Н.Сүхбүрэн: Төрөх, үхэхийн өнгө ижилхэн. Хэчнээн өөр өнгө рүү оргон зугтаад харанхуйд л уусан шингэнэ

Ухаан санаагаа ганцхан баримлын шаварт юүлж орхичхоод өөр юуг ч ойшоож үздэггүй таван настай хүүгийн хэлбэр дүрсэд оруулан имэрч байсан юмыг гэрийнхэн нь гал руу аваад шидчихжээ. Ингэхээр баримал хийх хүсэл нь баримлын шавартайгаа хамт шатчихна гэж бодсон биз. Гэтэл таван настай хүү өөрийнхөө хувь тавиланг өөрөө шатахыг сонгож чадах хэмжээнд эрхшээсэн байв. Гал руу шууд л гараа дүржээ. Ингээд шатаж, хайлж байгаа баримлын шаварнуудаа хоёр гартаа атган өндөрт өргөөд орилсон юм.
-Би заавал барималч болно!
Бараг дөчин жилийн турш энэ гал түүний дотор цогшиж байгаагаас зайлахгүй. Дагнан барьж авсан керамикийн төрөл нь ч бас зууханд шатаадаг онцлог дамжлагатай.
Бид дөрвөн жилийн өмнө уулзаж байв. Харин одоо түүний дотроос гал илүү хүчтэйгээр төөнөж байна. Таван настайд хоёр гарыг нь дагаж урссан баримлын шавар түлэнхийн сорви үлдээж, хожим зураасан шивээсээр дарагдсан ч одоо яг тэр дагууд нь улайсан цогшиж байх шиг мэдрэгдэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд тэр маш ихийг туулж, давж, ард нь гарсан юм. Одоо түүний арьсыг нэвт харвал өөрөө яг л үзэсгэлэнтэй баримал шиг болсон. Мэс ажилбарын дараа биеийнх нь зарим яс өөр өнгөнд хувилсан. Бурхан гэдэг барималч нь түүнд, өөрийнхөө бүтээлд дахин нэг нэмэлт ажиллагаа хийжээ.
Тэр жилүүдийн, хувийн амьдралын намтар түүхийн талаар үүнээс илүүг өгүүлэхгүй зогсоно.
ЮНЕСКО-д Монголын далбааг хоёр дахь удаа мандуулах гэж байгаа, таван жилийн дараа сая бие даасан үзэсгэлэн дэлгэхээр сэтгэл шулуудчихаад буй Н.Сүхбүрэн олон мянган жилийн настай галт уул шигээр ярилцлагын ширээний нөгөө талд суусан юм.

-Бид дөрвөн жилийн өмнө ярилцаж байж. Тэр ярилцлагадаа, дараагийн удаа уулзана гэдгээ тэмдэглэсэн байна лээ. Харин ЮНЕСКО-ийн IAC академын гишүүн уран бүтээлч болж, Монголоос анх удаа сонгогдсон мэдээтэй ийм өдрүүдэд нь дахин ярилцах боломж тохиолоо. Та энэ тухай сайтын зарим мэдээг өөрөө устгуулсан гэх шиг болсон. Ер нь бол өөрөө өргөдөл өгдөггүй, шүүгчид нь өөрсдөө олон жилийн турш судалж байгаад сонгодог маш нэр хүндтэй боломж байна?
-Надад хэтэрхий олон газар, зэрэг мэдээлэгдэх шиг санагдаад, ичсэн гэх үү санаа зовсон. Нөгөө талдаа, зарим газар шууд ЮНЕСКО-гийн гишүүн уран бүтээлч боллоо гэж мэдээлээд байсан. ЮНЕСКО өөрөө гишүүнчлэлгүй байгууллага. Харин дороо олон салбар бүтэцтэй. Тэдгээрийн нэг нь керамик урлагийн IAC академи. Энэ байгууллагад л Монгол Улсыг төлөөлж, гишүүн нь болж байгаа юм. Нэр хүндтэй асуудал мөн л дөө. Монгол Улс ЮНЕСКО-д 1961 онд нэгдсэн. Түүнээс хойш хоёр дахь удаа Монголын далбаа тэнд өргөгдөх гэж байгаа явдал. Энэ том байгууллагын өмнө Монголын дүрслэх урлаг гэдэг нэг том үүд хаалга нээгдэж байгаа. Би гэхээсээ Монгол нь илүү чухал гэсэн үг шүү дээ. Надад хүлээх эрх бас үүрэг ч бий юм билээ. Тэнд зөвлөл буюу шүүгчид бий. Тэд нь 2016 оноос хойш намайг судалж, дата цуглуулж байгаад эцэст нь биечлэн танилцаж, сонгосон. ЮНЕСКО-гоос таван жилд нэг удаа гаргадаг дүрслэх урлагийн каталогид “Чингис хаан” музей, миний бүтээл хамтдаа Монголыг төлөөлж багтсан байсан.
-Тангараг өргөдөг гэсэн?
-Тийм үйл ажиллагаа болох юм билээ. Дараа жил 52 дахь удаагийн их хуралд нь очиж, тангараг өргөснөөр албан ёсоор гишүүн болох юм байна.
-ЮНЕСКО бол илүүтэй соёлын өв хадгалж, хамгаалахад чиглэдэг байгууллага. Тэр утгаар нь та Монголын дүрслэх урлагийн тухай томоохон агуулгыг тэнд төлөөлнө, тээнэ, сурталчилна гээд том том үүрэг хүлээчихэж байгаа юм шиг санагдаж байна уу?
-Тухайн улс түүхэн уламжлал, соёлын өвөө одоо цагт хэрхэн тээж байна. Түүнийг ирээдүйд хэрхэн сурталчилж, түгээх вэ. Залгамж уран бүтээлчдийнхээ өмнө ямар үүд хаалга нээх вэ. Монголын керамик урлагийн хөгжилд хэрхэн анхаарах вэ зэрэг том агуулга тавигдаж байна л даа. Гурван жил идэвхтэй гишүүнээр ажилладаг. Дараа нь тангарагтны шүүгчийн дахин нэг шалгуурт орох ёстой. Түүнийг давбал, дахиад Монголынхоо уран бүтээлчдээс энэ байгууллагад санал болгох эрхтэй болох юм байна.
Үнэнээ л хэлэхэд, уран бүтээлчийн хувьд төдийлөн ойлголтгүй сууж байна. Би артистаар олон жил амьдарч дассан. Өөрийнхөө хэмжээнд бол энэ чиглэлд ажиллаж байгаа л гэж ойлгодог. Цаашид ажлын хариуцлага, нөгөө эрх үүргүүдээ ойлгоод, танилцаад ирэхэд нэг дүр зураг буух байх аа. Ер нь гишүүн болоод би яг юу хийх юм бэ гэдэг. Би чинь оффист ажиллаж үзээгүй, бичиг цаастай ноцолдоогүй. Уран бүтээлчийн онцлог, амьдралын хэвшилд үүнийг хэрхэн уялдуулах вэ гэдэг систем тодорхой болно. Ямартай ч эхний гурван жил хурлууддаа оролцож, идэвхтэй гишүүний статусаараа явбал үүнийг бариад авна аа гэж найдаж байна.
-Ийм мэдээ дуулдсан үед та таван жилийн дараах бие даасан үзэсгэлэн нээх гэж байна. Амьдралын шинэ үе шат руу хөл тавьж байгаа юм шиг. Энэ бүхэн таныг хүчээр суга татаж, хөдөлгөөнд оруулж байгаа юм шиг, эдгээр нь түгшүүртэй байна уу?
-Дахиад л үнэнээ хэлье, түгшүүр, айдас нь их байна. Монголдоо таван жил үзэсгэлэн гаргаагүй учраас хүмүүсийн хүлээлт өндөр бий. Гадаадад үзэсгэлэн гаргах, Монголд гаргахын ялгаа их юм. Надад Монголд гаргах нь илүү хариуцлагатай, хүнд санагддаг. Учир нь анх удаа биш. Өмнөх гурван үзэсгэлэнтэй маань харьцуулагдана. Хэт муу байж болохгүй, хэт цойлж болохгүй болдог. Тэнцвэр хадгалахаас гадна тэнд хөгжил харагдах учиртай. Харин гадаад улсад анх удаа юм чинь, угаасаа л шинэ. Тэд намайг мэдэхгүй, танихгүй. Илүү тухлаг, алдаа нь хүртэл тэдэнд таалагдах жишээтэй. Өнгөрсөн таван жилд дандаа гадаадад үзэсгэлэн гаргачихлаа л даа, бас.
Уран бүтээлч хүн өөртөө л зориулж бүтээдэг гэлцэх нь бий ч, нийгмийн амьтад мөн үү, мөн. Тийм учраас тодорхой хэмжээнд ёс суртахуун баримталж, үзэгчидтэйгээ харилцах ёстой болдог л доо. Энэ жаахан айдас төрүүлж байна.
-Хоёр жилийн өмнө та бие даасан үзэсгэлэн төлөвлөж байсан. Үүнээс концепц хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Тэр үед “Шинэчлэгдсэн үлгэр” гэдэгт концепцоо зангидаж байсан. Одоо эргээд бодоход нэгэн том сэдвийн салбар нь, нэг салаа мөчир нь байжээ. Энэ удаагийн “Нэгэн цул” гэсэн концепцод тэр маань агуулагдан багтаж байгаа. Нэгэн цул болчихсон.
-Их хүчтэй сонсогдоод байна. Юм нэгэн цул болох мэдрэмж гэдэг өөрөө хүчирхэг шүү дээ. Сэтгэл ханамж мэдрэх, тайвшрах. Үүнд та хүрсэн гэж бодож байна уу?
-Би дараагийн аялалдаа гарах гэж байгаа. Чи мэднэ, сүүлийн жилүүдэд би олон өвдсөн, зовсон. Үхэл амьдралын заагт ч очсон.
Үхэх төрөхийн өнгө нь ижилхэн хар юм. Бид хараас оргон зугтаж, өөр өнгөнд уусан шингэж чаддаггүй. Харанхуйд төрж, харанхуйд шингэн алга болно. Энэ цикл дуусахгүй. Эцэс төгсгөлгүй ертөнц бололтой. Харин энэ төгсгөлгүй тойргийн туршид мэдрэмж гэдэг зүйл чухалчлагддаг. Үхэхийн өмнө бид мэдрэмжүүдээ л дурсдаг. Дурсамж гэдэг нь мэдрэмжийн архив юм байна. Ер нь хүн төрөхөөс үхэх хүртэл мэдрэмжүүдийн эрэлд гарсаар дуусдаг юм шиг байна.
Зовлон нь жаргалыг тодотгохын тулд, жаргал нь зовлонг тодотгохын тулд өгөгддөг шиг. Би ерөөсөө өөрөө нэг тодотгогчийн үүрэгтэй амьдралын нэг хэсэг юм шиг. Харанхуй байхгүй бол гэрэл гэдэг ойлголт анхнаасаа байхгүй шүү дээ. Тиймээс бүхий л төрлийн мэдрэмжүүд өөрөө эцэстээ нэгэн цул юм байна. Бие биенээсээ хамааралтай юм байна, тусдаа зүйлс биш юм байна. Ингээд “Шинэчлэгдсэн үлгэр” бол энэ санаан дотор уусаж ороод, нэгэн цул болчихсон.

-Үхлийн хаалгыг татаж үзээд тавихыг мэдрэх нь уран бүтээлч хүнд яаж нөлөөлдөг вэ?
-Бид үхлээс айдаггүй юм билээ. Мэдрэмжээсээ хагацахаас л айдаг юм шиг санагдсан. Хорвоогийн нар мандахыг ахиж харахгүй байхаас, энэ кофены амтыг дахиж мэдрэхгүй байхаас, дахиж хайрлуулж үзэхгүй байхаас. Түүнээс үхэл ирнэ гэдгийг бүгд мэддэг. Мэдрэмжээ алдах нь хамгийн аймшигтай болж таарч байна.
Тэгэхээр амьд ахуйдаа өөрийн жинхэнэ мэдрэмжийг чагнах л сонин сэдэв болж ирдэг. Надад “Төөрсөн сүүдэр” гэж нэг бүтээл бий. Үнэндээ харанхуйд сүүдэр байдаггүй. Харанхуйд сүүдэр ч бидэнд хань болдоггүй. Сүүдэр нь ч өөрөөс зугтан оддог. Иймд харанхуй бол цэвэр өөрөө өөртэйгөө байх, өөрийгөө чагнах тухай ойлголтод холбогддог. Бид гэрэлтэй л зууралдаад байдаг. Үнэндээ, өөрийнхөө дотор орж, өөрийгөө тэвэрч чагнавал... Тэр харанхуйд л бий.
-Мэдрэмжийн араас хөөцөлдөн амьдрах жамтай ч түүнийг гаднаас эрж хайх биш өөрийгөө чагнаж, өөрөөсөө олох тухай?
-Яг чин үнэн, жинхэнэ мэдрэмж нь аль байна вэ? Үүнийгээ л чагнаад мэдчихвэл, алгандаа алт хийгээд авлаа гэсэн үг. Харанхуй дотор тэр гялтганаж байгаа.
Миний хувьд одоо олон янзын чамин дүрслэл, санаа концепц хөөцөлдөж, бусдад тулгаж болохгүй болчихоод байна. Бүгд хоорондоо таталцаад, нэгдээд байна л даа. Энэ нь ч зөв юм болов уу. Дахин яаж хувьсаж өөрчлөгдөхийг бас хэлж мэдэхгүй юм аа. Өмнө нь ч би гоё чамин, хүнд илэрхийллийн араас хөөцөлддөг байсан тал бий. Одоо хумиад хумиад, хайр найргүй хасаж танаад, “дүннн...” гэсэн тэр цэгт хүргэх гээд байгаа.
-Таны бүтээлийн нүд нээгдэх, нээгдэхгүйн талаар бид өмнө нь ярилцаж байсан. Нүдээ анихаар харанхуй бий болно, мэдрэмжээ чагнана гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө нээж болохгүй зүйлийн талаар ярьж байсан юм биш үү?
-Мэдэхгүй, нээчихээр миний бүх зүйл дуусчих гээд, эсвэл би өөрөө үхчих гээд байгаа юм шиг санагддаг. Би хөнгөн тайлбарладаг л даа. Нүдээ аньсан үедээ л хүн өөртэйгөө үлддэг гэж. Нүдээ нээхээр би Сүхбүрэн гэдэг маскаа шууд зүүнэ биз дээ. Анивал хамгийн хувийн орон зай дотроо, эрх чөлөөтэй, үнэн мөнтэйгөө үлддэг.
-Гэхдээ та нэг баримлаа яг ч нүдээ нээсэн бишээр, их биеийнх нь өөр нэг хэсэгт нүд дүрслэх байдлаар хийсэн байсан?
-Тэр бол нүд гэдгийн симболист утга, гадаад агуулга тодорч байгаа хэлбэр юм билээ. Нүд хийвэл хоосон нүд хийнэ. Эсвэл үл мэдэг нүдээ нээж эхэлж байгаа тэр дүрслэл л хийгдэнэ. Надад мэр сэр ийм бүтээл бий. Халтихан нээгдэж байгаа тэр нүднүүд их эвгүй, харахаас нүд халтирам харцтай байгаа биз дээ. Тэгэхээр нүд надад зохидоггүй юм аа.
-Өөрийгөө чагнаж, өөрийнхөө харанхуй орон зайд байснаар тодорхой хэмжээнд аливаа бүгдийн мөн чанарыг таньсан бол эргээд нүдээ нээх зүй тогтол байх биш үү. Өөрөөсөө гараад, өөрөө сонин биш болоод, бусад руу тэмүүлэх, бусдын төлөө байх гэх мэтээр?
-Би өөрийнхөө бүтээлээс бусдыг ямар нэг хэрэгтэй юм мэдрээсэй гэж хүсдэг. Бусдад юм өгөх гэж тэмүүлж байгаа л хэлбэр энэ байх. Мэдэхгүй байна. Гэхдээ хүн өөрийнх нь төлөө байна гэдгийг ойлгодоггүй ш дээ. Мянган удаа хэлж, чи үүн дээр алдаад байна, үүнийгээ засаад өгөөч ээ гэж хандахыг сонсоод байгаа атлаа ойлгодоггүй. Заримдаа шал буруугаар ойлгочихдог. Тэгэхээр хүнд шууд тэгж хандах биш юм биш үү. Тэр юуг туулбал илүү ойлгодог вэ, тэр өөрөө ямар онцлогтой хүн бэ гэдгийг бодолцох ёстой юм шиг байна. Тэгээд нэг юм ойлгосон - хүний өөрийнх нь туулалтад хөндлөнгөөс хамаагүй оролцоод дэмий гэж. Амьдралд уналт босолт, өөрчлөлт бий. Хүн л юм чинь. Туршлагаа өөрөө олж аваад гарч ирвэл гарч ирнэ, үгүй бол үгүй. Мэдээж дэргэдээс нь хэлэх зөв. Гэхдээ хүний оршихуй руу халдаж чадахгүй байдаг. Тэр хүн чинь оруулахгүй шүү дээ.
-Өөрөө шархлах гээд байна уу?
-Тийм... Хүнд өөрт нь бололцоо олгох зөв байх аа гэж сүүлийн үед хараад байгаа. Би өөрөө бусдад тэгж их хөндлөнгөөс хэлдэг, оролцдог төрлийн хүн. Гэвч ингэснээр харилцааг улам холдуулдаг юм билээ. Ийм харилцаа ойртох тусам оршихуйн харилцаа холддог юм биш үү. Тэгээд харилцаа өөрөө холддог юм шиг. Эр, эмийн харилцаа ч гэсэн ижил. Тэр хүн өөрөө хүсэж, хандаж, туслалцаа хүсэж надад өөрийгөө нээвэл өөр хэрэг ээ. Гэхдээ л би өөрийнхөө мэдрэмжийг бас тулгаж болохгүй. Харин тэр хүний хэлээр орчуулж, өөрийнх нь хэлээр илэрхийлж өгөх ёстой юм шиг байна. Бороонд норох мэдрэмж ч үнэндээ хоёр биенд ижилсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүгдэд орчуулга хэрэгтэй шиг.
-Хайрлах гэж иймэрхүү байхыг хэлэх үү?
-Орон зайг нь хангалттай олгох тухай байх. Тэгээд би ганцаараа ярих биш. Хайрлаж л байгаа бол түүний өнгө аяс руу жаахан ч гэсэн өнгийж нэвтрээд, тэр хэлээр нь ярих. Нөгөө хүн маань ч үүний хариуд “Би, би” гэж зүтгэвэл бүтэхгүй. Харилцан өгөлцөж авалцсаны дүнд хайр бүтдэг юм байна. Бүр болохгүй бол зайгаа бариад үзэх хэрэгтэй. Хоёр өөр хэлээр яриад байвал зүгээр л орилоон. Тийм бол хэсэг зай барьж, хэн хэнийхээ үнэ цэнийг дэнсэлж үзмээр.
-Гэхдээ үнэнээсээ харилцах ёстой биз дээ?
-Тийм ээ. Өөрийнхөө үнэн мэдрэмжийг жаахан хичээл зүтгэлтэйгээр орчуулж хэлэх тухай. Би ойрд тэгж л хараад байгаа. Ийм юм болов уу даа гэж. Арван жилийн дараа миний энэ бодол хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй л. Хүн цаг цагтаа, нас насандаа ухааран суралцаж яваа нь зайлшгүй.

-Таны туулж яваа энэ нас яг ямар нас юм байна. Нөгөө залуу насны эрч хүч, гал цог гэдэг юм дуусаж дундардаг, эсвэл намжиж тайвширч ирдэг нас мөн үү?
-Өөрийгөө ухаан орсон, таван настай үеэсээ хойш бодож үзэхээр, би дахиж төрөхгүй юм шиг санагддаг. Би өөрийнхөө хамгийн сүүлийн сүнс нь юм шиг бодогддог. Магадгүй гаднаасаа гал шиг дүрэлзэж харагддаг байж мэднэ. Гэвч би их удаан, тайван. Адгуу биш. Адгууг үзэн яддаг, энэ бол бодолгүй үйлдэл бөгөөд араасаа үргэлж харамсал дагуулж байдаг. Би байж л байдаг, аяндаа болно гэдэг, хөгшин хүн шиг. Ер нь хөгшин хүний сүнс байж мэднэ. Миний бүтээлийг гадаадынхан хүртэл үзээд хөгшин хүн хийсэн үү гэж асуугаад байдаг. Тэгэхээр би өөрийгөө угаасаа л гал шиг дүрэлзсэн хүн гэж хардаггүй. Эсрэгээрээ хүндрээд л, лаглайгаад л доошоо суугаад байдаг хүн.
-Амьдрал надад ийм зүйлсийг бэлдсэн гэж үү хэмээн цочирдмоор хүнд үйл явдлуудыг ар араас нь үзэхдээ, даван туулах хүчийг хаанаас олж байсан бэ?
-“Үүнээс ч аймаар амьдрал туулж байгаа хүн бий дээ” гэж боддог байсан. Би ямар ч байсан алтан нараа харж байна шүү дээ. Маргаашийн нар мандана гэдэгт л итгэсэн. Би ер нь асуудал үүсэхэд тэмцэх дургүй юм билээ. Яаж даван туулах вэ, яаж зохицох вэ гэдэг талаар л боддог.
Жишээ нь би баруун гараа тайруулахдаа тулсан. Ясны хавдар тусчихлаа, гадаадын бүх л эмнэлгүүд сайндаа сарвуугаар тайрна гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхэд би гаргүй болох нь тодорхой гэж бодонгуутаа шууд баримлаа хийж эхэлсэн. Хиймэл гартай болчихвол миний замнал шууд дуусна биз дээ. Ингээд би хүүхдүүддээ юм үлдээе гэж, сарын дотор арван дөрөв, таван баримал хийсэн. Өдөр шөнөгүй ажилласан. Баруун гараа сойж, нөгөө гараараа хийж үзсэн, дадлагажсан. Шаналах цаг алга ш дээ. Азаар гадаадын нэг эмч заавал миний гарыг авч үлдэнэ гэж амлаад, амласандаа хүрсэн л дээ. Миний ясыг сольсон юм. За, жаахан байхад нүд их эрсдэлтэйгээр өвдсөн. Сохорвол... гээд нүдээ аньж байгаад баримал хийж сурсан. Одоо би юм ярьж суухдаа л харахгүйгээр, жижиг хэсгүүдийг хурууныхаа үзүүрээр имэрч хийгээд тавьчихна.
Нэгэнт над дээр буугаад ирсэн зүйл хэчнээн шаналж, яаж ч тэмцлээ гээд буцаад нисчихгүй шүү дээ. Зүгээр л дасан зохицох, хүлээн авах, ард нь яаж эвтэйхэн шиг амьдрах вэ, дотор байгаа Сүхбүрэнг амар амгалан авч явах вэ гэдэг талаар боддог.
-Гэхдээ “Яагаад заавал би?” гэж бодогдоно биз дээ?
-Бодогдоно оо. Гэхдээ л надаас долоон дор амьдарч буй хүмүүс зөндөө бий.
-Мөрөөдөлтэй, арай илүү өгөгдөлтэй, хийж бүтээх замнал өргөнтэй хүн гэж өөрийгөө онцгойлж бодохгүй юу. Хийх ажил их байхад намайг хувь тавилан хяслаа гэж уцаарлах?
-Сүүлд Латвийн олон улсын хөтөлбөрт оролцож байхад, Герекийн артист эгч надад нэг үг хэлсэн. Бурхан хамгийн хайртай хүнээ өөрийн гараар урлаж бүтээдэг. Ингэхдээ яг таарсан зовлонг нь өгдөг. Бурхны хайртай хүүхдүүд сэтгэл зүй, биемахбодын хувьд заавал юм туулах ёстой. Чи тийм гэж хэлсэн. Хэн ч харсан, тэр зүйл нь чиний харизмаас цацарч мэдэгддэг. Бурхан өөрөө урласан хүмүүс тэгж мэдрэгддэг. Ухаан өгөгдөх ёстой. Авьяас нь ухаантайгаа, дотор мэдрэмжүүдтэйгээ холбогдож байж бүтээл хийнэ. Тэгэхээр энэ бүхэн бурхны шагнал, гэхдээ бонустай. Ер нь уран бүтээлчид аймаар хэцүү бүгдийг туулдаг юм билээ ш дээ. Тэглээ гээд бүтээсээр л байсан. Үхчихээгүй. Би гэтэл яагаад болохгүй, чадахгүй гэж хэмээн өөрийгөө хөөргөн сэргээх үе бий, бий.
-Та ганцаардалтай яаж учраа олсон уран бүтээлч вэ?
-Би өөрөө ганцаардалд дуртай юм байна лээ. Үүргэвчээ үүрээд л гараад явчихдаг. Харин ч тэр орон зайд маань хэт халдвал тухаа алддаг. Тэгээд ааш гаргадаг. Заримдаа хүн юм чинь уйдна. Түүнийгээ аргалчихна. Ер нь ийм хүн гэдгээ би мэддэг, багын л ийм байсан. Харин би бүхий л цаг үедээ заавал тэмдэглэл хөтөлдөг. Бичвэр гэсэн үг. Тэдгээр маань хожим баримлын эскиз болдог юм.
-Уран бүтээлч хүн үргэлж эргэлзээтэй нүүр тулдаг. Тэр эргэлзээг даван туулж чадсан уу?
-Би таван настайдаа л өөрийгөө барималч болно гэж хэлсэн. Түүгээрээ, огтхон ч эргэлзээгүй хөдөлмөрлөсөөр энд ирчихсэн.
-Үгүй ээ, чадна гэдгээ асар сайн мэдчихсэн атлаа сэтгэл ханадаггүй, өөртөө эргэлзсээр тухай?
-Аан, тийм юм зөндөө ш дээ. Заримдаа, “Өө, нөгөө янз бүрийн антенн чинь ажиллахаа байчихлаа” гэж хэлэхдээ тулна. Гацна. Тэгээд ирэхээр юм бичих ч юм уу, юм оёх ч юм уу, жаахан зай завсар авдаг л даа.
-Одоо үүнтэйгээ ажиллахад хялбар болж байна уу?
-Үгүй дээ. Тэр чинь байж л байна. Заримдаа аймаар хэцүү болно. “Чамд ер нь авьяас байна уу даа? Чи чинь ер чадах юм уу? Сүртэй юм бодоод явдаг, хийсний чинь харахаар бүр ичээд байна аа” гэдэг.
-Яг энэ эргэлзээг хэлэх гэсэн юм.
-Зөндөө, зөндөө. Одоогийн үзэсгэлэнд ч тийм бүтээлүүд багтаж байгаа. Ер нь энэ үзэсгэлэнгээ би – таван жилийн өвдөлт, таван жилийн шаналал, түүнийг хэрхэн даван туулсан тухай мессежүүд гэж хэлнэ. Туулна, давна, тэгээд яаж соёолон дэлбээлж болдог юм гэдгийг.
-Нандин, нууц юмаа илчилж байгаа юм шиг санагдаж байна уу?
-Хувийн амьдралын, тэр бүрийд нээгээд байхааргүй сэдвүүд илэрхийлэгдэж байгаа л даа. Өмнө нь ч байсан. Гэхдээ хүссэн хүсээгүй надаас гарсан нь үнэн. Хэт хянаж, хаачихвал худлаа болчихно. Миний туулсан бодит үнэн л тэр хойно, үнэнээс би зугтаж яах билээ. Хиймэл, хуурамч болчихно.

-Та түрүүнд, Монгол дахь үзэсгэлэн хэт муу байж болохгүй, хэт цойлж болохгүй гэж хэлсэн. Энэ ямар ойлголтын тухай юм бэ. Заавал даруу байх ёстой юм уу?
-Ер нь тийм шүү дээ. Ер нь хүн, ялангуяа уран бүтээлч хүн даруухан л байх ёстой гэдэг бол миний баримталдаг зарчим. Сайн юм хийдэг гээд чи өөрөө урдуур нь орж яриад байж болохгүй. Бүтээл эхлээд яриг. Тэр бүтээлийг хүмүүстэй ярилцах, ойлголцох хувийн орон зайг нь өг. Бүтээлийнхээ орон зайд битгий халд л даа гэмээр санагддаг. Би уран бүтээлчдийн тийм хандлагад үнэхээр дургүй, “Би хийсэн, би бүтээсэн. Энэ миний концепц” гээд тэгдэг. Үгүй шүү, найз аа. Тэр чинь чамайг ашиглаж, чиний эд эс, энергийг сороод, биежээд гарч ирж байгаа тусдаа нэгэн бие даасан бодгаль. Түүнийг чи зүгээр л өөрөөрөө дамжуулан гаргасан. Түүнээс, чи бүрэн дүүрэн түүнийг *аачихсан биш ш дээ. Харин ч “Дажгүй л болчих шиг, ямар ч байсан хийлээ” гээд сууж байх хэрэгтэй. Яс юман дээрээ арван хүний тав нь таалбал их юм. Хорвоогийн бүх хүнд хүлээн зөвшөөрөгдөх бүтээл хийчихсэн юм шиг, Ари үндэстэн бүгдээс дээгүүр гэж нацизм хийж байгаа аятай тулгаж болохгүй. Энэ чинь хүчирхийлэл. Тийм учраас би даруу байхыг чухалчилдаг.
-Гэхдээ хүнд тэсрэлт явагддаг. Огтхон ч даруу баймааргүй мөчүүд гарч ирдэг. Тэдгээрийгээ яаж илэрхийлдэг вэ?
-Би шударга бус зүйл дээр аймаар тэсэрдэг. Худалд дургүй. Надад байхгүй зан чанарыг өлгөөд, “Чи тийм” гэж тодорхойлоход дургүй. Угтаа би асар хүлцэнгүй, бусдын үгийг чих тавин сонсдог төрлийн хүн. Өөрийгөө бусдад огт тулгадаггүй хүн. Тийм атал л “Чи тийм” гээд дайрахаар гайхдаг. Хүлцэнгүй хүнийг гүтгэх шударга бус биз дээ. Үүнийг зарим хүн буруугаар ашигладаг. Зөөлчилнө, даварна. Тэр үед миний дотор байгаа араатан гарч ирж, галзуурдаг. Тэсрэлт нь үүн дээр юм. Шударга бусын эсрэг би тэсэрч, орилж, алалцаж, бараг үхэж чаддаг. Тийм оролдлого ч хийсэн гэдгийг чи мэднэ.
-Та сайн хүн үү, муу хүн үү?
-Аль нь ч биш.
-Яагаад өөрийгөө сайн хүн гээд л хэлчихэж болдоггүй юм бэ?
-Миний тэнэглэл ч намайг тодорхойлдог шүү дээ. Тэнэглэлийн цаг үед таарсан хүн намайг муу гээд харчихаж болно. Тэр хүнд би хэчнээн өөрийгөө сайн гэж хэлээд, ятгаад яах вэ дээ. Тийм учраас би заримдаа сайн, заримдаа муу байж болно. Ерөөсөө хорвоод сайн хүн ч байхгүй, муу хүн ч байхгүй.
-Баримал таны доторхоо бүрэн илэрхийлж, чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлдэг зүйл мөн үү?
-Биш. Тодорхой хэмжээнд л бий. Материаллаг талаас ч, технологийн талаас ч керамик өөрөө асар хязгаарлагдмал төрөл. Хүнийг үргэлж боодог, хүрээ хязгаарт хадгалдаг. Түүнээс нь гажчихвал хагарч цуурна, хайлж урсана.
-Тэгэхээр яаж өөрийгөө чөлөөлөх вэ?
-Ер нь бичих дуртай тал бий. Бичиж чадна гэдэг нь керамикаас хальж задрах нөөц бололцоо бий гэсэн үг гэж надад нэг хүн хэлсэн юм. Хүүхдийн ордны кино, драмын дугуйланд явдаг, утга зохиол судалж байсан зэргээ ч санахаар энэ талдаа хөгжсөн байж магадгүй. Гэхдээ миний бичвэр мэргэжлийн хүмүүсийн дэргэд нохойн баас байгаа. Өөртөө л.
-Хүн өөрийгөө ёс суртахуунаар барьж байдаг. Хэзээ ч ингэхгүй, ийм хүн байхгүй гэж барьж ирсэн зарим зүйлсээсээ зоригтойгоор татгалзаж, хэсэг хугацаанд муу хүн болоход бэлэн байна уу?
-Заримдаа би муу эр хүн болчихдог. Юунаас ч айхгүй, ичихгүй болчих тохиолдол байна. Дээрээ таван ахтай өссөн гэхээр бас ямар байх вэ. Үүндээ нэг их дуртай биш. Түүгээрээ бахархаж, баясдаг гэсэн үг биш шүү. Би өөрийгөө гэр бүлийн хүмүүжил сайтай л гэж эцсийн мөчид бодож байна. Шударга бус, бусармаг, ёс суртахуунгүй, хүний мөсгүй үйлдэл хэзээ ч хийхгүй төрлийн хүн бол мөн.

-Та өөртөө явагдсан хувирлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Угаас байсан хувирал гэж бодож байна. Зарим тохиолдолд мартагдсан хувирал байж болно. Энэ амьдралын ямар нэгэн үйл явдлаар сэдэрч, сэргэхийг үгүйсгэхгүй. Хүн цагаа тулахаар өөрийгөө бүрэн дүүрэн мэддэггүй л юм байна лээ.
-Барималч байхаар заяагджээ гээд үзье. Энэ нь яг юуны төлөө байж болох вэ. Өвөг дээдсээс ирсэн үүрэг даалгавар, өгөгдсөн зорилго талаас нь бодож үзсэн үү?
-Таван настайгаасаа л баримал хийсэн, ерөөсөө л тэр хүүхдийн хийхийг хүссэнийг гүйцэлдүүлж яваа мэт санагддаг. Доторх таван настай хүүхдийн хүсэл хаана хүрэхийг таашгүй юм. Би уг нь мэргэжлийн барималч болох туйлын хүсэлтэй байсан ч чадаагүй, керамиктай холбогдоод явчихсан. Заавал барималч биш ч, заавал урлагийн л хүн байх ёстой байсан нь үнэн.
-Түүний өгөгдсөн шалтгаан нь?
-Дутуу үлдээсэн ажил юм болов уу? Бид нар аягүй их нийгмийн талаар, бусдын тухай ярьдаг. Гэхдээ би ч бас тэр нийгмийн нэг эд эс нь мөн шүү дээ. Тийм учраас өөрийгөө илэрхийлж, өөрийгөө эмчилж анагааж явж байгаа нь л энэ байх талтай. Нэг тал нь л даа. Нэгэнт биежээд, галлерейд тавигдчихсан, гараас гарчихсан бүтээлд заавал гадагш чиглэсэн зорилго оноож өгөх хэрэг байна уу. Эцсийн эцэст, хийсэн юмыг нэг ч гэсэн хүн таашааж байвал аз ш дээ. Миний мэдрэмж байсан, түүнийг бодитжуулсан. Энэ бусдад хэрэгтэй бол хэрэгтэй, хэрэггүй бол хэрэггүй. Харин заавал бусдын төлөө ингэж бодож сэтгэж, зорьж хийсэн гээд байх шаардлагагүй байх аа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uneheer setgel hodolgom yariltslaga bna mash uhaalag hun yumaa
Bi ene hund ih hairtai bolson shuu, uhaalag bas hund niigem hariltsaa oilgodog yum bna
setgel hodloj unshlaa, ene hunii amidraliin tuuh uneheer surah yumtai
mash gunzgii setgelgeetei yariltslaga bna, saihan unshigdlalaa
suhburen guai ta baharhal shuu, mongol art hiij chadsan
iim huniig harahaar mongolchuudaar baharhaj bna
gaihaltai hun, gaihaltai amidiral, gaihaltai yariltslaga
mash ih setgel hodolson, nulims garaad irlee uneheer unet yariltslaga
Suhbureniig bi tanihgui ch gehdee hundetgej baina
mash saihan bichleg bna, ene huniig medeh tusam baharhah setgel toroh yum
mundag setgeltei, uhaalag er hunii yariltslaga bna
bi ch bas iim hun shig amidrah yumsan gej bodogdloo
uneheer saihan yariltslaga baina shuu, bayarlalaa
unshij suugaad uuriiigoo bodson, amidral bol medremj gej unen yum bna
mash gun utgatai yariltslaga bna, uram zorig avlaa
mundag barim#lch shuu mongol hunii baharhal bolson bna
zugeer neg artist bish, uneheer dotooroo tom huchtei hun bna
Tiim mundag huniig UNESCO hurtel huleen zuvshuursun geheer gaihaltai
үхсэн ац барим�##�ч байж ямар том чаажиинаа гөлөг. ХҮНД ХЭРЭГТЭЙ ХҮН ЭХЛЭЭД БОЛЁОН БОЛ ИНГЭЖ ТОМ ШАА. СН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Ч ЮМУУ СН БАГШ БОЛООД ОВОО ХЭДЭН ХҮҮХДИИГ МУНДАГ БОЛОВСОН ХҮЧИН БОЛГОЧВОЛ ӨӨР ХҮН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ
Дебиль