Нийгмийн

Ц.Номин: Би Солонгоос тэс өөр, эрч хүчтэй, эршүүд, дайчин эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг

Үзэгчдийг байлдан дагуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй “37-р точка” олон ангит киноны талаар хүмүүс ихэд сонирхдог. “Зүрхний хилэн”, “Маш нууц”, “Байтаг богд” зэрэг бүтээлээрээ олны талархлыг хүлээсан  “Фантастик” продакшны хамт олны хийсэн тус кинонд Солонгын дүрийг бүтээсэн залуу жүжигчин Ц.Номинтой ярилцлаа.

ДҮРИЙН ШАЛГАРУУЛАЛТ ОХИНЫ МИНЬ ТӨРСӨН ӨДӨРТЭЙ ДАВХЦААД ОЧИЖ ЧАДААГҮЙ

-37-р точка” киноны уран бүтээлчдийн бүтээсэн цөөнгүй дүр олны талархлыг хүлээн, сайшаагдаж буйн нэг нь Солонго. Үзэгчдийг байлдан дагуулж буй эл кинонд хэрхэн тоглох болов. Та шалгаруулалтад нь оролцоод тэнцсэн юм уу, эсвэл “Фантастик”-ийнхан танд санал тавьсан юм уу?

-Ерөнхийдөө аль аль нь. Тухайн үед би СУИС-ийн IV дамжаанд сурч байлаа. “37-р точка” киноны проб зарлахад нь шалгуулахаар төлөвлөж байсан ч охины минь төрсөн өдөртэй давхцаад очиж чадаагүй. Хэд хоногийн дараа шалгаруулалтынх нь хариу гарахад СУИС-ийн цөөнгүй оюутан тэнцсэн байв. Өө, уг нь надад боломж байж дээ гээд зөндөө харамссан. Тэгж байтал хэд хоногийн дараа “Фантастик” продакшнаас надтай утсаар холбогдоод “Пробонд орох боломж байна уу” гэсэн. Дуртайяа зөвшөөрөлгүй яах вэ. Тэгээд шууд очиж шалгуулаад тэнцсэн.  Ер нь манайхан залуу жүжигчдээ дэмжих, боломж олгох зорилгоор надтай холбогдсон юм билээ. Үнэхээр их баярласан. Өөрийгөө нээх, бусдад танигдах, авьяас, ур чадвараа хөгжүүлэх том боломж шүү дээ. Хэсэг хугацааны дараа л ямар том ачаа нуруундаа үүрснээ, ямар их хариуцлага хүлээж буйгаа мэдэрсэн. Би чадах болов уу, энэ олон хүний ажил, хөдөлмөрийг цалгардуулах вий гэж санаа зовсон. Өмнө нь бол Солонгын дүрд тоглохоор боллоо гээд бөөн баяр л явсан шүү дээ. Тэгэхэд ёстой сүрдсэн, айсан шүү. Ямар ч байсан би чадах ёстой, бусдынхаа төлөө хичээх ёстой гээд л зүтгэлээ.

-Өөрийгөө голж, шантармаар үе байсан уу. Тийм үед юунаас улам их хичээх эрч хүч авав?

https://www.youtube.com/watch?v=7tD9OiOIIdk

-Кино группийнхэн, арын албаныхнаасаа. Энэ киног чанартай хийхийн төлөө, жүжигчид бидний төлөө нойр, хоолоо умартан зүтгэж байгааг нь хүндлэхгүй байх аргагүй. Тиймээс алгуурлах, хойшоо суух, шантрах эрх надад байгаагүй. Мэдээж туршлага дутаад өөрийгөө голох үе олон байсаан, юуг нь нуух вэ. Найруулагч Тамираа (Б.Тамир) ах зураг авалтын үеэр “Болж байна, бүтэж байна. Мундаг байна” гэж хэлдэг. “Болчихлоо” гэж огт хэлдэггүй. Би сайн, муу байснаа мэдэхгүй харанхуй л яваад байв. Киноны зураг авалт дууссаны дараа бүх уран бүтээлчид цугларсан юм. Тэр үеэр найруулагч “За, ингээд бүх зураг авалт дууслаа. Мундаг байсан шүү, ахын дүү. баяр хүргэе” гэхэд нуруун дээрээс том чулуу аваад хаячих шиг л болсон. Ёстой гүнзгий амьсгаа авдаг юм билээ. Тэр хүртэл санаа зовоод явсан байхгүй юу. Тийм гоё мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ, ДИПЛОМЫН АЖИЛТАЙ ДАВХЦААД ЧАМГҮЙ САНДАРСАН

-37-р точка”-гийн зураг авалт найман сар шахам хугацаанд хийгдсэн юм билээ. Хичээлийнхээ хажуугаар кинонд тоглоход амаргүй байсан болов уу?

-Ёстой амаргүй юм билээ. Киноны зураг авалт, дипломын жүжиг, диплом хамгаалах давхцаад их сандарсан. Тэр бүхэн надад том шалгуур боллоо.

-Тэр бүхэнд гэр бүлийнхэн нь их туслаж, дэмжсэн байх. Ихэвчлэн юу гэж захиж, зөвлөж байв?

-Би дээхнэ үед амьдарч үзээгүй, тухайн үед ямар байсныг мэдэхгүй. Тийм болохоор их сайн судлах хэрэгтэй байлаа. Тухайн үед хүмүүс ямар загварын хувцас өмсдөг, юу гэж хэлдэг, ямар зан, ааш гаргадаг байсан гээд судлах зүйл их байсан л даа. Тэдгээрийг гэр бүлийнхнээсээ асуусан. Мэдээж иймэрхүү кинонд тоглож байгаа гээд ерөнхийд нь хэлсэн. “37-р точка”-гийн нээлтэнд манай гэрийнхэн оролцож, үзсэнийхээ дараа “Ямар гоё кино вэ, миний охин ямар том уран бүтээлд оролцсон юм бэ. Охиноороо бахархаж байна” гээд үнэхээр баярласан. Түүнд нь их урамшлаа.

СОЛОНГО НАДААС ТЭС ӨӨР ДҮР

-Солонгын дүр Ц.Номинтой юугаараа адил бас өөр вэ?

-Ер нь надаас тэс өөр дүр. Ер нь “37-р точка” киноны эмэгтэй дүрүүдээс хамгийн ньюанслаг нь. Анх зохиолоо уншаад “За, нэлээд эрх, гоншигоносон охины дүр байна даа” гэж бодсон. Би ерөөсөө тийм биш, харин ч эсрэгээрээ эршүүд, хэр баргийн юманд нялцганадаггүй. Багадаа эрэгтэй хүүхдүүдтэй байрны гадна тоглож өссөн. Охидуудтай төдийлөн нийлдэггүй, машинаар тоглодог хүүхэд байлаа. Сэтгэл хөдлөл багатай, нэлээд шулуун зантай хүн байхгүй юу, би. Гэтэл Солонго сэтгэл хөдлөл ихтэй, цайлган сэтгэлтэй. Элдэв муу санаагүй, гэр бүлээ авч үлдэх гэсэн чин сэтгэлтэй. Үзэгчдийн хайрыг татна, дургүйг нь ч хүргэнэ. Өөрөөсөө тэс өөр зан ааштай хүний дүрийг бүтээх амар байгаагүй ээ. Ер нь үзэгчид Солонгын дүрийг янз бүрээр л хүлээж авч байгаа болов уу. Нэг болохоор эгдүүтэй, заримдаа ядаргаатай санагддаг байх. Би зураг авалтын үеэр зөндөө загнуулсаан. Солонгын дүрийг бүтээснийхээ дараа анзаарах нь ээ “Фантастик”-ийн ах нартаа эрхлэх гээд байдаг болчихсон байна лээ. Юм л бол хошуугаа дэвсээд л, жаахан хатуу үг хэлэхээр нь гомдчих гээд л. Солонгын дүр нөлөөлсөн байх. Одоо тэгэхээ больсоон.

СОЛОНГЫН ЭЭЖ ҮХДЭГ ХЭСЭГ ЖИНХНЭЭСЭЭ БОЛЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН

-Тэгэхээр Солонго танаас тэс өөр дүр байж. Дүр бүтээхэд өөртэйгээ зөрчилдөх үе байв уу?

-Тэгж нэг их айхтар зөрчилдөөгүй ээ. Яагаад Солонго ингэж хэлсэн юм бол, яагаад тийм зүйл болчихов гэж бодох зүйл байлгүй яах вэ. Солонгын ээж үхдэг хэсэгт тоглох надад хамгийн хэцүү байсан. Анх удаа тийм хэсгийн зураг авалтад оролцсон юм. Надад ерөөсөө жинхнээсээ болж байгаа юм шиг санагдсан.

-Ээж нь үхдэг гэснээс Солонго шоронд Ялалтыг эргэж очихдоо эхлээд ээжийнхээ нас барсан тухай хэлдэггүй. Ялалтыг мартахгүй, хайртай гэж байснаа бүр сүүлд хэлдэг. Тэр хэсэгт хүмүүс их талцдаг, цөөнгүй нь шүүмжилдэг.

-Аль хэсэг дээр үзэгчдийг уурлуулж, инээлгэн, хүлээлт үүсгэж, таамаг дэвшүүлүүлэх нь найруулагчийн ур чадвар, тактик. Солонгыг би лав хэзээ ч буруутгахгүй. Гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийг хичээсэндээ л тэгсэн шүү дээ. Ахыгаа авч үлдэх, гэр бүлээ элэг бүтэн байлгах сан гээд арга ядаж яваа нь л тэр.

СОЛОНГО МИНИЙ БҮТЭЭСЭН ХОЁР ДАХЬ ГОЛ ДҮР

-Солонго таны бүтээсэн анхны гол дүр үү?

-Хоёр дахь нь. Өмнө нь “Хайрын клуб” кинонд гол дүр бүтээсэн. “High school”, “One night”, “Манан зүсэгч”, “Хүний цаана” зэрэг кинонд туслах дүрд тоглосон.

-Хүн үргэлж суралцаж, ур чадвараа ахиулсаар байдаг гэдэг. Солонгын дүрд тоглосноор та юу сурч, хэрхэн өсөж хөгжин, өөрийгөө шинээр нээв?

- Түрүүн хэлсэнчлэн би “37-р точка”-д дөрөвдүгээр дамжаанд сурч байхдаа тоглосон. Бүх зүйл шинэ, анхных байлаа. Дүрээ бүтээх, олонтой ажиллахаас авхуулааД олон зүйл дээр туршлага дутсан. СУИС-д сурахдаа эзэмшээгүй олон зүйлийг эл уран бүтээлд тоглоод сурсан. Хүнтэй хэрхэн харилцах, бусдыг яаж хүндлэх, дүрээ хэрхэн бүтээх гэх мэт олон зүйлийг “Фантастик”-ийн ах нараасаа, олон мундаг жүжигчдээс сурсан. Одоо ч тэднээсээ суралцан, үлгэрлэж явна.

ӨӨРИЙНХӨӨ ТОГЛОСОН ХЭСГҮҮДИЙГ ЕР ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ

-Киноныхоо шинэ анги гарах бүрт дахиж үздэг үү?

-Мэдээж үзэж байж алдаа, оноогоо дэнсэлнэ шүү дээ. Ер нь долдугаар анги хүртэл нь үзчихсэн байгаа. Үзэх бүртээ өөр өөр мэдрэмж авч, алдаагаа цэгнэдэг. Өө, тэгчихдэг байж гээд үлдэж буй зүйл их харамсалтай. Хэчнээн мэдсэн ч дахин засах, зураг авалт хийлгэх боломжгүй учраас тэр.  “37-р точка”-г үзэхэд нэг зовлон бий. Би өөрийнхөө тоглосон хэсгүүдийг ер үзэж чаддаггүй юм аа, ичээд. Надаас тэс өөр нэгэн миний хэзээ ч хэлэхгүй үг, хийж байгаагүй үйлдлийг хийхийг нь үзэх их сонин мэдрэмж. Би бүр байж суух газраа олж яддаг шүү дээ. Киноны нээлтэн дээр намайг яасан гэж санана. Миний хэсэг гарангуут сандраад, ичээд, гар утсаа оролдоод л (инээв).

-Та “37-р точка” кино сонирхогчдын групп”-т байдаг юм билээ. Тийшээ тогтмол зочилдог уу?

-Кино гарч эхэлсний дараахан тэр группт орохоос халгадаг, эмзэглэдэг байлаа. Хүмүүсийн шүүмжлэлийг хүндээр хүлээж аваад уйлсан үе нэг бус. Одоо тэгж нэг их ач холбогдол өгч, хямрахаа больсон. Киноны анги бүр өөр утга санаа, агуулга илэрхийлдэг. Бидний илэрхийлэх гэсэн санааг үзэгчид ямар өнцгөөр хүлээж авав гээд ерөнхийд нь анзаардаг. Аяндаа “37-р точка” кино сонирхогчдын групп”-т хүмүүс санал бодлоо илэрхийлдэг. Түүнээс ерөнхийд нь дүгнэдэг. Тэрнээс биш хэн юу гэсэн бол гээд эрч, хайж судалдаггүй. Нийгэмд хүлээлт үүсгэн, тэр нь яагаад ийм, тийм юм бол гээд эргэлзүүлэн, тухайн дүрийн өмнөөс санаа зовуулж байгаа нь бидэнд их урам өгдөг. Бидний уран бүтээл нийгэмд хүрч, үзэгчдийн таашаалд нийцэж байгаагийн илрэл болов уу.

ЭЭЖИЙНХЭЭ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЖ, ҮРГЭЛЖЛЭЛ НЬ БОЛЖ ЯВААГААРАА БАХАРХДАГ

-Жүжигчин болох таны багийн мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгэн танд зөвлөсөн юм уу?

-Би багадаа хөтлөгч, нэвтрүүлэгч, жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Яагаад билээ байз, ямар ч байсан арваннэгдүгээр ангид сурч байхдаа тэгж бодох болсон юм. Жүжигчин хөрвөх боломжтой мэргэжил. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх дөхөөд, элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирэв. Ээж нэг удаа “Миний охин ямар мэргэжил сонгох вэ. Ямар сургуульд орохыг хүсэж байна” гэхэд нь жүжигчин болох хүсэлтэйгээ хэлэв. Тэгэхэд ээж дуртайяа зөвшөөрсөн. Учир нь ээж залуудаа Хөгжим бүжгийн коллеж (өнөөгийн Монгол Улсын консерватор )-д шалгуулаад тэнцсэн юм билээ. Даанч гэрийнх нь томчууд “Урлаг хэцүү. Эрдэм номын мөр хөөсөн нь дээр” гээд халгаагаагүй гэдэг. Тэгээд ээж өөр мэргэжил эзэмшсэн гэнэ лээ. Урлагаар явсан бол гэх битүүхэн харамсал ээжид байдаг юм шиг байгаа юм. Тиймээс ч намайг дуртайяа зөвшөөрсөн байх.

-Тэгэхээр та ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж, үргэлжлэл нь болж яваа юм байна.

-Тийм ээ, ээжийнхээ үргэлж болж яваагаараа бахархдаг. Тэр хэрээр би улам хичээж, уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Ээж надаас илүү баярлаж, гунидаг. Миний охиныг тэгээд биччихэж, ингээд шүүмжилчихэж гээд сэтгэлээр унана. Ямар нэгэн сайхан үйл явдал тохиолдоход надаас илүү баярладаг.

“ФАНТАСТИК” ПРОДАКШНТАЙ ТАВАН ЖИЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

-Одоо ер нь та “Фантастик”-т харьяалагдаж байгаа юу?

-Тийм ээ, “Фантастик” продакшнтай таван жилийн гэрээ байгуулсан. Эрч хүчтэй, шинийг хийх эрмүүн хүсэлтэй, ур чадвартай ах нартайгаа хамт ажиллаж яваадаа бахархдаг. “Фантастик”-ийнхан их зарчимч. Бие биедээ маш хатуу шаардлага тавьдаг. Намайг ер нь эмэгтэй хүн гэж авч хэлэлцдэггүй (инээв). Эмзэглэчихнэ, гомдчихно гэж ер боддоггүй. Тэр нь надад ажиллахад амар байдаг юм. Ажил бол ажил л байх ёстой.

-СУИС-д сурч байхдаа “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байсан бил үү?

Тийм ээ. Би тайз, дэлгэцийн аль алинд нь дуртай. “Мөрөөдлийн театр”-т ажиллаж байхад ямар сайхан байсан гэж санана. Үзэгчдийн халуун алга ташилт улам хичээх урам өгдөг. Шантарч, ядарч байснаа ор тас мартдаг юм билээ. СУИС төгссөнийхөө дараа “Мөрөөдлийн театр”-т үргэлжлүүлэх ажиллах сонирхол надад байсан.

-“Фантастик”, “Мөрөөдлийн театр”-ын алиныг нь сонгох вэ гэж хэр эргэлзэв?

-Тэгж ёстой эргэлзээгүй. Шууд “Фантастик”-ийг сонгосон. Шийдвэр гаргахад хэцүү юм ер байгаагүй. “Фантастик”-ийн мундаг ах нартай хамтарч ажиллаж үзэх юм сан гэх хүсэл байсаан. Тэр минь биелсэн болохоор дуртайяа зөвшөөрсөн.

-Нэг үеийн залуус нэгдэн, Монголын кино урлагт түүчээ болж яваагаар нь олон хүн бахархдаг юм билээ. Ах нараасаа юуг нь үлгэрлэж явдаг вэ?

-Ерөөсөө би “Фантастик”-ийн ах нараасаа алхам тутамдаа суралцдаг. Тэд маань хамт ажиллахад үнэхээр түшиг тулгууртай, нөмөр нөөлөгтэй. Заримдаа надад бүгд миний төрсөн ах юм шиг санагддаг. Тийм л эрхэм хүмүүс. Ийм сайхан хамт олны дунд багтан ажиллаж, хөдөлмөрлөж яваа би азтай хүн. Би ер нь бусдын итгэлийг алдахгүй, ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ хийн, хазгай гишгэчихгүй явахыг хичээдэг. Баримталдаг гол зарчмууд маань. “37-р точка” хэмээх ийм том уран бүтээлд тоглуулж, надад итгэн, намайг “Фантастик” хэмээх энэ сайхан халуун ам бүлийн нэгэн гишүүнээр багтаасан ах нартаа маш их баярлаж явдаг.

ОДООХОНДОО КИНОНД ТОГЛОХООС ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

-Кинонд тоглуулах санал танд хэр их ирж байна вэ?

-Өө, зөндөө ирдэг. Уг нь тоглох эрх нээлттэй. Гэхдээ би одоохондоо кинонд тоглох гэж яарахаас илүү өөрийгөө хөгжүүлэхийг чухалчилж байна.

-Тийм дүрд тоглох сон, ийм дүр бүтээх сэн гээд онцолж явдаг нь бий юү?

-Одоо ер нь хүмүүс намайг жаахан Солонгоор мэддэг боллоо. Айлын эрх охиноор ерөнхийд нь харчихлаа. Үгүй шүү, тийм биш шүү (инээв). Солонгоос тэс өөр зан араншинтай дүр бүтээхийг хүсэж байна. Яг өөр шигээ эрч хүчтэй, дайчин.

ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛОХ БИТҮҮХЭН МӨРӨӨДӨЛ БИЙ

-Жүжигчдийн хэмжүүр, хэн бэ гэдгийг нь сорьдог байгууллага бол театр. Танд ер нь театртай амьдралаа холбох бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Мэдээж би театрын жүжигчин болохын тулд бүх талаар өөрийгөө хөгжүүлж, мэргэжлийн түвшинд хүрэх ёстой. Гэхдээ амьдралд юу тохиолдохыг урьдчилан таах аргагүй. “Фантастик”-тай хийсэн гэрээ дууссаны дараа сунгах ч юм бил үү. Ер нь урьдчилан хэлж мэдэхгүй шүү дээ.

-Эмэгтэй жүжигчин бүхэн Жульетагийн дүрийг бүтээхийг хүсдэг. Танд тийм хүсэл бий юү?

-Жульетагаас илүү “Шадар гурван цэрэг” жүжгийн Миледигийн дүрийг бүтээхийг хүсдэг. СУИС-ийн гуравдугаар дамжаанд сурч байхдаа Миледигийн дүр дээр ажиллаж байлаа. Үнэхээр гоё дүр. Ер нь би эмэгтэй хүний дайчин, зоригтой, шулуун шударга, эрчүүдээс дутахгүй гэдгийг нь харуулсан дүр бүтээхийг хүсдэг.

БИ ҮРГЭЛЖ ЯМАР НЭГ ЮМ ХИЙН, ХӨДӨЛМӨРЛӨХ ДУРТАЙ

-Боксын болон тулааны бэлтгэл хийдэг юм билээ. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөгөө талаар дайчин эмэгтэйн дүрийг бүтээхдээ бэлтгэж байгаа хэрэг үү?

-Нэг талаараа тийм. Нөгөө талаараа би зүгээр сууж чаддаггүй. Үргэлж ямар нэг юм хийн, хөдөлмөрлөж байж л эрч хүчтэй амьдардаг. Хөдөлмөрлөж, хичээх тусам амьдралын сайхныг улам мэдэрдэг. СУИС-д хоёрдугаар дамжаанд тулааны урлагийн хичээл ордог. Тэр үеэс бокс, тулааны спортод дурласан. Сургуулиа төгсөн, “37-р точка”-ын зураг авалт дуусаад одоо л яг сайхан завтай болж байна. Бэлтгэлээ тогтмол хийж байгаа.

БИ ЕР НЬ УЙТГАРТАЙ, ДОТОГШОО ХҮН

-Ер нь та өөрийгөө улиралтай зүйрлэвэл алинтай нь илүү төстэй бол?

-Инээв. За, ёстой энэ талаар бодож байгаагүй юм байна. Би ер нь уйтгартай, дүнсгэр, дотогшоо хүн. Намрын улирал тийм юм шиг санагддаг. Намуухан, чимээгүй, налгар улирал шүү дээ. Тэгэхээр би намартай төстэй байх. Би нээрэн хар ирвэсэнд дуртай. Ёстой гоё эрэлхэг, хурдан, шаламгай, классик, зэвүүн амьтан шүү дээ. Ирвэс шиг байхыг, түүн шиг амьдрахыг хүсдэг ч байж магадгүй.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-11 08:36

Нүдэнд дулаахан, хэнд ч эерэг сэтгэл төрүүлмээр нэг тийм үгээр илэрхийлэхэд төвөгтэй дэндүү сайхан охин юм аа. Сайн сайхан бүгдийг хүсье.

зочин
зочин
2019-11-11 17:05
Reply to  Зочин

харах царайны ирлийз яг филипин царайлсан эцэг нь филипин эх нь монгол

монгол бүсгүй
монгол бүсгүй
2019-11-11 18:34
Reply to  зочин

Ээ бурхан минь энэ одоо жүжигчин үү за даа говийн зэрэглээгийн Номин шиг дүр бүтээчихээд ярилцлага өг дөө нэг л их юу ч гэхэв дээ бас тэгээд эршүүд зоримог монгол эмэгтэйн дүр гэнэ үү

Зочин
Зочин
2019-11-12 07:38

bi door bichsen hun dahiad bichij baina. cham shig iim doromjilson, haritsuulsan setgegdel unshihaar suuj chadagui yum. hunii urmiig hugalahgui baij boldoggui yum uu? ene hoorhon ohin kinond togloloo. yariltslaga ogloo. uzel bodloo huvaaltslaa. Ingeh erhgui hun gej l chi heleh geed baih shig?

Зочин
Зочин
2019-11-12 07:35

chi ehleed buteegeed yariltslaga ogchihood end bichne uu

балай
балай
2019-11-11 19:05

б�##�ай дүр. та�##�агдаагүй

Холбоотой мэдээ

Back to top button