Спорт

NBA All Stars 2025 : Стефийн талбай дээр Маклангийн гурав дараалсан ялалт, Вэмбигийн дуулиан

АНУ-ын Сан Франциско хотноо болсон 2025 оны NBA-гийн Бүх Оддын тоглолт, тоглолтын эргэн тойронд болсон бүхэн үзэгчдэд мартагдашгүй мөчүүдийг бэлэглэлээ. Стефен Көрри өөрийн талбайдаа MVP-гээр шалгарч, Мак МакКлан Бүх Оддын Слам Данкийн тэмцээний анхны гурван удаагийн дараалсан аварга болж, NBA-гийн түүхэнд бичигдэв. Мөн энэ жилийн тэмцээн шинэ "Final Four" тоглолтын форматаар өрнөсөн нь уламжлалт форматаас илүү өрсөлдөөнтэй болж, сэтгэл хөдөлгөм уур амьсгал бүрдүүлэв.

Гэсэн хэдий ч бүх зүйл төгс болсонгүй. Виктор Вембаньяма, Крис Пол нар ур чадварын тэмцээнээс хасагдаж дуулиан тарьсан нь олон нийтийн сүлжээнд халуухан сэдэв болов.

Стефен Көрри талбайдаа MVP боллоо

Энэ жилийн хамгийн том онцлох үйл явдал бол Голден Стэйт Уорриорсын домогт тоглогч Стефен Көрри өөрийн гэрийн талбай Chase Center-д Бүх Оддын Тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP)-ээр шалгарсан явдал байлаа.

Стеф финалын тоглолтод дараалсан амжилттай холын шидэлтүүд болон талбайн голоос оноо авч нийтдээ 12 оноогоор багтаа ялалт авчирсан юм. Тэр Бүх Оддын тоглолтын MVP шагналыг хоёр удаа хүртсэн бөгөөд энэ нь түүний 11 дахь удаа сонгогдсон, 10 дахь Бүх Оддын тоглолт байв. Мөн өөрийн талбай дээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө бүх оддын тоглолтын MVP болсон нь бүр ч сэтгэл хөдөлгөм онцлог мөч байлаа. Тэрээр Кевин Дурант, Дамиан Лиллард, Кайри Ирвинг гэх одоо цаг үеийн хамгийн том сагсан бөмбөгийн одуудтай хамт тоглож, Чарльз Барклигийн удирдсан Олон улсын багийг финалд 41-25 харьцаатай ялсан.

Хэдийгээр Стеф бүх оддын тоглолтын гол баатар болсон ч Леброн Жэймс анх удаа Бүх Оддын тоглолтыг өнжсөн нь өөр нэг томоохон шуугиан байсан. Тэр 21 жил бүх оддын тоглолтод сонгогдож, рекордыг шинэчилсэн ч гэсэн 20 жил дараалан Бүх Оддын тоглолтод оролцож байсан рекордоо энэ жил ийн тасалдуулсан юм.

Шинэ All Stars-ийн Формат: "Final Four" илүү өрсөлдөөнтэй болгов

Энэ жилийн бүх оддын тэмцээн Зүүн vs Баруун (East vs West) гэсэн уламжлалт тоглолтын форматыг халж, шинэ "Final Four" форматыг хэрэгжүүллээ.

NBA бүх оддын тоглолт хамгаалалт муутай, сонирхолгүй болсон гэдэг шүүмж сүүлийн арваад жил яригдаж байгаа. Тиймээс NBA-н зүгээс өрсөлдөөнтэй, үзүүштэй болгох зорилгоор шинэ формат сүүлийн жилүүдэд туршиж байгаа бөгөөд энэ жил мөн л шинэлэг арга барил туршив. Шинэ форматаар түрүүлж 40 оноо авсан баг нь ялах байсан бөгөөд 4 баг хасагдах байдлаар тоглож ялагчаа тодруулав. Шакил О'Нилийн бүрдүүлсэн баг эхний тойрогт шинэ залуу тоглогчдоос бүрдсэн багийг 42-35 харьцаатайгаар ялж, финалд Чарьлз Барклигийн Олон Улсын багийг 41-25 харьцаатайгаар хожсон нь энэ жилийн бүх оддын тоглолтын аваргаар шалгарав. Хасагдах журмаар тоглосон учир хамгаалалт довтолгоо сайтай, өмнөх жилүүдээс хамаагүй үзүүштэй байсан гэж үзэгчид үнэлгээ өгөв. Энэ дундаас Францын “Эйфелийн цамхаг”, “Харийн хүн” гэх хочтой залуухан тоглогч Виктор Вэмбаньяма тоглолтын өмнө “би найзтай болох гэж ирээгүй” гэж хэлэн, тоглолтын туршид хамгийн ихээр идэвх зүтгэл гаргасан ч түүний “Олон Улсын” баг Стеф Карригаар удирдуулсан багийг буулгаж авч чадсангүй. Стеф шинэ форматаар болсон бүх оддын тоглолтын талаар “ТВ-ээр яаж харагдсныг мэдэхгүй ч тоглогчид бид бүгд идэвхтэй тоглоцгооё гэж ярьцгаасан. 2000 оны эхэн үетэй харьцуулмааргүй байна. Тэр үе бол миний бодлоор оргил үе гэж боддог. Гэхдээ бид шинэ загвар, шинэ сэдэлтэйгээр өөр үзүүштэй, хөгжөөнтэй зүйл хийж болно. Хамгийн гол нь үзэгч хөгжөөн дэмжигчид баяртай байх нь чухал. Энэ бол бид зөв зүйл рүү явж байгаагийн эхний алхам юм” гэв.

Мак МакКлангийн түүхэн ялалт: 3 удаагийн дараалсан аварга

Стеф Карри бүтэн сайн өдрийн гол эзэн байсан бол Мак МакКлан хагас сайн өдрийн баатар байв.

1.88 м өндөртэй хамгаалагчийн байрлалд тоглодог Мак Маклан энэ жилийн цагираган дээрээс довтлох тэмцээнд ялж түүхэн дэх анхны гурав дараалан ялсан амжилт үзүүлэн бүх цаг үеийн шилдэг тохогч нарын нэг гэдгээ бататган харуулав. Цагирган дээрээс довтлох тэмцээнд гурван удаа Нейт Робинсон түрүүлж байсан ч жил дараалан түрүүлж байгаагүй юм. Тэрбээр энэ жилийн тэмцээнд бүх тохолтуудаа эхнийхээ оролдлогуудаар амжилттай болгон хамгийн дээд 200 оноогоор аварга болсон. Онцлох өөр том зүйл нь, түүний энэхүү амжилтийн нөлөө нь, NBA-н том одууд цагираган дээрээс довтлох тэмцээнд оролцдоггүй болсон энэ үед түүний энэхүү амжилт нь Жа Моррант, 2 удаагийн тохох тэмцээний аварга Зак Лавин, Яннис Антетокунмпо нарын өрсөлдөөнч чанарыг нь сэргээж ирэх жилийн тэмцээнд оролцож болох талаар жиргээ хийхэд хүргэсэн нөлөө юм. Хэдийгээр Мак Маклан ахиж тохолтын тэмцээнд орохгүй гэж одоогоор мэдэгдсэн ч гэсэн ирэх жил том одуудтай өрсөлдөхөөр эргэн ирэхийг үгүйсгэхгүй юм.

Гурван онооны тэмцээн: Тайлер Херрогийн гэнэтийн ялалт

Гурван онооны шидэлтийн тэмцээнд олон хүн Дамиан Лиллард эсвэл Бадди Хилд ялна гэж таамаглаж байсан ч Тайлер Херро битүү морь шиг гарч ирсэн.

Херро анх удаагаа аварга болж, бүх хүний таамгийг эвдэв. Өмнөх аварга Лиллард эхний шатанд хасагдаж, томоохон шуугиан дэгдээсэн билээ. Бадди Хилд эхний шатанд 31 оноо авч, рекорд тогтоосон ч финалд сайн шидэж чадсангүй.

Ур чадварын тэмцээний дуулиан: Вембаньяма, Крис Пол нар хасагдав

Бүх Оддын амралтын өдрүүдийн хамгийн шуугиантай үйл явдал бол Виктор Вембаньяма, Крис Пол нарын ур чадварын тэмцээнээс хасагдсан явдал байлаа.

Тэд шидэлт хийх ёстой цэгүүдэд бөмбөгөө цагирагт оруулах зорилгогүйгээр бөмбөгөө чиглүүлэн шидэж цаг хожих гэсэн арга заль нь дүрэм зөрчиж, хуурах гэж оролдсон гэдэг шалтгаанаар тэмцээнээс хасав. Мөн ордонд байгаа үзэгчид хүртэл орилж дургүйцлээ илэрхийлсэн юм. Хэдийгээр үзэгч, хөгжөөн дэмжигчид үүнийг Крис Паулын санаа гэж үзэж байгаа ч Вэмби үүнийг өөрийнх нь санаа байсан гэж мэдэгдэв. Үүнийг буруушааж байгаа хүмүүс байхад, дүрэм зөрчөөгүй л бол энэ ухаалаг алхам гэж үзэж байгаа хүмүүс хүртэл байгаа учир одоог хүртэл интернет орчинд маргаан дагуулж байна.

Онцлох Үйл Явдлууд

  • Стеф Көрри гэрийн талбайдаа MVP боллоо.
  • Мак МакКлун анхны гурав дараалан түрүүлсэн тохогч боллоо.
  • Тайлер Херро таамаг эвдэж гурван онооны тэмцээнд яллаа.
  • Вембаньяма, Крис Пол нар маргаантайгаар ур чадварын тэмцээнээс хасагдлаа.

2025 оны NBA Бүх Оддын өдрүүд сэтгэл хөдөлгөм, өрсөлдөөнтэй, мартагдашгүй болж өнгөрлөө. Ирэх жилийн тэмцээн Лос Анжелес хотноо болно. Таны хувьд хамгийн сонирхолтой мөч юу байв.

З.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button