Тодруулга: Герман нисэх тийз худалдан авсан зорчигчдын нөхөн төлбөрийг Франкфурт өгөх ёстой

Энэ амралтын өдрүүдээр МИАТ ТӨХК Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдсан талаар мэдэгдэл гаргасан.
Тодруулбал, ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэл өнөөдөр /2025.03.10/ ажил хаялт зарласны улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдэгдсэн. Уг нь өнөөдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150 мянган зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулжээ.
Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг МИАТ мэдэгдэв. Ингэхдээ тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандана уу гэх мэдээллийг тус мэдэгдэлд хавсаргасан.
Гэсэн ч зарим үйлчлүүлэгч нөхөн төлбөр авч чадахгүй байгаа. Мөн тийзээ өөр өдөр лүү шилжүүлэхэд нэмэлт мөнгө төлж байгаа зэргээр дээрх үйл ажиллагаатай холбоотой гомдлоо илэрхийлж буй.
Иймд бид нөхөн төлбөр болон тийзны хугацаа өөрчлөлтийн талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад дараах хариултыг өглөө.
"Нислэг цуцалсан асуудал нь МИАТ-аас бус нөгөө тал болох Франкфурт нисэх онгоцны буудлаас хамаарч байгаа тул манайх нөхөн төлбөр олгохгүй. Франкфурт олгох ёстой. Харин зорчигчдын нислэгийн тасалбарын асуудлыг бид зохицуулж байгаа. Зорчигчтой холбогдож үнэгүй өдрийг нь сольж өгч байгаа. Харин зарим үйлчлүүлэгч нислэгийн чиглэлээ солих хүсэлт ирүүлсэн. Энэ тохиолдолд нислэгийн чиглэл, хот өөрчлөгдөж байгаа тул нэмэлт төлбөр төлдөг ёстой" гэлээ.
Мөн дээрх үйл явдалтай холбоотойгоор ХБНГУ-ын Дюссельдорф, Кельн/Бонн хотуудад олон тооны нислэг цуцлагдаад байгаа аж. ADV-ийн мэдээлснээр Дюссельдорф, Кельн/Бонн хотуудад 280 нислэг цуцлагдсан бөгөөд 48 мянган зорчигч өөр хувилбар хайх шаардлагатай болжээ. Иймд уг нөхцөл байдал нь тус улсын эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэйг хэвлэлүүд онцолж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.