Нийгмийн

Монгол Улсаас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах 4261 иргэнийг сонгон шалгаруулна

БНСУ гадаадаас ажиллах хүч авахдаа улс бүрд квот тогтоодог. Манай улсаас жилд 4000 иргэн гэрээгээр ажиллуулахаар квот тогтоосон ч сүүлийн таван жилийн хугацаанд жилдээ 1000 гаруй иргэн л явсан нь хэлний шалгалтдаа тэнцдэггүйгээс үүдэлтэй аж. Тиймээс Монгол Улсаас БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэх зорилгоор Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах санал солилцохоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, HRDKorea-гийн Монгол дахь И ПИ ЭС төвийн захирал Лий Син Жэ нар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон удирдлагын багийнхантай уулзсан байна.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн сүүлийн өдөр нь өнөөдөр юм. Хэлний шалгалтад TOFIC-ын 1.5 оноо авсан иргэдэд БНСУ-д гэрээгээр ажиллах эрх нээгддэг бөгөөд энэ хэмжээний хэлний мэдлэгтэй болохын тулд 45 хоногоос 2 сарын хугацаанд хичээллэх программ байдаг аж.

Одоогоор Баянзүрх дүүргээс 1600 гаруй иргэн бүртгүүлсэн ч хэлний мэдлэгтэй хүн цөөн байгаа юм. Тиймээс иргэдийн хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхэд дүүрэг, орон нутгийн оролцоо зайлшгүй шаардлагатайг хэллээ. Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Манай дүүрэг удахгүй хагас сая хүн амтай болно. Ажиллах хүч залуу дүүрэг. Тиймээс залуучуудаа дэмжих, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлж, шалгалтад тэнцэх боломжийг олгох ёстой. Залуус гадаадад ажиллаад, тэндээ сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд гар бие оролцоно” хэмээн хэлсэн юм.

Өмнөх жилүүдэд манай улсаас зөвхөн аж үйлдвэрийн салбарт гэрээт ажилтан авч байсан. Тэгвэл энэ жил Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, үйлчилгээ 1, үйлчилгээ 2 гэсэн таван салбарт нийт 4261 иргэнийг сонгон шалгаруулж авна. Ингэхдээ аж үйлдвэрийн салбарт 8000 иргэнийг бүртгэж 2939, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 5300 иргэнийг бүртгэж 590, барилгын салбарт 2500 иргэнийг бүртгэж 250, үйлчилгээ 1 салбарт 200 иргэн бүртгэж 10, үйлчилгээ 2 салбарт 4000 иргэн бүртгэж, 472 гэрээт ажилтныг тус тус сонгон шалгаруулах квотыг ирүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button