ДЭЛХИЙ

Их Британи: Ажлын дөрвөн өдөрт шилжих туршилтад 70 компани нэгджээ

Их Британид зургаадугаар сарын 6-наас эхлэн долоо хоногт дөрвөн өдөр ажиллах туршилтыг эхэллээ. Эл санаачилгад 3300 гаруй ажилтантай 70 гаруй компани нэгджээ. Энэ талаар “The Guardian” мэдээлэв. Албан ёсны мэдээллээр Их Британийн хөдөлмөрийн насны хүн ам 2021 онд 41,3 сая хүн байсан.

Төсөлд кафе, маркетингийн агентлаг, хоол үйлдвэрлэгч зэрэг төрөл бүрийн бизнесийн салбарынхан хамрагдаж эхлээд байна. Ажлын дөрвөн өдөртэй байх эл хөтөлбөр төсөл хэн бүхний өмнө нээлттэй. Туршилт зургаан сар үргэлжлэх аж. Төслийг “100:80:100” гэсэн схемээр мөрдөх юм байна. Энэхүү схем нь ажилтан, ажилчдын цалинг 100 хувь олгож, ажиллах цагийг 80 хувь хүртэл бууруулж, ажлын бүтээмжийг 100 хувьд барина гэх утгатай гэнэ.

Их Британийн “4 Day Week Global” байгууллага, Кембриж, Оксфордын Их Сургууль, Бостоны коллежийн ажилтнууд, мөн ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийдэг олон байгууллагын санаачилгаар эхлүүлсэн төсөл юм.

Төслийн судалгааны багийг ахалж буй Бостоны Коллежийн социологийн профессор Жульет Шор “Блүүмберг” агентлагт ярилцлага өгчээ. Энэ үеэрээ, “Ажлын өдрүүдийг багасгаснаар төслийн оролцогчид нэмэлт амралтын өдрүүдээр стресс, ядаргаа, хувийн амьдрал, ажлын сэтгэл ханамж, эрүүл мэндийн байдал зэрэгтээ хэрхэн анхаарал хандуулахыг судлана. Ялангуяа, ажлын ачааллаас үүдэлтэй нойргүйдэл, ядаргаа, энерги зарцуулалтыг ч судлана” гэсэн юм.

Үүнээс өмнө, 2019 онд “Майкрософт” компанийн Япон дахь салбар компани 2300 ажилчдынхаа цалинг хасахгүйгээр ажлын хоногийг цөөлж байсан түүхтэй. Тухайн үед туршилтад оролцогчдын ажлын бүтээмж даруй 40 хувиар өсөж, компанийн энэ санаачилгыг ажилчдын 92 хувь нь эерэгээр хүлээж авч байжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button