Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлүүд: Пап Францисаар дамжуулан Монгол хэрхэн сурталчлагдав

Ватикан улсын тэргүүн, Пап лам Францис Монгол Улсад айлчилсан нь урьд өмнө байгаагүй хэмжээний анхаарал манай оронд төвлөрсөн гэж хэлэхэд болно. Францистай хамт гаднын 23 орны 56 хэвлэлийн 150 сэтгүүлч ирсэн. Түүнтэй хамт Монголд ирээгүй ч гэсэн айлчлалын тухай мэдээлж буй дэлхийн олон хэвлэлүүд байгаа нь мэдээж.

Тэгвэл олон улсад танигдсан, дэлхийн томоохон хэвлэлүүд Пап ламын Монгол дахь айлчлалыг ямар агуулгатай мэдээлснийг орчуулж хүргэе.

“Reuters” агентлаг

“Reuters” агентлаг БНХАУ болон ОХУ дээр анхаарлаа хандуулан мэдээлжээ.

Ромын Пап Францис бямба гарагт (2023.09.02) мэдэгдэл хийхдээ айлчилж буй улсдаа хандсан бус БНХАУ-руу төвлөрсөн мэт Католик сүм улс төрийн ашиг сонирхолгүй тул засгийн газрууд биднээс айх шаардлагагүй гэв.

Түүний мэдэгдлийг сонсож буй хүмүүсийн дунд Хонконгийн тэргүүн хамба Стивен Чоу байсан юм. Энэ сард түүнийг Пап лам кардиналын зэрэгт томилно. Чоу сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ Хонконг дахь сүм БНХАУ-ыг Ватикантай холбох гүүр болно гэж найдаж байна гэсэн байна.

Тэрбээр нэмж хэлэхдээ Ромын пап ийм бага католик шашин шүтдэг хүнтэй улсад ирж байгаа нь сүм зах хүрээгээ тэлж, зөвхөн Ромын сүм биш гэдгээ харуулж байгаа хэрэг хэмээжээ.

Францис Италийн кардинал Маттео Зуппиг Киев, Вашингтон болон Москва рүү элчээр илгээх болсон байна. Тэдгээр хотуудад очоод Украины дайныг зогсоох арга зам, хүмүүнлэгийн үйлд туслах талаар ярилцах юм. Зуппи тун удахгүй Бээжин зүглэнэ.

“Time” сэтгүүл

“Time” сэтгүүл Украины дайн, БНХАУ-тай үүсээд буй Ватиканы асуудлыг мэдээлснээс гадна Улаанбаатар хотын захад ахмадуудыг асрах газар ажиллуулдаг дөрвөн эмэгтэй номлогчийг онцолжээ.

“Charity sisters” байгууллагын дөрвөн номлогч Улаанбаатар хотын захад 30 хүний ортой ахмадуудын асрамжийн газар ажиллуулдаг. Тэд бол Руанда улсын Жанна Франсуа, Өмнөд Солонгосын Чанми, Словакийн Виера, Энэтхэгийн Судер нар юм. Тэнд сэтгэцийн болон бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй, орон гэргүй, харьяаны бичиг баримтгүй, гэр бүлийнхэн нь орхисон өндөр настнуудыг асардаг байна.

Жанна Франсуа Францис Монголд ирж байгаа нь нэр төрийн хэрэг гэж хэлэв. Тэрбээр Ромд амьдарч байхдаа түүнтэй нэг удаа уулзаж байсан ч Монгол таарсан шиг ойроос харж байгаагүй гэсэн юм.

“America Magazine” сайт

“America Magazine” БНХАУ-ын эрх баригчид Хятад номлогч нарыг Монгол руу явахыг хориглосон талаар мэдээлжээ.

БНХАУ болон ОХУ-ын дунд хавчигдсан Монгол Улс руу Католик сүмийн тэргүүн, Пап лам Францис айлчилж буй. Тэгвэл эх газрын Хятадад харьяалалтай ямар ч номлогчийг түүний айлчлалын үеэр Монгол руу зорчихыг БНХАУ-ын эрх баригчид зөвшөөрөөгүй байна.

БНХАУ Пап ламыг тээвэрлэж буй онгоцыг улсынх нь агаарын бүсийг ашиглахыг зөвшөөрсөн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНХАУ-ын албаны хүмүүс Францисын айлчлалын үеэр эх газрын Хятадаас Монгол руу католик номлогч нар явахыг хориглосон аж. Монгол руу явахыг хориглосон тушаалыг Хятадын Коммунист намын Нэгдсэн фронтын ажлын хэлтсээс гаргажээ.

Гэсэн хэдий ч Хонконг, Макаогийн гурван хамба Монголд ирсэн байна. Тэднээс гадна Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Казахстан, Киргизстан гэх мэт улсаас хамба лам нар хүрэлцэн ирсэн аж.

Эх сурвалж: Reuters, Time, America Magazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button