Тойм, анализ

10 тэрбумд хүрч арилжигдах АН, МАН-ын жагсаалтын үнэ цэн

ТайлбарӨгүүлбэр дундах цэнхэр тодотголуудад уг агуулгаарх өмнөх линк байршив.

Өмнөх кэйсээ сөхье.

Монгол Улс 2012 онд анхны холимог төрөлт сонгууль зохион байгуулсан. Эдүгээ 2024 оны УИХ-ын сонгууль хоёр дахь удаагийн холимог хэлбэрийн сонгууль юм.

2012 онд манай улсын хүн ам 2.8 сая байснаас сонгуулийн насны 1.8 сая иргэн бүртгэгдэж, 1.2 сая сонгогчдын саналаар дүн баталгаажиж байв. 12 жилийн өмнөх эл сонгуульд нийт 11 нам, хоёр эвсэл оролцож, 544 нэр дэвшигч 48 суудлын төлөө өрсөлдсөн. Харин жагсаалтаар 28 гишүүн парламентад суусан түүхтэй.

Улс төрийн намууд нийт 28 хүнийг дэслэн жагсааж, саналын хувьдаа дүйцүүлэн, нийт 4 намаас 2-10 гишүүн жагсаалтаар сонгогдож байв.

Тайлбар: 2012 онд намуудын жагсаалтаар гишүүн бологсдын нэрс

Дээрхээс харахад,

2012 онд, АН-аас Н.Алтанхуяг, МАН-аас С.Батболд, ИЗНН-ээс С.Оюун нар жагсаалтаа намын даргын хувиар тэргүүлж байжээ.

Сонгуульд С.Батболдын удирдсан МАН ялагдсан ч тэр жагсаалтын эхэнд өөрийнхөө нэрийг тавьсан тул дараачийн парламентад суусан байна. Харин хоёрдугаар дэслэлд АН-аас З.Энхболд, МАН-аас У.Хүрэлсүх зэргээрх томчуудаа жагсаажээ.

Сонирхуулахад, У.Хүрэлсүх 2012 онд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон ч дөрвөн сарын дараа өөрийн хүсэлтээр түдгэлзэж, МАН-ын дэслэлийн аравдугаарт бичигдсэн Д.Сарангэрэл парламентад орж байв. Яг Д.Сарангэрэлийн ард 2012 оны МАН-ын жагсаалтын дэсэд өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бичигдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл,

Л.Оюун-Эрдэнэ 2012 оны сонгуулиар хамрынхаа урдуур улаан шугам татуулж, гишүүн болох боломжоо алдаж байжээ. Харин тэр эдүгээ 2024 оны сонгуульд МАН-ын сонгуулийн дэслэлийн хувь заяаг атгаж байна.

Түүнтэй хоршиж, АН-аас Л.Гантөмөр, ХҮН-аас Т.Доржханд нар намынхаа жагсаалтын дэслэлийг гаргах нь ээ. Ерөөс мандат хуваарилалт, жагсаалтын дэсэд Л.Оюун-Эрдэнэд У.Хүрэлсүх, Л.Гантөмөрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэсэн тоглогчид хамгийн өндөр нөлөөг үзүүлэх чигтэй буй. Энэ талаар бид өмнө нь таамаглал бичсэн.

2012 оны сонгуульд 28 гишүүн жагсаалтаар парламент руу орсон бол 2024 оны сонгуулиар 48 гишүүн болж, 20-оор нэмэгдсэн. Урьчилсан таамгаар, АН, МАН тус 20 суудал, бусад жижиг намуудад 8 суудал авах боломжтой гэгдэж буй.

Үүний утга нь,

Хэдий улс төрийн намууд 48 гишүүнээ жагсаалтад багтаах ч АН, МАН-ын тухайд эхний 20 дотор багтсан хүмүүсийг л тэнгэр ивээх боломжтой гэсэн үг. Тэгэхээр АН, МАН-ын жагсаалтын дэсийн эхний 15 руу орох, 20 дотор багтах гэдэг горилогчдын хамгийн чухал хүсэл нь юм.

Сонгуулийн уур амьсгал, нюанс ямар байхаас шалтгаалж, 48 жагсаалтад нам бүрд харилцан адилгүй гишүүдийн тоо ногдох нь тодорхой. Гэхдээ энд тодорхой байгаа нюанс нь намынхаа жагсаалтын 25-аас хойш жагссан хоёр том намын гишүүд бол зүгээр л жагсах юм. Тэдэнд УИХ-ыын гишүүн болох магадлал үндсэндээ байхгүй гэсэн үг ээ.

Тэгэхээр жагсаалтад жин дарах голлох агуулга, нюансуудыг ингэж харж болж байна.

Нэг. Жагсаалт эмэгтэйчүүдэд нэн ээлтэй байна

Намууд 78 нэр дэвшигч, 48 жагсаалтын эрэмбэ гаргана. Үүний 30 хувь буюу нийт 126 хүний 38 нь эмэгтэй байх хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Жагсаалтын эрэмбийг 1:1 харьцаагаар эрэгтэй, эмэгтэй дүрээ сөөлжүүлж, 48 хүний 24 нь эмэгтэй байлгана. Уг дэслэлээр АН жагсаалтаар 20 суудал авлаа гэхэд, үүний 10 нь эмэгтэй байх юм.

Харин жагсаалтад багтаагүй 38-20 буюу 14 эмэгтэй нэр дэвшигч тойрогт мандат авч өрсөлдөнө гэсэн үг.Тойрогт өрсөлдөх эмэгтэйчүүд ерөнхийдөө хүндхэн зам туулах бол жагсаалтын 20 дотор сөөлжиж байрласан эмэгтэй бүр гишүүн болох магадлал АН, МАН-д буйг онцлууштай.

Энэ тооцооллоор ирэх 126 гишүүн бүхий парламентад 20 ба түүнээс дээш эмэгтэй гишүүд ажиллахаар харагдаж байна.

Хоёр. Намын дарга нар жагсаалтын асуудлаарх амлалт

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмч, багш нарын төлөөллийг багтаана" гэж амласан. Энэ дагуух дүрүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжиж, эхний тав руу жагсаах үүрэг түүнд ногдчихоод байна.

Харин АН-ын дарга Л.Гантөмөрийн тухайд мөн л казак иргэдийн төлөөлөл, багш зэргээр онцгойлж, жагсаалтын өмнө дэслэл өгнө гэдгээ амласан гэгдэж байна.

Тэгэхээр жагсаалтын эхний байрууд үндсэндээ нийгмийн төлөөлөл байхаар өнгө аяс харагдаж буй.

Гурав. Намын дарга, генсек нар жагсаалд багтах уу, тойрогт өрсөлдөх үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байдаг, нам дотроо. Гэвч энэ нь томсгосон тойрог тохирохоос өмнө юм. Тэр томсгосон тойргийг АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарын парламентад суудалтай намуудаар дэмжүүлэхдээ тэдэнд хамт жагсаалтад орох амлалт өгсөн ч гэгдэж буй. Гэвчиг баталгаатай бус.

Харин АН-ынхан шинэхэн генсек Э.Одбаярын хувьд нам дотроо ч хүлээн зөвшөөрөгдөж амжилгүй, сонгуульд оролцохоор байгаа тул үндсэндээ жагсаалтад багтах нь тодорхой. МАН-ын генсек Д.Амарбаясгалан өрсөлдвөл 10 мандат бүхий баруун аймгийн тойрогт өрсөлдөх юм.

Гэхдээ АН-ын дарга ч, МАН-ын дарга ч сонгуулийн үр дүнгээс үл хамаарч, 2012 оных шиг удирдлагын хувиар жагсаалтад багтах хувилбар өнөө цагт баахан зохимжгүй харагдахаар. Нам нь ялагдчихаад байхад С.Батболд жагсаалтаар гишүүн болж байсан 12 жилийн өмнөх түүхийг Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар давтахыг хүсэх үү гэх асуулт эндээс үүснэ.

Дөрөв. 10 тэрбум дотор яригдах жагсаалтын үнэ

2016 оны сонгуулийг холимог хэлбэрээр явуулахын өмнөхөн нь З.Энхболд гэнэт хууль өөрчилж байв. Үүний гол зорилго нь, шинээр эрчээ авч, нэр хүнд сайтай байсан ХҮН-ын жагсаалтад эзлэх жин байлаа. ХҮН-ынхан ч хагарч, Т.Доржхандыг жагсаалтын 3-р байрыг дэслэлийг 5 тэрбумаар зарахаар наймаалцахыг завдсан гэдгийг дотроосоо мэдээлж байв.

Энэ бол ганц ХҮН-д бус, АН, МАН-д ч 2016 онд яригдахаар байсан үнэ юм. Эдүгээ эл хувилбар хөшигний ард яригдсаар байна. Ялангуяа АН-ын хувьд жагсаалтын 10 доторх хоёр ч дэслэлээ зарна гэгдэж буй. Мэдээж эл тоглолтод, томоохон банкны эзэд, групп компанийнхан хүнээ чихэх гэж үзнэ.

Тухайлбал,

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Голомтын Д.Баясгалан, "Таван богд"-оос Ц.Баатарсайхан, АПУ-гийн Т.Батсайхан зэрэг жагсаалтыг анхааралтай ажиглаж буй бийлэг эрхмүүд нэлээд бий. АПУ-гаас хоёр залуу дүрийнхээ нэгийг жагсаалтад оруулж, нөгөөг нь томсгосон тойрогт явуулах хувилбар ч таамаглал хэлбэрээр яригдаж байна.

Энэ мэтээр ирэх саруудад жагсаалтын янз бүрийн олон хувилбар яригдах юм.

Тэмдэглэл: Сонгуулийн насны 2 сая орчим энэ онд саналаа өгнө. Нэг тойргийн сонгогчийн тоо 200 мянгаас хэтрэхгүй. Гэхдээ л 2012 оны 26 тойрог бус ердөө 13 тойрогт бөөнөөрөө чихчилдэн орж өрсөлдөх шинэ нөхцөл байдал энэ сонгуулиар үүснэ. Улс төрийн намуудын рейтинг асар сул байгаа энэ үед хоёр том нам сонголтгүй сонголт дундаас жагсаалтдаа асар их найдлага тавих нь ээ.

Эдүгээ АН, МАН-ын араас ХҮН нам нийслэлд жаахан жин дарах ч өөр биетэй өрсөлдөгч алга. Харин намуудын нэгдэж сонгуульд орох боломжоор жагсаалтыг багахан л бутаргаж болох ч үүн дээр яг таг гэрэлтэй, өөдрөг боломж харагдахгүй л байна.

Тэгэхээр хоёр том намын хувьд жагсаалт хамгийн чухал нюанс, амин чанар нь болох нь ээ. Тэр хэрээр нийтэд яг таг таалагдах 48 хүн жагсааж, танилцуулах торгон мэдрэмж шаардсан үе дөхсөөр байна. Ерөнхий жингээрээ жагсаалтад хэн, хэнийг багтааснаар тойргийн сонголт дахь намын нөлөө ч бэхэжихээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АНаахай
АНаахай
1 сар 18, 2024 09:51

Баттулгыг жагсааж б�##�рана даа.

Их мэдэх
Их мэдэх
1 сар 25, 2024 08:27

Та нар МАН -ыг мөнгөгүй сонгуульддаг юм шиг ярихын. 1 нэр дэвшигч аймаг, дүүргийн намын хороон даргадаа 1 тэрбумыг хура�##�гадаг. Энэ жил хэд ч болох юм билээ. АН хажууд нь чихрийн цаас шиг юм авчихаад л буруутаад байдаг

Баагий
Баагий
1 сар 25, 2024 09:29

Уншууртай дажгүй сайт юм. Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button