СПОРТ

Т.Бэгзсүрэн допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, Б сорьц өгөхөөс татгалзжээ

Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр, нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн билээ.

Шинжилгээний хариу наймдугаар 19-нд албан ёсоор ирж, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг нэг бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлсэн. Тухайн бөхийг улсын цолтой, тавын даваанд унасан гэх мэдээллийг албаныхан өгсөн. Допинг илэрсэн бөхөд шинжилгээг биечлэн танилцуулж, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг асуудаг. Үндэсний бөхийн салбар хороо тухайн бөх Б сорьцоо өгөхгүй гэвэл нэрийг нь есдүгээр сарын 1-ний дотор нийтэд зарлана, өгнө гэвэл зарлахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Иймд бид Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзоригоос тухайн бөх Б сорьцоо шинжлүүлэхээр болсон эсэхийг тодрууллаа.

Ингэхэд "Тухайн бөх Б сорьцоо шинжлүүлэхгүй гэсэн. Тавын даваанд унасан харцага Т.Бэгзсүрэн мөн" гэх мэдээллийг өгөв.

Угаас журам ёсоор тухайн бөх тогтоосон хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бол А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн буюу допингийн эсрэг дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэрийг нь нийтэд зарладаг юм.

Одоо түүнд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.8-д зааснаар: Шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ.

Тэгэхээр Т.Бэгзсүрэн харцага барилдах эрхээ хоёр жил хасуулах нь ээ.

Ташрамд сонирхуулахад, Т.Бэгзсүрэн тавын даваанд Увс аймгийн Тэс сумын бөх аймгийн заан О.Түмэнд унасан юм. О.Түмэн Т.Бэгзсүрэнгээр ийн давж, улсын начин болсон билээ. Улмаар зургаагийн даваанд улсыг арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон юм.


Т.Бэгзсүрэн гэж хэн бэ

Завхан аймгийн Отгон сумынх. "Даян" дэвжээ, "Хаан Даатгал" ХХК, ЗХ-325 ангийн бөх.

Төрсөн өдөр:1992/01/24

Өндөр:186 см

Жин:130 кг

Хүртсэн цол:

2011/07/12:Сумын заан
2013/07/10:Аймгийн харцага
2014/07/10:Аймгийн заан
2016/07/10:Аймгийн арслан
2018/07/12:Улсын харцага
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-09-02 12:54

Гэмтэдэггүй бэртэдэггүй тамирчин гэж хаа байхав, тайлбараа хийсэн л байна лээ ш дээ. Санаатай хэрэглээгүй л юм бна лээ дээ. Арай л хүний мууд дуртай юмаа, гарчиг энэ тэр нь. Хүний анхаар## татах гээд ядчих юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button