"Ондилт ШУТИС Шарк" цувралын харьцааг 2:2 болгож тэнцүүллээ
МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эмэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Эрхэт Тэгри Шагай болон Ондилт Шутис Шаркс багуудын цуврал тав дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо.
Тус тоглолтод ялалт байгуулсан баг нь шигшээ тоглолтод шалгарахаас гадна Үндэсний Дээд Лигийн тав болон зургаадугаар байраар шалгарсан багуудтай Play-in тоглолт хийх эрхээ авах юм. Эрхэт Тэгри Шагай багийн хувьд М Хөгжлийн Лигийн эмэгтэй хүснэгтийг тэргүүлсэн бөгөөд дөрөвдүгээр байраар шалгарсан Ондилт Шутис Шаркс багтай эхний шатанд таарч тоглож байгаа юм.
Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт эхнээсээ маш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан хэдий ч тоглолтын дөрөвдүгээр үед "Эрхэт Тэгри Шагай" багийн ахлагч Д.Үүрийнтуяа 11 оноог авч багтаа онооны тэргүүллийг авчирснаар "Эрхэт Тэгри Шагай" баг гурав дахь тоглолтонд хожил байгуулсан билээ. Цувралын дөрөв дэх тоглолт Ондилт Шутис Шаркс багийн хувьд заавал хожих ёстой тоглолт байсан бөгөөд тоглолтын эхнээс хэмнэлийг удирдан онооны давуу байдлаа хадгалан явсаар ялалт байгуулсан юм.
Тус тоглолтонд Ондилт Шутис Шаркс багийн довтлогч Б.Мичид 13 оноо 20 самбар авч хувийн статистикаар багаа тэргүүлжээ.
Хоёр багийн цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт 2024 оны нэгдүгээр сарын 6-нд 09:00 цагаас Спортын Төв Ордонд явагдах ба хожсон баг нь дараагийн шатанд шалгарахаас гадна Play-in-д тоглох эрхээ авах чухал тоглолт болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.