Ц.Адъяахишиг: ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ чагнасан гэдэг нь худал
Өнөөдөр ХЭҮК-ынхон нэгнээ тагнаж, чагнасан гэх асуудлаар комиссоос мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг "Өнөөдөр "ХЭҮК-ын дарга, гишүүд нэгнээ тагнаж, чагнасан" гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр тархсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Дээрх асуудлын тухайд ХЭҮК-ын тамгын газрын хоёр албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд оролцох явцад үүссэн маргаантай холбоотой асуудал юм. Ер бүх шатанд бие биеэ үл хүндэтгэх, ажлын байран дээр дарамт учруулах асуудлыг Хөдөлмөрийн хуулиар болон Төрийн албаны хуулиар хориглосон байдаг.
Үүсэн маргаантай холбоотойгоор нэг албан хаагч гомдлыг ХЭҮК-ын Тамгын газрын даргад 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан.
Харин энэ гомдлыг хэлэлцээд Төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал байх үндэслэлтэй байна гэж үзээд ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хороонд тухайн маргааныг шилжүүлсэн. 2023 онд батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг үндэслэн ХЭҮК-ын дэргэдэх ёс зүйн хорооноос нэг албан хаагчийг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж үзсэн. Улмаар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй албан хаагч Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өнөөдөр шүүх дээр уг асуудал хянагдаж буй" гэх мэдээллийг өглөө.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.