Хүмүүнлэгийн тусламжийн машинууд саатсаны дараа Газын зурвас руу орж эхэллээ

Гуравдугаар сард гал зогсоох тохиролцоо нуран унасны улмаас Израил Газын зурвасыг бүсэлж, хоол хүнс, түлш, эмийн хэрэгсэл оруулахыг хориглосон. Олон улсаас ирэх дарамт нэмэгдсэнтэй холбогдуулан Израил Газын зурвас руу хязгаарлагдмал хэмжээгээр хүнс оруулна хэмээсэн юм.
Тэгвэл лхагва гарагт /2025.05.21/ Израилын зэвсэгт хүчин мэдээлэхдээ Газын зурвас руу гурил, хүүхдийн хоол, эмнэлгийн хэрэгсэл ачсан 98 тусламжийн ачааны машиныг Газын зурвас руу нэвтрэхийг зөвшөөрсөн гэжээ. Сааталд ороод байсан хүмүүнлэгийн тусламжийн машинууд ийнхүү Газын зурвас руу орж эхлэв. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг буцааж өгвөл гал зогсоож болно хэмээсэн байна. Үүнээс өөрөөр Газын зурваст эхлүүлсэн шинэ, өргөн цар хүрээтэй довтолгоогоо үргэлжлүүлнэ гэжээ.
Канад, Их Британи, Франц даваа гарагт /2025.05.19/ мэдэгдэхдээ хэрэв Израил шинэхэн довтолгоогоо зогсоож, тусламжид тавьсан хоригийг цуцлахгүй бол хориг арга хэмжээ авна хэмээсэн. Мөн Их Британи Израилын шинэ довтолгоог шүүмжилж чөлөөт худалдааны хэлэлцээгээ түр зогсоосон байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.