“SunRay” Г.Ариунсувд: Миний 16 жилийн хөдөлмөрийн үр шим бол таван минутад хийдэг хөмсөгний шивээс

-ҮСЧИН, ГОО САЙХНЫ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОЛ ЗҮРХ, СЭТГЭЛ-
“SunRay” салоны үүсгэн байгуулагч, МУ-ын мастер гоо засалч Г.Ариунсувдтай ярилцлаа.
-“SunRay” салоныг зориод ирсэн үйлчлүүлэгч эндээс ямар үйлчилгээг авч юуг мэдэрч гардаг вэ?

-Асуулттай холбогдуулаад хэлэхэд хэдхэн хоногийн өмнө Шанхай явж ирээд салондоо хөтөч буюу угтах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тэгэхээр “SunRay”-г зориод ирсэн үйлчлүүлэгчийг манай мэргэжлийн гоо засалч хөтөч найрсагаар хүлээн авч хүссэн мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. “SunRay” үсчин, гоо сайхан, маникюр, арьс арчилгаа, шивээс, батганы эмчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээ, дотрын зөвлөх эмч гэх мэт 50-60 төрлийн үйлчилгээг үзүүлж студийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 30 гаруй ажилтантай. Монгол улсын мастер цолтой хоёр гоо сайханч ажиллаж байгаагийн нэг нь миний бие, нөгөө нь гоо засалч н.Батчимэг юм. Нүүр будалт, үсчин, маникюр, гоо засалчид маань шилдэг мундаг охид залуус ажилладаг. Өсвөр насны батгашилт, арьс гоо заслаар дөрвөн гоо сайхны эмчлэгч эмч ажиллаж байна. Хөмсөг, контур, уруулын шивээсийг миний бие өөрөө хийдэг. Шивээс нэг цаг 30 минут хүлээдэг бөгөөд бид энэ цагийг ашиглан нэгэн гайхалтай үйлчилгээг нэвтрүүлж хөлийн арьс арчилгааны үйлчилгээнийхээ нээлтийг өнөөдөр хийлээ. Тодруулбал, бүсгүйчүүд маань шивээс хийлгэх зуураа хөлийн цэвэрлэгээ, ариутгал, гуужуулалт, массаж гээд цогц үйлчилгээг авдаг боллоо.
-Үсчин гоо сайхны салбарын онцлог нь юу вэ? Тухайн онцлогтоо тохируулан хэрхэн ажиллаж байна вэ?

-Хамгийн том онцлог бол хүний сэтгэл зүйтэй ажиллах ёстой. Харин хэтэвч дэх мөнгөтэй харьцаж эхэлбэл энэ ажлаас үр дүн гарч, амжилтад хүрэхгүй гэдгийг би бардам хэлж чадна. Хүний дотоод ертөнцөд сайн сайхныг бэлэглэхийн тулд амгалан тайван байдалд сэтгэл ханамж дүүрэн үйлчилгээг өгөх ёстой. Тийм ч учраас би салондоо академийн эрх авч боловсон хүчнээ өөрөө сургаж бэлтгэж байна.
-Сонин л юм. Гадаад төрхөө л сайхан байлгах гэж ирсэн хүмүүсийн сэтгэл зүрхтэй нь ажилладаг гэж ярих нь? Магадгүй танай онцлог байх?

-Энэ хүнд хөмсөг хэрэгтэй болохоор зураад будаад явуулчихья харьцаж болохгүй. Нэг жижигхэн үйлчилгээг үзүүлэхэд ч тухайн хүний сонирхол, мэргэжил, сэтгэл санааны байдал бүх зүйл нь хамааралтай байдаг. Би 16 жил мэргэжлийн гоо засалчаар ажиллаж байна. Одоо бол хүний харцнаас хэн бэ гэдгийг таних хэмжээнд хүрсэн. Анхны сэтгэгдэл гэдэг хамгийн чухал хэсэг. Үйлчлүүлэгчийг харцыг уншиж өөрт нь тохирсон үйлчилгээ үзүүлдэг нь манай салоны өвөрмөц арга барил, амжилтын нууц ч байж магадгүй.
-Танай салбарт тулгамдаж буй асуудал юу вэ?
-Энэ төрлийн үй олон болж чанартай, чанаргүй янз бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр сэтгэлтэй байгаач гэж хэлмээр байдаг. Энэ хүн 24 цаг нойргүй ажиллаад хэдэн төгрөг олж ирсэн, магадгүй нэг ээж тэтгэврийн зээлээ авч, эсвэл ээж ааваасаа хэдэн сар гуйж гуйж мөнгө аваад хүссэн үйлчилгээгээ авах гээд ирж байж болно. Монголчуудын амьдралын нөхцөл байдал ийм л байдаг. Тэгэхээр тэр хүнд 100 хувь сэтгэл ханамжийг өгөхийн тулд ажилдаа 100 хувь сэтгэл гаргаж зүрхтэй байж ажиллах нь хамгийн чухал. Энэ бол манай салбарт тулгамдаж байгаа асуудал. Ур чадвар нь байдаг хирнээ зүрх, сэтгэл нь ажилладаггүй. Үсчин гоо сайхны салбарт тулгамдаж буй асуудал бол сэтгэл, зүрх гэж товчхон хэлж болно.
-Жишээ нь...?
-Би бусдыг үгүйсгэх, бусадтай өрсөлдөх туйлын дургүй. Хэн ч байсан өнөөдөр өөрийнхөө арга барил, сурсан мэдсэн хэмжээндээ ажиллаж яваа болохоор миний бизнес хэн нэгнийг үгүйсгэж, өрсөлдөж өдий хүрээгүй. Манайд өөр газраас үйлчилгээ аваад хохирсон хүмүүс ирдэг. Нэг газар очсон чинь ингэчихлээ тэгчихлээ гээд л. Тэгээд шалтгааныг нь асуухаар сэтгэл гаргаагүй нь харагддаг. Жишээ нь, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж аваад хэрэглэтэл арьсанд зохихгүй асуудал үүслээ. Монголд буцааж авдаг газар байна уу? Задалсан юмыг би авахгүй, эзэн мэднэ л гэж хэлдэг. Тийм үү. Зарахдаа инээж өгчихөөд буцаагаад аваад ирэхээр нь та уурлаад сууж байх нь шударга уу? Манай онцлог бол манай бүтээгдэхүүн танд тохирохгүй байвал буцаалт хийгээд мөнгөө аваарай гэдэг. Ийм л зарчмаар ажиллах хэрэгтэй.
-Танай дээр ийм тохиолдол бараг гарахгүй байх? Яагаад гэвэл сэтгэл нь, мэдлэг нь байгаа учраас?

-Тийм учраас бид ингэж бардам хэлдэг. Таарахгүй тохирохгүй бол та буцааж болох учраас санаа амар хэрэглээд үз гэж хэлдэг. Энэ үгний цаана бидний олон жилийн судалгаа, туршлага, ур чадвар бий. Хоёрын хооронд юм хийхгүй л гэсэн үг. Нөгөө талаас ганцхан манайх мундаг байх гээд байгаа юм биш, бүгд л ингэж ажиллах хэмжээнд хүрээсэй.
-ҮСЧИН, ГОО САЙХНЫ ИХ СУРГУУЛЬТАЙ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ-
-Та гадаадын олон орноор аялдаг. Тэр бүртээ шинийг сурч ирдэг байх?
-Жилдээ 3-4 удаа гадаадын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж байгаа салонуудтай танилцаж, өөрсдийнхөө үйл ажиллагааг танилцуулж туршлага солилцдог. Энэ нь манай стандарт, технологийг байнга дээшлүүлж байдаг. Нөгөөтэйгүүр салоны маань өнөөдрийн энэ түвшин бол миний багын мөрөөдөл. Саяхан 15 жилийн өмнө надаас үйлчилгээ авч байсан эгч Сэлэнгээс ирлээ. Тэр хүн Ариунаа, чи 15 жилийн өмнө жаахан охин яг энэ байдлыг бий болгоно гэж ярьж байсан. Чиний бүх зүйл биеллээ олж баяр хүргэе, одоо чиний мөрөөдөл юу вэ гэж асуусан.
-Мөрөөдлөө их эртнээс маш тодоор зуржээ. Одоо чиний мөрөөдөл юу вэ?
-Үсчин гоо сайхны их сургуультай болох. Миний сургуулийг төгссөн мэргэжилтнүүд гадаадын улс оронд ажилладаг байгаасай. Монголчууд Солонгост хар ажил хийх гэж биш дэлхийд ур чадвараа танилцуулах гэж яваасай гэж боддог. Одоо бол ийм мөрөөдөлтэй.
-Та бас гадаадын улс орнуудаар явж шивээсээ хийдэг. Монгол бүсгүйн өөрөө гаргасан энэ технологи дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар бахархдаг шүү?

-Ази, Европын олон орноор явж шивээсний соёлтой танилцсаар ирсэн. Миний хөмсөг шивээсний технологийг монголчлох ухаан гэж хэлж болно. Олон орны арьс гоо засалд хэрэглэгдэж байгаа технологийн шилдгүүдийг нь сонгон авч монгол үндэстний шашин, соёл иргэншилтэй хослуулж гаргасан технологи юм. Бүх дэлхийн аль ч орны хүнд хийж болох анатомийн зохилдлогот хэмжээсийг би өөрөө гаргасан. Тэгэхээр энэ бол монгол технологи. Дэлхийн зах зээл дээр аль ч оронд миний хийж байгаа шиг шивээс байдаггүй гэж ойлгож болно. ОХУ, БНХАУ, Солонгос, Швейцарь, Итали, Испани, Франц, Энэтхэг, Филиппин гээд олон үндэстэнд хөмсөг шивсэн. Үндэстэн бүрийн нүүр царайны төрх, арьс, тэр ч бүү хэл инээх, ярих хэлэмж нь хүртэл өөр өөр байдаг. Уламжлал, шинэчлэл, дэвшилтэт технологийг судлахын тулд хүн эхлээд өөрийгөө таних хөгжүүлэх хэрэгтэй. Би нэг цаг минутыг ч гэсэн өөртөө хэрэгтэй өнгөрөөхийг хичээдэг. Магадгүй энэ шивээс дэлхийн зах зээл дээр богино хугацааны дараа илүү сайн танигдаж гарч ирэх байх.
-БИ КОНТУРЫГ 40 СЕКУНД, ХӨМСӨГИЙГ 5 МИНУТ, УРУУЛЫГ 5-10 МИНУТАД ШИВДЭГ-
-3-5 минутад ямар ч хэмжээс тавьж зурахгүйгээр тухайн хүнд яв цав тохирсон хөмсөг шивж байгаа нь магадгүй монголын нэгэн бахархал байж болохоор санагдлаа?
-Би энэ дижитал кристаль шивээсээ бүтэн зургаан жил хөдөлмөрлөж байж гаргаж ирсэн. Технологио маш ихээр нандигнадаг. Миний 16 жилийн хөдөлмөрийн үр шим өнөөдөр таван минутад гарч байна. Хүмүүс зурахгүй, шугам хэмжээс тавихгүйгээр яаж вэ гэж асуудаг. Энд нэг нөлөөлсөн хүчин зүйлийг хэлье. Монгол зураачид нас барсан хүний хөргийг зурахдаа хэмжээс зурж бүтээдэг. Учир нь хүн амьсгал хураахад бүх хос эрхтэн тэгширдэг учраас хэмжээсээр бодит дүрийг гаргаж ирдэг. Тэгэхээр би үүнийг мэдсээр хүний нүүрэн дээр шугам тавьж зурж болохгүй. Энэ бол монгол хүний шашин шүтлэг, соёл иргэншил, зан заншилтай нягт уялдан гаргаж ирсэн брэнд минь юм.
-Таны шивээсний бусад үйлчилгээг асуулгүй өнгөрч болохгүй байх?

- Би контурыг 40 секунд, хөмсөгийг 5 минут, уруул 5-10 минут шивдэг. Цус гарахгүй, өвдөлт өгөхгүй, тав тогтохгүй, эндээс гараад шууд ажилдаа явж болно. Ямар нэг эрсдэл хэнд ч учруулахгүйн тулд шивээсээ төгс хэмжээнд хийж ирсэн. Мэдээж дээрээс нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чухал. Арьсыг цоолж будаг нэвтрүүлж байгаа учраас дээд зэргийн чанартай цогц үйлчилгээ юм.
-Салоны үйлчлүүлэгч хамгийн ихээр зорьж ирдэг хэсэг нь аль вэ?

-Ер нь бол дөрвөн давхарт өсвөр насны арьс арчилгаа батганы эмчилгээ, шивээсний хэсэг хамгийн их ачаалалтай байдаг.
-Мөн үйлчилгээндээ олон төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлж байна?

-Хүний арьс, хумс, үс бүх зүйл дотоод эрхтний үйл ажиллагаанаас шууд хамааралтай учраас цогц үйлчилгээ өгөх нь хамгийн зөв шийдэл юм. Тэр ч утгаараа бас л олон жил олон газраар явж судалсны эцэст Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамтран ажиллахаар сонгосон. Хүн байгалийн харилцаа, энергийн солилцоог бий болгож тан гэдэг зүйлийн дэлхийд ганцхан хүлээн зөвшөөрөгдсөн нь Сибирийн бүтээгдэхүүн. Эдний бүтээгдэхүүн дээр судалгаа хийж хосолсон эмчилгээний технологийг өөрсдөө гаргасан нь маш үр дүнтэй явж байна. Мөн 57 төрлийн эрдэс минериал агуулсан “Terramin” –ыг АНУ-аас оруулж ирдэг. Байгалийн цэвэр органик шавран бүтээгдэхүүн болох “Terramin”-ыг манай үйлчлүүлэгч нар сайн хэрэглэдэг. Гоо сайхны бүтээгдхүүний хувьд бас л дэлхийд танигдсан хэрнээ монгол ахуйд тохирох бүтээгдхүүнийг сонгож хэрэглэдэг.
Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.