Ярилцлага

Амжилтын дасгалжуулагч Б.Батцэнгэл: Коучинг монголд ус агаар шиг хэрэгтэй

Коучинг гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулд дэмжлэг үзүүлэх тасралтгүй дасгалжуулалт юм. Бусдад нөлөөлөх, бусдад урам өгч дэмжин дасгалжуулна гэдэг нь амжилтад хүрэхэд нөлөөлөх томоохон хөрөнгө оруулалт билээ. Монголд коучинг буюу амьдралын дасгалжуулагчийн ажлыг эхлүүлж яваа Б.Батцэнгэл багштай ярилцлаа.   

-Ярианы эхэнд өөрийгөө танилцуулаач?

-Миний аав, ээж хоёр багш хүмүүс. Би 2002 онд МУИС-ийн монгол хэлний ангийг төгсөөд сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. 2005 онд банкны салбарт сэтгүүлчээр ажиллах завшаан тохиож огт өөр салбар руу хөл тавьсан. Дараа нь Худалдаа Хөгжлийн Банкинд найман жил ажиллалаа. Сэтгүүлч бол хаашаа ч хөрвөх чадвартай гоё мэргэжил учраас санхүүгээр сураад банкны бүх л үйл ажиллагаанд оролцлоо. Энэ бүх хугацаанд миний дотор хүнд туслах, хүний сэтгэлийг уудалж ярилцаж зөвлөх хүсэл яваад л байсан. Ээж маань бага ангийн багш. Миний хүүхэд нас ээжийнхээ ангид өнгөрсөн болохоор ч тэрүү нэг тийм зааж зөвлөх дуртай.  Тэгээд ч эргэн тойрныхон маань чамтай ярилцахаар, зөвлөгөө авахаар нээх сайхан болчихдог гэж ярьдаг байсан. Ингээд дотороо бодсоор яваад энэ чинь ерөөсөө л коучинг гэдэг ажил юм байна гэдгийг ойлгосон.   

-Хаана хэрхэн суралцав?

-Монголд коучингаар сурах боломжгүй. Эхлээд онлайн сургалтуудад сурсан. Хэлний бэрхшээл байсан учраас эхлээд Солонгос багшийн шавь болсон. Азиуд англиар хоорондоо илүү сайн ойлголцдог. Гэвч яалт ч үгүй хэлээ сайжруулах шаардлага үүсэн америк багш нарын сургалтад суулаа. Мөн Монголдоо Айгуль багшаасаа суралцсан. Ер нь онлайн боломжуудыг ашиглаж чадвал хүссэн зүйлээ суралцах боломжтой. Тэр ч утгаараа би өнөөдөр сургалтаа онлайнаар явуулдаг.

-КОУЧИНГ МОНГОЛД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ-

-Коучинг гэж хэн юм бэ?

-Анх спортын дасгалжуулагч нарыг коуч гэдэг байж. Яваандаа энэ нь хувь хүний хөгжилд хэрэгтэйг мэдэрсэн учраас жирийн хүмүүст ч коучингийн хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хувь хүнтэй тулж ажилладаг, тэр хүний давуу талыг өнгөлж гаргаж ирдэг, сул талыг нь засч залруулдаг эсвэл давуу тал болгон хувиргана. Хувь хүний давуу тал, цээжин дотор нь бодогдоод байгаа юмыг нь өөрөөр нь гаргуулж ирж гол зангилааг нь тайлах. Үүний дараа зүг чигийг тогтоож, зөв арга барилд суралцана. Коуч нар бол хүний ирээдүйтэй ажилладаг. Монголчууд та сэтгэл зүйч үү гэж асуудаг. Сэтгэл зүйч  бол хүний өнгөрүүлсэн цаг хугацаатай ажилладаг. Харин коуч бол ирээдүй рүү нь ямар нэг зорилгоор өдөөж тэнд хүрэхийн тулд ажилладаг. Та хэн бэ, яг одоо таны цээжинд юу байна, юу хиймээр байгаа, гэтэл яагаад хийж чадахгүй байна. Ерөөсөө л энэ шүү дээ.

-Танд хэн, хэн  ханддаг вэ?

-Сүүлийн гурван жилийг  сайн коучинг болохын төлөө зориулсан. Өнгөрсөн оны аравдугаар сараас сургалт өгч эхэлсэн. Өмнө нь би өөрийгөө болоогүй,  болоогүй гээд нуугдаад байсан. Гэвч энэ нь буруу гэдгийг сүүлд нь өөрөө ойлгосон. Надад дөрвөн бүлгийн хүмүүс хандаж байна. Нэгдүгээрт, өөрийгөө олоогүй хүмүүс байна. Тэд маш их зүйл боддог ч ажил хэрэг болгодоггүй, тэр ч бүү хэл зорилгоо тодорхойлж чадахгүй явсаар өдий хүрсэн байна. Яахаа мэдэхгүй яваа хүмүүс гэсэн үг. Хоёрдугаарт, бизнемменүүд одоо би цаашаагаа яах вэ гэж ханддаг. Учир нь тэд практикаар бор зүрхээрээ энд хүрээд ирж. Гэтэл өсөлтийн шинэ үе дээр гараад ирэхээр цаашаагаа яахаа мэдэхээ больж байна. Гуравдугаарт, гадаадад амьдардаг Монголчууд. Гадны улс оронд коучинг хүний амьдралд яаж нөлөөлдгийг нүдээрээ харсан учраас тэр хэрэгцээгээ монголоосоо хайж байна. Учир нь тэндээс авах гэхээр асар өндөр үнэтэй.  Дөрөвдүгээрт, карьерийн хувьд өсөх сонирхолтой залуус ханддаг. Яаж илүү бүтээмжтэй ажиллах вэ, удирдлагадаа хэрхэн үнэлэгдэх вэ, багийн тоглолтод яаж оролцох вэ зэрэг асуудалтай ирдэг. Энэ бүхнийг уг нь СӨБ, ЕБС, их дээд сургуулиас шат дараатайгаар авах ёстой мэдлэг ур чадвар юм. Гэвч манай боловсролын систем нь хувь хүний хөгжил, хандлагын асуудлыг ор тас орхигдуулсан. Хэчнээн ном уншаад, хичээл заалгаад өөрийгөө хөгжүүлэх арга барил болон зөв харилцаа, хандлага суугаагүй бол хаа хол явах юм бэ?  

-Коучинг бол манайд шинэ үзэгдэл, шинэ ойлголт. Тэгэхээр хамгийн том бодит жишээ та өөрөө байх. Энэ талаар?  

-Би өөрийгөө энэ төрөлд авьяастай гэдгээ мэдсэн хэрнээ ямар нэг алхам хийж чадахгүй цалингаа хүлээгээд, ажлаа хийгээд яваад байсан. Гэвч миний бодлоос өнөөдрийн энэ ажлын зураглал хэзээ ч арилаагүй. 2015 онд би бүтэн жил өргөдөл бичсэн. Бичээд л ураад л хүсэл мөрөөдөлтэйгээ тэмцэлдэж нэг жилийг өнгөрөөлөө. 2016 онд эрс шийдээд өргөдлөө өгчихсөн. ХХБ-ны ахлах менежер гэдэг бол хэн хүссэн нь очдоггүй албан тушаал болохоор хүмүүс их гайхсан. Би энэ ажилдаа ингэж л өөрөө дурлаж зүтгэж ирсэн юм. Хүн үйлдэл буюу алхмыг л хийхгүй бол мянган гоё санаа, аугаа том мөрөөдөл,  гайхамшигтай гоё зорилго байгаад ямар ч хэрэггүй. Яг босоод ямар нэгэн алхам хийхгүй л бол болохгүй гэдгийг би өөрөө ойлгосон байхгүй юу. Судлаад уншаад эхэлж байхдаа би өөрийнхөө зорилгыг тодорхой болгосон. Сул, давуу талаа олж харсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүнд коучинг хийгээд явж байна.

-Хандаж буй хүмүүсийн нийтлэг асуудал нь юу байна?

-Зорилгогүй, үнэхээрийн ямар ч зорилгогүй амьдарч байна. Урсгал ус шиг урсаад л. Энэ чинь 21 дүгээр зуун, одоо бид урсаж болохгүй. Бид хэдэн үеэрээ зорилгогүй сул боловсон хүчин төрүүлдэг боловсролын системээр хүмүүжсэн. Тэгээд ажил амьдрал дээр гараад жаахан асуудал тулгарахаар шантардаг. Асуудал гарна, даван туулна. Амьдрал олон янзын өнгө будагтай шүү дээ. Тэгэхээр төлөвлө, зорь.  Амьдралыг төлөвлөхөд бэрх гэж эсэргүүцдэг хүмүүс бий. Гэхдээ уучлаарай, төлөвлөхгүй бол ямар нэг стратеги баримтлахгүй л бол худлаа шүү. Зорилго тодорхой болоод эхний амт шимийг мэдэрсэн хүн залхуурлаа ялан дийлдэг. Санхүүгийн хувьд гэрэл гэгээ харагдаад эхлэхээр юун залхуурах юун нойр хүрэх болдог.

-Үр дүн нь...?

-Коучинг монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа. Би алхам үйлдэл хийлгүүлдэг. Би өөрөө алхам хийж амжилт ирдгийг биеэрээ мэдэрсэн болохоор алхам л хийлгүүлнэ. Маргааш ингэ, нөгөөдөр тэг. Буруу бодсон бол зөвлөнө. Алхам үйлдэл хийгээд амтыг нь мэдэрсэн хүмүүс нүдэн дээр өөрчлөгддөг. Надаас коучинг аваад бизнесээ хийгээд явж байна. Мэргэжилтнээр 10 жил ажиллаад коучинг аваад өөрчлөгдөөд ахлах ажилтан болчихож байна. Арван жил ойлгоогүй юмаа нэг сарын дотор ойлгоод уйгагүй ажиллаж эхэлж байна. Энд би үр дүнгээрээ цэнэглэгдээд улам сайн ажиллах урам зоригийг авдаг. Ийм гоё үр дүнгүүд намайг хүлээж байна шүү дээ.

- МАНАЙ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ОРХИГДУУЛСАН-

-Та маш том зүйлийн эхлэлийг тавих гэж байгаад баяр хүргэе. Гадны орнуудад бол их багаас нь эхэлдэг гэсэн үү?

-Манай боловсролын систем хувь хүнийг хөгжүүлэх асуудлыг ор тас орхигдуулсан гэдгийг түрүүн хэлсэн. Хөгжингүй орнуудад цэцэрлэгээс нь эхлээд багштайгаа яаж харьцах, бусдыг хэрхэн хүндлэх, тэр ч бүү хэл мөнгийг яаж зөв зохистой ашиглах талаар ч сургадаг. Гэтэл манайд 40 50 нас хүрчихээд санхүүгийн мэдлэг олгох сургалтад сууж үзээгүй байна. Надад 30-40 насны хүмүүс ихэвчлэн ханддаг. 50 настай хүмүүс мэр сэр ирнэ. Тэд нар үнэхээр урамтай, цаг байхгүй гэдгээ ухамсарласан хүн болохоор зүг чигийг нь заагаад өгөхөөр маргааш нь эхэлж байна. Баруунд одоо миний сургах гээд байгаа зүйлүүдийг тэд хүүхэд байхаасаа эзэмшчихсэн учраас одоо карьер коуч, арт терапи бүр зөвхөн дуу хоолойны  коуч гэх мэтээр төрөлжөөд явчихсан. Бид одоо зөвхөн үндэс сууриа тавихын төлөө явж байна.

-Та бид хоёрын ярианаас хүмүүс юуг ойлгоосой гэж та хүсч байна вэ?

-Миний амнаас зорилго гэдэг үг үргэлж гардаг. Би зорилго руу нь урин дуудаж алхам үйлдэл хийлгүүлдэг болохоор дандаа зорилго гэдэг. Зорилготой хүнд цагийн зөв менежмент бий болдог. Заавал мөнгө төлөөд коуч ав гэж хэлж байгаа юм биш. Мөнгө төлөхгүйгээр чамд маш их боломж байдаг. Чи фээсбүүкт огт хэрэггүй зураг ухаж суухаар зөвхөн өөртөө хэрэгтэй юмнуудаа харагддаг болгочих. Бусад хэрэгцээгүй юмнуудыг хасчих. Тэгэхээр фээсбүүк чинь өөрийгөө хөгжүүлэх талбар болчихно. Зорилгодоо өдөрт 30-60 минут зарцуулдаг болчих. Биднийг тойроод дүүрэн боломжууд байдгийг олж хар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button