"Охидын манлайлал" өдөрлөгт 100 гаруй төлөөлөл оролцлоо
Өчигдөр /2024.04.17/ Харилцаа холбооны зохицуулах хороо нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Охидын манлайлал” өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй охидыг хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь тулгамдсан асуудлыг мэдээллийн технологи ашиглан шийдэх, бодит санал санаачилга, шийдэл гаргахад чиглүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутан охидын мэдээллийн технологийн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбартаа манлайлах, улмаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх юм.
Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага /ITU/ нь 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард Girls in ICT буюу охидыг харилцаа холбоо, мэдээлэл технологийн тусламжтай чадавхжуулах зорилготой арга хэмжээг уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил дэлхийн хэмжээнд “Манлайлал” уриатайгаар тэмдэглэж байна.
“Охидын манлайлал” өдөрлөгийг нээж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Монгол дахь Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ. Мөн ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дорийн Богдан-Мартин цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Өдөрлөгт ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн 1-3 дугаар курсийн эмэгтэй 80 гаруй оюутан болон холбогдох төрийн байгууллагын нийт 100 гаран төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Мэдээллийн технологийн салбар ба Охидын манлайлал”, Deep Tech компанийн хамтран үүсгэн байгуулагч, Машин сургалтын Google Developer Expert М.Хонгорзул “Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн боломж”, Шимт сүрэг төслийн Захирал О.Тэгшбуян “Хөдөө аж ахуйн салбар дахь IT бизнес эрхлэхэд тулгарч буй сорилт, туршлага” сэдвээр илтгэл танилцуулсан бол, Хөдөө аж, ахуйн чиглэлээр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Цахим хөдөө аж ахуйн стратеги”, Ази, номхон далайн орнуудын СКАЛА хакатоны ялагч Ж.Гантуяа “Хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь цахим шилжилтийн сайн туршлага” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Энэхүү өдөрлөг нь мэдээллийн технологийн дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, мэдээллийн технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй охид хамтран хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг таниулах, салбартаа манлайлж, шинэ санаа, инновацыг нэвтрүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Харилцаа холбооны зохицуулах хороо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.