Нийгмийн

Иргэд “Hipay” апп-аас 90 байршлын агаарын чанарын мэдээлэл авдаг болно

Иргэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын түвшин, чанарын мэдээллийг олон байршлаас илүү нарийвчлалтайгаар өдөр бүр гар утаснаасаа харж, мэдэх боломжтой боллоо.

Тодруулбал, “Монголын финтек групп” ХК-ийн охин компани “Хай Пэймэнт Солюшнс” ХХК агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд орон даяар суурилуулж эхэлжээ.

Энэ төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь Монгол Улс дахь анхны албан ёсны хамтран ажиллагч байгууллага нь болжээ.

“Airly” компани нь агаарын бохирдол хэмжигч ухаалаг, олон үзүүлэлттэй, эрчим хүч хэмнэдэг энэхүү төхөөрөмжөөрөө Польш улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, АНУ, европын холбооны агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн чанарын гэрчилгээ, Румын улсын “CSR AWARDS 2020” шилдэг инновацын төрөлд тэргүүн байр зэрэг олон шагнал хүртсэн бөгөөд уг төхөөрөмжийг дэлхийн 50 гаруй улс оронд суурилуулаад байна.

Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг. Үүнд:

  • Тоосонцорын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
  • Хүхрийн давхар исэл SO2;
  • Азотын давхар исэл NO2;
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
  • Озон O3 үзүүлэлтүүд багтана.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн туршилтаар төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богдын музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэсэн таван байршилд   9 төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийт 20 төхөөрөмж байршуулах ба бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөсөн байна.

Дээрх төхөөрөмж суурилагдсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг “HiPay” аппликейшнээр дамжуулан авах боломжтой бөгөөд агаарын чанарын индексийг дэлхийн стандартын дагуу монгол тайлбартай, энгийн ойлгомжтой байдлаар оруулсан байна. Мөн улсын хэмжээнд ажилладаг агаарын чанар хэмжигч 40 суурин харуулын мэдээллийг ч нэгтгэсэн тул иргэд нийт 90 байршил, тэдгээрийн ойр орчмын агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүлээх авах боломжтой болжээ.

Тус компанийн хамт олон агаарын бохирдол хэмжигч энэхүү ухаалаг төхөөрөмжийг үндсэн хоёр зорилгын хүрээнд хандивлаж байгаа юм. Хамгийн түрүүнд иргэд хаана агаарын бохирдол их, бага байна, хэдэн цагийн үед илүү бохирдолтой байгаа зэрэг мэдээллийг хүлээн авч, амны хаалтаа зүүх, цонхоо хаах, хүүхэд, ахмад настнууд гадаа гарах эсэхээ шийдэх боломжтой болно. Нөгөө талаар Засгийн газар, ТББ, эрдэмтэн, судлаачид агаарын чанарын асуудлаар өргөн хүрээнд судалгаа хийхэд зориулсан суурь мэдээллийн дата баазтай болно. Учир нь төрийн байгууллага болон хувийн хэвшлээс суурилуулсан 40 суурин харуулын зарим нь бүрэн ажилладаггүй, газар нутгийн хувьд өргөн хүрээг хамарч чаддаггүй байна.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь цаашид агаарын чанарын олон үзүүлэлттэй төхөөрөмжийнхөө тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд 250-300 ширхэгийг суурилуулахаар зорьж байна. Мөн жил бүр агаарын бохирдол, чанарын асуудал, шийдлийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг нөлөөллийн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-11-07 16:07

Попорч байхаар хөдөө явж модоо тарь. Нутаг орноо эргэ.

Холбоотой мэдээ

Back to top button