Нийгэм мэдээ

Ж.Хунан: Хүүхэд хамгаалах журамд өөрчлөлт орсон ч батлагдсан эсэхийг мэдэхгүй байна

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх сарын 1-нээс хэрэгжих юм. Үүнтэй холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутаг болон Нийслэлд хөгжлийн хөтөлбөр батлахдаа хүүхдийн эрхийн асуудлыг заавал тусгах заалт орсон. Мөн бид үүнд хяналт тавих хэрэгцээ шаардлага гарч байна. Мөн хуульд Засаг даргын чиг үүрэгтэй холбоотой зохицуулалт нэмэгдсэн. Тухайлбал тухайн орон нутагт аймгийн төвөөс хол алслагдмал оршдог бүс нутагт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг хийнэ. Ингэснээр хүүхдийн эрх зөрчигдөх асуудалд багасна гэж үзэж байна. Энэ бол маш шинэлэг, их ач холбогдолтой зохицуулалт гэдгийг онцолъё.

Хүүхдийн эрхийн Хууль Зүйн Хороо гэж бүтэц бий. Гэмт хэргийн холбогдогч, гэрч, хохирогч болсон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь энэ бүтцийн гаргасан шийдвэр амьдрал дээр хэрэгждэггүй гэх шүүмжлэл дагуулдаг. Энэ хүрээнд Хүүхдийн эрхийн Хууль Зүйн Хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй эсвэл хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл оногдуулах санал гаргах эрхийг нь тухайн байгууллагад нь олгож байна. Үүний дагуу шийдвэрийн гүйцэтгэл сайжрах нөхцөл бүрдсэн гэж харж буй юм.

Түүнчлэн олон улсын болон гаднын судалгааны байгууллага хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх болон хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хориглосон заалт нэмэгдсэн. Хүүхдийн хувийн мэдээллийг ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулахаас урьдчилан сэргийлж буй арга юм. Тиймээс заавал зөвшөөрөл авч судалгаа хийх эрх олгосноор энэ асуудлыг хяналттай болгож байна гэж ойлгоход буруудахгүй.

Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үр дүнгүй байдаг гол шалтгаан нь санхүүжилттэй холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэсэн хуулийн зохицуулалт бас нэмэгдсэн. Тодруулбал Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгана. Ингэснээр бодлогоо хэрэгжүүлэх санхүүжилттэй болж, зарцуулалтыг нь хянах боломж бүрдэнэ. Мөн хуулийн этгээд болон ажил олгогч нар цалингийн сангийн нэг хувийг хүүхэд хамгааллын бодлогод зарцуулдаг болсон. 

Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой чухал заалт нэмэгдсэн. Аймаг, нийслэлийн засаг дарга болон төрийн болон төв болон орон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд тухайн жилд хүүхэд хамгааллын чиглэлээр хийсэн ажлын тайланг дараа оны хоёрдугаар сард багтаан энэ асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад өгч байх зохицуулалт орсон. 

Төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилийнхээ гуравдугаар сард багтааж ирсэн тайланд дүн шинжилгээ хийгээд Хүүхдийн төлөөх Үндэсний Зөвлөлд хэлэлцүүлнэ. Ингэснээр улсын хэмжээнд хүүхэд хамгаалах бодлогын талаар жил бүр хэлэлцдэг болох юм.

Хүүхдийн төлөөх Үндэсний Зөвлөлийн тэргүүнээр Монгол Улсын Ерөнхий сайд ажилладаг. Ийм хэлэлцүүлэг явуулснаар хүүхэд хамгааллын тухай бодитой мэдээлэл авч, бодлогоо хэрэгжүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зургаан стандарт мөрдөгдөж хэрэгжихээр байна. Тодруулбал

  • Сэтгэлзүйн үйлчилгээ
  • Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг хамгаалах, нөхөн сэргээх
  • Хүүхэд асрах үйлчилгээ
  • Нийгмийн ажлын үйлчилгээ
  • Гамшгийн онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын стандарт болон
  • Жагсаал, цуглааны үеэр хүүхэд хамгааллын стандартыг дагаж мөрдөхөөр болсон.

Түүнчлэн 14 журам орсон байгаа. Харамсалтай нь энэ стандарт, журам нь батлагдсан эсэх талаарх мэдээлэл хомс байна. Тиймээс уг асуудлыг хариуцаж буй албан байгууллагууд нь стандарт, журмыг батлах тал дээр анхаарал хандуулж, ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Мөн хүүхэд хамгааллын тухай нэгдсэн мэдээллийн сантай болж байна. Ингэснээр хүүхэд бүрд хувийн хэрэг нээж, ямар нэг мэдээлэл зөрөх, давхцах асуудал цөөрнө гэсэн хүлээлттэй байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2024 13:33

Бусад руу чихээд байхаар өөрсдөө хийгээд эхлээч, мундаг хуульчид биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button