Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Хүүхдийн мөнгө бол халамж биш, хөгжлийн том хөрөнгө оруулалт

УИХ-ын Намрын ээлжит чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас ирэх оны төсвийн төсөлд өндөр хэрэглээбүхий боломжийн амьжиргаатай өрхүүд гэсэн ангилал тогтоон нийт Монголын нийт хүүхдийн 9 хувьд хүүхдийн мөнгө олгохгүй болгох зохицуулалттай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, байр сууриа илэрхийллээ.

 Тэрбээр хэлэхдээ, “2023 оны төсвийн төсөлд “өндөр хэрэглээ бүхий боломжийн амьжиргаатай өрхүүд” гээд нийт хүүхдийн 9 хувийг хасч хүүхдийн мөнгө олгохоор санал оруулж ирсэнтэй санал нийлэхгүй байна. 

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм. МАН нийгмийн шударга ёс, эв санааны нэгдлийг гол үнэт зүйл болгодог намын хувьд Шинэ зуун дэвшилтэт бодлого хөтөлбөртөө заасан “Нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохицуулалт, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж байхыг эн тэргүүнд тавина” гэсэн зорилтоо л биелүүлэх ёстой.

 Ерөөс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигдолгох нь хүүхдийг ялгаварлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд халдахаас хамгаалж, тэгш байдлыг үүсгэдэг нь олон улсын практикаас харагддаг.

Монголын нийгэмд тэгш бус байдал гүнзгийрч, орлогын болон хөрөнгийн тэгш бус байдал газар авсан. 2023 оны төсвийн төсөлд өгсөн Аудитын дүнгээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын 10 дахь буюу “Тэгш бус байдлыг бууруулах” хэмээх зорилтын биелэлт буурах хандлагатай байгааг анхааруулсан байна. Тийм учраас Монголын төр тэгш байдлыг дэмжсэн төсвийн дахин хуваарилалт болох хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ижил олгох ёстой.

Дэлхийн улс орнууд нийт хүүхдүүддээ эцэг эхийн орлогоос хамааруулж ялгалгүйгээр хүүхдийн мөнгийг ижил хэмжээнд олгодог. Тэр дундаа социал демократ үзэл баримтлал нийгмийн амьдралд бодитоор хэрэгжиж нийгэм дэх орлогын ялгаа багатай, аз жаргалын индекс өндөр Скандинавын орнууд, ХБНГУ зэрэг европын орнуудад хүүхэд бүрт олгох мөнгө, бусад тэтгэмжүүд ижил тэгш хуваарилагддаг. Эдгээр улсад нийгмийн бодлого тэгш, хүртээмжтэй байдаг тул нийгмийн давхарга хоорондын, өөрөөр хэлбэл амьдралын нөхцөл төдийлөн сайнгүй гэр бүлээс гаралтай хүүхдүүдэд сайн боловсролтой болох боломж нээлттэй байдаг тул улс орон хүний нөөцөө илүү сайн ашиглаж чаддаг. Бүх хүнд боломж олгодог, нийгмийн шударга ёс хэрэгжсэн,  орлогын эрс зөрүүтэй байдлыг бууруулж чадсан улс болохын тулд бид нийгмийн шударга хуваарилалтын бодлогыг явуулах ёстой. 

Хүүхдийн мөнгө бол халамж биш, хөгжлийн том хөрөнгө оруулалт. Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман (2009) хүүхдийн хөгжил, боловсролын хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахын үр ашгийг тооцоолж, энэ салбарт хөрөнгө оруулах нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал гэж тооцогддог ихэнх төсөл тухайлбал, дэд бүтцийг хөгжүүлэх, зам гүүр барьж, байгуулах зэргээс давсан өндөр ашигтай төдийгүй бага насны хүүхдийн боловсролын үйлчилгээний салбар нь эдийн засгийн хөгжлийн стратегийн нэг чухал хэсэг хэмээн дүгнэжээ. Тэрээр 6 хүртэлх насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 доллар тутмын эргэх ашиг нь 12.90 доллар байна гэдгийг тооцоолж хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол олж авч буй тэр хэсэг хүмүүст бус улс орны эдийн засгийн хөгжилд бүхэлд нь өндөр үр ашигтай байдаг гэж дүгнэсэн.

Хүүхдэд оруулах хөрөнгө оруулалт нь улс орны эдийн засагт оруулж буй хөгжлийн ухаалаг хөрөнгө оруулалт төдийгүй ирээдүйд ялгаатай байдал бий болгохоос сэргийлэх, үе дамжсан ядуурлын гинжин холбоог таслах үр дүнтэй арга хэмжээ учраас хүүхэд бүрт ялгалгүй өгөхийг уриалж байна. 

Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украины дайнаас үүдэлтэй геополитикийн хүндрэл нь Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлж, МУ-ын ДНБ 5.3 хувиар агшсан, хилийн болон тээврийн хязгаарлалтаас болж экспортын орлого буурч, төсвийн алдагдал нэмэгдсэн энэ цаг үед улсын төсвөөс олгох хүүхдийн мөнгөний нийт дүнг тодорхой хэмжээнд танагдахаас өөр аргагүй байгаа гэдгийг манай иргэд ойлгож хүлээж авч байгаа. Тийм учраас танагдсан төсвөөр бодоход нэг хүүхдэд 80 мянга орчим төгрөг ногдохоор байгааг бүх хүүхдэд тэгш өгөх ёстой гэдгийг хэлье” хэмээн УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганы хуралдаан дээр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хатанбаатар
Хатанбаатар
2022-10-07 18:28

Тийм шүү. Хүүхдийн мөнгийг х##амж мэтээр боддог БАНГЛАДЕШ ХАР п#### этр солиорч өгсөн байна лээ. Ирээдүйн маш том хөрөнгө оруул##т шүү уул нь.

Тогтох
Тогтох
2022-10-07 18:35

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим гэж яг хэллээ.

Тамир
Тамир
2022-10-07 18:41

Яг үнэн, нийтэд нь 80 мянга өгчихөд болж л байна шт. Угаас эдийн засаг хүнд бгааг хэн хүнгүй мэджаагаа юм чинь.

Tuvshin
Tuvshin
2022-10-07 19:30

Бодлого, концепц ярьдаг ганц эмэгтэй гишүүндээ баяр хүргэе, яах аргагүй бодлогын зөв хувилбар дэвшүүлжээ. Бусад гишүүд нь ойлгож дэмжих байх гэж бодож байна. Сүхбаатар дүүргийн өндөр настан, багш Б.Түвшинтөгс

иргэн
иргэн
2022-10-08 08:03

Гүнд##ай гишүүн анх санаачилсныг бүү март....МАН

Иргэн
Иргэн
2022-10-08 11:36

Цаг үеэ ойлголдоо. Яг өнөө цагт бол хүүхдийн мөнгө чинь х##амж. Ц##ин тэтгэвэр хүрэлцээтэй цаг үед өөрийн чинь хэлдэг зүйл болно. Ямарч зүйл хоёроос дээш т##тай байдгийг мэдмээрдээ. Улс төрч Баярцогт 20000 т## буюу хүчин зүйлийг тодорхойлсон байдаг.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-08 12:10

ГҮНДАЛАЙД ТАЛАРХАЯ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХҮНДЭЭ ОЙРХОН ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ,ЗАСАГ ТӨРДӨӨ НҮҮР БАРДАМ ХҮҮХДИЙН МӨНГӨ ШИГ МУНДАГ ХУУЛЬ САНААЧЛААЧ. ГҮНДАЛАЙ МОНГОЛЫН БҮХ ГЭР БҮЛИЙГ ГЯЛАЙЛГАЖ БАЙНА ШҮҮДЭЭ МУНДАГ ХҮН . ОДОО ГҮНДАЛАЙГ ЭМЯ-ны САЙД БОЛГОВОЛ ЗҮГЭЭР ДЭЭ УГААСАА МЭРГЭЖИЛ НЬ ЭМЧ ЮМ ЧИНЬ БАС Л НЭГ САЙХАН ӨГӨӨЖТЭЙ ЗҮЙЛ САНААЧЛАНАДАА

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-08 12:12

ТАМИР чи бүү хуц 80000 гэнэ үү 20 нь чамд хэрэгтэй юу м##аа

Холбоотой мэдээ

Back to top button