УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдорж, М.Энхболд оо, төрөө тонож улсаа зардаг хулгайч та нарт АН дэндүү томдоно шүү

Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

Өнөөдөр Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж, зарим зүйлийн тодруулга хийх шаардлага гарлаа. Би гурван зүйл ярихаар төлөвлөсөн.

  • НЭГДҮГЭЭРТ, АН-ын дотор намын даргын сунгаа, Ерөнхийлөгчийн сунгааны ард юу болсон
  • ХОЁРДУГААРТ, АН ямар нам байгаад одоо ямар нам болсон тухай
  • ГУРАВДУГААРТ, Бид цаашид яах ёстой юм бэ, юу хийх нь зүйтэй тухай
  • ТӨГСГӨЛД НЬ гүтгэлэгтэй холбоотой хоёр, гурван зүйл хэлнэ.

-АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНЭ СОНГОГДООД ХУРЛААР БАТЛАГДААГҮЙ БАЙХАД М.ЭНХБОЛД МӨНГӨН АЯГА, СҮҮ БАРЬЖ ИРЖ БАЙСНЫГ БҮҮ МАРТ-

НЭГДҮГЭЭРТ. 2016 оны сонгуульд АН есөн суудалтай болж, үүний дараа АН-ын даргыг сонгох сунгаа болж гишүүдээс сонгохоор болсон. Тэр сунгаанд би намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн. Анх 2016 онд Ц.Элбэгдоржийг МАНАН мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзээгүй. Гэхдээ санаа зовоогүй, шударга үнэн ялна гэж үзсэн учраас намын даргад үзэж, цаашид намаа зөв гольдролоор явахад нэмэр болъё гэж өрсөлдсөн.

Намын даргад таван хүн өрсөлдсөн. Би хоёр гар, хоёр хөлнөөсөө АТГ, Цагдаа, Тагнуул гээд олон газрын мөрдлөг дуудлага дор намын даргын сунгаанд оролцсон. Намайг намын даргын сунгаанд явах сургаар, мөн Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар над дээр 2016 оны 11 сарын 30-нд АТГ дуудаж сэжигтэн болгож байсан. Сэжигтэн хүн намын даргад дэвшлээ гэж ПР хийх байх гэсэн тэгж явсан. Нөгөө талаас нэгдүгээр сарын 29-нд намын даргын сунгаа явах гэж байтал гурав хоногийн өмнө АТГ дуудаж яллагдагчаар татлаа гэсэн. Хэрэв дарга болвол шорон гяндангаар айлгана гэсэн Элбэгдорж, М.Энхболд нар хийсэн шударга бусын хонгилын ажиллагаа байсан. Манай намын даргын сунгаанд тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд, тэр үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хууль хяналтын байгууллага, шударга бусын хонгилоо ашиглаж оролцсон.

Нөгөө талд, С.Эрдэнийг намын дарга болгохын тулд С.Эрдэнэ өөрөө “Алтанхуяг намын байр зарж идсэн” гэдэг юмыг  2016-2017 оны үед гаргаж ирсэн. Нэгэнт намын доторх сунгаа явж байгаа учир энэ тухай яриад яахав гэж бодсон. Гэтэл өнөөдөр улс орон даяар намайг намын байр зарж идсэн мэтээр зарласан тул намын гишүүдээсээ хүлцэл өчөөд энэ асуудлыг олон нийтэд ил болгоно гэж шийдсэн.

Тухайн үед 6.7 мянган хүний саналын зөрүүтэй орон нутгаас ирснийг манай С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нар нийлж байгаад Баянгол, Баянзүрх гэх мэт зарим нэг дүүрэг дээр зүгээр санал луйвардчихсан. Алтанхуяг дээр 300 санал,  Эрдэнэ дээр 3000 гаруй санал бичсэн байгаа юм. Би дугараагүй, намын байр идсэн биш, энэ зэргийн гүтгэлэг байна биз гэж тоогоогүй. Би хаяъя хаяъя гээд түр орхисон.

Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын эсрэг том юмны эсрэг тэмцэж байсан цаг. Та бүхэн санаж байгаа байх АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо гэхэд уг нь хурлаар батлах ёстой байтал түүнээс өмнө М.Энхболд хадаг мөнгөн аягатай сүү бариад давхиж байсан. Мартаж болохгүй, мартах тусам луйварчид дэнддэг юм байна.

-Ц.ЭЛБЭГДОЖ, М.ЭНХБОЛД НАР МОНГОЛЫН ТӨРИЙГ 2025 ОН ХҮРТЭЛ ҮЕ ЗАЛГАМЖИЛЖ БАРИХ ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН-

ХОЁРДУГААРТ. Ерөнхийлөгчийн сунгаа гэдэг С.Эрдэнэ намын дарга болж авсны дараа болсон. Би хэдийгээр АТГ Ц.Элбэгдорж, М.Энхболд нар дарамталж байсан хэдий ч тэгвэл ерөнхийлөгчид үзнэ гээд хатуу бодолтой үзэлцсэн. Та нар шиг хулгайч луйварчдаас төөө цэвэрлэнэ гэж хэлсэн. Гэтэл унагах бүх аргыг Ц.Элбэгдорж хийсэн. Хэнийг хаана сонгож өрсөлдүүлбэл, санал хувааж Алтанхуягийг унагах вэ гэдгийг маш сайн тооцож хийсэн. Дээр нь дахиад луйвар хийсэн. С.Эрдэнэ намын дарга болчихоод намын доторх сунгаа, ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сунгаа шударга болох  байх гэж бодож байтал санал хураадгийн өмнөх өдөр Амаржаргалыг дэмжин шүү гэдгийг С.Эрдэнэ хэлж өгч байсан. Энийг манай намын мянга мянган гишүүн мэдэж байгаа. Хэн гэдэг хүнийг дэмжих вэ гэдгийг С.Эрдэнэ хэлж өгч байсан. Харин азаар Баттулга гарч ирж, Баттулга нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон.

Баттулга ерөнхийлөгч болсны дараа зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Ингээд 2017 оноос хойш намын ажилд оролцоогүй. Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод намын ажил руу ороод яахав гэж чимээгүй явсан. Амаржаргалыг яагаад дэмжүүлсэн юм гэхээр бүгд мэддэг болсончлон Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг улс үе залгамжлан, монголын төрийг хаант улс болгоё, Элбэгдорж “Эхний намайн жилийг би барья, үлдсэн найман жилийг М.Энхболд чи барья” гээд 2025 он хүртэл Монголын төрийг барих бэлтгэлээ хангачихсан байсан улс. Их  аархуу байсан, хэнийг ч байсан бөөс хуурс мэт харж бяц гишгэнэ гэж аархаж байсна. Хүнд хэцүү цаг үе байсан ч би бууж өгөөгүй.

Амаржаргал гарвал арай хямдхан хоол, Алтанхуяг гарвал наадах чинь шийдчихсэн амьтан, алалцаж мэднэ гэдэг агуулгаар МАНАН гэдэг нөхөд АН руу аль хэдийнээ гар хөлөө шургуулаад, аль хэдийнээ өөрийн хүнээ тавиад, аль хэдийнээ луйвраа оруулчихсан цаг үе байсан. Би их тэвчээртэй хандсан. Энэ асуудлаар надад олон хүн хандаж байсан, намаа шинэчлээч, юу хийгээд байгаа юм, Баттулгын хажууд очоод толгой хорогдчихлоо гэж саналаа хэлж, зөвлөж, загнаж, гуйх нь гуйж байсан.

АН-Д ЮУ БОЛОВ – “АРДЧИЛСАН НАМ С.ЭРДЭНИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН СҮЛЖЭЭ ШИГ БОЛСОН, НАМ БИШ БОЛСОН”

Нэгдүгээрт, АН ямар байв?

Нам гэдэг бол улс төрийн бодлого, хөгжил, хүн ардын ахуй амьдралыг яаж дээшлүүлэх тухай ярьдаг институц байсан. Би намын дарга зургаан жил байх хугацаандаа улс орон даяар хэлэлцүүлэг хийж 2020 он хүртэл монголчуудын ахуй амьдралыг хэрхэн дээшлүүлэх тухай ярьж байлаа, хэлэлцэж байсан. Нам ингэж ажиллах ёстой. Үүний хүчинд 2012 онд олонх болж чадаагүй ч олуулаа болж байлаа. Монгол хүн монголдоо яавал сайхан амьдрах вэ гэдэг бодлогыг боловсруулж байлаа. Харамсалтай нь 2014 онд маш заналтайгаар манай Засгийн газрыг огцруулж байсан. Манай Засгийн газарт ажилласан хоёр гурван сайдыг УИХ-ын санал хураалтанд оролцуулахгүйгээр барьцаалагдаж байсан. Үүний нэг нь С.Эрдэнэ сайд, үүнийхээ шанд ахин дөрвөн жил ажиллаж чадсан. Ийм муухай ялзарсан юмыг Монголын төрд хийж байсан. Чи засгийн газраа огцруулахгүй бол чиний юмыг дэлгэнэ гэнэ.

Ардчилсан нам бодлого, улс орны хөгжил ярихгүй 60 тэрбум хамгаалах, 49 хувийг хамгаалдаг болсон, эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж л ярьдаг болсон. Энэ бол АН биш. Энэ бол АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан дээрэмчид, олон гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-ыг дэмжсэн 100 мянган гишүүн ийм юмыг дэмжихгүй, ийм юмыг үзэж чадахгүй. Өнөөдөр АН-ын удирдлага намыг нам биш болгож байна.

Ардын намын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг Ардчилсан намд хийж байна. Шившиг, гутамшиг.

Монголын нийгмийг цэвэрлэх ёстой, Ардчилсан намыг цэвэрлэж авах ёстой.

Зөвхөн Ардчилсан намын даргад өрсөлдөхийн тулд 120  сая төгрөг төлдөг, ингэхээр залуу үе юу болох вэ. Бүх юмыг мөнгөөр хэмждэг.

Аймаг дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг

Гишүүдийн дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг босгоно, босгохдоо ҮБХ-ийн гишүүд, жирийн гишүүдээс авна

Ийм нам Монголд байтугай, дэлхийд байхгүй. Энэ нам биш сүлжээ болсон. Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ.

-М.ЭНХБОЛДЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН 60 ТЭРБУМЫН СХЕМИЙГ АРДЧИЛСАН НАМД ХИЙЖ БАЙНА-

Хоёрдугаарт, Хасдаг хөөдөг болсон.

Батзандан, Болд гэдэг хоёр гишүүн зөв чиглэл баримталсан гэж бодож байгаа. Гэтэл С.Эрдэнийн байр сууринаас зөрсөн учраас намаас хөөж, хасаж байна. Батзандан, Болд хоёр намаас хөөгдөөд нам бүлэггүй болчихсон, хэнд ашигтай юм бэ? МАНАН Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт л ашигтай. Ардчилсан намын мянган мянган гишүүдэд ямар ч ашиггүй. Сөрөг хүчний албан ёсны дуу хоолойг зориудаар алга болгож байна.

Тэр байтугай жирийн гишүүдээ хасдаг болсон. Ерөнхийлөгчийн сунгаан дээр биднийг нэр дэвшиж байхад хамгийн онигоотой нь СХД- дээр санал өгөхөөр очиход намайг санал өгөх хүмүүсийн нэрсийн жагсаалтаас хассан байсан. Яахав дээ яахав гээд л өнгөрсөн.

ХАМГИЙН СҮҮЛД - ЦААШИД ЯАХ ВЭ

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад Ц.Элбэгдож, М.Энхболд нарт харуицлага тооцооч ээ, яачихаад байгаа юм бэ. АН-д бүх хог новшоо овоолж хаячихаад, АН-ыг дараагийн юман дээр золиос болгохоор тохиролцчихоод байгаа юм уу, яагаад шударга ёс монголд ялж болдоггүй юм бэ. Юу хийснийг нь бүгдийг нь гаргаад тавьлаа шүү дээ. Тэгсэн мөртлөө хариуцлага хүлээдэггүй.

Ардын намд үүрээ эвдүүлэнгүүтээ Ардчилсан намд үүрээ засах гээд С.Эрдэнийгээ даргад тавьчихаад, С.Эрдэнийгээ барьцаанд тавьчихаад Монголын төрөөр тоглож байна. Тэгэхэр би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад энэ хүмүүст хариуцлага тооцоо гэж шаардаж байна. Тэгэхгүй бол Монголд шударга ёс тогтохгүй.

Би АН-ын гишүүдэд хандаж хэлж байна, энэ хаягаар /AN.negdel@gmail 7044-1111/ нэгдэж нийлэх хүн байвал, нэгдэж нийлье, яршиг л байна шүү дээ. Юун С.Эрдэнэ вэ. Өөрчилье, нэгдье , нийлье. Санаа оноогоо бич. Зөвхөн аймаг дүүрэг гэхгүй сум хороондоо нэгдлээ бий болгож холбогдож, өөрчлөлт шинэчлэл хийе. Хулгайч дээрэмчдийн дохио зангаараар хөдөлдөг цаг дууссан.

Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт би нэг зүйл хэлье: Төрөө тонож улсаа зардаг хулгайч нараа та нарт АН дэндүү томдоно шүү. АН гэдэг бол Ардчилсан хувьсгалыг манлайлж Монголын нийгмийг сэрээсэн нам. Одоо шударга ёсыг тогтоох түүчээг эхлүүлэх ёстой нам. Та хоёр битгий энэ нам руу хуруу хумсаа дүрээд бай.

Хоёрдугаарт С.Эрдэнэд зориулж нэг зүйл хэлье: С.Эрдэнээ би чамайг дэндүү сайн мэднэ дээ, ард түмэн ч сайн мэднэ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад юу хийгээд байгааг нь ард түмэн бүгд харчихсан, ойлгочихсон. С.Эрдэнэ чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар юм хийдгээ боль, хүн гүтгэдгээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна гэдгээ хатуу хэлье.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button