол хариуцлага хүлээх ёстой. Харин хясан боогдуулах замаар тэр хүнийг авлига өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж авилга авсан, түүнийг нь иргэн илчилсэн бол тухайн иргэнийг хуулийн хариуцлагаас чөлөөлж байгаа шүү дээ. Энэ зохицуулалт одоо ч байна. Өөрөө бизнесийн давуу тал олж, бусад бизнес эрхэлж байгаа хүмүүсээсээ илүү гарч, давуу байдал бий болгохын тулд түрүүлж авлига өгчихөөд дараа нь хариуцлагаас мултарна гэвэл байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганбуш Ган-Од
Ганбуш Ган-Од
2021-12-09 07:46

Авилгатай тэмцэхдээ гол нь өөрсөддөө зориулж гаргасан Үндсэн хуулиа Л өөрчилчих хэрэгтэй
Нэн түрүүнд 40 саяаар торгохынхоо оронд
20 жил хорих ялаар соливол авилга �##�га болно
Өөр гарцгүй
Нүглийн нүдийг гурлиар хуурнаа гэж
————-
#ХүнийЭрх
#ЭдийнЗасаг
#ШинэСэргэлт #АвилгагүйНийгэм #СонгодогПарламент
гэсэн асуудлуудаар #дэвшилтэт бодлогуудыг дэвшүүлж хэлэлцэнэ.

#МАН #30ихХур�##� ????????????????????????

Зочин
Зочин
2021-12-09 11:00

Заав�##� хориод төр өдөрт 12500 төг зарлагадаад байх чух�##� биш гэж бодож байна хууль шаардлагатайдаа хатуу зөөлөндөө уяан хатан хандаж байх ёстой болуу авилга авсан бол хууль бусаар олсон хөрөнгийг наривчлан гаргаж улсын орлого болгох тэр хүнийг төрийн �##�банд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах давтан үйлдвэл хар тамга дараад явуулах төрөөс үзүүлэх тэтгэвэр тэтгэмж х�##�амжийг 50% олгодог болох зэрэг олон янзийн хөшүүрэг хэрэглэх хэрэгтэй болуу одоо болоод байгаа гол �##�даа хөрөнгийг нь зөв илрүүлж хураахгүйгээс хэд хоног эсвэл хэдэн төгрөгөөр торгуулаад гарсаны дараа дахин төрлүү нийгэм рүү цамнаж гэмгүй байсан хэлмэгдүүлсэн бараг нөхөн төлбөр гэх аяастай дуугарцгааж байгаа нь хууль нь бүх хүмүүст шудрага ялгаварлахгүй байх зарчим �##�дагдсан ялгаатай шийтгэж буйд хүмүүс дургүй байна шүүх атг хуулийн хүмүүсийг ард түмний дунд буруу ойлгуулахаар болж байгааг даруй их хур�##� хуулийн �##�даатай за�##�туудаа нэг мөр шуурхай зоригтой шудрага засаж з�##�руулах хэрэгтэй гол нь тэгэх юм бол хүмүүсийн хандлага асар хурдан өөрчлөгдөж нийгэм өөр хандлагатай болж улс оронд шудрага ёс тогтож хөгжил ирэх болно ядуур�##� багасана

Зочин
Зочин
2021-12-09 11:55

Хэдэн үеэр нь төрд ойртуулахгүй хууль батлаасай билээ,

Их Мэдэх Эрдэм
Их Мэдэх Эрдэм
2021-12-09 16:25

АВИЛГА АВЧИХААД "БИ АВИЛГА АВЧИХЛАА" ГЭЖ ИРСЭН ЭТГЭЭД ГАНЦ Ч БАЙХГҮЙ. БАРИГДААД ИРЖ БАЙГАА ХУЛГАЙЧИД ЯАГААД ЭНЭРЭНГҮЙ ХАНДДАГ БАЙХ ЁСТОЙ ВЭ? ШОРОНГУУД ДЭЛГҮҮР ХОРШООНООС ХҮНСНИЙ ЗҮЙЛ ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮҮДҮҮД ЗӨНДӨӨ БАЙДАГ, ТЭДЭНД ЯАГАД ЭНЭРЭНГҮЙ ХАНДДАГГҮЙ ЮМ БЭ? WHY DOUBLE STANDARD?

Тосон заамар
Тосон заамар
2021-12-10 14:09

Тордайн Ганболд гэгч авилга гэгчийг их өгдөг байсанаа өөрөө хүлээж ярьсан байдаг.Түүнд ямар хариуцлага тооцов?Намбарын Энхбаяр маш авилгажсан заг�##�майлсан эцэг гэгддэг.Түүнийг биш гэхэд гэр бүл нь авилг�##�ийн мөнгөөр амьдарсан хамт хэрэглэсэн тул хүү Э.Батшугарт ньямар хариуцлага тооцох вэ?

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button