Нийгмийн

М.Анхцэцэгийн гаргаад буй АНХНЫ ТОДОТГОЛТОЙ түүхэн амжилтууд

Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр ч хэцүү нь мэдээж.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 21-хэн настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж амжив.

Тэрбээр энэ жил үрийн зурай үнэрлэн, төрөөд гуравхан сарын дараа бэлтгэлдээ эргэн оржээ. Найман сартай үрээ гэртээ үлдээн, дэлхийн дэвжээнд нялх биетэй хүч сориод ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртсэн нь яах аргагүй бахдам амжилт. Тэгэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчилснийг нь тодотгоё. Түүнээс өөр тамирчин ингэж чадах болов уу.

М.Анхцэцэгийн хамаатны ах С.Доржханд, Д.Ихбаяр нар нь хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан нь түүнийг туйванч болоход их нөлөөлсөн гэдэг.

Мөн Гавьяат тамирчин Н.Баярмааг Бээжингийн олимпод хүч сорихыг нь зурагтаар үзээд эл спортод анх дурлажээ. Тэрбээр Д.Ихбаяр ахынхаа бэлтгэл хийж буйг нь харж, өдөр өдрөөр татагдсаар 10 настайдаа эл спортын А үсгээ 114 дугаар сургуулийн дасгалжуулагч Цэрэннямаар заалгасан юм.

М.Анхцэцэг анхны бэлтгэл дээрээ долоон кг-ын штангны гол өргөснөө үргэлж дурсах дуртай.

Амжилтын төлөөх анхны сорилт

Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод руу шилжжээ. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэн, эмээтэйгээ хамт амьдарсан юм. Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох л байсан нь мэдээж.

13 настайдаа ОУХМ болсон

М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Түүгээр ч үл барам тус тэмцээнээс спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.

Өөр орноос тавьсан их хэмжээний мөнгөн дүнтэй саналаас татгалзсан

Гурван жилийн өмнө М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал ирсэн юм. 

Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэнээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Энэ талаар түүнээс тодруулахад "Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө л өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр.

Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ" хэмээн даруухан өгүүлсэн.

Харамсалтай нь гадныханд тэрбумаар үнэлэгдэж буй М.Анхцэцэг тийм шийдвэр гарган, эх орондоо үнэнч үлдээд удаагүй байхдаа залуучуудын Азийн АШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас ганцаараа оролцсон. Дараа нь мөн оюутны ДАШТ-д хүч сорин, хоёуланд нь түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Азийн АШТ-д өрсөлдөхөд зардал нь нэг хүний 3.6 сая, оюутны ДАШТ-д оролцоход 5.4 сая төгрөг аж. Тамирчин бүхэнд тохиолддог санхүүгийн асуудал М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт тулгарсан нь тэр.

М.Анхцэцэгийн анхны тодотгол бүхий бахдам амжилтууд

НЭГ: Оюутны ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч

Түрүүн дурдсанчлан 2016 онд Мехсикт болсон оюутны ДАШТ-д дасгалжуулагчгүй, ганцаараа оролцохдоо түрүүлсэн.

https://www.facebook.com/jargalsaikhan.dorjsuren.5/videos/750129621805790/

Улмаар Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд Монголын анхны оюутны дэлхийн аварга туйванч болсон юм. Харамсалтай нь тус тэмцээний үеэр гараа хүнд бэртээсэн юм.

https://www.facebook.com/jargalsaikhan.dorjsuren.5/videos/750122925139793/

ХОЁР: ДАШТ-ий медальт Монголын цорын ганц туйванч

М.Анхцэцэг гарныхаа бэртлийг жил гаруй эмчлүүлсэн ч 2017 онд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөхөөсөө өмнө бүрэн эдгээж амжаагүй. Улмаар тэр жил ДАШТ-д бэртэлтэй өрсөлдөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д хүрэл медаль хүртэн, анхдагч болсон. Монгол тамирчин хүндийг өргөлтийн төрлөөр ДАШТ-ээс медаль авч чадахыг тэрбээр үлгэрлэж, анхных нь жимийг гаргасан юм.

Түүнийгээ энэ жил давтан, ДАШТ-ий хошой медальтан боллоо. ДАШТ-ий медальт түүнээс өөр монгол туйванч үгүй.

ДАШТ-д анх оролцохдоо л шуугиулсан

М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Улмаар Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.

Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдийн ангилалд VI байрт бичигдсэн.

Харин дараа жил нь ДАШТ-д хүч сорихдоо огцом шахалтаар 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж, VIII байрт шалгарсан билээ.

Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 шахсан бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь өргөж чадаагүй ч тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон. Учир нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.

Тэрээр 2015 онд УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүний давтсан бол ДАШТ-д хол тасархай түрүүлж, УАШТ-ийх шигээ өргөсөн бол мөнгөн медаль авах байлаа.

ГУРАВ: Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

Хүндийг өргөлтийн спортоор 12 жил хичээллэж байгаа М.Анхцэцэг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 70 гаруй шинэчлээд буй. Энэ бол яах аргагүй өндөр амжилт. Тэрбээр энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн 81 кг-ын дээд амжилтыг гурван удаа ахиулсан юм.

ДӨРӨВ: Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч

Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд 2015 онд өрсөлдсөн. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа үнэлэгддэг тус тэмцээнд хүч үзсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.

Зүгээр ч нэг оролцох бус огцомоор 112 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль авч, мөн тус тэмцээнээс медаль авсан Монголын анхны туйванч болсон юм.

ТАВ: Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч

М.Анхцэцэг 2016 онд залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж тус тус мөнгөн медаль авсан. Ийнхүү нэг алт, хоёр мөнгөн медаль авснаар мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм.

Учир нь М.Анхцэцэгээс өмнө Монголын тамирчид тус тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан билээ.

ЗУРГАА: Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч

 Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох 2016 оны Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч болсон юм.

ДОЛОО: “Рио-2016”олимпод VIII байрт шалгарав

Mongolia's Ankhtsetseg Munkhjantsan reacts while competing during the Women's 69kg weightlifting competition at the Rio 2016 Olympic Games in Rio de Janeiro on August 10, 2016. / AFP / POOL / Stoyan Nenov (Photo credit should read STOYAN NENOV/AFP/Getty Images)

М.Анхцэцэг “Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөн огцом шахалтаар 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан юм. Тэгсэн нь мөн л Монголын туйванчдын олимпын дэвжээнд гаргасан хамгийн өндөр амжилт. Тэрбээр олимпод анх удаа хүч сорьсон нь тэр.

Ц.Хосбаяр: Анхаа бол “Бурхны бүтээл”

Түүний амжилтын нууцын талаар Ц.Хосбаяр дасгалжуулагч “Анхааг хоёрхон үгээр “Бурхны бүтээл” гэж хэлнэ. Үнэхээр зөв бодолтой хүүхэд. Бэлтгэлийг чин сэтгэлээсээ хийдэг. 10 хий гэвэл 11 удаа гүйцэтгэдэг” хэмээсэн.

М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр хоёр ийм мундаг болохоор гадны орнууд тэрбумын гэрээ санал болгож, иргэншлээ солихыг ятгасан байх. Харин монголчууд бид тэдний амжилт, ур чадварыг бүрэн үнэлж чадаж байгаа бил үү.

"Рио-2016" олимпийн дараа хүндийг өргөлтийн шигшээ багийн заалаар ороход Ц.Хосбаяр болон шигшээ багийнхан заалаа засварлаж байхтай таарсан юм, би.

Ц.Хосбаяр дасгалжуулагч эхнэртэйгээ хамт заалаа засахын хажуугаар өрөөндөө тамирчдадаа хоол хийж өгч байсан нь санаанаас ер гардаггүй.

Тэрбээр “Заалаа засах гэсэн юм” гээд БТСГ-аас хоёр сая төгрөг гуйсан чинь "Мөнгөгүй" гэнэ ээ. Болохгүй, бүтэхгүй гээд шалтаглаад хүүхдүүдээ яаж ийм зааланд бэлтгэл хийлгэх вэ дээ. Ах нь өөрөөсөө мөнгө гаргаад заалаа засаж байна. Сэтгэл байхад бүх зүйл сайхан болно оо" гээд инээмсэглэж суусан юм.

М.Анхцэцэгийн гаргасан томоохон амжилт

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль
2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.

М.Анхцэцэгт гавьяат тамирчин цол олгоё

М.Анхцэцэг гавьяат тамирчин цолны болзлыг аль хэдийнэ хангасан. Аливаа зүйлд анхдагч байх сайхан. Ялангуяа спортын ертөнцөд бүр ч илүү. Спортын хүрээнийхэн төдийгүй монгол түмэн түүнийг Гавьяат тамирчин болгоё гэдэгт санал нийлдэг нь үндэслэлтэйг дээрх амжилтаас нь бэлхнээ харж болно.

Анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж, эх орондоо үнэнч үлдсэн тамирчныхаа амжилтыг  арай л дутуу үнэлээд байх шиг. Аливаа шагнал урамшуулал, халуун амьсгаан дээрээ л улам үнэ цэнэтэй, утга учиртай. Хожим хойно “Тэгсэн бол, ингэсэн бол” гэж хэчнээн яриад, яаж ч шагнаад нэмэргүй. Урмыг нь л хугалчихгүй юм сан.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хүрэл
Хүрэл
2019-09-27 12:35

Энэ гайх�##�тай охинд гавьяат цол багадна шүү

Батаа
Батаа
2020-03-13 20:35

Одоо болтол өгөөгүй юм уу?

энххүслэн
энххүслэн
2021-05-26 22:51

анхцэцэг болон түүнии багш агуу Хосоо багш 2ын амжилт гавьяатаар биш баатраар үнэлэгдэх ёстой бус уу Яагаад.агуу багш Хосбаярт гавьяатыг өгсөнгүй вэ Энэ агуу багш байж сайн тамирчин төрсөн араас нь.олон ч аваргууд.төрж гарж бн түүнииг үнэлэх цаг хэдиин болсонг шинэ ёрөнхиилөгч сонортоо авна бизээ

Холбоотой мэдээ

Back to top button