Ярилцлага

О.Осоржамаа: Миний бэлгийн чиг хандлага “хэвийн”

О.Осоржамаа гэх нэрийг өнөөдөр мэдэхгүй хүн бараг үгүй байх. Магадгүй хүн бүр дотроо нэг удаа ч гэсэн энэ хүүгийн талаар бодож, дүгнэсэн биз ээ . Хар нялхаасаа хайрлаж анхаарах хүнгүй, айлаас айл хэсч зарагдаж хүн болсон энэ хүү их хотод хөл тавьсан нь 2010 он. Харин нийгмийн сүлжээгээр олонд танигдаж эхэлсэн нь 2016 он.

Төрсөн эцэг, эх, цусан төрлийн хамаатан садан ах дүүсээ ч мэдэхгүй энэ залууг 2016 оны сонгуулиар хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл болсон бүлэг хүмүүс гурван удаагийн давтамжтай лайв хийх ажил даатган, багахан хөлс иөнгө өгөөд, хэл амаа хаалттай байхыг сануулжээ. Сая гаруйхан төгрөгний төлөө өөрийгөө бусдад буруугаар ойлгуулсандаа тэр өдөр бүр харамсаж явдаг. Гэвч нийгэм нэгэнт ингээд хүлээгээд авчихсан учир эх орондоо амьдрах итгэл түүнд үгүй болсноо бидэнд ярилаа.

Уншигч та цагдаа нар зүгээр л гудмаар алхаж яваа О.Осоржамааг машиндаа суулган, хэсэг дээрээ аваачаад, бичлэгийг нь үзэн хэдэн цагаар хөхрөлддөг, мобайлаар торгуул нэрээр мөнгө шилжүүлэн авдаг. Өдрийн цагаар гэртээ ганцаараа суухдаа хүртэл байнга айдастай байдаг тухай, зүгээр л гэнэн цайлганаар бусдад итгэдэг талаар нь энэхүү ярилцлагаас уншаарай. Бид сенсаци хөөсөнгүй, түүнийг бас хөөргөж дэвэргэсэнгүй. О.Осоржамаа гэж хэн юм бэ гэх хүслээр түүний ертөнц рүү өнгийлөө.

- “ГОМО, ЛЕСБИ”, “ҮХЭЭЧ, ИНГЭЖ АМЬДАРЧ БАЙХААР” ГЭСЭН СЭТГЭГДЭЛ БИЧДЭГ-

-О.Осоржамаа энэ өвөл шөнийн цагаар архи дамлан зарах ажил хийсэн гэдэг нь үнэн юм уу?

-Энэ өвөл жаахан буруу наймаа хийж үзсэн нь үнэн. Шорлог зардаг байхдаа шөнийн цагаар архи дамлан зардаг хүмүүс байдгийг мэдсэн. Өвөл шорлогны наймаа зогсчихдог учраас энэ жил архи дамлан зарах ажлыг хийж үзлээ. Ер нь маш хүндрэлтэй, эрсдэлтэй ажил. Архи дамлан зардаг хүмүүсийн дунд би залуудаа орно. Ихэнхдээ 30-45 нас хүмүүс хийдэг юм байна. Заримдаа  16 настай хүүхэд ч орж ирэх нь бий. Эдгээр хүмүүс чинь бүгд л амьдрах гэж яваа. Тодорхой бэрхшээлүүдийн улмаас ажил олддоггүй, асуудалтай хүмүүс байдаг. Шөнө хүн унтах ёстой байтал тэд ажиллаж байна.

-Одоо энэ ажлаа хийж байгаа юу?

-Одоо хийхгүй, зогсоосон. Өөр ажил хийхээр хайж байна.

-Чамд ойрын үед ямар төлөвлөгөө, зорилго байна?

-Гадаад руу явж амьдрахыг л хүсч байна. Энэ их чухал байгаа. Гадагшаа явахад ямар бичиг баримт хэрэг болдог,  юу хэрэгтэй вэ гэдгийг би өөрөө мэдэхгүй. Тиймээс хүмүүсээс зөвлөгөө авч, мэдээлэл цуглуулж байна.  Монголд амьдрахад О.Осоржамаа гэдэг хүний хувьд их хэцүү. Тиймээс гадны оронд очиж, ажил хийгээд сайхан амьдаръя  л боддог.

-Чамд ойр дотны хүмүүс, цусан төрлийн ах дүү байдаг уу?

-Байхгүй ээ. Хувь хүнийхээ хувьд ч би хүмүүст найдахыг хүсдэггүй. Багаасаа хөдөө, гадаа өсчихсөн учраас  зожиг зантай. Хүмүүст дотны сайхан найзууд байдаг. Харин надад бол үгүй. Би ийм байхыг ч  хүсдэггүй. Ганцаараа, өөрөө өөрийгөө болгоод л явдаг.

-Ямар ч найз нөхөдгүйгээр чи өөрийнхөө ертөнц дотор амьдраад л явах нь заримдаа хэцүү санагддаггүй юм уу?

-Яг тийм сэтгэгдэл бол төрдөггүй. Би энэ нийгэмд хүн болж төрснийх, өөрийнхөөрөө байх ёстой. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгээд, түүндээ хүрчихвэл илүү олон боломжууд нээгдэнэ. Тэр үед найз нөхөдтэй болно гэж боддог. Миний хамгийн ихээр биелүүлэхийг хүсч байгаа мөрөөдөл бол гадаад оронд амьдрах. Учир нь, Монголд байх хэцүү. Өөрийнхөөрөө байгаа, миний ийм нөхцөл байдлыг хүлээж авдаггүй. Тогтмол ажил олдох боломж надад олдохгүй байна.

-Ажилд орох гэж уйгаггүй явж үзсэн үү. О.Осоржамаа гэдэг хүнийг хэрхэн хүлээж авч байна?

-Нэг хэсэг эрчимтэй ажил хайж үзсэн. Энэ тэнд хүрээд ир гэж дууддаг. Яваад очихоор ажлынхан нь хүмүүс инээж шоглодог. Нэгэндээ “Нөгөө О.Осоржамаа чинь энд ирчихэж” гээд л. Манай эмэгтэйчүүд их аальгүй, шооч зантай. Нүдээр үзээгүй хирнээ чихээр сонссон зүйлдээ итгэдэг зантай. Сонссон зүйлээ хүн болгонд яриад л явдаг. Мөн хүйсээр нь ялгаварлан гадуурхаад байх шиг санагддаг.

-Хүйсээр ялгаварлан гадуурхдаг гэдэг нь?

-“Чи эрэгтэй юмуу, эмэгтэй юм уу” гэж асуудаг. Үргэлж ийм зүйл тохиолдоод байхаар хүн сүүлдээ хаширчихдаг юм билээ. Би ер нь шантарсан. Миний нүүр хуудсан дээрх постуудын дор бичсэн сэтгэгдлүүд ийн ихэнх нь “Гомо, лесби”, “Үхээч, ингэж амьдарч байхаар” гэх мэтээр бичдэг.

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЦАС  ӨМСӨЖ,  ГУРВАН УДААГИЙН БИЧЛЭГ ХИЙСЭН НЬ “МӨНГӨНИЙ АЖИЛ” БАЙСАН-

-Уучлаарай, энэ асуулт эвгүй байвал та хариулахгүй байж болно. Яг бэлгийн чиг хандлагын хувьд өөрөө...?

-Шууд утгаараа та намайг хүмүүсийн ярьдаг шиг үү гэж асууж байна, тийм үү. Трансжэндер, гей, гомо гээд бэлгийн чиг хандлага нь ондоо байдаг. Миний хувьд бол, бэлгийн  чиг хандлага  хэвийн. Эмэгтэй хүний хувцас өмсөж хийсэн үйлдэлтэй минь хамааруулж, миний бэлгийн чиг хандлагыг хүмүүс өөр гэж тааварладаг. Үнэндээ тэр нь олон нийтийн анхаарлыг татах зорилготой “ажил байсан”. Үүнийг л хүмүүс буруугаар ойлгосон. Би одоо үүнийг хүмүүст хэрхэн зөвөөр ойлгуулахаа мэдэхгүй байна. Нэг тийм хувцас өмсөөд явчихсан учраас тэр чигээр нь хүлээгээд авчихдаг юм байна. Монголд бэлгийн чиг хандлага нь өөр олон хүмүүс байдаг.

-Бэлгийн чиг хандлага нь өөр хүмүүс чамтай хамтай харилцаа үүсгэхээр холбогдож байсан уу?

-Үгүй. Бэлгийн сонирхлоор бол холбогдож байгаагүй. Цөөнхүүд намайг ална, зодно гэж дайрч байсан тохиолдлууд бол бий.

-Дээр яриандаа дурдсан “Ажил байсан” гэдгийг  тодотгож ярьж болох уу?

-Эмэгтэй хүний хувцас өмссөн нь мөнгөний ажил байсан. Тухайн үед гурван удаагийн давтамжтайгаар эмэгтэй хүний хувцас өмсөж, элдэв ааш аяг үзүүлэхийг надад нэр бүхий хүмүүс санал тавьсан юм. Надад тэд “пээжийн хандалт өсгөх гэсэн юм” гэж тайлбарласан. Лайвынхаа үед хэлэх үгүүдийг өөрсдөө бичиж өгдөг байсан.

-Нэг удаагийн бичлэгээсээ хэдэн төгрөг авсан бэ?

-Нэг удаагийн бичлэгийн хөлсөнд 350 мянган төгрөг авсан. Гурван удаагийн бичлэгэнд орсон.

-Энэ нь гэхдээ тухайн үеийн чиний сахилгагүйтэх, түр зугаацах тийм сэдэлтэй нийцсэн үү?

-Ер нь бол тийм. Гэхдээ дараа нь маш их харамссан.

-Чамд энэ ажил ашигтай байж чадсан уу?

-Улаанбаатар хотод мөнгөгүй л бол нэг хоноход ч хэцүү. Тэр тусмаа над шиг ямар ч туслах хүнгүй, ганцаараа бүхнийг болгож  яваа хүнд  ажлын санал ороод ирэхээр татгалзаж чаддаггүй юм билээ. Надад тэр мөнгө нээх юм болоогүй.  Будаа, гурил, саван, вок, түлээ нүүрс, хашааны түрээс гээд л гарын салаагаар урсаад өнгөрсөн. Гэхдээ би нэг зүйлийг ойлгосон. Амархан олсон мөнгө хүнд ая тусгүй гэдгийг мэдсэн. Өөрөө нойр хоолоо хасч хөдөлмөрлөж олсон  мөнгө илүү үр өгөөжтэй зарцуулагддаг. Миний шорлог зарж олсон мөнгө надад хамгийн үнэтэй. Тэр мөнгөний ачаар би өдий зэрэгтэй, энэ хүртэл явж ирлээ.

-Яг сонгуулийн үеэр чиний бичлэгүүд цацагдаж эхэлсэн. Энэ нь  улс төрийн хүрээний тодорхой асуудлуудыг дарах, олон нийтийн анхаарлыг өөр зүг рүү эргүүлэх гэсэн зорилготой байсан гэж хардагддаг?

-Тийм ээ. Яг сонгуулийн үеэр шүү дээ. Сонгуулийн үеэр олон нийтийн анхаарлыг татах зорилгоор янз бүрийн л зүйл хийдэг. Тэдгээр ажлын нэгээхэн хэсэг нь миний бичлэг байсан гэж ойлгож болно. Сонгуулийн үеэр ажлын санал их ирсэн. Яг тэр намаас, энэ намаас гэж би яримааргүй байна. Цаасан дээр гэрээ хийгээгүй ч би амлалт өгсөн юм.

-Тухайн үед чиний өмсөж байсан хувцас, хэлсэн үг сэлтийг цаанаас нь бэлдэж өгч байсан хэрэг үү?

-Бичлэг тодорхой давтамжтайгаар цацагдсан. Эхний удаа ингэж ярь. Дараа нь ингээд үзүүлчих гэхчлэн заавар өгч, хэрэглэлүүдийг бэлтгэж өгсөн. Тэр хүмүүс миний лайвыг үзээд, надтай холбогдсон. Одоо ямар ч холбоогүй.

-Тэр хүмүүс чамд дахин хандсан уу?

-Үгүй. Тэгээд л холбоо тасарсан. Одоо тэр хүмүүсийг мэдэхгүй.

-Чи дараа нь олон нийтэд зөвөөр ойлгуулъя гэж бодоогүй юм уу?

-Өдөр бүр хүмүүст өөрийгөө зөвөөр ойлгуулах юм сан гэж боддог. Гэхдээ зөвөөр ойлгуулахад их хэцүү нөхцөл байдал үүсчихсэн л дээ.  

-ХҮМҮҮС О.ОСОРЖАМААГИЙН АМЬДРАЛААР НЭГ ХОНОГ Ч АМЬДАРЧ ҮЗЭЭГҮЙ-

-Чиний бэлгийн чиг хандлага хэвийн. Бас тэр бичлэгүүдийг чи өөрийн хүслээс давж, хүмүүсийн захиалгаар хийсэн юм байна. Үнэндээ чи хүсэл мөрөөдөлтэй, хөдөлмөрч, залуу хүн юм байна. Одоо энгийн амьдралаар амьдарчихаж болдоггүй юм уу?

-Хүмүүс тэгж хэлдэг. Ярихад, хэлэхэд амархан л даа. Гэхдээ тэр хүмүүс О.Осоржамаагийн амьдралаар нэг хоног ч амьдарч үзээгүй. Надтай хамт нэг цаг ч байж үзээгүй. Би одоо 24 настай. Энэ хүртэл О.Осоржамаа гэдэг хүн ямар зовлонтой амьдралыг туулж өдий хүрснийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр өөр өөрсдийнхөө амьдралын оронд намайг тавьж үзээсэй. Ярихад амархан байдаг шиг  асуудалд хандаж, битгий сэтгээсэй гэж би хүсдэг. Яг үнэндээ би одоо Монголд гэр бүл зохиогоод, энгийн сайхнаар амьдрах боломжгүй. Монгол охид хэн нь ч намайг сайхнаар хүлээж авахгүй. Үүнийг би маш сайн мэднэ. Автобусны буудал дээр охид намайг харангуутаа зугтчихдаг. Энэ нь надад маш эвгүй санагддаг. Амьдрал зохиолоо гэхэд, би өөрөө эхлээд амьдралаа сайн цэгцлэх ёстой.Айлын охиныг сайхан авч явах ёстой гэж боддог.

-Шууд байдлаар эрхэнд тань халдаад байдаг учраас чи зориггүй, ингэвэл яах бол гэсэн айдастай болжээ?

-Тийм ээ. Биед халдах тохиолдлууд маш их гардаг. Утас булааж авна, хэрүүл өднө. Шорлог зарж байхад зодох, төмрөөр хатгах, хэрэглэлүүдийг маань бутраах, дэвсэлж эвдлэх зэрэг тохиолдлууд зөндөө л гардаг. Гэхдээ нөгөө талаас сэтгэлээрээ туслах хүмүүс цөөхөн ч гэсэн гарч ирдэг юм.

-Чи багаасаа хэцүү амьдралыг туулсан. Гэсэн ч ганцаараа өдийг хүртэл амьдарч, асуудлууд даван гарсаар ирсэн. Харамсалтай нь, нийгмийн чамайг хүлээн авч байгаа байдлаас үүдээд Монголд амьдрах зүрхийг нь авчихжээ гэж ойлгогдоод байна?

-Ер нь бол тийм. Тэдгээр бичлэгүүдээс хойш би айдас дунд амьдарч байгаа. Тэрнээс өмнө би лайв хийдэг байсан. Би хамаатныхаа айлд бага насаа өнгөрүүлж, ганцаардсан үедээ өөрөө өөртэйгөө ярьж, тэмцэж ирсэн. Лайв хийж эхэлсэн нь өөрийгөө хурцлах нэг хэлбэр л байсан. Дараа нь хүмүүс санал тавьж лайвууд хийсэн. Одоо бол Монголдоо ажил хийгээд эвтэйхэн амьдарчихна гэсэн итгэл алга.

-Аль улс руу явах хүсэлтэй байна?

-Намайг өргөж авсан ээжийн хүү нь БНСУ-д байдаг юм. Тэр ахыгаа түшнэ гэж бодож байгаа. Хүмүүс янз бүрийн олон орны нэр хэлээд хөөцөлдөж үзэхийг санал болгодог. Гэхдээ би огт мэдэхгүй,  түших тулах хүнгүй газар  очоод яаж эвээ олж амьдрахаа төсөөлч чаддаггүй. Хүмүүс зориудаар олны анхааралд өртөөд, дараа нь цагаачлал хүсдэг гэсэн. Миний хувьд анхнаасаа ийм зорилго бол агуулаагүй. Надаас  яагаад ч тийм заль мэх гардаггүй. 

-Хүний эрхийг хамгаалах чиглэлийн байгууллагууд чам руу хандаж байсан уу. Чи өөрөө хандаж байсан тохиолдлууд  бий юу?

-Байхгүй.

-“КИНОНД ТОГЛОСОНД БАЯРЛАЛАА” ГЭЭД 20 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН-

-Нэг хэсэг чи н.Уянгатай гэгч эмэгтэйтэй хамтарч хандив цуглуулдаг байсан. Сүүлдээ чимээгүй болцгоосон.  Юу болсон юм?

-Тэр н.Уянга гэдэг эмэгтэйд өөрийнхөө хэмжээнд зөндөө тус хүргэсэн. Над руу анх өөрөө холбогдсон. Би ажлаа тодорхой хугацаанд орхиж, гэрт нь очин, өөрийнхөө дүрийг ашиглаж, олны анхаарлыг түүн рүү хандуулж өгсөн. Харамсалтай нь миний тусыг усаар хариулсан. Намайг цагдаад “О.Осоржамаа хулгай хийгээд яваад байна” гэхчлэн худлаа дуудлага өгч бариулах зэргээр нэлээд хүндрэл учруулсан. Уянга гэдэг эмэгтэй гэр бүлийн хувьд тогтворгүй, хүүхдээ зоддог, архины хамааралтай байсан. Одоо ямар ч харилцаа байдаггүй. Өөрөө мессеж бичдэг ч би хариу өгдөггүй.

-Анх чамд  ямар санал тавьсан юм?

-Надад туслаад, олон нийтэд таниулаад өгөөч. Хүүхдийн эрүүл мэндийн байдал муу байгаа гэж холбогдсон. Эхлээд зургийг нь харахад зүгээр л эмэгтэй шиг санагдсан. Танилцаад гэрт нь очиход нөхцөл байдал өөрийг ойлгосон юм. Амьдрал нь өөрөө асуудалтай эмэгтэй байсан учраас би болгоомжлоод зайгаа барьсан.

-Чамд “Сити” дээд сургууль дөрвөн жил үнэгүй суралцах эрх өгсөн ч дараа нь түдгэлзүүлсэн. Энэ нь ямар учиртай юм?

-“Сити” дээд сургуульд  суралцах эрх аваад маш их баярласан. Харамсалтай нь, яг хичээл эхлэхийн өмнө “Чи дээд сургуульд элсэхтэй холбоотой улсаас тавьдаг ерөнхий шаардлагуудыг хангахгүй байгаа тул суралцуулах боломжгүй” гэж мэдэгдсэн юм. Гэрээ цуцалсан нь надад маш харамсалтай санагдсан. Гэхдээ би нарийн учрыг нь ойлгоогүй. Дараа нь дахин лавлахад, “Удирдлагатайгаа ярилцаж үзсэн. Боломжгүй юм билээ” гэсэн. Би Өвөрхангай аймагт тогооч мэргэшлээр МСҮТ-д суралцсан.

-Чамайг клип болон кинонд тоглуулсан байдаг. Хөлс мөнгө гэж юм өгсөн үү?

-Намайг хүн гуйхаар “Үгүй” хэлж чаддаггүй зантай. Клипэнд тоглуулчихдаа “Баярлалаа” ч гэж хэлээгүй. Шууд утсаа таслаад л алга болсон. “Кинонд тоглосонд баярлалаа” гээд 20 мянган төгрөг өгсөн.

-Ганцаараа амьдрах ямар вэ? Чиний нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Би Улаанбаатар хотод орж ирснээсээ хойш ганцаараа амьдарч байна. Ер нь муу муухай зүйл нэг их боддоггүй. “Утасны цаанаас хүмүүс доромжилж л байдаг юм. Намайг ирээд цохиод авсан биш, яадгийн” гэж боддог. Тэгээд л гэрээ цэвэрлээд, тоосоо арчаад, шалаа угаагаад л мартчихна. /инээв,сур/. Би гурван ээлжийн хувцастай. Хувцсаа л их угаадаг. Багаасаа зовох үедээ зовж, инээх үедээ инээж хөдөөгүүр амьдарсан. Хүн дэргэдээ байгаа хүнээсээ л үлгэр дуурайл авдаг. Манай хөдөөнийхөн чинь сайхан сэтгэлтэй, тусархуу хүмүүс. Завгүй, ажилд дарагдаж өссөн учраас сэтгэлээр унах, гуних тийм завдал байдаггүй байсан ч гэж болно.

-Одоогийн олж байгаа мөнгө тань ахуй амьдралд тань хүрэлцдэг үү?

-Ахуй амьдралд яг хүрэлцээтэй гэж хэлж чадахгүй. Хоол унд, тогны мөнгө, нэгж гэхчлэн зардал нэлээд гардаг. Ганцаараа болохоор бүхий л зардлаа өөрөө л олно. Өдөрт олдог мөнгөний хэмжээ янз бүр. Өдрийнхөө орлогоос хоол ундныхаа мөнгийг гаргаж аваад,  “Голомт” банкны хадгаламж руугаа хийчихдэг юм. Би жил гаруйн өмнөөс хадгаламж нээлгэсэн. Зарим хүмүүс “Чи ажил  хийж байж, мөнгөө яачихдаг юм” гэж асуудаг. Мөн гэртээ зурагт, хөргөгч гээд нэлээд юм авсан. Хүн л юм чинь зурагт үзэх хэрэгтэй биз дээ /инээв.сурв/

-Төрсөн аав ээжийнхээ талаар мэддэг үү?

-Надад ямар ч хамаатан байхгүй. Төрсөн аав, ээжийнхээ талаар юу ч мэдэхгүй. Одоо амьд эсэхийг нь ч мэддэггүй. Намайг долдугаар ангид байхад нэг айл өргөж авсан. Үүнээс өмнө хөдөөний айлуудад амьдарч байсан. Ер нь л миний амьдралд надтай ойр дотно хүн гэж бараг байгаагүй. Өргөж авсан ээжтэйгээ одоо харилцаа байхгүй болсон. Би өргөмөл ээжээрээ овоглодог учраас хүүхдүүд нь “Миний ээжийн нэр төрийг гутаалаа” гэж загнадаг. Ганцаараа амьдардаг энэ байдалдаа ер нь дасчихсан. Өнгөрсөн жил шорлог зарж байхад багадаа амьдарч байсан айлын хүмүүс ирж уулзсан нь сайхан санагдсан.

-ЦАГДАА НАР НАМАЙГ ДООГЛОЖ “ХОХЬ ЧИНЬ” ГЭЭД ИНЭЭЛДСЭН-

-Чи Монголдоо тогооч мэргэжлээрээ ч юм уу ажил хийгээд эндээ амьдрах талаар нухацтай бодож үзсэн үү?

-Бодож үзсэн. Миний хувьд Монголд ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна. Хүн чинь бүр хаширчихдаг юм билээ. Гадуур явахдаа хүртэл “Энэ намайг зодчих вий дээ. Цохиод авах вий” гэсэн байнгын айдастай. Хашааны хаалга дуугарахаар нь “За, хэн орж ирэх бол” гэхчлэн санаа зовдог. Гэртээ байхдаа хүртэл айдастай амьдардаг гэхээр хэцүү байгаа биз.

-Гэрт тань хүн халдаж орж ирсэн тохиолдол байгаа юм уу?

-Манай гэрт хэсэг залуус орж ирж намайг зодож байсан. Нэг удаа ойролцоох дэлгүүр рүү яваад 21:00 цагийн үед хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй машинтай хүмүүстэй таарсан юм. Тэд намайг дэлгүүрт харангуутаа  “Чи нөгөө фээсбүүкээр мэдрэлтээд байдаг од О.Осоржамаа байна. Тийм ээ” гэхээр нь “Тийм байна. Яасан юм бол” гэсэн. Гэтэл өөдөөс “Яасан ч яадаг юм. Битгий дургүй хүргээд байгаарай” гэснээ охидууд нь намайг дэлгүүрт үсдэж зодсон. Гараад гэр рүүгээ зугтаатал машинтай араас хөөгөөд ирсэн. Тэгснээ хашааны хаалга дараа нь гэрийн хаалга эвдэж орж ирээд утас булааж авасан. Нэг нь  “Кодоо хэл. Утсыг нь аваачаад зарчихъя”, нөгөө нь “Энийг алчихъя. Эсвэл дөрвөн талаас нь дамжилж, машиндаа суулгаад, хээр аваад алчихъя”  гэж ярилцаад байсан.

-Энэ явдлаа цагдаад мэдэгдсэн үү?

-Би цагдаад хандсан.  Цагдаа нар манай гэрт залуус халдаж, зодчихоод байхад тоогоогүй. Ер нь цагдаа нар намайг дооглож, “Хохь чинь” гэж инээцгээдэг.  Энэ мэт миний эрхэнд халдсан үйлдлүүд нэлээд гарсан. Би нэг л ах руу ханддаг. Тэр хүн рүүгээ яриад, өмгөөлөгч  аваад, цагдаагаар хэсэг явж үзсэн. 2-3 сар яваад л хаагдчихдаг юм билээ. Манай гэрт ямар камер байх биш дээ.

-Шөнө гэртээ орохоос ч айдаг байх нь ээ?

-Өдөр хүртэл айдаг. Манай гэрт цагдаа нар шууд л ороод ирдэг. Миний амьдарч байгаа хашааны эзэд  өмнө нь хэд хэдэн удаа дуудлага өгч, худлаа үнэн мэдээлэл хэлсэн юм. Тэгээд цагдаа нар манай гэрийг мэддэг болчихсон. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр  гэрээс ирээд, аваад явчихдаг. Гудамжинд  алхаж байхад хүртэл “О.Осоржамаа суучих” гээд л машиндаа суулгаад аваад явчихдаг. “Та нар намайг ямар шалтгаанаар авч яваа юм” гэхээр “Чам шиг юмыг ямар ч шалтгаанаар авч явсан ч яадаг юм. Авч явж болдоггүй юм уу” гэж хэлдэг.  Машинаасаа буулгаснаа хоорондоо баахан ярина. Тэгээд хэсэг дээрээ аваачаад суулгаад л байна. 

-Цагдаа нар хэд хэдэн удаа ийм үйлдэл гаргасан юм уу?

-Зөндөө, зөндөө. Асуудал үүсгээгүй байхад хүртэл ийм үйлдэл гаргадаг. Хэлтэс дээрээ аваачаад  миний лайвыг үзэж, доог тохуу хийцгээдэг. Юм хум ч лавлаж асуудаггүй. Хамгийн сүүлд л гэхэд  шөнийн 00:00-09:00 цаг хүртэл хэсэг дээрээ байлгасан. Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар намайг бүр анддаггүй. Хэсэг дээрээ аваачиж тохуурхаад явуулахгүй болохоор нь “Байлгаж байгаа шалтгаанаа хэл” гэж хэлдэг. Тэгэхээр “Чамайг байлгахаар яадаг юм. Дуугүй бай” гэдэг.

-Чи дандаа Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр л очдог юм уу?

-Нэг удаа миний хоёр ширхэг утас гэрээс алга болоод,  Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очсон. Гэтэл дарга нь “Чи угаасаа өвчтэй, гаж донтой, мэдрэл муутай. Чамайг баталчихсан учраас галзуугийн  эмнэлэгт хорино” гээд өмнөөс хашгирчихсан. Би тэр үед маш их гайхсан. Би хохирчихоод байхад, цагдаа нар өмнөөс ийм хандлага үзүүлсэн.

-Мөнгөн торгууль ногдуулж байсан удаа бий юу?

-Байгаа. Хоёр удаа  50 мянган төгрөгөөр торгосон. Бас нэг удаа цагдаа нар мобайлаар 35 мянган төгрөг  шилжүүлүүлсэн. Тэгж торгодог юм байх даа.

-НҮҮРЭЭ БУДАХ НЬ БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГАТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ-

-Чиний лайвыг олон нийт янз бүрээр хүлээж авдаг. Яг чиний хувьд ямар зорилгоор лайв хийдэг юм бэ?

-Миний лайванд ямар нэгэн зорилго байдаггүй. Өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л ярьдаг. Хүмүүсийг  эерэг зүйл рүү тэмүүлээсэй гэж би хүсдэг. Энэ бүхнээ л гаргаж ярьдаг байгаа. Түүнээс биш О.Осоржамаа гэдэг хүн ганцаардаад, бүүр хэцүү болоод ирэхээрээ лайв хийдэг юм биш. Ганцаардал гэдэг чинь юу ч хийхгүй, гиюүрээд сууж байгаа хүнийг л хэлнэ. Би болно, бүтнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдардаг. Оройн цагаар шорлог зарна, өдөр нь гэрээ цэвэрлэж, хашаагаа янзлах жишээтэй. Гадагшаа гараад, сайхан агаар амьсгална. Ямар нэгэн байдлаар хийх зүйлтэй л байхад би ганцаарддаггүй. Би өөрөө өөртэйгөө ярьж, зарим асуудлаа дотроо их боддог. Хүнд итгэж найдсанаас өөртөө итгэх нь хамгийн чухал. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөөрөө амьдарч ирсэн. Энэ нь л хангалттай.

-Лайвыг тань үзээд, хувь чаатаар олон хүмүүс ханддаг уу?

-Чаатаар ихэвчлэн сөрөг сэтгэгдлүүд ирдэг. Хариу бичдэггүй. Сөрөг сэтгэгдлүүдийг нь түүгээд л блок хийчихдэг.

-Монголд чамайг ойлгодог, энгийн байдлаар хүлээн авдаг нийгэм бий болно гэсэн итгэл чамд төрдөг үү?

-Гадуур явахад, автобус унаанд суухад ч хүртэл надад тийм итгэл төрдөггүй дээ. Их удна  байх даа.

- Чамд сэтгэлээ нээгээд зориод очих нэг ч дотны хүн байхгүй гэж үү?

-Алдаж, буруудаж яваа хүнд зөв замыг нь заагаад өгдөг хүмүүс  байдаг гэсэн. Надад тийм хүн нэг ч  гарч ирээгүй. Би өөрийгөө буруу замын хүмүүс рүү итгэж оччихоод байна гэж боддог. Миний бурууг надад хэлээд, чиглүүлээд өгдөг хүн байсан бол би хичээх байсан. Тэр хүнд итгээд урагшаа зүтгэнэ. Уг нь би ирээдүйд нэг эвтэйхэн цайны газартай болоод, сайхан амьдрах юмсан гэж боддог.

-Чамд дотны сайн найз байгаа юу?

-Надад дотны найз байхгүй. Би хүнтэй харилцаа үүсгэж чаддаггүй. Утасны цаанаас хүмүүс “сайхан найзалъя”  гэснээ нүүр царай харчихаад, инээж шоолох нь ч бий. Би хүмүүсийг одоо “Энэ хүн намайг яах гээд байгаа юм бол”  гэсэн байдлаар хардаг болчихсон.

-Урин цаг ирэхээр шорлогоо хийнэ биз дээ?

-Шорлогоо тавдугаар сар гаргаад л эхэлнэ. Яг өөрөө гардаж хийдэг. Дажгүй сайн ашигтай бизнес. Энэ ажилдаа ерөнхийдөө гаршсан.

-Шорлогийг нохойн махаар хийдэг гэх ярианы тухайд?

-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Зарим хүмүүс “Нохойн мах элгэнд сайн. Жаамаагийн нохойны шорлогийг идье” гэж хөхрөлдөөд авдаг юм.  Зарим нь намайг “Нохойгоо хэзээ алдаг вэ” гэж асуух нь ч бий. Би хүмүүст “О.Осоржамаагийнхаа шорлогонд хордвол өргөдлөө аваад ирээрэй” гэж хэлдэг. Над дээр лав өргөдөл ирээгүй /инээв.сурв/. Дэнжийн 1000-ын захаас нэг лангуунаас махаа байнга авдаг. Юун нохойны мах байх билээ.

-Тэмдэглэлт баяруудыг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ганцаараа байдал болохоор энгийн байдлаар л өнгөрүүлдэг.

-Охинтой үерхэж үзсэн гэж нэг удаа ярьсан, тийм ээ?

-Би хоёр удаа үерхэж үзсэн ч тодорхой шалтгааны улмаас болж бүтээгүй. МСҮТ-д сурч байхдаа нэг охинтой үерхэж байсан. Тэгсэн чинь тэр охин сургуулиар нэг яриа тараасан.

-Ямар ...?

-О.Осоржамаа намайг жирэмсэн болгочихлоо гээд. Тэгээд ойлголцоогүй болохоор салчихсан.

-О.Осоржамаа нүүрээ буддаг нь ямар учиртай юм?

-Тавдугаар ангид байхдаа урлагийн үзлэгээр анх будаж үзсэн. Манай анги дөрөвхөн хөвгүүнтэй. Охидууд нь будаг шунх ихтэй анги байв. Үүнээс үүдэж, нүүрээ будах нь сайхан санагдаж эхэлсэн. Намайг нүүрээ будаад ирэхээр сургуулийн багш нар, захирал нь янз бүрээр хүлээж авсан. Хүүхдийн нэг саваагүй зангаас үүдсэн байх. Гэхдээ нүүрээ будах нь бэлгийн чиг хандлагатай ямар ч холбоогүй.

-Хүмүүст хандаад юу хэлмээр байна?

-Ер нь зарим хүмүүс их сонин байдлаар өөрийгөө илэрхийлэх юм. Жишээ нь, миний лайвыг заавал уурлан, барин үзэх хэрэг байна уу. Өөр маш олон лайв байна. Энэ мэтээр хүмүүст тодорхой сонголтууд байдаг гэж хардаг. Би хэдий ч бэрхшээлтэй амьдралыг туулсан ч худлаа ярих, хулгай хийх сэдэл төрж байгаагүй. Төрдөггүй хэвээр цааш амьдарна.

-Осоржамаа гэж яг хэн юм бэ?

-Би хорон муу санаагүй, хүнд итгэмтгий, цайлган л хүн.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button