Т.Баярхүү: 4000 малчин өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байна

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.04.12/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Энэ сарын 10-ны байдлаар Монгол орны нийт газар нутгийн 10 хувь цасан бүрхүүлтэй, зудтай аймаг сумын тоо эрс буурсан байна. Гэвч энэ нь зудын хор хохирол буурсан гэсэн үг биш юм. Өчигдрийн /2024.04.11/-ны байдлаар малын хорогдол 6.6 сая буюу 10.2 хувьд хүрсэн. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байгааг УОК-ийн Нарийн бичгийн дарга хурандаа, Т.Баярхүү мэдээллэв.
Түүнчлэн 100 хувь малгүй болсон 400, нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 гаруй малчин өрх бийг онцоллоо.
Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, 14-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.