Top StoriesЯрилцлага

Б.Ганчимэг: Талд нь хайрлуулж, талд нь хараагдаж дуусдаг мэргэжил шиг байна

Сэтгүүлч Б.Ганчимэг жилийн өмнө ярилцлагын санал тавихад минь “Одоо надаас юм гарахгүй” гээд, хоол идээд салсан сан. Ярилцлагыг анаж, нөөж хийх утгагүй, тэгвэл сайн ч болдоггүй байж магад. Учир нь цаг үе шийддэг. Цаг үе биднийг дахин уулзууллаа. Энэ удаа танд уншуулах ярилцлагатай.

“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Ганчимэг асууж, “Хэро” Б.Баатар найруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Харин нэвтрүүлэг цацагдсаны дараа Б.Ганчимэг, Б.Баатар нарын талаар шүүмжлэл өрнөсөн. Б.Ганчимэгийн “Шар туяа” нийтлэлийн баатар Д.Туяа түүнийг “өмгөөлж” хэвлэлийн бага хурал хийснээр асуултууд үүссэн юм.

Цаг үеийн давлагаан дунд бид ингэж ярилцлаа.


-“Улаанбаатараас ярьж байна” гэж нэвтрүүлэг таных мөн юм уу?

-Б.Баатар надад олон жилийн өмнө санал тавьж байсан юм. “Ярилцлага хийе. Чи дандаа л далд явах юм” гэж. Би болохоор ядаж жаахан жин хасъя, эфирийн шаардлага хангахгүй бол болохгүй гэдэг. Комплексдоод зөвшөөрдөггүй. Б.Баатар “Үгүй ээ, чи бол сэтгүүл зүйд Унд эгч ш дээ” гэнэ. Х.Уртнасан эгчийг хэлж байгаа юм.

Хэдэн жилийн өмнө Б.Баатар “100 чухал сэдэв” нэвтрүүлэгтээ урилаа. Хүүхдийн паркийн асуудлаар ярихгүй юү. Нэвтрүүлэг цацагдлаа, би “Голомт”-ын талыг хамгаалсан юм шигээр гарчихсан. Яриа тэгж хайчлагдсан байсан. Би дургүйцсэн, хэвлэлд ч ярилцлага өгсөн. Тэгэхэд Б.Баатар уурласан байх.

Би өмчийг хамгаалдаг үеийн төлөөлөл болж шинэ нийгэмд хөл тавьсан сэтгүүлч. Конкурс амжилтгүй өгч, хоёр жил цэцэрлэгийн багш хийж байж дахиж өрсөлдсөн. Мөрөөрөө ч хоёр жил болчихгүй, цэцэрлэгийн даргаа огцруулна барина гэж явсан ардчиллын давлагааны хүүхэд байхгүй юу. Одоо ингээд “Ард” кино театрыг Д.Сосорбарамаас буцааж авна гэж ярихыг дотроо зөвшөөрч чаддаггүй. Залуу ч байсан, шударга, шударга бусыг нь боддоггүй байсан байх аа. “Тэгж яривал төр малаа ч буцааж ав” гээд л бичдэг байжээ.

Л.Оюун-Эрдэнэ надтай ярилцахдаа өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог ярья гэж бодсон байх. Би Булганд иргэдтэй уулзалт хийхэд нь очсон. Иргэд нөгөө л улаан цэнхэр тасалбараа ярина. Уг нь Л.Оюун-Эрдэнэд падлийгүй юм шүү дээ. Нэг нь цагаан гэр барихаар уурладаг нүүдэлчин улс л даа, бид чинь. Оюук бол 100 хүн үг хэлэхэд дуустал нь сонсож байна лээ. Ер нь төсөв батлахын өмнө Ерөнхий сайд зовлон сонсох гэж тэгж явдаггүй юм. Мань эрийн стратегийн нэг хэсэг байх. Гурван жилийн өмнө бид хоёрын хийсэн ярилцлага ч бас шинэ 30 жил хаяанд ирж гэдэг агуулгатай явсан.

-“Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил ирчихлээ” гэсэн гарчгаар гарсан. Түүнээс хойш шинэ 30 жил гэж ярьдаг болсон доо.

-Тэр агуулга. Саяын ярилцлага дээр бол нэр мэрийг нь эгч нь мэдэхгүй. Б.Баатар дахиад ярьсан. Ерөнхий сайд чамд ярилцлага өгнө гэж амласан юм байна гэсэн. Би сэтгүүлийн ярилцлага хийх санал тавьсан, гурван жил хүлээж яваагаа бас хэлсэн. Харин Б.Баатар “Тэр хүн зав маруухан, ер нь ингээд нэг мөр бичье” гэсэн. Эхнийх амжилттай болбол цааш намын дарга нараар үргэлжлүүлье гэж ярьсан.

Гэхдээ сэмэрч, шимширтлээ нүдүүлээд арагшаа сууж байна.  Би чинь амьд хүн. Амьдарч буй цаг үеийнхээ улс төрийн лидертэй ярилцлага хийчхээд сэтгүүлчдэдээ хүртэл нүдүүлнэ гэдэг чинь, муухай.

-Тэгвэл нэвтрүүлэг таны өмч биш юм байна. Би таныг Ерөнхий сайдтай эхний дугаараа хийж, тийм болохоор Б.Баатар найруулж гэж ойлгож байсан?

-Намын дарга нартай хийе, цааш өөрөө зочдоо уриад, аваад яваарай гэж л хэлсэн. Гэтэл том цохилтод орчихлоо.

Би бол 30-аад жилийн туршлагатай 50-иад насны сэтгүүлч хүн. Хангалттай архивтай. Сонины ярилцлагыг доод тал нь таван цаг бичдэг. Мөн нэг алтан зарчим гэвэл, чи өөрөө ярилцлага хийдэг хүн мэдэж байгаа, “Үүнийг битгий гаргаарай” гэвэл хэзээ ч гаргахгүй. Тийм болохоор Ц.Элбэгдорж, З.Энхболд энэ тэр надад эргэж олон удаа ярилцлага өгсөн байх. Х.Баттулгын Ерөнхийлөгч байхдаа өгчхөөд “Битгий гаргаарай” гэсэн гуч, дөчин хуудас ярилцлага одоо надад байж л байна, хуурцагтайгаа. Миний дүрэм бол тийм. Б.Баатар “Би та хоёрын яг юуг зохиосон болоод муулуулж байгаа юм бэ” гэж уурлаж байна лээ.

-Тэр хэдэн цагийн яриа болсон бэ?

-12 цаг.

-Нэвтрүүлэг хоёр цаг.

-12 цагийн яриа шүү дээ. Би Асашёрюү аваргаас 10 цагийн яриа авч бичиж авч байсан, хамгийн урт нь л тэр. Дараагийнх нь энэ болсон.

-Гэхдээ Асашёрюү дээр та өөрөө мэдэж ажиллана. Үүн дээр найруулагч юу оруулж, юуг хасахыг мэдсэн байна.  

-Б.Баатар хоёр, гурван удаа зөвлөгөө өгч орж ирсэн. “Та хоёр цар тахлыг хэт их ярилаа” гэх маягаар. Хүний ой санамж их богино юм аа. Тийм болохоор энэ хүн бас хийсэн ажлаа яриг гэж би хэлсэн. Яах ч аргагүй ДЭМБ нь үнэлчихсэн, тэгээд залуу хүн болохоор ярья гэж бодсон байлгүй дээ.

“Би та хоёрын юуг зохиосон юм” гэдэг үгэнд нь бол надад хэлэх хариу байхгүй. Гэхдээ надад хайргүй хандсан нь үнэн. Б.Баатар бүх юмны буруутан болж нүдүүлж байгаа болохоор гомдсон ч байх. Багын найзаа сумлаж хэвлэлийн хурал хийлгэлээ гээд. Би гэрээсээ гаралгүй 14 хонож байна. Нохойгоо үхснээс хойш бүр ч гарахаа байсан.

-Эвлүүлэг дээр танд зөвлөлдөх боломж олгоогүй юу?

-Олгоогүй. Би бол үзье гэж нэг удаа хэлсэн. Үзүүлнэ гэж туслах найруулагч нь хэлсэн л дээ. Тэгээд над руу залгаагүй.

-Хэзээ бичлээ?

-Хоёр сарын өмнө.

-Таны бүтээл мөн ч бай, биш ч бай, сэтгүүлч асуух үүргээр оролцоод, материалыг нь бэлдээд өглөө. Энэ юу нь болохгүй болчхов. Та өөрөө юун дээр буруутгал аваад байна?

-Эгч нь ярианы хэлээр ярьчих уу, эд нар пялдагадлаа гэж аягүй их дайрч байна. Дээр нь манай сэтгүүлч нар хүртэл тэгж бичсэн байна лээ. Би олон талаасаа хатгуулж сурсан учраас хүн хүн дээр шүд зууж ер үзээгүй. Мэдэхгүй, би сая аягүй их хямарлаа.

-Бичдэг хүн эфирт гарна гэдэг том шийдвэр л дээ. Бараг мэргэжилдээ дуртайн, үргэлж өөрийгөө шахах гэсэн гэгээн тэмүүлэл маягийн юм. Би бол таны тэр зоригийг ядаж хайрлахгүй дээ гэж эмзэглэсэн. Та ерөөсөө дүр болж гарч ирээгүй байна лээ?

-Тийм ч байх. Дундуур нь баахан бичлэг явж байна лээ. Шторк цацагдахад л би үзээд утсаа хаасан. Ер нь энэ бид хоёрын тав дахь ярилцлага байх шүү. Л.Оюун-Эрдэнэ дуртай юмаа асуу л гэдэг. У.Хүрэлсүх гэнэтхэн л тавчиктай ээжээс болоод огцорчихсон, ингээд юм эргэсэн, миний ярилцлага үүнээс эхлээд л явж байгаа юм л даа, уг нь.

Би одоо чамд анх ярилцлага өгч байна, хаана би гонгиносон болчхов оо. Намайг гонгинолоо гэж уурлаад байх юм.

-Харин дуугүй яваа юм биш үү?

-Л.Гантөмөр бид хоёр найз. Хамгийн сүүлд МОНЦАМЭ-гийн дарга байхад маань ирж уулзаж байснаас хойш ер тааралдсангүй. Сая би “Намын дарга нартай ийм ярилцлага хийх юм, чи орох уу" гэж ярьсан. Би урьсан. Тэгье гэсэн. Би Л.Гүндалайг ч урья гэж бодож байсан. Бид олон жил ярилцсангүй. Одоо Л.Гантөмөр таг л байна. Б.Баатар бид хоёр утсаар нэг удаа дуу өндөр ярьсаан. Бие бие рүүгээ хашгирсан. Намайг багын найзаа сумлалаа гэж уурласан. “Би гомдох эрхгүй юу. Дандаа л бичдэг барьдаг энэ тэр гэж цоллуулдаг, чи хүртэл юмаа даагаад явж чадахгүй” гээд хашгирч байна лээ.

-Хамтраад үргэлжлүүлэх юм уу?

-Нэрийг нь зарлачихмааргүй байна, 30-аад жил дуугүй яваа нэг зочин бий. Намын дарга биш л дээ. Түүнийг хиймээр байна. Дэлгэгдэж байгаа сэдэв дээр дахиад том хамжигч болж харагдах болов уу. Гэхдээ чамд тэр боломж олдвол чи шүүрээд л авна. Тийм зочин. Үүнийг ядаж сэтгүүлчид маань ойлгох болов уу гэхээр тэгдэггүй юм байна. Төр төмбөгөр, ёс ёмбогор, хэдий нас залуу хүн ч гэсэн Ерөнхий сайдтай арзаганаад байж болдоггүй, чаддаггүй л юм даа. Манай сэтгүүлчид өөр юмны дүрд тоглодог болчихсны балаг гарч байна. Ер нь индэр дээрээ авчирчхаад ярилцах нэрээр ураад байвал хэн дуртай байх вэ, чи өөрөө ярилцлага хийдэг хүн мэднэ. Сонгино шиг хүмүүс чинь “Май, нэг хальс хуул, одоо хоёр дахийг нь” гээд суухгүй л дээ. Би бодсон, манай салбарт хүйсийн тэнцвэр алдагдаж. Манай эмэгтэй сэтгүүлч дунд нэгэндээ хайрлаж ханддаг нь ховор болчихсон. Зүгээр нэг атаархал байна ш дээ. “Би яагаад түүн шиг хийсэнгүй вэ”, “Би яагаад ингэж бичиж чадсангүй вэ” гэдэг мэргэжлийн атаархлыг бол ойлгоно. Миний насанд нэр төрийг минь хүндэтгээд, оръё л гээд орж байгаа юман дээр ингэж хуйларч байгаа нь инээдэмтэй. Үеэрээ бас сэтгүүл зүйг өмчилж, хөгшчүүд явсан нь дээр дээ гэх янзтай. Гэтэл би дөнгөж 53 настай. Надад нэг ухаантай бичих 10 жил байгаа юу.

-Уг нь тэр шим шүүсийг хүлээдэг.

-...Арагш суучих гээд л байх юм.

Ако (Interview сэтгүүлийн редактор) тэр нэвтрүүлэгт багтаагүй үлдсэн агуулгыг хэвлэе гэсэн. Сая чамд харууллаа, 12 цагийн 79 хуудас ярилцлага би буулгаад бэлдчихсэн байгаа биз. Уг нь ийм юмандаа би хөдөлмөрч. Би Ерөнхий сайдтай ярилцчихлаа, түүнийгээ уншуулъя л даа.

-Б.Баатар ингээд хамтарч ажиллахаа больчихвол харамсалтай юу?

-Б.Баатарыг бичлэг хулгайлсан гэсэн сенсацад өртөж байх үеэр би хоёр ч удаа ярилцсан байдаг юм байна. Хэд хоног материал ухлаа. Гэтэл Б.Хурц үүндээ бүр уучлал гуйчихсан байдаг юм байна аа.

“100 чухал сэдэв” нэвтрүүлэг дээр бид хоёр маргаснаас гадна, “Тамгагүй төр” жүжигтээ урихад нь би нэг ч үг бичээгүй. “Бродвэй стилийн драмыг академик театрт тавьж ч эрхэлдэггүй байх аа” гэж харин дуугарсан. Гэхдээ бичээгүй, зүгээр суудал дээрээ дуугарсан. Түүнийг харин орой нь сошиалд нэг нь биччихсэн байсан. Түүнд Б.Баатар бас уурлаж байсан байх.

-Дараагийн дугаарууд дээр хамтарч ажиллах уу?

-Чи миний оронд байсан бол яах байсан?

-Ажиллахгүй.

-Б.Баатар бүх талаас өөрөө редактораа авчраарай, тэгээд хийгээрэй, би бэлэн гэж байна лээ. Надад техник хэрэгсэл байтугай, олигтой диктафон ч байхгүй.

-Ядаж монтаж дээр таны саналыг авах тохироо байх ёстой байх л даа.

-Чи одоо намайг өмгөөлж хэвлэлийн хурал хийсэн Д.Туяагийн тухай асуух байх. Түүнийг би бас хөндлөнгийн редактораар оруулъя гэсэн. Тэг л гэсэн.

-Тэр хэвлэлийн хурал аягүй заваан харагдуулчихлаа. Таныг тохирсон мөнгө нь багадаж л гэж харцгааж байна шүү дээ. Тийм болохоор Д.Туяаг асууя гэж ер нь бодоогүй. Би түүнтэй томилолтоор явахдаа таарч л байсан.

-Яриад, онгойгоод салъя л гэж бодож байна.

-Та “Багын найз маань хэвлэлийн хурал хийжээ” гэж бичсэн. Багын найз мөн үү. Тэр хэн бэ?

-Д.Туяа саяхан ирлээ, “Яагаад таны үс зүсийг ч засуулчхаж болдоггүй юм, таныг өмөөрнө” гэсэн. Би баярласан. Үнэндээ надад Д.Туяагийн нэрийг ашиглаж, Б.Баатарыг турхирах тийм тэнхэл алга. Би 11 настайдаа Д.Туяатай танилцаж байсан. Хамт тоглож өссөн. Өргөж авсан болохоор тэр үү, намайг ер хүүхдүүдтэй тоглуулдаггүй байсан болохоор би Д.Туяаг гэрээсээ гаргадаггүй, аав ээжийг ирэхээр авдартаа хийгээд түгжчихдэг байсан (Инээв). Өсөхийн жаргал гэж дэндүү сайхан. Надтай харьцаж л бага нас нь өнгөрсөн байх гэж боддог. Хүний ойлгох ойлгохгүй олон юм миний бага насны амьдралд байсан.

-Та хоёр нэвтрүүлгийн асуудлаас өмнө нь, сүүлд хэзээ уулзсан бэ?

-Намайг Туркт жил, долоон сар болоод ирсний дараа ирж уулзсан санагдаж байна. Ер нь байнга холбоотой явдаг.

-Үнэхээр чин сэтгэлийн угаас тэгж хэвлэлийн хурал хийнэ гэж байх уу?

-Чин сэтгэлээр л намайг өмөөрсөн. Д.Туяа хүний үгээр хүн биш. Миний ч үгэнд орохгүй. Залуу байхдаа намайг сонсдог байсан байж магадгүй.

-Дахиж ярьсан уу?

-“Таныг тайвшрахаар очиж уулзана, уул усны тэмцэлдээ явлаа” гэсэн. Муу хүн бол биш. Эхлээд би залууд нь өөрийгөө олоогүй явна гэж боддог, хэлдэг байсан. 15 жилийн тэмцлийнхээ тухай хийсэн үзэсгэлэн дээр нь очоод бас бодож л байлаа... Миний “Шар туяа” нийтлэл гарсны дараа Г.Равдан ах утастаад, ах нь уншъя гээд уйлж байсан. Тэр үзэсгэлэнд нь Г.Равдан ах бас ирсэн байна лээ.

-Таны “Шар туяа” нийтлэлийн баатар байж, сая л мэдлээ.

-Тийм үү. Мань хүн Ардчилсан намын гишүүн учраас Б.Баатар хардах эрхтэй байх л даа. Нэвтрүүлэг хийх гэж байж бид хоёр ч явцгүй болчихлоо доо. Эр хүн байна, тоох юм уу, тоохгүй юм уу. Би бол Б.Баатарын хэмжээний найруулагчтай ажиллая л гэж бодсон юм.

-Мэргэжлийн амбиц үргэлжилж байгаа хэлбэр мөн үү?

-Хэцүү юм аа. Манай нөхөр сая больё, зүгээр амьдаръя гэж байна лээ. Би МОНЦАМЭ-гийн даргаас нэг л өдөр хөөгдөөд буухдаа цалин ч үгүй, машин ч үгүй гарсан. Редакц тарчихсан, сандал ширээ ч байхгүй... Одоо юм хийх гээд үзээд байна ш дээ.

-Энэ ярилцлагаар яах аргагүй С.Зоригийн хэрэг хөндөгдчихлөө. Тийм болохоор элдэв дуулиан дэгдэж, Ц.Элбэгдорж битгий хэл Б.Хурц ч, түүгээр дамжуулаад Б.Баатар ч сэдэв болчихлоо.

-Би 2014 онд өөрөө Эрдэнэт рүү явж баримт сэлт цуглуулаад, “Б.Хурц жүжиг тавилаа” гэж зоригтой дуугарсан сэтгүүлч л дээ. Ц.Амгаланбаатарын бичсэн мессежүүдийг бичиж аваад л ирж байсан. Дараа нь  Б.Хурц надтай тааралдаад, “Эрүүл мэндээ бодоорой доо, хө” гэж мөрөн дээр алгадсан.

-Уг нь гадаадад баривчлагдахад нь та хамгийн түрүүнд өмгөөлж бичиж байсан биз дээ?

-Тэгсэн, “Эх орон нь гүйцэтгэх ажилтнаа авъя” гэж бичиж байсан. Байтлаа ТЕГ-ын дарга асан Б.Билэгт миний ярилцлагад ороод “Б.Хурцад Улсын баатар өгнө” гэж хэлж байсан. Б.Хурцтай би нэг тааралдчихсан юм. Зохиомжит ажил хийлээ гээд ид бичиж байсан үе л дээ. Б.Ганболд эрхлэгч хамт байсан. Яг чам шиг “Ганаа чамайг өмгөөлж, хамгаалж байсан даа” гэж хэлсэн. Б.Хурц тэгэхэд намайг “Миний хөгшин биеэ бод оо” л гэсэн.

30 жилийн турш би олон лидертэй ярилцахдаа, “Монголын улс төрийн ганц зовлон энэ хэрэг дээр л тулж ирэх юм. Энэ хэрэггүйгээр урагшаа явж болдоггүй юм уу” гэж асууж ирсэн.

Гэхдээ сая нууцын зэрэглэлээс олон материал гаргалаа. Шинэ нөхцөл байдал үүсчихлээ. Тэгээд ч үүнийг би биш Ерөнхий сайд ярьсан.  

-С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэж бүр сонгуулийн амлалт хүртэл өгч гарсан хүмүүсийг түүхийг үзсэн болохоор та тэгж асуусаар байдаг байх?

-Харин тийм. Цадиггүй, эх захгүй юм болдог байсан. Ц.Элбэгдорж надад ярилцлага өгөхдөө, “ Д.Мөрөнд л их итгэсэн дээ” гэж хэлж байсан. Надад одоо хар хуурцгаараа ч байгаа.

Би Ц.Элбэгдоржийг нэлээд том түвшний улс төрч гэж боддог. Мань хүнийг шоронд орсон ч Нэлсон Мандела болж гарч ирнэ гэж боддог.

-“Өөртөө дурласан дагз” гэж бичсэнийг нь бодвол хоёр сарын өмнө ярилцлага хийгдэхэд юу ярьсныг мэдсэн шинжтэй. Тантай ярьсан уу?

-Тийм л байх. Манай ардчиллын ах нар бол дараа нь ярьсан. Их хүндэлж явдаг хоёр ах над руу ярьсан. “Өлсөж цангаж яваа бол ах нараасаа авахгүй дээ” гэхэд нь би эхэр татталаа уйлсан. Сэтгүүлч хүний ажлыг яагаад ингэж хардаг юм. Би торгон дээл сольж, сэмбэлзэж явсан бол эд нар намайг ингэж чадахгүй дээ гэж бас бодсон.

-Ц.Элбэгдоржийг урихгүй юм уу?

-Урья, энэ ярилцлагаар дамжуулж. Та “Улаанбаатараас ярьж байна” гэдэгт орооч. Би бэлэн байна. Би олон удаа тантай ярилцаж байсан. Сошиалын цаанаас ингэж суухаар... Юмыг яаж мэдэх вэ, таныг ч бас хэлмэгдүүлэх юм руу явчих вий гэж, энэ чинь нөгөө тэнцвэртэй байдал. Магадгүй Б.Баатар татгалзвал энэ шог байдал үүсгэнэ. Гэхдээ тэгэхгүй гэж найдаж байна.

Одоо Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас үлдсэн хэсгээ сэтгүүлдээ гаргадаг ч юм уу гэж бодож байна.

-Өөрөө мэдэж хийсэн ажил ямар болдгийг харуулах байх.

-Тийм.

-Б.Баатар гэдэг сэдвийг одоо хаачих уу. Та найруулагчийнх нь хувьд яаж үнэлдэг вэ?

-Үнэхээр долоо, найман камер тавиад бичдэг юм билээ. Б.Баатараар асуулт заалгахдаа харин тулаагүй шүү. Хатуу намын гишүүд мэргэжлийн ажлыг шүүмжлэхдээ учиртай баймаар байна. Гэхдээ ярилцана гэдэг бол урж ноцохын нэр биш шүү.

Мэдээж Ерөнхий сайд бол улс төрч хүн. Цохилт нь над дээр, араас нь Б.Баатар дээр гээд явлаа. Хэрвээ Б.Баатар бид хоёр ойлголцоод, нэвтрүүлэг үргэлжилбэл монголчуудын хүсэн хүлээж байгаа зочныг урих бодол байна. Монголчууд түүнийг хүсэн хүлээсэн. Бүлэглэл энэ тэр гээд байгаа бол хөндлөнгийн редактор оруулъя гэсэн, зөвшөөрсөн. “Би нурдаггүй эрэг, эмтэрдэггүй чулуу биш шүү” гэж над руу хашгирч байна лээ.

-Цаадах чинь “Баяртай үдэш”-д ороод одоо дахиж улс төрийн ажил авахгүй гээд ам алдчихсан шүү.

-Жаахан залхаа байлгүй дээ. Ер нь хүнийг “Больсон нь дээр дээ” гэж хэлэх бол эрхэнд нь халдсан муухай хэрэг. Энэ нийгэмд зохисгүй юм. Гэхдээ Б.Баатар хэдэн сарын өмнө уулзахдаа дуурь тавихаар бэлтгэж байна гэж ярьсан.

-Хайрлах гэдэг дээр сэтгүүлчийн ажлын ихэнх нуруу, мэдрэмж явж байдаг?

-Ер нь халз тулж, халуун гарыг нь атгаж үзээд хүнийг дүгнэдэг байх хэрэгтэй. Олон удаа ярилцаж, олон цагийн ярианы ард гарсан бол хүний хувьд ч, мэргэжилтний хувьд ч үнэлэмж тогтоно. “Баавгай болохсон” кинон дээр бичсэн сэтгэгдлийн маань араас “бүлли” ирээд, яг маргааш нь Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан. Таагүй байгаагаа хэлсэн чинь “Би данх саваараа дуудуулаад үхээгүй л байна” гээд инээж байна лээ. Тэгээд Б.Баатар “За, суу” гээд л явсан процесс. Гэхдээ хэвлэмэл ярилцлагаас бол сайн болсонгүй гэж би бодсон. Телевиз бол бас дахиад тусдаа мэргэжил.

Хайрлах сэтгэл гэдэг чинь сонин. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч намайг эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээнд урилаа. Ээжээсээ хойш гэрээс ч гарсангүй гээд очсон, “утааны” гэдэг Ц.Пүрэвхүүтэй таарсан. Хүмүүс цэрвэнгүй байна. Би ч түүнийг хэд хэд бичсэн. Бүгд цэрвээд байхаар нь, “За, гайгүй юу миний дүү. Зээлийн сангаар дахиад баахан нүдүүлчхэв үү” гээд очсон чинь л нулимс нь асгарчихсан. Сошиал биднийг их эвдээд байна. Шалтгаангүй юманд хамрагдаад нүдэлцчихдэг. Тэгээд л эгчийнхээ ярилцлагад орооч гээд л гуйж байгаа юм.

-Хайрласандаа санал тавьжээ, бас?

-Харин тийм. Ярилцахад хүнд байсан, “Та болж байгаа юм уу, элдвээр хэлүүлэх байх даа” гээд л. Хэд хэд уйлсан. Тэгж орон зайгүй шахагдсан хүн хувийн амьдралаа яаж давсан бол доо.

-Пялдагадах, долоох гэж тэгвэл яг алийг хэлэх вэ?

-Үнэхээр одоо “Миний дүү” гэж асуугаад л, “Та зөндөө л юм хийгээд байгаа. Эд нар ерөөсөө ойлгохгүй юм аа” энэ тэр гээд байсан бол хүлээн зөвшөөрье л гэж бодож байна. С.Баяр дарга намайг анхны эмэгтэй зочноороо урихад би баярласан, ёстой даашинзаа өмсөөд л очсон. Өөрөө монтаж дээрээ суудаг юм билээ.

-Тийм л айхтар байна шүү.

-Тийм байна ш дээ. Эцэс төгсгөлгүй манаж сууж байгаад хасаж, танадаг гэнэ лээ.

-Гэхдээ та бас үг хэлээд авч байна лээ. Танай намынхан сэтгүүл зүйд хамгийн их буруу хөрөнгө оруулалт хийсэн гээд?

-У.Хүрэлсүх, С.Батболд хоёрыг намын дарга болоход эхний ярилцлагыг нь би хийсэн. Сэтгүүл зүйд битгий буруу хөрөнгө оруулалт хийгээрэй гэж хэлж л байсан. “Би бол хүйсийн атаархлаа давчихсан хүн шүү. Битгий тэгж ойлгоорой” гэж байгаад л хэлсэн. Авдаггүй л юм билээ. Харин сүүлд Н.Номтойбаяр “Больё, больё. Таны зөв юм билээ, дараа нь худалдаж авах ч хүн олддоггүй юм билээ” гэж дуугарсан.

Ер нь бол мэргэжлийн редакцад мөнгө төл. Эрхлэгч нь харин ахиухан бичлэгийн шагнал уран бүтээлчдэдээ өгөөд явдаг. Энэ л зарчим юм. Манайхан тэгдэггүй байсан. Манай баян эздүүд.

-Редакцад мөнгө төлөхийн чухлыг бол ойлгомоор л байгаа юм. Цалин, татвар, түрээс болно шүү дээ, ядаж.

-Тэгээд л 5, 10 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээг “Хаалтын гэрээ” гээд л солиороод явчих юм. Ямар учиртай юм бол оо, нээрэн.

-Ер нь бол “Хаалтын гэрээ” гэж байхгүй л дээ.

-Байхгүй шүү дээ.

-“Монгол HD” телевиз анх “Хаалтын гэрээгүй” гэдэг маркетинг хийснээс эхлээд энэ ойлголт явчихсан уу гэж боддог.

-Ч.Номин сэтгүүл зүйгээр амжилттай явна, ингэвэл цэвэрхэн гэж ойлгосон уу, тэгсэн тал ч бий шүү. Одоо шинэ үеийн эзэд гарч ирж байна. Гэхдээ хөрөнгө бэлийн хувьд яаж хуучин хэдтэй зүйрлэх юм бэ. Манай эзэд шиг баяжсан улс байхгүй л дээ. Бүтэн сонингоор нь зарчхаад л Б.Ганболд эрхлэгч явсан. Би ч зарагдаагүй л дээ, мэдчихээд түрүүлж гарсан. “Open Door”-оо гаргаад явсан.

-Бас захиалгат ярилцлага гэж байдаг.  

-Ерөнхий эрхлэгчтэй ямар наймаа тохирсныг мэдэхгүй, гэхдээ би тэр ярилцлагыг хийх болно. Редакц 70 хүнтэй ч цаг үе байсан.

Ж.Мягмарсүрэн, Б.Ганболд хоёр эрхлэгчээ би нэг удаа өрөвдөж билээ. Мөнгөөр биш хониор захиалга аваад. Манай зарим сэтгүүлчид түүнд нь яваад. Одоо бодоход юмаа л бичих ёстой хүмүүс тэгээд явж байсан гэхээр манай сэтгүүл зүй залуухан байгаа шүү дээ. Нэг мэдэхэд л бид хувийн өмчийн байгууллагын сэтгүүлчид болсон. Коридорт хуучин “Ардын эрх”-ийн өмчийг дуудлага худалдаагаар зарахад би орж үзээд ангайсан. Хаана нь тийм их хөрөнгө байсан юм. Эрхлэгч нар тийм тансаг амьдарсан шиг билээ.

-Одоо ч цэл залуугаараа явна гэж үү?

-Одоо 32, 32-хан настай залуу шиг л явна шүү дээ. Эздийн дөнгөж хоёр дахь үе гарч ирж байна.

-Би таныг анх 60, 70 саяар ярилцлага хийдэг гэж дуулж байлаа. Захиалгат ярилцлага байж болдгийг ойлгож байна, гэхдээ та түүндээ гайгүй хувь авч байсан уу?

-“Уруул” Б.Ганболдын дор долоон жил, "Өдрийн сонин"-д 14 жил, Ардын эрхийн байшинд нийт 21 жил ажилласан байна. Эзэн намайг 70, 80 саяар ярилцлага хийлгээд явахгүй. Энэ бол амархан логик. Б.Ганчимэг бол жилдээ хоёр сар амарна, бичлэгийн шагнал арай давуу авна. Өөр ямар ч арга байхгүй. Гэхдээ Мийгаа эрхлэгч 13 дугаар нүүрээ сэтгүүлчдэдээ өгье гэдэг санаачилга гаргаж байсан. Өөрсдөө төлбөртэй ярилцлага олж ирэг, талыг нь өөрсдөд нь өгье, тэгэхгүй бол сэтгүүлчдийн ул эргэчихлээ гээд. Гэхдээ л сэтгүүлч хүн “Та манай 13-р нүүрэнд яриа өгчхөөч дээ” гэж явах бол боломжгүй. Манай “охид” бол яралзуулсан л даа.

Нэг удаа Б.Ганболд эрхлэгч Сингапурт мөрийтэй тоглоод. “Явъя аа” гэсэн чинь “Цалин тавих боллоо, мөнгө алга. Би хожих гээд байна шүү дээ” гэж дуугарсан. Эрхлэгч хүний зовлон их хэцүү. Би одоо жижигхэн дэлгүүр ч болов ажиллуулаад үзье гэхээр залуусын ой тойнд багтахгүй байна лээ. Улс төрийн биш энгийн хүнтэй ярилцлага хийгээч гэх юм, тийм сэтгүүлийг хэн ч авахгүй байна. Зүгээр л видео ярилцлага хийгээд яв, сэтгүүл гаргаж дэмий энэ тэр гэцгээх юм аа.

-Мэргэжлийн үнэ цэн гэж гоё шүү.

-Гоё, тэ. Үүн шиг кайф хаана байна. Одоо “Interview”-ээ сэргээгээд зургаан дугаарын ард гарчихсан л сууж байна.  

-Бас эрхлэгчийнхээ сайн цэрэг явах, зовлон жаргалыг нь ойлгож, дэргэд нь байх ч гоё. Тийм болохоор та одоо ч эрхлэгч нараа хайрлаад байдаг байх?

-Заримдаа уур хүрч, маргалдаж муудалцдаг ч гэсэн, хүн эрхлэгчийг муулахаар голоос асаад л ирдэг шүү.

Хамаг залуу нас эздийн дор өнгөрчихсөн. Манай Ж.Мягмарсүрэн эрхлэгч намайг байртай болгосон. Ажлынхан манайд ирсэн чинь би 20 литр айрагтай л сууж байлаа. Эрхлэгч “Цаадхад чинь байхгүй, печь аваачиж өг” гэсэн байгаа юм. Би одоо ч тэр печийг хаядаггүй.

-Ж.Мягмарсүрэн эрхлэгч сониныг орхиод дараа нь яасан бэ?

-Шууд салбараас гараад явчихсан. Нэг л юманд гутсан байх.

-Та сая, хуучны эздийн бэл бэнчинг одоогийнхтой харьцуулах аргагүй гэхээр бодлоо. Нээрэн 70, 80 хүнтэй хувийн редакц авч явна гэдэг санаанд ч багтамгүй юм аа.

-Б.Ганболд эрхлэгч сэргэг ажилласан л даа. 10-аад сэтгүүлч бас магистрт явуулсан. Намайг болохоор “Чи яах юм, Горькийд явж” гээд л. Заримдаа гомддог.

-Горький (М.Горькийн нэрэмжит утга зохиолын институт) руу уран зохиолын мөрөөдлөөр?

-Яах вэ дээ, багын л мөрөөдөл. Одоо ч уран зохиол хиймээр санагдаад явдаг юм.

-Та энэ гомдлыг яг ярьж байна уу?

-Ярьж байна. Дандаа эзэнтэй нохой явлаа. Урлагийнхантай л нээрэн дураараа ярилцаж байсан байх. Олон жил утсаар яриагүй АН-ын ах нар одоо ярьж байна. “Ядарч цангаад байгаа бол ах нар луугаа ярихгүй дээ” гээд. Бүх юмыг мөнгөөр бохирдуулж байсан шигээ хүний амьдралд, мэргэжлийн ажилд хандах л юм даа.

-Л.Мөнхбаясгаланг ТВ2 телевизээ, таныг “Open Door” сониноо эхлүүлээд удаагүй үедээ өгсөн ярилцлагыг нэг өдөр уншиж байсан. ТВ2 ч, “Open Door”  ч байхгүй болчихсон хойно уншиж таарсан. Сайхан тэмүүллүүд, гэвч амаргүй?

-Баясаа бол намайг зүгээр эфирт ор гэдэг. “Шүүмжилнэ л биз” гээд л...

-Open Door”-ийг ер нь яагаад больсон бэ?

-Хамтарч байсан хүнтэйгээ таараагүй. Бие ч өвдсөн. Би өөрийгөө их хүчтэй гэж боддог байсан. Яг ингэхээр давахгүй, аягүй хэцүү юм байна. Охин маань хорт хавдрын ард дөнгөж гараад байж байна. Хүүхдүүдэд маань ч хүнд туслаа. Ер нь гэхдээ аягүй муухай байна аа.

-Яавал аятайхан яваад байх шиг харагддаг вэ, ер нь?

-Би Ардын намынхантай хэрэлдэж, зодолдоогүй бол одоо МОНЦАМЭ-д цалин аваад л сууж байгаа. Ер нь намтай хүн л гайгүй явдаг юм байна. Бага хурлын гишүүн авгай байсан бол нэг шөнийн дотор тэгж хөөгдөхгүй л дээ.  

-МОНЦАМЭ-д таныг техник хэрэгслийн шинэчлэлээс эхлээд л их мэдрэг ажилласан гэж харж байсан.

-Яг юу болсныг би чамд бас ярьчихмаар байна.

Төсөв баталж өгөх болохоор намын гишүүдийнхээ удирдаж байгаа байгууллагуудад л нааштай. Аягүй тэнэг. Бүхэл бүтэн 100 жилийн түүхтэй агентлаг байгаад байдаг. Би сэтгүүлч байхдаа Сангийн сайдыг царайчилж үзээгүй. Харин МОНЦАМЭ-г удирдаад харж үзээч гэж гуйж үзсэн. Хүлээж авахгүй, харьцахгүй байхаар нь пост биччихдэг. Намын эмэгтэй гишүүд бас “Олон жил “Өдрийн сонин”-д манай намыг доромжилсон хүн ингэж явна, манайхан өөрсдөө ажилгүй байна” гэж ярьсан байсан. Нэг өглөө босоод ирэхэд л Ерөнхийлөгчийн институтийн харьяа байгууллага болчихоор нь агентлагийн хулгай болчихлоо гэж бодсон. Тэгж хэлээд гарсан. 100 ам.долларын зөрчил гарсан ч шийтгэл хүлээнэ гэдгээ хэлсэн. Зөндөө шалгасан, юм гараагүй. Намайг зөвлөхөөр томилох тушаал гаргасан байсан. Би тэгээд л явчихсан. Намайг ядаж дуудаж уулзаагүй.

Би их юм сурсан. Доод тал нь гурван хэлтэй, бүр бичгийн хэлтэй хүмүүс тэнд сууж байна. Гадаадад хуралд очиход МОНЦАМЭ маш дээгүүр дэслэлд шүү дээ. Өвөг дээдэс маань үүнийг хийжээ. 100 жил болж байгаа агентлаг дэлхийд цөөн юм билээ. Сайхан найз нөхөдтэй ч болсон. Төрийн байгууллагад хүмүүсийн төлөө зовж сурсан шүү. 2021 онд халагдахад минь МОНЦАМЭ-гийн ажилчид 700 мянган төгрөгийн цалинтай байсан. Харин миний оронд томилогдсон Г.Амартүвшин цалинг нэмсэн.

-Гэнэт халагдсан гэж бас бодоогүй. Хүн амьдралаа ядаж төлөвлөнө дөө. Одоо сэтгүүлд мөнгө төлж орсон зочид ядаж байгаа биз дээ?

-ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа 15 сая төгрөг төлж орсон. Салбар бүрийнхээ тоогоор сэтгүүл захиалсан. Өөр хэн ч төлөөгүй. Гэхдээ сэтгүүлчдэд бол яасан ч мөнгө өгөх ёсгүй юм шиг хандлага өөрчлөгдөхгүй байна. Хувийн байгууллагын ажилчид гэдгийг хэн ч ойлгохгүй юм билээ. Би арай гэж цалингаа тавилаа энэ тэр гэдэг юм хэзээ ч ярьж явахыг хүсдэггүй. Гэхдээ би өөрийнхөө хийсэн ярилцлагад хөөрөөд л, бичиж байгаа юмандаа умбаад байдаг хүн юм билээ. “Open Door”-т бол хүчтэй багтай байсан. Салам үздэг байсан.

Сэтгүүлч хүн бүгдтэй найз байх боломжгүй. Ж.Мягмарсүрэн эрхлэгч бол сонгодог, “Сэтгүүлч бол найзгүй мэргэжил” гэж захина. Б.Ганболд эрхлэгч бас нэг айхтар үг хэлж байсан юм. “Хүнээс салж сур” гэж. Г.Алтан бид хоёр найз байлаа. “Бөмбөгөр”-ийн дуулианы дараа би бичсэн. Талийгаач Г.Батхүү ах “Чи салхинд хийсэж явсан цаасыг 4.5 тэрбум болголоо, ядаж миний дүүд 100 сая төгрөг өгсөн үү?” гэж асууж байсан. Гэхдээ би тэр үед амьдралдаа анх удаа 20 сая төгрөгийн гэрээ хийж үзсэн.

-Түүнийг давсан гэрээний дүн одоо гарсан уу?

-Би сая зарласан. Үнэхээр улс төрийн ковэрийг 30 саяар хийе. Сэтгүүл өвөлжих хэрэгтэй. Дотор нүүрэнд 15 саяыг төлөөд ор оо. Орж байгаа хүн алга л байна. С.Баяр ахыг бол гуйсан. С.Баярыг хүмүүс худалдаад л авдаг юм билээ. Баабартай ярилцъя гэж бодож байна. Тэр “Надаар яах гээд байгаа юм, борлогдохгүй ш дээ. Наад сэтгүүлээ боль” л гэж байна. Миний эндээсээ авч байгаа кайфыг ихэнх нь ойлгохгүй байна. Я.Баяраа бас олны танил хүн биш ч гэсэн ковэр болсон сэтгүүл нь зарагдчихсан шүү.

Гэхдээ юу л юм. Намууд сэтгүүл зүйг хүний, өөрийн болгосон. Ганцаараа цахилж явсан хүн эрхлэгчгүй болчихвол аягүй амаргүй. Одоо 50 гарчихсан надад миний босгосон мэргэжлийн нэр хүндэд итгэсэн хүмүүс л ярилцлага өгдөг байлгүй дээ.

Залуу үеийн ямар ч эздийг нялзаахгүйгээр би хэлье гэж бодоод байгаа юм. Эзэд замбараагүй баян байсан. Хэдэн сэтгүүлчдээ гүүзүүн дээр суулгаж байгаад зарчихдаг л байсан. Зарим телевизийн эзэд илүү гоё охидыг авдаг, одоо СУИС дээр болоод байгаа шиг юм болж байсан л гэдэг. Надад тийм зүйл тохиолдож байгаагүй. “Зарим нэг хүн шиг доод бөндгөрөөрөө амжилтад хүрээгүй” гэж ярилцлага өгөөд, тарааж билээ. Б.Ганболд эрхлэгч “Чи юундаа атаархдаг юм” гэдэг. “Та намайг буруугаар ойлгочихлоо. Би удирдлагатайгаа өвөр түрийндээ орж, амжилт өөд мацаж яваа хүмүүсийг хэлж байна” гээд л мэтгэсэн, тэр үедээ.

Нэг их сүрхий айлчлалаар явцгаана. Айлчлалаар явж ер нь юу үзэх вэ дээ, боломж хомс шүү дээ. Юун юм үзэх манатай, олигтой тэмдэглэл ч бичиж амждаггүй юм чинь. Л.Энэбиш дарга амьд байхдаа намайг хэдэн орноор авч явсан. Нэг томилолтод 1000 ам.доллар өглөө. Далласын их дэлгүүрт бүх сэтгүүлчээ буулгаж, таван цагийн дараа ирж авна гээд явахгүй юү. Би ганцаараа түрүүлээд гараад ирсэн, хар сармагчин барьчихсан, бохь зажлаад инээгээд зогсож байсан гэсэн. Манай охин бич жилтэй байхгүй юу. Тэгээд сармагчин авсан. 1000 ам.доллараар болохоор өөртөө компьютер авах гэж байсан юм (Инээв).

-Хүмүүсийн харамч үед та залуу насаа өнгөрөөжээ?

-Э.Бат-Үүлийн эхнэр Б.Дэлгэртуяагийн “Үүл бид хоёр” номон дээр би нэлээд ажиллаж, редакторлаж өгсөн удаатай. Ном хэвлэгдсэний дараа наадмаар дуудлаа. Би охиндоо “Ээж нь баян болоод ирье” гэж хэлээд, давхиад очсон. Цаасан ууттай бэлэг өгсөн. Нээгээд үзсэн чинь миний уншаад, өсөөд, хүмүүжчихсэн С.Эрдэнэ баавайн номууд. Яагаад ч юм, горьддог энэ тэр тийм үеийг бол манай үеийнхэн туулсан. Э.Бат-Үүл ах түүнээс олон жилийн дараа надад тусалсаан.  

Баян хүн өгснөө байнга сануулж байдаг. Ядуу хүн бол авснаа ер мартаж чаддаггүй юм билээ. Тооцоолоогүй 100 мянган төгрөг орж ирсэн ч цааш нь хийж баймаар юм билээ. “Чёрный день” хадгаламжтай бай гэж надад хүн захиж байсан. Ер нь сэтгүүлч хүн ядуу явж болохгүй. Өмсье гэснээ өмсөж, эдэлье гэснээ эдэлж явах ёстой. Ялангуяа эмэгтэй сэтгүүлч. Эрэгтэй сэтгүүлчийг бол цэвэр ур чадвараар нь үнэлдэг.

Манай сэтгүүл зүйд хүндэтгүүлдэг цаг гэж бага байлаа. Би залуу байхдаа Б.Бат-Эрдэнэ аваргатай орой шөнө, япон ресторанд ярилцаж таарлаа. Тэр хүн ус л уух юм. Нэг их гомдох шиг болж билээ. Л.Энэбиш даргаар хэлүүлж авсан болохоор гөжсөн ч юм уу. “Аяга шөл аваад өгчихгүй дээ” гэж бодож л байсан юм. Их залууд аа, тэр чинь.

Сэтгүүл зүй, улс төр хоёр бол нэг юмны хоёр тал гэдгийг 30 гарч байж ойлгосон. Намайг улс төр лүү зориуд оруулаагүй бол би Төрийн ордныг тойрч алхах байсан.

Гэхдээ З.Энхболдтой, М.Энхсайхантай хоёр цаг ярилцлага хийгээд гарахад би бусад сэтгүүлчдээс хамаагүй өөр түвшинд очдог байсан, шууд л хэдэн алхмын урд гараад алхчихна. Сэтгүүлч хүн сайн зочинтой уулзах бүрдээ өөрөө дагаад өсөж байдаг. Тийм болохоор ярилцлагын төрлийг орхиж болохгүй. Ярилцлага хийнэ гэдэг бол сайн сонсохын нэр. Гэхдээ Ж.Мягмарсүрэн эрхлэгчтэй дахиад удаан ажилласан бол би сайн сэтгүүлч болох байсан байх аа. Намайг “Би чинь ихдээд байна, асуултаа богино, богино” гэж шахна. Б.Ганболд эрхлэгч маань бол “Гоё” гээд л хөөрчихнө. Ц.Балдорж шагналын гранпри хүртдэг Асашёрюүгийн ярилцлагад минь огло харайж байсан.

-Одоо Ц.Балдоржийн шагнал өгөхөө больчихсон нь харамсмаар, сэтгүүлчдийн хэн нь, хаана хөдөлмөрлөж буйг олж анзаарахад амаргүй болчихлоо, нэг талдаа.

-Тухайн үед Б.Ганболд эрхлэгч бид хоёр бүтэн жил бэлдсэн. Тэмдэглэл, ярилцлага гэсэн хоёр төрлөөр бэлдсэн. Асашёрюү Японд хэл аманд ороод, Монголдоо бас ойлгогдохгүй байсан. Надад ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Аз л байхгүй юу.  Ц.Балдорж шагналын сүүлийн жилүүдийн нэгэнд  Ц.Элбэгдорж ирж үг хэлсэн. “Дабль шагналтан төрөхөөр болж дээ” гэж дуугарсан.

-Редакцын ажил цагт шахагддаг болохоор хийсэн ярилцлага бүр сайн болох боломжгүй. Ихэвчлэн сэтгэл хангалуун бус үлдээд байдаг шиг. Танд нүүр бардам сайн гэж хэлэх ярилцлага бий юу?

-Асашёрюүгийн ярилцлагыг одоо харахад янзалмаар юм их. Б.Сарантуяа бид хоёрын нэг ярилцлага хамгийн сайн. Хэдэн гайгүй ярилцлагатай шүү. О.Дашбалбар агсных их сайн. Хүнд гэр бүлээс гадуурх харилцаа ярина гэдэг хүнд шүү дээ. Тэр тусмаа төрийн түшээ хүн. Гэрт нь яваад ороход “Наад хаалгаа онгорхой орхиорой, Ганааг оролдчих вий дээ. Би тийм хүн гээ биз дээ” гээд л.  Би тухайн үедээ юун жижигхэн зантай юм, сүртэй юм гэж бодсон ч 42-хон настай эр хүн байжээ.

-Одоо бодоход.

-Одоо бодоход. “Пушкиний хүүхнүүдэд хөшөө хүртэл барьж өгдөг. Минийхийг алчих гээд байх юм” гээд л.

-Тэр ярилцлага одоо хаана байна вэ. Номдоо оруулж байгаа биз дээ?

-Ярилцлагуудаа шилж, сонгоод хоёр боть ном дээр ажиллаж л байна.

-Өнгөрсөнд амьдарч байсан хүмүүсийн яг хэн нь хэн байв гэдгийг бас эрүүлээр шуун тунгаамаар байдаг. Үлдэж хоцорсон ярилцлага л үүнд нэмэр тусаа өгдөг. Танд маш их архив байна.

-Нэг ийм юм ярья гэж бодох юм.

Энэ, эх орноос урвасан, төрийн нууц задруулсан гэж хоёр хэрэг дээр би Монголын нэг сэтгүүлчийн хувьд хурц ханддаг юм. Саяын “бүлли” дунд хоёр ахмад зохиолч байлаа. Тэд “Чи угаас хог новш болсон. Ц.Хуланг хамгаалаагүй” гэж хэлэх юм.

Сүүлд “...гадаадын иргэнтэй...” гэдэг үг холбогдох хуульд нэмэгдсэн юм. Манай сэтгүүлчид хуулиа бага уншдаг. Хоёр хөрш нь мөнхийн ашиглачих гэдэг хэцүү нөхцөлд, бид өөрсдийн гэсэн том зовлон дээрээ нэгдмэл байж сурмаар байна.

Эхлээд унасан дээр нь дэвсэхгүй гэдэг байлаа. Аа харин, эх орноосоо урвасан, иргэнтэй ч биш, аливаа нэг байгууллагад агентаар ажиллаж байсан, гүйлгээ баримттай, за бүр задлаад хэлчихье, тэгээд олны танил хүн дээр юу ярих юм бэ. Хамгийн бага гүйлгээний тоог нь хэлбэл чи ухаан алдана. Тийм юм хийгээд яваад байхад нь атаархал гэж хардаг, эсвэл хамгаалахгүй байна гэж яллах бол улс төрийн мэдрэмжгүй, дотооддоо тогоо шанаганы хэрүүл хийж байхдаа таарсан улс юм шиг санагдах тал байна.

Бичлэгийнх ньхэсгийг парламент үзэж байж л энэ хэрэг чимээгүй боллоо шүү дээ.

-“Бүлли” гэснээс, та эхлээд “Баавгай болохсон” кинон дээр сэтгэгдлээ бичээд нэг том давлагаанд өртчихлөө. Энэ кинонд залуу үе их өндөр үнэлгээ өгсөн байсан. Дагаад таныг залуусын дунд "уначихлаа" гэж эмзэглэсэн?

-Харин тийм ээ. Би чамайг асууна гэж бодож байсан.

Нэгдүгээрт, “бүлли” эхэлсний дараа л би найруулагч та хоёрын ярилцлагыг уншсан. Найруулагчийн юу бодож, төчнөөн жил шатаж явсныг ойлгоогүй гэдгээ ойлгосон. Тэр дороо би найруулагч П.Золжаргалд ярилцлагын санал тавьсан, үгүй гэж байна лээ. Та нарын залуу үе шартай, хортой яваа. Би алга урвуулахын дотор эргэдэг цайлган хүн. Мэргэжил ийм болгодог. Өмхий араагаа үйртэл зууж явбал хэзээ ч сэтгүүлч болж чадахгүй. Дээр нь, би хаа нэг газар нийтлэл бичээд тавьчихсан бол чи надтай бүр серёзный юм ярих байхгүй юу. Гэтэл зүгээр л пост шүү дээ. Би нийгэм тэгж хүлээж авч буйг хараад гайхсан, би өөрөө бас энэ бүхний дараа шинэчлэгдсээн. Сайн ч нүдүүлсэн.

Хоёрт, би уран зохиолоосоо ер салдаггүй хүн. Намайг хүн байлгадаг, миний зовлон жаргалыг тэнцүүлдэг, магадгүй эмэгтэй хүний эдэлж болох олон дутуу, нойтон юмыг би уран зохиолоос авч байдаг. Тийм болохоор киноноос уран сайхны юм хүссэн юм аа. Ямар ч зовлонтой амьдралд Монголын хөх тэнгэр манддагаараа л мандаж байгаа. Гэтэл ядаж аяга сүүний ч гэгээ байхгүй хар барааныг шууд гаднынханд “май үз, энэ манай орон” гээд санал болгож буй нь этикгүй санагдсан. Гэхдээ би найруулагчийн дотоод шаталтыг ойлгоогүй байсан.

Ер нь энэ жил би нэг л буруу юман дээр суусан байх (Инээв).

-Яах вэ, “Баавгай болохсон” дээр анхны сөрөг сэтгэгдлийг та өгсөн нь тэнцвэр шүү.

-Хаашаа юм дээ, сэтгүүлчийн мэргэжил. Хүнтэй тууштай найрсаг явуулдаггүй л мэргэжил юм даа.

-“1984”-ийг үзэхдээ та дуучин Б.Сарантуяаг урьсан байсан уу?

-Үгүй ээ, нөхөртэйгөө ирсэн. Сараа хажууд суусан. Намайг ийм юманд нөхөртэйгөө ирж бай гэж байна лээ.  

-Та хоёрын “Ийм хайрыг өөр нэг агуу хайр л дарж чадна” гарчигтай ярилцлага мэргэжлийн хувьд аазгай хөдөлгөдөг. Хүнд хэрэгтэй юм яриагүй юм шиг мөртлөө амттай. Та бас түрүүн хамгийн сайн ярилцлагуудынхаа нэгээр нэрлэсэн, мөн үү?

-Тийм. Ер нь заримдаа тэр чигтээ сюжет, драм байх гоё ш дээ, ярилцлага бол. Хэрүүл уншиж байхын оронд. Сараатай харьцахад амар. Зургаа авхуулахгүй ч юм уу ярилцлагаа уншина энэ тэр гэхгүй. Ярилцлагын үеэр дунд нь хоёр удаа уйлж авсан, хоёр шил винотой. Ямар ч хүний амьдралд салалт л их хүнд. Би ч гэсэн салалтын дараа эмэгтэй хүний хувьд ч, сэтгүүлчийн хувьд ч босож ирээд цэгцэрсэн. Давахад хэцүү.

-Саяхан сэргээн нийтэлж харагдсан Л.Өлзийтөгсийн ярилцлага ч гоё. Гэхдээ таагүй уур амьсгал дунд өрнөсөн үү?

-Над руу давшдаг уу.

-“Дурсамж бол стриптиз биш” гарчигтай.

-Яруу найрагт ялагдаад л сэтгүүлч болоо биз дээ гэж над руу давшдаг (Инээв). Сэтгүүлч хүн уншигч, зочдынхоо өмнө пээдэлзэж, амбиц гаргаж болдоггүй юм аа. “Ганаа, бүх юм хугацаатай. Нөхөрлөл ч, хайр дурлал ч өөрийн гэсэн хугацаатай” гэж надад хэлж байсан. Өлзий бол юманд өөрийгөө удаан уядаггүй хүн шиг билээ.

-Та сэтгүүлчидтэй бас их ярилцсан байдаг?

-Хамгийн олон сэтгүүлчээс ярилцлага авсан нь би болж магадгүй ээ. Л.Мөнхбаясгаланг ид тэмцэж явахад би хоёр удаа ярилцаж байсан. Л.Дөлгөөн гэж гоё сэтгүүлч байдаг юм аа. Ярилцаж байсан. Zaluu.mn-ийг үүсгэн байгуулсан Д.Дэлгэрмөрөнгөөс бас ярилцлага авч байлаа. Ж.Гангаагийн ярилцлага надад бий, гаргаагүй байгаа. Э.Дагиймааг өмч хувьчлалыг үеэр асуудалд орж явахад нь би авч л явлаа.

-Б.Ханддолгор байна.  

-Хоёр удаа ярилцсан. Хандаад туслах хүн байхгүй болчихсон. А.Ганбат гэж улстөрч бий, намайг “Ц.Балдорж, “уруул” Б.Ганболд, Ж.Мягмарсүрэн гурваас Хандаагийн тухай нэг нэг цитат аваад өгөөч” гэхгүй юү. Ц.Балдорж, Б.Ганболд эрхлэгч нар татгалзсан. Ганцхан Ж.Мягмарсүрэн эрхлэгч өгсөн. Би гомдсоноо хэлж байв. Надад “Ганаа, юу гэж өгөх юм. Ардчилсан намын улс төр л гэж харна. Чи болохоор найзыгаа өмөөрөөд гүйгээд байна” гэж хэлж байсан.

-Амжилтаас гадна таны амьдралд МОНЦАМЭ-г удирдаж үзсэн нь, бас Соёлын гавьяат зүтгэлтэн хүртсэн нь хоёр сайхан үйл явдал гэж боддог. Танд?

-Мэдэхгүй ээ, Тэнгис ээ. Би зарим нэг хүнийг СГЗ болсон гэхэд дуулаад сонин санагдсан. Гараад чулуу шидээд үз дээ. Нэг гавьяатын толгой хагарна. Ийм түгээмэл зүйл дээр, нэг нь би гэж явах инээдэмтэй биз дээ.

-Тэгж санагддаг юм уу?

-Чулуу шидэхэд л нэг гавьяатын толгой хагарна. Би гэхдээ СГЗ болоод, мөнгө дагуулж өгөх байх гэж бодсон. Тэгвэл ээжийгээ дагуулж гадаад явна гэж бодсон. Нэг ч төгрөг өгөөгүй, ийм шагналын системээр яах билээ дээ. Нүдний булай, дандаа мөнгө ярилаа гэж шүүмжлэх байх, яана аа. Ээж минь харин их баярлаж байсан. Хүн ээжийгээ их хайрлаж явах хэрэгтэй шүү. Ээж өнгөрлөө гэвэл л толгой дээр дэрвэх алчуур үгүй болчихдог юм билээ (Уйлав). Ээж хүн үхэн үхтлээ өөрийгөө чухалд боддог. Тэр хэрээр том хамгаалагч байдаг юм билээ. Бас ээж үргэлж зөв байдаггүй. Гэхдээ хэн ч чамайг харааж байсан ээжтэй хүн өөр.

-Таны ажлыг ойлгодог байсан уу?

-Ёстой их ойлгоно. Чамд үзүүлсэн хайчилбаруудыг ээж маань л хийсэн. Манай нохой бас ээжийг их санасан байх аа. Дахиад нохойтой болдог юм уу.

-Мууранд сүжиггүй юу?

-Үгүй ээ, дургүй. Жек шигээ нохой аваад бол дэмий байх, тэ. Сүүлд нас барахдаа намайг уйлаад байсан чинь босож ирж долоох гээд чадаагүй.

-Ганцаардлыг тань Жек хуваалцдаг байсан байх аа.

-Хүмүүс ойлгодоггүй. Манай том ах бол үзэхгүй, “Чамайг тэгж байгаад нэг Дашинчилэнд аваачиж төөрүүлнэ ээ” гэнэ. Жек аймаар ойлгочхоод зугтчихна.

Нөхөр минь  хөөрхий, сая их хямарчихлаа. “Өвгөөн, хоёулаа болиод ферм ажиллуулъя” гэж үү. Сайн хүн тулдаа л надтай амьдарсан. Залуудаа би согтуу ороод л ирнэ, намайг  ганц түлхэж үзээгүй. Гэхдээ би байцаагчтайгаа суучихсан.

Миний анхны нөхөр салснаасаа жилийн дараа ирж зодсон юм. Манайхан “Төрийн төв хэвлэлийн сэтгүүлчийн амь насанд халдлаа” гээд цагдаад өгчихсөн чинь, намайг байцааж таарч билээ. “Чамд шүүх эмнэлэгт үзүүлэх мөнгө байгаа юу?” гэж асуугаад л. “Байхгүй”. “Чи дотуур цус алдаад байгаагаа мэдэж байна уу?”. Тэгээд надад бичиг хийж өгч шүүх эмнэлэгт үзүүлж билээ. Одоо ч тэр бичиг нь байдаг юм. Би тэгж цус алдаад, шил үлээж явсан өдрөө яруу найрагч Б.Одгэрэлийн ээжтэй уулзах гээд тэнээд явчхаж билээ (Инээв). Залуудаа бас чөдөргүй галзуу байжээ.

-Сэтгүүлч бүр залуудаа тэгж шатдаггүй юм билээ. Энэ амбиц уу, юу вэ?

-Ж.Мягмарсүрэн эрхлэгч намайг “Алтан гадас” одон авсны дараа “Ларри Кинг өмдний тэлээ рекламддаг бол Ганаа “Өдрийн сонин”-ыг рекламддаг. Авьяас дээр хөдөлмөрч чанар заяасан” гэж хэлж байсан.

-Хөдөлмөрлөх урмаа хаанаас?

-Яг үнэндээ тэгээд амин зуулга л даа. Юм л бол би явъя гэдэг. Сэдвийг голох, сонгох эрх байхгүй. Тэгж ч чөлөөтэй хийлгэдэг байж.

-Авьяастайгаа мэддэг байсан уу?

-Мэддэг байсан. О.Дашбалбар ах надад “Ахын дүү ямар гоё амьтай, амьсгаатай бичиж байна аа. Үүнийгээ алдаж болохгүй шүү” гэж хэлсэн нь санаанд байдаг юм.

-Тэгээд бас сэтгүүлч хүн ганцаарддаг шүү дээ?

-Тиймээс ядаж ганцаараа бичих орон зай хэрэгтэй. Урд шөнө би шүлэг бичсэн. Чамд нээрэн уншаад өгчих үү?

-Тэгээч?

-Кино үзээд л, өдөөгдсөн хэрэг. Гэхдээ зөвлөе, өөртөө идей өгөхгүй хүнд нэг их цаг зараад дэмий. Алтан цаг шүү. Би үүнийг хэнд ч ингэж хэлж байгаагүй. Муухай хүйтэн үг байна уу (Хувьчлан зөвлөсөн ч олон хүнд хэрэг болуужин гээд бичив).

Цээжинд чинь халуу оргиулан хадгалагдах
Тийм тарчинтай зовлон үлдээж байгаад уучлаарай
Сэтгэлд чинь хадаж өгөөд явж буйд уучлаарай
Хонгор үр минь
Би чинийхээ хойтон, бас дараагийн хойтон, түүний дараагийн хойтон
Хүйтнээс халхлах зун баймаар байна

Ийм ямар ч логикгүй юм бичиж, өглөө нь хараад инээд хүрээд. Одоо энэ насанд нээрэн яруу найргийн ном гаргаад яах ч юм билээ.

Янаглаж дассан болохоор салцгаасан тэр намар санагдаад
Хэцүү байсан байх даа
Уралцаж, уруудаж, уудлалцаж ичээд
Урагдсан итгэлээ тэвэрцгээгээд
Урдах замаараа алхацгаасны дараа
Урьдын амьдралын ул мөрүүд
Угаагдаж өгөхгүй залхаж холдсон ч залгамаар санагдаад
Хэцүү байсан байх даа.

Шүлэг бол гоё. Миний бичилт жаахан өөр шүү. С.Баяр ахтай ярилцахдаа “Би өөрийн хийсэн яруу найргийн өмнөөс сонирхогч биш гэдгээ мэднэ” гээд хэлж орхисон.

-Яагаад энэ насанд яруу найргийн ном гаргаад яах юм гэж?

-Дандаа хайрын шүлэг ш дээ.

-Хайр үхтэл мартагддаггүй сэдэв шүү дээ. Тэр тусмаа хожим хойно эргэцэн тунгаасны дараах мэдрэмж шүлэг болж буух бол үнэ цэнтэй.

-Эмэгтэй хүний амьдралд хоёр, гурав л үлддэг юм байна. Эрчүүд бол замбараагүй олон дурлаж байж бичдэг байх. Г.Аюурзана надад их урам өгч билээ, “Урьдынхаараа би өвлийг угтана” дээр маань өмнөх үг бичихдээ. Би ч тэгээд номоо гаргасангүй, урмыг нь хугалсан болов уу?

-Энэ хүсэл гэхдээ хүзүүн дээр дарна биз?

-Тэгчих, ингэчих юм сан гэвч өдөр тутмын ажилдаа дарагдаад. Заримдаа ч хүний худлаа гөлгөр царай хараад, асуулт асуугаад суух төвөгтэй шүү дээ. Ер нь би өөрийгөө “Ярилцлагын” гэдэг хашилтад хийчихгүйн тулд бүх төрлөөр оролдож үзсэн л дээ.

-"Ярилцлагын" гэгддэгтээ ер нь хэр дуртай байдаг вэ?

-“Чи бол бүх төрөлд авьяастай” гэж хэлдэг л байсан. Шүүмжлэлээс айгаад нийтлэл бичихээ байсан байх аа. Хамгийн анх тогоо руугаа дайрсан сэтгүүлчдийн нэг би. С.Зоригийн хэргийн дараа “Хараал идсэн сэтгүүл зүй” гээд л бичиж байсан. “Машаг минь алчихжээ” гэж бас бичиж байсан. Уг нь зөв аваад явбал гоё мэргэжил юм.

-Юуг нь гоё гэх вэ?

-Хүний сайхантай уулзуулдаг л мэргэжил шүү дээ. Зовлонгийн халуун хүйтэн цогийн дэргэд аваачдаг мэргэжил. Дамаар биш, өөрөө тэр халуун хүйтнийг дэргэдээс нь мэдэрч, салхи шуурганд нь ороолгуулж явдаг мэргэжил. Гоё нь гэвэл, хүний сайхантай уулзуулдаг болохоор. Энд тэнд явж байхад хүндэлнэ шүү дээ, хөөрхий. Хаа байсан Дэлүүн суманд явж байхад л “Ганчимэг сэтгүүлчээ хүйтэн өвсөн дээр суулгахгүй” гээд машины шалавчаа дэвсэж өгч байсан. Их удаан танигддаг, бичдэг сэтгүүлч. Эфир бол амархан.

-Та одоо номон дээрээ ажиллаж байна уу?

-Ярилцлагын хоёр боть ном дээр л сууж байна. Олон ярилцлага байгаа болохоор сонгож байна.

-Шүлэг яах вэ?

-Ичээд байна.

-Таныг нэг бол нас, эс бол зүс яриад байхаар хайрцаглагдсан л санагдаж байна. Зад татах ёстой.

-Магадгүй. Тэгээд бас хүн цаагуураа тамиргүй болчихдог юм байна аа. Ярилцлагаа бол хоёр боть болгоно оо. Уг нь шивэх талдаа бүтээлч. Зориг л гэхээс. Талд нь хараагдаж, талд нь хайрлагдаад дуусдаг мэргэжил шиг байна.

-Би тантай жилийн өмнө уулзаад, олон жил хэт их мэдээлэл, энэ чинь мэдээлэл л шүү дээ, хураасан хүний нэг тийм гунигтай нүд харсан.

-Там.

-Хувь хүнийг бас хэцүү болгоно.

-Хүний нууцыг тээж явна гэдэг хэцүү л дээ. Амьд, үхсэн олон хүний юмыг тээж явна гэдэг. Жишээлбэл би С.Зоригоос илүү Л.Энэбиш даргыг хорлогдож үхсэн гэж боддог байсан. Монголын төрд хүний амины үнэтэй ямар ч албан тушаал байхгүй гэж боддог л байсан, залуудаа тэгж боддог байсан. Харин Л.Энэбиш дарга нас барахад хорлогдлоо гэж бодсон.

-Өнгөрсний тухай ой санамж бол сэтгүүлчид. Үүнийг боломжийн хэрээр бичиж үлдээх л хэрэгтэй.

-Бидэнд шүүмжлүүлсэн хүмүүс нэг их сайн сайхныг хэзээ ч хүсдэггүй юм байна гэдгийг, мухар сүсэггүйгээр хэлэхэд, би өөрийнхөө амьдрал дээр хангалттай ойлгож байна. Нэг бодлын залуу, зоригтой дээрээ бүхнийг шувтлаад гаргах байж. Л.Энэбиш даргыг нас барахад би бүх касеттуудаа банканд аваачиж хадгалуулсан. Хийрхэл юм уу, төсөөлөл юм уу, бүү мэд. Тэгсэн мөртлөө С.Зоригийн үхэл дээр яагаад хатуу бодолтой явснаа бодоод л байна. 14 хоног гэртээ тэрийг л бодлоо.

-Хариултаа олов уу?

-Олоогүй.

-Бас муу, сайн хүнтэй их нөхөрлөх болно. Муутай нь нөхөрлөвөл ял зэмийг нь бас хамт үүрчихдэг юм байна даа гэж харах боллоо. Зарим сэтгүүлчид их эрт нас барсан байх юм...

-Академик түвшний мэдрэмжээ хөгжүүлж байж л хүний сайн, мууг таньдаг болдог юм байна лээ л дээ. Сэтгүүлч хүнд муу хүнээс хол явах эрх байхгүй. Ерөнхий эрхлэгч яв, хий гэнэ. Тэгж зөндөө хулгайчтай хийсэн. Тэгээд өөртөө булуу хурааж. Н.Өнөрцэцэг л ярьж явдаг болохоос бидэнд яг ижилхэн хүмүүс ханддаг. Ингэчихлээ, тэгчихлээ гэсэн захиа занаанд дараастай 30 жил. Одоо ч цахимаар ханддаг болжээ.  Гэхдээ сэтгүүлч хүн хувийн адал зовлонгоо ил гаргаж цацаж болдоггүй. Бололцоо ч үгүй. Ярья гэвэл миний анхны нөхөр хүүхдийнхээ цэцэрлэгийн багштай суучихсан. Сонин биз. Гэвч ярьж явах утгагүй.

-Та гэхдээ үнэхээр сайн архив хураадаг юм байна. Энэ бүх хуурцаг, файлууд, хайчилбарууд.

-Хүн бүр дээр фольдер үүсгэчирдэг юм. Авмаар юм зөндөө байсныг залуудаа ер тоохгүй явчхаж. Шөнө тэнэсэн сум шиг бодол орж ирэхэд гаргаж ирээд л, тэр хүний тухай сонгож уншина.  

-Ер нь та ажлаа хүнээр заалгаж байсан уу. Одоо зааж өгдөг юм шиг их ярих юм, залуу сэтгүүлчид. Бас их онолдоно оо, сэтгүүл зүйг.

-Тэгээгүй. Редакцын агаар өөрөө сэтгүүлчийг хүмүүжүүлдэг. Түүнээс тэгж асуу, ийм зохилтой яваарай гэж хэн ч хэлээгүй. Хэдэн уран зохиолын ном наддаа багш байх. Сайн уран зохиолын ном муухан хувийн сургуулиас дээр. Ер нь ярилцлага дөрөв таван цагийн турш яаж өрнөхийг бурхан ч хэлж мэдэхгүй. Өөрөө л. Ял зэмээ ч, алга ташилтаа ч өөрөө үүрдэг.

-Сэтгүүл зүйд уран зохиолын хүмүүс орж ирээд самарсан л гэдэг. Ер нь онол ярьж, онолддог хэсэг бийг та юу гэж хардаг вэ?

-Салбар өөрөө дархлаагүй болчхоод л шүүмжлүүлж байгаа. Дээрээс нь гадаад харилцааныхан, инженерүүд их сайн бичдэг юм. Ер боддог хүнд бичих чадвар бол байдаг шүү дээ. Нөгөө талаар гаднын хүн орж ирээд тухтай ажилладаг салбар манайхаас өөр байхгүй шүү. Нийтлэлчид бол илүү том үзэл санаан дээр дуугарч байдаг. Болушка ч байдаг юм уу. Ер нь бол аналитик хийх чадвар болоод мэдрэмжээр илүү биш бол дуугүй байх хэрэгтэй. Мөртлөө их сургууль руу халдахгүй байгаа биз дээ. Би бол хувьдаа их сургуулийн системд анхааръя, сэтгүүлч мэргэжлээр элсэлт авахыг хоёр жил ч болов завсарлая гэж хэлдэг байсан.

-Таны “Аав бид хоёр”-ыг уншаад, зарим нь бас “Энэ сэтгүүл зүйн бичлэгийн төрөл мөн үү?” гэж эргэлзмээр сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ та жанр гэдэг юмыг өөрийн туршилтаар, өөрөө бүтээж ирсэн сэтгүүлч байх.

-Тэгсэн байх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button