ХЭСЭГ
Эгүүр · 2026 · Хэвлэлийн эрх чөлөөний өдөр
"Eguur"-ийн сэдэв: Монголд редакцууд
ЗОРИГТОЙ ажиллаж чадаж байгаа юу
доош гүйлгэх
Орчин үеийн сэтгүүл зүй

Орчин үеийн сэтгүүл зүйд тулгамдаж буй олон сорилтын нэг нь улс орон бүрд улс төрийн шахалт илүү нэмэгдэж, эрх баригчид сэтгүүлчдийг ард түмний дайсан мэтээр харуулж, буруутгаж, хуулиар хязгаарлах оролдлогууд хийгдсээр буй. Түүнчлэн дэлхий дахинаа сэтгүүлчид рүү чиглэсэн цахим халдлага, бие махбодын заналхийлэл, дайны бүсэд амиа алдах, захиалгат аллагын хохирогч болох зэрэг тохиолдол одоо ч байсаар байна.

Мөн олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл цахим сүлжээнд газар авснаар хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийг хойш чангаах, аль нь сэтгүүл зүйн бүтээл болохыг ялган танихад улам төвөгтэй нөхцөлийг үүсгэх болов.

Анна Аренд · Философич

"Бид улс төрийн тогтолцоо болон шүүн тунгаах чадварынхаа уналтаас сэргийлэх ёстой" хэмээн философич Анна Аренд хэлж байжээ. Энэ үгийн цаадах ойлголт нь угтаа шүүн тунгаах чадвар гэж юу вэ гэдэг асуулт руу хөтөлнө.

Өөрөөр хэлбэл шүүн тунгаах чадваргүй байдал нь улс төрийн дарангуйллын системийн гол хэрэгсэл болдог. Бүх нийтээр аливааг шүүн тунгаах чадварын уналт руу орж болохгүй буюу энэ нь дарангуйлалд биднийг өгнө гэсэн санааг дэвшүүлжээ.

Яагаад хэвлэл мэдээлэл, сэтгүүлч зоригтой ажиллах ёстой вэ гэдгийн мөн чанарыг оноод тодорхойлчихсон мэт.

Хамтын зориг

Сүүлийн жилүүдэд сэтгүүлч зоригтой ажиллахын тулд ганцаар зогсох бус салбарынхны хамтаар болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах арга замыг түгээмэл сонгож байна.

Зарим судлаачийн үзэж буйгаар, үнэн зөвийг мэдээлэх зориг ганц хүний зориг дээр тогтох нь хангалтгүй бөгөөд тогтолцоогоор, хамтаар ажиллах нь илүү цар хүрээтэй, үр дүнтэй байх боломжтой гэжээ.

ЗОРИГ
"
Сэтгүүл зүй өөрөө зоригтой байх нь дан ганц салбарын амбицын тухай ойлголт биш.
Ардчилал, нээлттэй нийгэм оршин тогтнохын үндэс суурь гэж хармаар.
Forbes Russia · Анхны эрхлэгч

Орос гаралтай америк сэтгүүлч Паул Клбеников Форбес сэтгүүлийн Орос хувилбарын анхны эрхлэгч байсан бөгөөд Зөвлөлийн дараах үеийн бизнес, авлигын талаар хийсэн эрэн сурвалжлах бүтээлүүдээрээ дэлхий дахинаа танигдсан юм.

Ийн сурвалжилсныхаа төлөө тэр 2004 оны долоодугаар сард Москва хотноо ажлын байрныхаа гадна буудуулж амиа алдсан. Гэвч 22 жилийн дараа ч түүний хэрэг шийдвэрлэгдээгүй.

1989 – 2004

Тэр 1989 онд Форбес сэтгүүлд ажилд орж, эхэндээ Европ болон аж үйлдвэрийн томоохон компаниудыг сурвалжилж байгаад дараа нь Оросын бизнесийн салбараар дагнан бичсэн. 1996 онд "Кремлийн Загалмайлсан эцэг үү?" гэх нэртэй нийтлэлээрээ Оросын бизнес болон улс төрчдийн далд холбоог илчилсэн. Түүнийг амиа алдсаны дараа Оросын эрх баригчид Чеченийн гэмт бүлэглэлүүдийг үхэлд нь буруутгаж, сэжигтнүүдийг нь цагаатгасан.

Энэ бол сэтгүүлчид олон нийтийн тэр бүр мэдээд байдаггүй үнэнийг илчлэхийн тулд хийсэн зоригийнхоо төлөө хуулиар шийтгэгдэх, амиа алдах эрсдэлтэй нүүр тулсаар байгааг харуулсан олон жишээний ердөө нэг нь юм.

ЭГҮҮР · 2026

Eguur News агентлаг жил бүрийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр "Eguur-ийн сэдэв" агуулгыг хөнддөг бөгөөд энэ хүрээндээ бид 2026 оны сэдвээр "Монголд өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа редакцууд зоригтой, айдасгүй хэвлэн нийтэлж, дуу хоолойгоо хүргэж чадаж байна уу. Эсвэл тэд редакцын бодлого, чөлөөт статусаа цензурдэж байна уу" гэдэг асуултуудад хариулт эрлээ.

I
НЭГ. ЗОРИГ БА АЙДАС
Автор
ЦэрэнсамбууТамир
Ерөнхий редактор
БямбадоржБуяндорж
Сэтгүүлч
ОюунчимэгУлсболд
Зураглаач · Эвлүүлэгч
Зориг гэдэг бол
ёс суртахууны үүргээ гүйцэтгэх
Харвардын ИС · Иммануил Кант

"Зориг гэдэг оюун санаа болон ёс суртахууны хувьд илүү гүн гүнзгий утгатай" гэж Харвардын Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн Нэйманы сангийн 2006 оны товхимолд тодорхойлон бичжээ.

Бидний мэдэх, философич Кант "Зориг гэдэг бол ёс суртахууны үүргээ биелүүлэх шийдэмгий байдал буюу айдас, ашиг сонирхлоос үл хамаарах" гэсэн нь өнөөдрийн бичиж, хөндөж буй сэдвийн агуулгыг илүү ойлгомжтой болгов.

SPJ · Ёс зүйн код

Харин Америкийн мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн Ёс зүйн кодын Үнэнийг хайж мэдээлэх үндсэн зарчимд "Сэтгүүлч мэдээлэл цуглуулах, дамжуулах болон тайлбарлах явцдаа шударга, зоригтой байх ёстой" хэмээн дурдсан байдаг. Мөн "эрх мэдэлтнүүдийн үйлдлийг хариуцлагажуулахад зоригтой хандаж, чимээгүй хүмүүсийн дуу хоолойг хамгаалах" тухай заасан.

Эндээс харвал нийгэмд улс төрчид, аль эсвэл хүчирхэг субъектуудын дарамтыг эсэргүүцэх чадварыг сөрөх, мэргэжлийн үнэт чанар, зарчимдаа тууштай байхад зориг хичнээн чухал болохыг тодорхойлсон жишээ юм.

Хуулийг зэвсэг болгож
АЙДАС үүсгэдэг
Ричард Лазарус · Айдасны механизм

Сэтгэл зүйн шинжлэх ухаанд, айдсыг олон янзаар авч үздэг бөгөөд Америкийн сэтгэл судлаач Ричард Лазарус "Айдас нь тухайн нөхцөл байдлыг аюултай гэж үнэлэх танин мэдэхүйн үйл явцын үр дүн" гэжээ.

Хэвлэл мэдээллийн салбарт айдас бий болгох, улмаар тэрхүү бий болгосон айдсаараа дамжуулан сэтгүүлч болон редакцын бодлогыг дарж авах гэсэн аргууд ялангуяа авторитор дэглэмтэй улс орнуудад хүчтэй байна.

ОХУ-ын жишээ · Дарамтын хэлбэрүүд

Тухайлбал, сэтгүүлчийг, хэвлэлийг гүтгэх, тэдний талаарх худал мэдээллийг олон нийтэд зориудаар хүргэх, ингэхдээ "Үндэсний аюулгүй байдал" гэх ерөнхий нэр томъёог ашиглах нь элбэг байна. Жишээ нь, ОХУ-д гэхэд "терроризмыг сурталчилсан", "гадны агент" гэх ерөнхий нэр томъёогоор сэтгүүлчдийг шалгах, саатуулах, баривчлах, хорих тохиолдол цөөнгүй.

Мөн сэтгүүлч улс төрчийг, төрийн байгууллагыг шүүмжлэх, холбогдох асуудлуудыг баримттайгаар олон нийтэд гаргаж тавьсныхаа дараагаар зориуд олон удаагийн шүүхийн процессоор явуулж, санхүү болон сэтгэлзүйн дарамтыг үзүүлэх оролдлогуудыг ашигладаг.

Голчлон чөлөөт редакцуудад ирдэг дарамт татвар болон хувийн хаягууд руу нь халдах замаар хувийн мэдээллүүдийг нь олж авах зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Түүнчлэн нэгэнт энэ зүйлийн хохирогч болсон бол сэтгүүлчдийг зориуд олон нийтээс таслах оролдлогуудыг хийх бөгөөд сошиал орчинд тролл, армийг ашиглан сэтгүүлч, редакц, хэвлэлийн байгууллагын нэр хүнд рүү халдах худал мэдээллийг урт хугацаанд хийдэг байна.

Филиппин · Родриго Дутерте
176
1986 оноос хойш Филиппинд бусдын гарт амиа алдсан сэтгүүлчдийн тоо — дэлхий дээрх сэтгүүлчдэд хамгийн аюултай улс
"Сэтгүүлч байна гэдэг алагдахгүй байна гэсэн үг биш"
— Родриго Дутерте · Ерөнхийлөгч асан

Учир нь түүний хэлсэн энэ үг сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг зөвтгөсөн явдал. Тэр ч бүү хэл ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Дутерте улсад нь амиа алдсан сэтгүүлчдийг "Тэд үүнийг хүртэх ёстой" хэмээн хэлж байсан.

ABS-CBN · Айдасны дохио

Түүнчлэн 2020 онд Филиппиний томоохон телевиз ABS-CBN-ийн эфирийн дамжуулалтын зөвшөөрлийг сунгахгүй байхыг үүрэгдсэн нь уг телевиз Дутертег хамгийн их шүүмжилдэг байсантай холбоотой. Үүний дараа олон зуун хүн ажилгүй болж, улмаар бусад ХЭВЛЭЛҮҮДИЙГ "дараагийнх нь чи" гэх дохиог өгч эхэлсэн байна.

Ингэснээр нэг салбарын ажил үүргээ гүйцэтгэж байгаа бусад сэтгүүлч болон редакц, хэвлэлийн байгууллагуудад шууд айдас үүсэхээс гадна "ЯМАР СЭДЭВ РҮҮ ОРОХГҮЙ БАЙХ ВЭ" гэж бодоход хүргэжээ.

Нээлттэй мэдээллээс харвал Дутерте хэвлэл болон сэтгүүлчдийг шүүмжлэх, доромжлох, олон нийтийн хэвлэл, сэтгүүл зүйд итгэх итгэлийг эвдэхэд 200 орчим мянган ам.долларыг кампанит ажилд зарцуулсан байна.

Зоригтой хэвлэлийн
түүхэн өөрчлөлт
бидэнд юу үлдээсэн бэ
Уотергэйтын дуулиан · 1972–1974

Уотергэйтын хэрэг бол дэлхийн сэтгүүл зүйн түүхэнд хэвлэл томоохон өөрчлөлтөд хүргэж байсан хамгийн тод жишээ юм. 1972.06.17-нд Вашингтон хотын Уотергэйт барилга дахь Ардчилсан намын байранд хулгайч нэвтэрсэн цагаас уг дуулиан эхтэй.

Юун дуулиан болов, "Washington Post" сонины Боб Вудворд, Карл Бернштейн нарын эрэн сурвалжилж гаргаж ирсэн нийтлэл юм. Тэд "Deep Throat" нэртэй шүгэл үлээгчийнхээ нэрийг маш чанд нууцалж чадсан. 2005 онд буюу дуулиан гарснаас олон арван жилийн дараа шүгэл үлээгч нь Холбооны мөрдөх товчооны захирлын орлогч асан байсан гэдэг нь ил болж байв. Боб, Карл нар уг ажлынхаа төлөө Пулитцерийн шагнал авч, Уотергэйтийн дуулианыг мэдээлж байсан талаараа "All the President's Men" нэртэй бестселлер ном хүртэл бичсэн.

Ричард Никсон

Ардчилсан намын байр руу нэвтэрсэн этгээдүүд зүгээр нэг хулгайч байгаагүй юм. Тэд Ерөнхийлөгч Ричард Никсоны сонгуулийн кампанит ажилтай холбоотой хүмүүс байжээ. Хэрэгтнүүд Уотергэйтын барилгад нэвтэрч утас чагнах төхөөрөмж суурилуулж, бичиг баримт хулгайлсан. Никсон тэдгээр хүмүүстэй огт холбоогүй хэмээн мэдэгдэж 1972 оны сонгуульд ялалт байгуулж, дахин сонгогдсон билээ.

Катерин Мэйер · Washington Post

Уотергэйтийн дуулианы үеэр "Washington Post" сониныг ажиллуулж байсан Катерин Мэйер Никсоны захиргаанаас ихээхэн дарамт ирдэг байсныг ярьдаг. "Washington Post" сонин телевиз ажиллуулах эрх рүү нь заналхийлж сүрдүүлдэг байсан талаар Катерийн өөрийн намтар ном дээрээ бичсэн юм.

"Иргэдийн бидэнд итгэх итгэлийг унагаах оролдлого гэх мэт бусад жижиг сажиг аюул заналхийлэл Уотергэйтийн үеэр компанид тулгарсан. Гэхдээ тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь Флоридад ажиллуулдаг хоёр телевизийн станцын лицензийг сүрдүүлэх явдал байсан юм" гэж ном дээрээ бичжээ.

Үйл явдлын нөлөө нь юу байв
"Washington Post" болон бусад хэвлэлүүд дуулианы талаар цуврал нийтлэлүүд бичсээр Ерөнхийлөгч Ричард Никсон өөрийн хүсэлтээр огцорсон юм.

Энэ нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд огцорсон анхны бөгөөд цорын ганц тохиолдол болсон. Үүнээс хойш "Хэвлэл мэдээлэл бол засаглалыг хянах дөрөв дэх засаглал мөн" гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн билээ.

Чой-гэйтийн кэйс · БНСУ · 2016
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г
татан буулгасан ЧОЙ ГЭЙТИЙН кэйс
2016 · БНСУ · Дуулиан

Уотергэйтийн дуулианы дараа ямар нэгэн томоохон улс төрийн скандалыг "гэйт" хэмээн нэрлэдэг болсон. 2016 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ татагдан буухад хүргэсэн Чой-гэйт гэх дуулиан гарч байв.

Тус дуулиан Пак Гын Хэ болон Чой Сү Шил нарын хувийн харилцаатай холбоотой. Эртнээс найзууд байсан тэд хамтран ерөнхийлөгчийн эрх мэдлийг урвуугаар ашиглан, нууц мэдээлэл задруулсан гэх мэт хэрэгт буруутгагдсан юм.

Хоёр гэр бүлийн холбоо

Пак Гын Хэ болон Чой Сү Шил нарын аав маш ойр харилцаатай байжээ. Чой Сү Шилийн аав Чой Тэ Мин шашны гаж урсгалын тэргүүн байсан юм. Чой Тэ Мин Пак Гын Хэгийн аав Пак Чун Хэтэй ойрын харилцаагаа ашиглан хөрөнгөжиж, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлж иржээ. 1979 онд Пак Чун Хэ бусдын гарт амь үрэгдэхэд Пак Гын Хэ болон Чой Сү Шил нар ойрын найзууд болсон байв. 2013 онд Пак Гын Хэ ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхэд Чой Сү Шил түүний зөвлөх болсон юм.

Сэвол · Цахим хяналт

2016 оны сүүлээр Чой Сү Шил Ерөнхийлөгч Пак Гын Хэд хэт нөлөөлж байна гэх мэдээлэл явж эхэлжээ. 2014 онд Сэвол хөлөг живж 303 зорчигч нас барсны дараа Пак Гын Хэ ихээхэн шүүмжлүүлж байсан тул түүний захиргаа цахим мөрдөн байцаах тусгай баг үүсгэсэн.

Тэр баг цахим орчныг хянаж Пак Гын Хэгийн нэр хүндэд халдсан гэж үзсэн хүмүүст хэрэг үүсгэх зорилготой бүтээгдсэн байна. Үүний улмаас солонгосчууд олноороо гадаадын сошиал платформыг хэрэглэдэг болсон.

JBTC · Дарамт дунд зориг

Пак Гын Хэгийн захиргаа тухайн үед хэвлэл мэдээлэлд нөлөөлөх гэж хэд хэдэн арга ашигладаг байв. Ийм хяналт, дарамттай нөхцөл байдал үүсээд байсан ч гэсэн Өмнөд Солонгосын "JBTC" агентлаг нэгэн нийтлэл гаргасан нь Чой-гэйтийг эхлүүлсэн юм.

Таблет · Илрэлт · Samsung

Тус агентлаг Чой Сү Шилийн ашиглаж байсан таблет компьютерыг олсноор түүнийг нууцлалын зэрэгтэй мэдээлэл хүлээн авч, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож байсныг харуулсан баримтуудыг дэлгэсэн юм.

Ингэснээр Чой Сү Шилийг шалгах ажиллагаа эхэлж, улмаар тэр Пак Гын Хэтэй ойрын харилцаагаа ашиглан томоохон корпорацуудад дарамт үзүүлж, өөрийнхөө удирддаг хоёр ашгийн бус байгууллагад олон сая ам.долларын хандив авсан нь илэрсэн. Үүний улмаас Пак Гын Хэ Ерөнхийлөгчөөс татагдан бууж, "Samsung" компанийн де факто удирдагч И Жэ Ён баривчлагдан хахууль өгсөн хэрэгт буруутай нь тогтоогдсон юм.

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр
17 байр урагшилсан ч ОНОО ЮУГ ӨГҮҮЛЭВ
17
RSF · Reporters Without Borders · 2002–2026
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр
17 байр урагшилсан ч ОНОО ЮУГ ӨГҮҮЛЭВ

Парист төвтэй үйл ажиллагаа явуулдаг "Reporters Without Border" төрийн бус байгууллага 2002 оноос хойш дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргаж ирсэн. Тэрхүү индекс нь дэлхийн 180 гаруй орны хэвлэлийн эрх чөлөөг хэмждэг. Ингэхдээ улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, нийгэм соёл болон аюулгүй байдлын нөхцлийг авч үзэж орнуудыг жагсаадаг юм.

Монгол Улсын RSF Хэвлэлийн эрх чөлөөний индекс
Байр — бага байх тусам сайн · 180 улс орноос
Байр (жил бүр)
Хамгийн сайн (53)
Хамгийн муу (109)
байр / 180
53
Хамгийн сайн (2005)
109
Хамгийн муу (2024)
85
2026 оны байр
24
Жилийн хугацаа

Үүнээс харвал, анх 2002 онд жагссан байрнаасаа (73-р байр) Монгол Улс долоон удаа л урагшилж байжээ. Энэ долоон удаа урагшилсан тохиолдлоос дараалсан ганц л үе байна. Тэр нь 2015–2019 он юм.

Төрийн эрхэнд нэг нам дангаар 10 жил засаглаж, төрийн гурван том институц нэг намаас сонгогдсон энэ жилүүдэд монголын хэвлэлийн индекс олон жил ухарч, авлигын индекстээ ч сөргөөр нөлөөлснийг харж болохуйц. Хэдийгээр 17 байраар урагшилсан мэт харагдаж байгаа боловч угтаа зарим улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний индекс буурснаар манай улс урагшилсан бөгөөд шалгуур үзүүлэлтийн оноонууд төдийлөн ахиагүйгээс үүнийг харж болно.

II
ХОЁР. Сэтгүүлч, редакцыг юу мохоодог вэ
Автор
ОчирбатОнон
Сэтгүүлч
БатбаярЭрдэнэбаяр
Зураглаач · Эвлүүлэгч
ПүрэвдоржДаваажаргал
Сэтгүүлч
Ардчилсан Монгол Улсад сэтгүүлч, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцож ял авсан
UNESCO · Нийгмийн аюулгүй байдал · 2020

Нийгмийн аюулгүй байдлын талаарх UNESCO-гийн тайланд, Дэлхий дээр сэтгүүлчид өдөр бүр янз бүрийн аюул заналтай тулгардаг бөгөөд 2020 онд 62 сэтгүүлч зөвхөн мэргэжлийнхээ үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан.

2006-2020 онд 1200-аад хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсаны 90 орчим хувь нь гэмт хэрэгтэн нь илрээгүй байна. Энэ нь улс төрийн хяналт, амь нас заналхийлэх, гүтгэлэг, томоохон корпорацын дарамт, газар зүйн эрсдэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.

Сэтгэцийн дарамт

Мөн сэтгүүлчдийн сэтгэцийн дарамт, сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд олон тохиолдолд ажлын чиг үүрэг нь тэдний амьдралын үнэ цэнийг мэдрэх эх үүсвэр болдог билээ.

Н.Өнөрцэцэг: Би юу ч хийхгүй. Цочихдоо дахиад шоронд хийчхэв ээ
Монгол дахь сэтгүүлч, редакц руу чиглэсэн гомдлын тоо юу өгүүлэв

Редакц, сэтгүүлч өөрийн хийсэн сэтгүүл зүйн бүтээлийнхээ араас хуулийн байгууллагад дуудагдах тохиолдол өнөөдөр бодит байдал дээр ямар байгаа талаар тэд дараах байр суурийг илэрхийллээ.

Г.Гүнжидмаа
"Хэвлэл мэдээллийн зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал
Сунайсан том нийтлэлүүд дээр гомдол ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд постерт хүртэл гомдох болсон

Ардчилал хөгжиж байгаа улс орнуудад улстөрчид болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор сэтгүүлчдэд айдас, редакцад цензур үүсгэх үүднээс шүүх, хууль хяналтын байгууллагад өгчихдөг. Монголд ч гэсэн ХМЗ байгуулагдаагүй үед эдгээр гомдол дандаа хууль хяналтын байгууллагаар явж байсан.

Зүй нь ардчилсан, чөлөөт хэвлэлийн бие даасан байдлыг илүү хөгжүүлье гэж зорьж байгаа бол төрийн байгууллага, улс төрчид хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой гомдлыг хууль хяналтын байгууллагад өгөх нь ёс зүйгүй үйлдэл юм. Эхлээд мэргэжлийн байгууллагаар нь урьдчилан хянуулдаг жишиг рүү явах ёстой.

Бас нэг соёл нь прокурорын байгууллагад хянагдаж байгаа сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдол, ХЭҮК-т ирсэн гомдол аль алийг нь ХМЗ рүү шилжүүлэх тохиолдол гарч байсан.

Г.Гүнжидмаа
"Хэвлэл мэдээллийн зөвлөл" ТББ-ын Гүйцэтгэх захирал

ХМЗ дээр ирж байгаа гомдлыг түүвэрлээд харах юм бол сэтгүүл зүйн үйл ажиллагаа нэлээд хумигдаж байна. Цөөн тооны гарч байгаа бүтээлүүд дээр нь янз бүрийн дарамт шахалтууд ирж байна. Нэг дарамт шахалт нь гомдол гаргах замаар илэрдэг. Түүнээс гадна хувийн сувгуудаар нь заналхийлэх тохиолдлууд ч гардаг. Эдийн засаг, аюулгүй байдлын нөхцөл, айдас дарамтаас шалтгаалаад хэвлэн нийтлэх эрх чөлөө улам хумигдаж буйн жишээ бол энэ. 4,5 жилийн өмнө сунайсан том нийтлэлүүд дээр гомдлууд ирдэг байсан бол өнөөдөр постер дээр хүртэл гомдол ирж байна.

Харин улс төрийн түвшинд ямар ч дэмжлэг харагддаггүй. Шүүмжлэлт нийтлэлүүдийг бага байлгахын төлөө хууль эрх зүйн орчноор нь дамжуулж хязгаарладаг байдал ч байсаар.

Сүүлийн арван жилийн хугацаанд ХМЗ-д хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой нийт 651 гомдол иржээ. Тухайлбал, 2025 онд 60 гомдол ирсэн бөгөөд нийт 70 хувийг бизнесийн, шүүхийн байгууллага болон УИХ-ын гишүүдийн гомдол эзэлж байна.

651
ХМЗ · Хэвлэл мэдээллийн зөвлөл · 2015–2025
Арван жилд 651 гомдол
ХМЗ-д ирсэн гомдлын тоо
2015–2025 · жилээр
Жилийн гомдол
Хамгийн өндөр (106)
гомдол
651
Нийт гомдол (10 жил)
106
Хамгийн өндөр (2019)
60
2025 оны гомдол
70%
УИХ, шүүх, бизнес

Хууль хүчний байгууллагад шалгагдаж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын талаар ХЗДХЯ-наас тодруулахад "2025 онд 23 сэтгүүлчийн талаар гомдол мэдээлэл ирснээс нэг нь шийдвэрлэгдсэн. 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар гурван хүн шалгагдаж байна" гэв.

Б.Ууганбаяр
МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга
Нэг редакцын эрхлэгч дээр 11 хэрэг үүсгэж шалгаж байсан тохиолдол бий

Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах гэсэн заалт батлагдаад таван жил орчим хэрэгжих хугацаанд жилдээ 300–600 орчим худал мэдээлэл тараасан гэдэг гомдол цагдаагийн байгууллага дээр ирсэн байна. Үүний 42–48 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой гомдлууд байсан. ҮХЦ татгалзах хүртэл 198 хэрэг шүүхээр шийдэгдсэн. Үүнээс дөрөв нь л сэтгүүлчтэй холбоотой.

Ирж буй гомдлуудад сэтгүүлчдийн эзлэх хувь өндөр мөртлөө шүүхээр шийдэгдэж байгаа нь харьцангуй бага бөгөөд сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх үйл явц энэ хуулийн зүйл заалтаар өрнөжээ гэдэг судалгаа гарсан.

Сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргаж байгаа хүмүүсийн бараг 99 хувь нь нийтийн, төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллагууд байсан.
Б.Ууганбаяр
МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга

Цагдаад гомдол гаргаснаараа хэргийг нь шийдэхгүйгээр тухайн редакцын үйл ажиллагааг доголдуулах, байнгын мэдүүлэг авна гэж дуудсанаар ажлаа хийх боломжгүй болгодог. Ингэж нөгөө хүнээ залхааж, дахин ул суурьтай даацтай мэдээлэл бэлтгэхээс төвөгшөөх байдал руу аажимдаа оруулдаг.

Манай дээр ирсэн мэдээллээр, нэг редакцын хамтын бүтээлд гомдол гаргасан, долоон сэтгүүлчийг нь цагдаад дуудсанаас өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарсан тохиолдол ч байна. Нэг редакцын эрхлэгч дээр 11 хэрэг үүсгэж шалгаж байсан тохиолдол бий.

Редакцууд, сэтгүүлчид яагаад хуулийн хаалга
ТАТДАГ | ТАТДАГГҮЙ вэ
Р.Адъяасүрэн
GoGo.mn мэдээллийн агентлагийн Ерөнхий редактор
Сүүлийн 4 жилийн хугацаанд гомдол, маргаан ирээгүй

— Хэвлэлийн редакц, редакцын сэтгүүлч рүү чиглэсэн гомдол танай дээр гарч байна уу?

Сүүлийн 4 жилийн хугацаанд хэвлэн нийтэлсэн мэдээлэлтэй холбоотой гомдол, маргаан гараагүй, сэтгүүлч болон редакцад хаягласан гомдол хуулийн байгууллагад ирсэн тохиолдол байхгүй. Цар тахлын үеэр дөрвөн тохиолдол гарч байсан.

— Тухайлбал ямар агуулгатай мэдээлэл, нийтлэл, сурвалжилгын араас ирдэг вэ?

Цагдаад гомдол гаргаж бид хариу тайлбар өгсөн тохиолдол цар тахлын үеэр гурван тохиолдол гарсан. Тухайн үед нэг чиглэлээс шийдвэр гардаг, тэр нь нэг цонхоор ирдэг, эргэж буцах тохиолдол ч гардаг байсан тул ноцтой асуудал байгаагүй тул гомдлууд нь хаагдаж байсан. Мөн энэ үеэр нэр бүхий албан тушаалтны шийдвэртэй холбоотой мэдээллийг гаргасны төлөө нэг үгэнд гомдож байсан тохиолдол бий. Албан тушаалтны өгсөн мэдээлэл нь алдаатай байснаас мөн нэг удаа гомдолд тайлбар өгч байсан.

Р.Адъяасүрэн
GoGo.mn мэдээллийн агентлагийн Ерөнхий редактор

— Редакц ямар арга барилаар ажиллаж байгаа нь хуулийн байгууллагын хаалга татахгүй байхад нөлөөлдөг вэ?

GoGo.mn сайтын редакц анх байгуулагдсан цагаасаа эхлээд тэнцвэртэй, бодит мэдээллийг хүргэх зарчмыг баримталж ирсэн. Бид 2021 онд ISAS Media стандартыг нэвтрүүлж, 2025 онд олон улсын JTI стандартыг баталгаажуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийн мэдэх эрх, ардчилал, хүний эрхийг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулах зорилгыг тавьж, түүндээ хэрхэн хүрэх арга хэрэгсэл, дагаж мөрдөх бодлого, журам, ажлын заавруудыг мөрдөж ирсэн. Ер нь тогтсон стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно.

Зарим тохиолдолд төлбөр төлсөн контент буюу зар сурталчилгаатай холбоотой гомдол гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс бид зар сурталчилгаа авахдаа ч мөн редакцын бодлогоо чиглэл болгосон журмыг боловсруулан мөрдөнө. Сүүлийн үед үйл явдлын шууд дамжуулалт ч мөн хэн нэгний нэр төрд халдах, эсхүл гутаан доромжилж болох эрсдэлтэй учраас зарласан агуулгаасаа өөр мэдээлэл хүргэх эсвэл тухайн хурлын үеэр хүний нэр төрд халдах ч тохиолдол гарна гэдгийг тооцоолдог. Тиймээс мэдээлэлд дурдагдаж буй талуудаас давхар тодруулахыг хичээдэг. Бүр боломжгүй холбогдохгүй үед эргээд холбогдох боломжийг олгож мессеж бичиж үлдээдэг гэх мэт.

Дижитал сэтгүүл зүйн хувьд хурд болон бодит байдал хоёр эн зэрэгцэж явах нь мэдээж хэцүү. Тиймээс сонголт хийх хэрэгтэй. Бидний хувьд хурдтай, шуурхай мэдээлэх нь чухал ч бодит байдал үүнээс илүү. Яг үүнтэй адил ёс зүй, итгэлцэл хоёр тэнцүү учир итгэлийг авч үлдэх, уншигчидтайгаа хамт удаан байхын тулд ёс зүйг чухлаар авч үзсээр байна.

Х.Мөнхжаргал
"Зууны мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
Сүүлийн таван жилд манайд хаягласан гомдол ирээгүй, шүүх цагдаад хандсан асуудал ч гэсэн маш ховор

Одоо ер нь улс төрчид маань их гомдомхой болчхоод байгаа. Ямар нэг нийтлэл, мэдээлэл гарсны дараа байнга сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаад өгдөг болсон байна. Манай сонины тухайд харьцангуй бага. Яагаад гэвэл, бид өдөр тутам цагаан дээр хэвлээд гаргачихдаг учраас энэ өөрөө баримт. Аль болох мэргэжлийн хувьд алдаа гаргахгүй байхын төлөө, хүмүүсийг гүтгэхгүй, нэр хүндэд халдахгүй, худал мэдээлэл бичихгүй байхыг хичээж ажиллаж байгаа. Энэ утгаараа сүүлийн таван жилд манайд хаягласан гомдол ирээгүй, шүүх цагдаад хандсан асуудал ч гэсэн маш ховор. Энэ асуудлаа тодруул, үнэн үү зөв үү гэдэг асуудал гардаг. Нэгэнт сонинд байгаа тохиолдолд эх сурвалжтай, баримттай зүйлийг бичиж гаргахыг хичээдэг.

Ер нь бол хэвлэл мэдээллийн салбарын тухайд сэтгүүлчдийн эсрэг гаргаж байгаа энэ гомдол хэт их туйлширсан нь хууль эрх зүйн орчин муутай байгаатай холбоотой л гэж дүгнээд байгаа. Сэтгүүлчдийг барьж хорих, шүүхээс шийдвэрлэгдээгүй байхад ял тулгах асуудал биднийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байгаатай холбоотой гэж харж байгаа. Нөгөө талаас сэтгүүлчид маань мэргэжлийн ёс зүйтэй ажиллахад анхаарах цаг болсон юм уу гэж боддог.

Э.Хүрэлбаатар
Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч
Редакцаа нэгжүүлж, гүйцэтгэх ажиллагаанд өртөж, бүх сэтгүүлч мэдүүлэг өгөх тохиолдол олон бий

— Редакц удирдаад явж байхад зориг мохоох зүйлстэй хэр тулгардаг вэ?

Зориг мохох зүйл байна аа. Хамгийн анх бор сэтгүүлээ хийсний дараа хууль хяналтын байгууллагынханд шалгагдаад, гүйцэтгэх ажиллагаанд өртсөн. Редакцдаа ч нэгжлэг хийлгэсэн. 2024 онд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хэрэг дээр л гэхэд "хэн даалгавар өгсөн бэ" гэж шалгахад редакц тэр чигтээ мэдүүлэг өгсөн шүү дээ. Энэ мэт анхны сэтгүүл дээр олон асуудал үүссэн. Сүүлийн "126" сэтгүүл дээр 3–4 гишүүн гомдол өгсөн, хэрэг нээн шалгагдаж, зарим нь хаагдсан. Харин бусад нь хуулийн байгууллагад гомдол гаргасангүй. Баримтаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж бодсон.

— Олон удаагийн давтамжаар шалгагдахаар сэтгүүлчид ямар сэтгэл зүй үүсэх бол?

Хэвлэн нийтлэх зоригийг мохоож, хамгийн их айдаст автуулдаг зүйл бол хэвлэлийн эрх чөлөө алдагдсан байдал. Төрийн гурван өндөрлөг, улс төрийн томоохон албан тушаалтнуудыг бичих гэхээр айдаг. Биччихвэл хууль хяналтын байгууллагынхан шалгана, гүйцэтгэх ажиллагаанд өртөнө, эрүүгийн хэрэг үүсгэхгүй юмаа гэхэд өөр зүйлсэд хамаатуулан шалгаж мэднэ гэх айдас томоохон редакц бүхэнд байна. Хэдийгээр шалгалтын ажиллагааг даваад гарсан ч гэсэн айдастай үлдчихнэ. Өмнө нь шалгахад редакцад гүйцэтгэх ажиллагаа явуулж, санхүүгийн баримтуудыг шалгасан. Дахиад бичсэний ард шалгавал юу болох бол гэж айна. Нэг нам хэтэрхий олон жил засаглаад эхлэхээр хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд халдаад эхэлдэг юм байна. Хүмүүс мөнгө өгөөд амыг нь таглачихдаг гэж хардаг. Үнэндээ тэгэж амаа таглуулдаг газар гэж байхгүй. Зүгээр л айдаст автуулах механизмаар л дарлана. Энэ бол хэвлэлийн чөлөөтэй нийтлэх эрхийн чөдөр тушаа.

Г.Цолмон
"Өнөөдөр" сонины эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга
9 тэрбумын нэхэмжлэл авч, шүүх дээр баримтаараа ялсан

— Та эрэн сурвалжлах сэтгүүлчээр 20 гаруй жил ажиллалаа. Сэтгүүлчийн хувьд хэвлэн нийтлэх зориг мохож байв уу. Хууль хүчний байгууллагад хэчнээн удаа дуудагдсан бэ?

Яг 23 жил нэг газартаа, нэг албандаа ажиллаж байна. Энэ хугацаанд шүүх, цагдаад дуудагдсан тохиолдол тун олон. Тоолж байсангүй. Монголын сэтгүүл зүйн түүхэнд хамгийн өндөр дүнтэй шүүхийн нэхэмжлэл хүлээж авч байсан сэтгүүлч би. 2012 онд 9 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гэдэг хатуу. Тэр нэхэмжлэлийг "Алтайн хүдэр" ХХК-аас надад ирүүлж байсан. Мөн "Гацуурт" ХХК-ийн Л.Чинбат захирал 65 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Энэ бүрд өөрт байгаа баримтуудаа гарган өгч, ялж байсан.

— Таны зориг мохож байсан удаа бий юу?

Хөгширснийх үү, олон жил ажилласан болохоор ч тэр юм уу бичихээс залхуу хүрдэг болсон. Зориг, үзэг мохсон зүйл алга. Хэнээс ч айхгүй мэдээллийг бодитой, тэнцвэртэй л хүргэе гэж зорьдог. Сүүлийн арав гаруй жил нэг нам засаглалаа. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн, тэр дундаа цахим мэдээлэл хөгжлөө. Засаглаж байгаа нам хүчнийхнээс, мөн зарим улс төрчдөөс хэвлэлийг мохоох гэсэн оролдлого хийсээр ирсэн. "Өнөөдөр" сонины хувьд аль нэгэн талд ордоггүй, төвийг сахисан мэдээлэл бэлтгэдэг учир зоригоо мохоож, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хориулж байсан удаа байхгүй. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай эрхлэх явцдаа ямар нэгэн өндөр албан тушаалтанд авлига өгчихсөн, түүнийг нь нийтлэхээр гомдоод байдаг. Тэдэнтэй үзэлцсээр байгаад сурчихсан. Зоригтой л бичсээр ирсэн, айх шаардлага байх ч үгүй. Хэзээнээсээ ийм байсан, хадгалсаар яваа.

Г.Цолмон
"Өнөөдөр" сонины эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны дарга

— Редакцын зориг гэж юу вэ?

Нотолж чадах баримттайгаар нийтлэл бичсэн редакц айх ёсгүй. ".мн" олон болсон, худалдагдах нь ч байна, зориг нь мохоод үгүй болох нь ч байна. Мөн мохоох үйлдлийг хийж байгаа хүмүүс ч бий. Тиймээс ямар ч сэтгүүл зүйн бүтээл туурвисан бай баримттай, түүнийгээ нягтлан судалсан байх нь чухал. Зарим ".мн"-ийнхэн сэтгүүл зүйн төрөл жанраа ч ойлгохгүй байна. Иймд манай сэтгүүлчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

Бидний эрх зүйн орчин 1996 онд батлагдсан "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль" шүү дээ. Дөрөвхөн заалттай тэр хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй. Мөн сэтгүүлчийн ёс зүйн дүрэм бий, түүнийг баримталж ажиллах хэрэгтэй. Ёс зүйн дүрмээ баримтлаагүйгээс, судалгаагаа сайн хийгээгүйгээс сэтгүүлчид маань алдаж байна. Тиймээс одоо батлагдах гэж байгаа хуулийн шинэчилсэн найруулга дээр сайн ажиллахгүй бол эзэд эсхүл эрх баригч, хууль тогтоогчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах вий. Эрүүгийн хуулийн 13.14-р заалт яг Эрүүгийн хуульд орох ёстой байсан уу, үгүй юу гэдэг дээр ҮХЦ эцсийн цэгээ тавьчихлаа, УИХ ч хүлээн авлаа. Хэвлэлийн эзэд бус бичин нийтэлдэг бид өөрсдөө сайн анхаарч ажиллах ёстой. Бидэнд үзэг байна, бичиж нийтлэх чадвар байна.

Х.Батсайхан
Зөв.мн сайтын нийтлэлч, тоймч
Сэтгүүлчийн эх сурвалжийг мэдэхийн төлөө танин мэдэхүйн асуултаар байцаагаад суудаг

Үндсэн хуульд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэж байгаа боловч өөр бусад хуулиуд дээр хязгаарлалт тавигдсан. Хүн дураараа дуугарч болно, ард гарах үр дагавар бий. Нуулгүй хэлэхэд сэдвүүд хаягдах тохиолдол байдаг. Яагаад гэвэл хэвлэлийн үндсэн санхүүжилт нь төр болчихсон учир төрийн байгууллагуудын ашиг сонирхолтой зөрчилдсөн тохиолдолд яах вэ гэдэг асуулт гарч ирдэг.

Хоёрт. Улстөрчид төрийн мөнгөөр өөрийнхөө пи-арыг хийдэг. Төрийн байгууллагатай гэрээ хийж, хэвлэлүүдэд мөнгө өгөөд өөрийгөө л сурталчлуулдаг. Гэтэл гэрээ байгуулсан байгууллагынх нь эрх нь зөрчигддөг. Мөн төрийн байгууллагууд мэдээллээ гаргахдаа хойрго. Доод албан тушаалтнууд нь даргаасаа асууя гээд таг болно. Хуучин цагт ахлах мэргэжилтэнтэй уулзахад өргөн дэлгэр мэдээлэл авч болдог л байсан. Гэтэл одоо агентлагууд хүртэл үүдэндээ хамгаалалттай байдаг болсон. Хуулийн байгууллагад байнга дуудагдан шалгуулж байна. Хэдийгээр сэтгүүлч баримттай, ёс зүйн алдаагүй нийтэлсэн байсан ч эрх ашиг нь хөндөгдсөн нийтийн албан тушаалтан гомдол гаргадаг. Тэр дагуу цагдаагийн байгууллага ажиллаж, дуудаж мэдүүлэг авдаг, нэг өдрийн ажил алдагдана.

Манайхан авлигаар, гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулна гэлцэв. Энэ зөв. Үүнтэй адил хэвлэлтэй холбоотой асуудлыг шалгадаг хэлтэс биш юм аа гэхэд мэргэжилтэн баймаар байна. Үгүй бол ямар ч мэдлэггүй хүн байцаалт авдаг. "Энэ үгийг чи хаанаас олж бичсэн юм" гэх мэт танин мэдэхүйн шинжтэй зүйл асуугаад цаг алддаг. Хэлээд, тайлбарлаад ч ойлгодоггүй. Мөн хэвлэлийн байгууллагад гомдол гаргаж, нийтлэлийг бичсэн сэтгүүлч гэм буруугүй байсан тохиолдолд тухайн өдрийнх нь цалинг өгдөг, давхар хариуцлагын систем баймаар санагддаг. Үйл явдал дууссаны дараа сэтгүүлч тэр цалингаа нэхээд явж болох ч мөн л цаг хугацаа алдагдана.

Нэг жишээ дурдахад, 2020 онд УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч эд зүйлс тараасан талаар баримттай мэдээлсэн. Тэр үед ТЕГ-ын байцаагчид дуудаж байцаалт авсан. Ердөө л "Эх сурвалжаа хэл" гэсэн ганц шаардлага тавьж байсан. "Чи яараагүй бол би яараагүй, хэд хоног ч ингээд сууж чадна" гээд л суучихсан. Эх сурвалжаа нууцлан эрхтэй гэж тайлбарласан, мөн хороо дүүрэг, дэлгүүр тодорхой дурдагдсан учраас өөрсдөө очиж мөрдөн шалгалт явуулж болно шүү дээ гэж учирлаад дийлээгүй. Өмнө нь хуульд "Худал мэдээлэл тараасан" гэж зүйл заалт байсныг сүүлд "Илт худал мэдээлэл" болгож зассан нь их хэрэгтэй зүйл болсон. Тэгээгүй бол олон сэтгүүлч буруудах байсан. "Сэтгүүлч намайг 20 удаа гадаад томилолтоор явсан" гэж гүтгэлээ. Би 19 удаа явсан" гэж шүүхдээд ялсан тохиолдол хүртэл гарсан шүү дээ. Тиймээс шинээр боловсруулж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд бүгд анхаарах хэрэгтэй байна.

Үргэлжлэл
— Эгүүр · Зориг ба Айдас · 2026 —
III
ГУРАВ. Хэвлэл мэдээллийн салбар АРДЧИЛСАН, ЧӨЛӨӨТ байж чадаж байгаа юу
Автор
БэлэгдэмбэрэлЛувсанпэрэнлэй
Сэтгүүлч
ОчирбатОнон
Сэтгүүлч
БатбаярЭрдэнэбаяр
Зураглаач · Эвлүүлэгч
ГансүхЗолбоо
Зураглаач · Эвлүүлэгч
Уншигч, хэрэглэгчээс
ХЭВЛЭЛД ирэх ЦЕНЗУР
Судлаач, экспертүүдийн нүдээр:
АРДЧИЛАЛ өөрөө хэвлэлийн ЗОРИГ

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өнгөрсөн оноос байр урагшилсанд юу нөлөөлөв. Хэвлэлийн эрх чөлөө хумигдаад ирэхээр сэтгүүлчид зоригтой байж, сэтгүүл зүйн үндсэн үүргийн нэг болох хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэл бий юу?

С.Амартүвшин
МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш
64-р байр хүртэл урагшилж байсан улс одоо 85-д байгаа нь хэвлэлийн эрх чөлөө доройтсоны шинж

RSF байгууллагаас жил бүрийн 5-р сарын 3-ны хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан тухайн жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцуулдаг. 2026 оны индекс өчигдөрхөн гарч, 179 орноос Монгол Улс 85-р байрт жагссан байна. Өмнөх онд 102-т, уржнан 109-т жагсаж сүүлийн жилүүдэд ихээхэн ухраад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ жил өмнөх оноос 17 байр урагшилсан харагдлаа.

Хэвлэлийн эрх чөлөөний индексийг улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин, нийгэм, аюулгүй байдал гэсэн таван үзүүлэлтээр тус бүрийг оноожуулж байр эзлүүлж, түүнийгээ нэгтгэж дунджлан гаргадаг. Үүнээс харвал таван үзүүлэлтээр байр ахисан эерэг үр дүн байгаа ч эдийн засгийн болон аюулгүй байдал, мөн эрх зүйн орчны үзүүлэлтүүд гол нөлөө үзүүлсэн нь харагдаж байна.

Гэхдээ бид үүнийг таатай үзүүлэлт гэж бодож огт болохгүй. Учир нь хэвлэлийн эрх чөлөөний индексийг байраар нь хэвлэлийн эрх чөлөө маш сайн, харьцангуй чөлөөтэй талдаа, асуудалтай, хүнд нөхцөлтэй, маш ноцтой буюу эрх чөлөө бараг байхгүй гэсэн 5 түвшинд ангилдаг. Энэ түвшнээр үзвэл 85-р байрт байгаа нь асуудалтай болон харьцангуй чөлөөтэй гэх ангиллын заагт жагсаж байна гэсэн үг. Гэтэл манайх 10 жилийн өмнө гэхэд л 70-р байрт жагсаж, харьцангуй чөлөөтэй гэсэн боломжийн ангилалд байсан шүү дээ. Бүр өмнө нь 64-р байр хүртэл урагшилж байсан улс одоо 85-д байгаа нь бид хэвлэлийн эрх чөлөөгөөр ямар их доройтож явааг илтгэж байна.

— Хэвлэлийн эрх чөлөө хумигдаад ирэхээр сэтгүүлчид зоригтой байж, хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх эрсдэл бий юу?

Мэдээж. Ялангуяа энэ жил зарим мэдээллийн сайтын ажиллагаа, хандалтад гацалт үүсэх, нэвтрэх боломжгүй болох, сэтгүүлчдийг баривчлах, хорьж цагдах, шүүхэд дуудах зэргээр сэтгүүлчдийн хувьд улс төр, эрх зүй, аюулгүй байдлын зөрчлүүд гарсаар байна. Сэтгүүлчид ийм нөхцөлд цензурт өртөх эрсдэлтэй болчихно. Ажлаа хийснийхээ төлөө цагдан хоригдох, хууль шүүхийн дарамтад өртөх нь зүгээр нэг хэрэг зөрчил бус, зарим талаар эрх баригчид, хууль хяналтынхан сэтгүүлчдийг мохоож, амыг нь барих гэсэн далд зорилготойг ч үгүйсгэхгүй. Тиймээс итгэл төгс олон түмний мэдэх эрхийн төлөө мэдээлэл олж, боловсруулж, түгээх мэргэжлийн ажлын үүрэг, хариуцлагынхаа төлөө цагдан хоригдох зүй бус эрсдэлтэй сэтгүүлчид нүүр тулахад хүрлээ. Ийм зүйл газар авбал чөлөөт хэвлэлийн хяналтын үүрэг хэрэгжихэд бэрх болно. Мөн дээр дурдсантай холбоотой бодит кэйсүүд дараа жилийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзүүлэлтэд багагүй сөрөг үр дагавар үзүүлэх нь ойлгомжтой.

Улс төрийн цензур, эрх зүйн орчны зохицуулалттай холбоотой асуудлуудаа цэгцлэх, мөн ялангуяа эдийн засгийн хараат бус байдалд нөлөөлөх зарим сөрөг хүчин зүйлийг арилгах, засаж залруулах шаардлагатай. Ер нь манайд улс төрчид, эрх баригчид өөрсдийн олж авсан асар их мөнгө хөрөнгөнийхөө тодорхой хэсгийг хэвлэл мэдээллийг ил далд санхүүжүүлж, хөрөнгө оруулж хувь эзэмших байдлаар, эрх баригчид төр засгийн болон төрийн байгууллагуудын төсвийн мөнгө хөрөнгөөр мэдээллийн гэрээ байгуулах, санхүүжилт хийх нэрийдлээр чөлөөт хэвлэлийг далдуур цензурдэх хандлага байсаар байна.

Мөн манай салбарын өөрийн зүгээс хамаарах зүйл их байна. Ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлж, олон түмний итгэлцүүрийн индексээ өсгөх, нийгмийн мэдээлэл, үзэл санааны тэнцвэржүүлэгч байж чадах, чанартай хэвлэл мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий.

М.Мөнхмандах
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
Монголд сэтгүүлчид зоригтой ажиллах нөхцөл хумигдаж байна

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс энэ жил байр урагшилсан гарч. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд ухарч ирсэн нь хоёр гол шалтгаантай. Үүнд улс төр болон эдийн засгийн хоёр шинж алдагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл редакц, сэтгүүлчийн ажилд улс төрийн нөлөө хөндлөнгөөс оролцох, айлган сүрдүүлэх, дарамтлах, зарим мэдээллийг цензурдэх гэх мэт хандлага байгаа учир хэвлэлийн хоёр шинж алдагдсан гэж үзнэ.

Сүүлийн жилүүдийн технологийн өөрчлөлтөөс шалтгаалж иргэд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахаас илүүтэйгээр нийгмийн сүлжээнээс мэдээлэл авах нь нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж хэвлэл мэдээллийн байгууллагуудын зар сурталчилгааны орлого багасна. Хоёрдугаарт нь уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан боловсон хүчин ажлаа орхиж цөөн хүний бүрэлдэхүүнтэй сайт байгуулж улмаар Монголд сайтын тоог нэмж байна. Цөөн хэдэн хүн цахим сайт нээж сэтгүүл зүй хийхээр оролдож байгаа нь эдийн засгийн чадавхыг улам сул болгож байгаа юм.

Хэвлэл мэдээлэл бол ардчиллын тулгуур мөн. Хэвлэл мэдээллийн салбар эрх мэдлийг хянах, иргэдийн дуу хоолой болж түүнийг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэх чухал үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд хэвлэл эрх чөлөөтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах учиртай. Хэрэв хэвлэл мэдээллийн салбар эрх чөлөөтэй бус байвал ардчиллын манаанд зогсох үүргээ үл гүйцэтгэхэд хүрнэ. Сэтгүүл зүй дөрөв дэх засаглал байж эрх мэдлийг хянаж авлига албан тушаалын хэрэг, зөрчил гэмт хэрэг, хулгай луйврыг нийгэмд ил тод мэдээлэх хэрэгтэй. Ингэхийн тулд сэтгүүлчид зоригтой ажиллаж шаардлага үүснэ. Сэтгүүлчид зоригтой ажиллахын тулд тэдэнд хууль эрх зүйн хамгаалалт, аюулгүй ажлаа хийх боломж нөхцөл нь байх бүрдсэн байх учиртай.

Эхний ээлжид бид сэтгүүлчийн аюулгүй ажиллах эрх зүйн боломжийг бүрэн бүрдүүлсний дараагаар шударга ажиллах шаардлага тавих нь зүйд нийцнэ. Аюулгүй ажиллах нөхцөл нь бүрдээгүй байхад бид сэтгүүлчдээс зоригтой ажил гэж шаардах эрхгүй.

Өнөөдрийн байдлаар манай улсад сэтгүүлчид зоригтой ажиллах нөхцөл хумигдаж байна. Хуулийн хэрэгжилт, түүнийг хэтрүүлэн хэрэглэх боломж нээлттэй байгаа нь сул тал болж байна. Хэзээ ч хэн нэгэн албан тушаалтан сэтгүүлчийг дарамтлах, тоног төхөөрөмжийг нь хураах эрсдэлтэй. Түүнчлэн заавал шүүхээр шийдүүлэх шаардлагагүй байхад айлгах, дарамтлах зорилгоор шүүхэд гомдол өгөх зэрэг асуудал байгаа учраас зоригтой ажиллах сэтгүүлчдийн цөөн цөөхөн байна.

Б.Баярмаа
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш
Олон нийт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээ дэмждэг, итгэдэг байх нь юу юунаас чухал

Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт ингэж олон оронд буурсан нь нэгдүгээрт, улс орнуудад геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байна. 2025 онд 50-60 сэтгүүлч ажлаа хийж яваад амиа алдсан гэсэн судалгааг RSF байгууллага гаргасан. Мөн CPJ байгууллага 2025 онд хэвлэл мэдээллийн 129 ажилтан амиа алдсан бөгөөд үүний хамгийн багадаа 104 нь зэвсэгт мөргөлдөөний үеэр нас барсныг мэдээлсэн. 2025 онд хэвлэл мэдээллийн 39 ажилтан дроны халдлагад өртөж амиа алдсан. Хоёрт, улс орнууд хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудаа чангаруулсаар байна.

— Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ хэр үнэний ортой вэ?

Мэдээж, тодорхой хэмжээнд нөлөөлсөн. "Илт худал мэдээлэл" гэж маш олон төрлийн гэмт хэргийн багтаасан, өөр өөрөөр тайлбарлаж болохуйц нэр томьёотой заалтыг түдгэлзүүлсэн нь үнэхээр чухал үйл явдал болсон. Гэхдээ энэ үйл явдал 17 байраар ахихад дангаараа нөлөөлсөн гэж бодохгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эрхэд халдахад Монголын сэтгүүл зүйн салбарынхан өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр ирсэн. Өнгөрсөн жил мөн манай салбарт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлэг өргөн хүрээнд өрнөсөн. Хэвлэлийн эрх чөлөөг хумихуйц, сэтгүүл зүйн салбарт тохирохгүй заалт бүхий тус хуулийн төслийг сэтгүүл зүйн салбарынхан, хүний эрхийн байгууллагууд эсэргүүцсэн акц өрнөсөн үр шүү дээ.

— Манай улс цаашид хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаа сайжруулахын тулд яах ёстой вэ?

Хамгийн гол нь Монгол Улсын суурь нөхцөл байдлаас маш их хамаарна. Монголд хүний эрх давхар стандартгүй хэрэгждэг байх, улс төр нь тогтвортой байх, иргэдийн амьжиргаа сайжрах нь чухал. Хөрс нь муу бол юу ч тариад нэмэргүй гэдэг. Гэхдээ асуудлыг ингэж бөөрөнхийлж орхиж болохгүй нь мэдээж л дээ. Миний хувьд олон нийт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээ дэмждэг, итгэдэг байх нь юу юунаас чухал юм болов уу. Хэвлэл мэдээллийн салбар гэдэг олон нийтийн итгэл, үнэмшил дээр тулгуурладаг бизнес. Олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, чадвартай сэтгүүлчид, медианууд манайд олон бий. Бусад бизнесийн байгууллагууд ийм медиаг сонгож хамтран ажиллах, олон нийт нь ийм медиаг сонгож хэрэглэх зэрэг олон зүйл ярьж болохоор байна. Яг ийм, тийм хуулийн зохицуулалт хэрэгтэй гэхээс илүү улс орны нөхцөл байдал сайжраасай л гэж хүсдэг.

Сэтгүүл зүйг
УЛС ТӨР дотроос харвал
Ч.Лодойсамбуу
УИХ-ын гишүүн
Ямар нэгэн зүйл ардаа нуучихсан хүн сэтгүүлчдэд дургүй

Зориг мохохын тулд эхлээд байх ёстой. Байхгүй зүйл мохохгүй шүү дээ. Гэтэл зориг алга. Зориг айдсын хүчин зүйлийг давах хүслээс эхэлдэг. Сэтгүүлчид юу хийхийг хүсээд байгаагаа, шийдэхийн тулд юу хийх ёстойгоо мэдэж байвал зарчим болно. Энэ зориг, зарчим нэгэнт байгаа үед мохно гэх ойлголт байхгүй.

— Та сэтгүүлчээр ажиллаж байхдаа зоригтой байж чадсан уу?

Би хийх гэж байгаа зүйлээ яагаад хийх гэж байгаагаа, яаж хийх вэ, ямар үр дүнд хүрэхээ мэдэж нэвтрүүлгээ хийдэг байсан. Тийм учраас олон нийтээс, хүмүүст муу хэлүүлэхээс, дарамтаас ч айдаггүй байсан. Айдаггүй нь мундаг гэдэгтээ бус юуг хийхээ мэддэг байсантай л холбоотой байсан.

— Сэтгүүлчдийг айдаст автуулж байгаа гол хүчин зүйл юу байна вэ?

Зөндөө л шалтгаанууд байна. Сэтгүүлчдэд эрх мэдэлтнүүд, гэмт хэрэгтнүүд дургүй байдаг. Ямар нэгэн зүйл ардаа нуучихсан хүн сэтгүүлчдэд дургүй, гэхдээ тэр ардаа нууцтай хүн олон нийтэд хамгийн сонирхолтой хүн. Тэр хүн сэтгүүлчдийг айлгах гэж оролддог. Дам нөлөө маш их байдаг. Ковидын үед үүнийг маш ихээр мэдэрсэн. Сэтгүүлчид мэдээлээд эхэлсэн чинь ОХУ-д нэг сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээлэл түгээж, нэг сэтгүүлчийг нь яллаж, шоронд хийж алсуураа айлгах гэж үзсэн.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Л.Мөнхбаясгалан
УИХ-ын гишүүн
Буу тулгаснаас мөнгө тулгасан нь амархан гэж тэд ярьдаг

"Хэвлэл мэдээлэл оршин тогтноход хамгийн хэцүү үед та бүхэн ажиллаж байна. Биднийг ажиллаж байх үед ч мөн адил хэцүү л байлаа, тэсэж үлдэхийн төлөө, амьд үлдэхийн төлөө хичээдэг байсан. Тэр үед мэргэжлийн, шударга сэтгүүлчид, мэргэжлийн редакцууд маш олноороо байсан. Шударга өрсөлдөөн явагддаг байсан. Нэг үгээр хэлбэл тухайн цагт шударга бус нь цөөхөн байсан бол одоо шударга нь цөөхөн болчхож. Мэргэжлийн редакц маш цөөхөн, гарын таван хуруунд багтахаар л байна. Тэдний нэг нь Eguur News. Би танайхыг унших дуртай, миний нүдэн дээр төрж, өсөж бойжоод, одоо мэргэжлийн, эрийн цээнд хүрчихсэн редакц. Талархалтай санагддаг."

— Сэтгүүлч нарын зоригийг хамгийн их мохоож байгаа, айдаст автуулдаг хүчин зүйл юу вэ. Хэн нэгэн албан тушаалтан уу, эсхүл хуулийн байгууллага уу?

Сэтгүүлчийг хамгийн ихээр айдаст автуулах зүйл мөнгө л байх ёстой. Мөнгөнөөс айдаг байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр мөнгөнд хайртай болоод гүйгээд байвал мэргэжлээ алдчихна. Одоогийн улстөрчдийн увайгүй хандлага, зан arаншин бол сэтгүүлчдийн цаазын тавцан. Увайгүй байгаа нь хэн нэгнийг барьж, шоронд хийхээр хэмжигдэхгүй. Шууд мөнгө амлах, мөнгөөр хүчирхийлэх. Буу тулгаснаас мөнгө тулгасан нь амархан гэж тэд ярьдаг. Энэ мөнгөний хүчирхийлэл, айдсыг ялж гардаг байх хэрэгтэй, мөнгийг ялдаг зоригтой байх ёстой. Сэтгүүлчдийг айдаст автуулж байгаа хүчин зүйлийг хувь хүн, байгууллага гэхээс илүүтэйгээр өнөө цагийн ялзарсан улстөрчдийн увайгүй хандлага л хамгийн аюултай байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Үргэлжлэл
— Эгүүр · Зориг ба Айдас · 2026 —
IV
ДӨРӨВ. БИД ДАРАМТЫГ СӨРӨХ ЗОРИГТОЙ ЮУ
Автор
ЦэрэнсамбууТамир
Ерөнхий редактор
ПүрэвдоржДаваажаргал
Сэтгүүлч
ОюунчимэгУлсболд
Зураглаач · Эвлүүлэгч
ГансүхЗолбоо
Зураглаач · Эвлүүлэгч
БатбаярЭрдэнэбаяр
Зураглаач · Эвлүүлэгч
Өөрийгөө цензурдэх нь сэтгүүл зүйд
ҮЗЭГДЭЛ болов
Жулиан Диеэркс
Mongolia Focus · UBC · Судлаач, нийтлэлч
"Надад анх 'энэ сэдвийг олон нийтэд бүү ярь' гэж хэлж байсан мөчийг яг санахгүй ч тухайн үедээ үнэхээр цочирдож билээ"

Испанийн Мадрид хотын Наваррагийн Их Сургуулийн Харилцаа Холбооны Сургуульд болсон "Сэтгүүл зүй ба сайн засаглал" бага хурал дээр Стефен Ж.Адлерийн илтгэлд "Төрийн байгууллагуудтай асуудал үүсгэхээс зайлсхийхийн тулд өөрийгөө цензурдэх үзэгдэл газар авч байна" хэмээн онцлон хэлсэн. Монголын орчин үеийн улс төр, нийгмийн талаарх нийтлэл бичдэг Mongolia Focus сайтын нийтлэлч, судлаач Жулиан Диеэркс өөрийгөө цензурдэх үзэгдлийн талаар хэрхэн тодорхойлж байсныг энд хүргэвэл энэ талаар бид илүү сайн ойлголттой болж чадна. Тэрбээр,

"Монголд би хүссэнээ судалж, хэлж, нийтэлж чаддаг тэр сэтгэх, илэрхийлэх бүрэн эрх чөлөөг маш их үнэлдэг. Энэ эрх чөлөөний хариуцлагыг ухамсарлах үүднээс уншигчдадаа миний дүгнэлтэд итгэх шалгуур нь юу болох талаар ил тод байх вэ гэдэгт үргэлж хичээдэг. Би судалгаа хийх, нийтлэх эрх чөлөөгөөр хангагдсан ч корпорац, төрийн байгууллагуудад тайлагнах ямар ч үүрэг хүлээдэггүй." 2025 оны дөрөвдүгээр сард ардчилалд ойр хэд хэдэн хүнтэй ярилцах үед өөрийгөө цензурдэх явдал нийгмийн том сэдэв болчихсон байсан аж. "Хүн бүр хүссэн зүйлээ хэлж болно, гэхдээ зарим зүйлээ хэлэхгүй байх сонголт бий болжээ. Энэ нь шийтгэлд өртөхөөс болгоомжилсонд оршиж буй юм."

Жулиан Диеэркс
Mongolia Focus · UBC · Судлаач, нийтлэлч
Тролл арми — Монголд үнэхээр олон хүн онлайн троллуудаас айж байна

Өөрийгөө цензурдэх талаарх яриа өрнөхөд анхны асуулт: "Тэгээд яг юунаас айж байгаа юм бэ?" Хамгийн түгээмэл хариулт — онлайн дайралт, троллууд; түр хугацааны баривчилгаа. Монгол Улсын хөрш орнуудын авторитар дэглэмүүдтэй харьцуулахад энэ хоёр хариулт харьцангуй "зөөлөн" арга мэт сонсогдоно. Баривчилгаа нэг их удаан үргэлжлэхгүй гэсэн хүлээлттэй байдаг ч заналхийлэл болж, үйлдэлд нөлөөлөхөд хангалттай. Үүнийг би маш гайхсан. Би өөрөө Монголын иргэн биш, Монголд амьдардаггүй, академик эрх чөлөөг хамгийн өндөр түвшинд хамгаалдаг Германы их сургуульд ажилладаг. Миний хувьд хамгийн эрсдэлтэй зүйл гэвэл Монголд зорчих эрх хязгаарлагдах зэрэг л юм. Гэхдээ одоогоор энэ нь ямар ч боломжгүй зүйл.

Монголчууд Facebook-т маш идэвхтэй байдаг нь нэг талаараа шалтгаан байж болох ч ТББ, судлаачид, бодлого боловсруулагчид ч хуучнаар Twitter дээр идэвхтэй хэвээр л байна. Олон хүн надад зорилтот дайралтад зориулж тогтмол троллын багууд ажилладаг гэж итгэлтэйгээр хэлсэн.

Өнөөдөр санаа зовж буй асуудал нь гадаад хүчин зүйл биш, харин дотоод улс төрийн хүчнүүдийн зохион байгуулалттай дайралт юм. Хэнийг, ямар сэдвийг чиглэж дайрч буй хэв маягаас харахад энэ нь төрөөс удирдагддаг нь илэрхий. Энэ талаар хэлэхдээ би аль болох болгоомжлонгуй үг хэллэгийг ашиглалаа. Хүн бүр үүнийг нотлохоос сэрэмжилдэг. Би өөрөө ийм дайралтад өртөөгүй. Гэхдээ надад дам сонсогддог айдсууд бодитой, үнэмшилтэй сонсогдсон.

Судлаачдаас сонсоход, зарим нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараa–2050"-ийг илтгэл, нийтлэлдээ магтах шаардлагатай мэт шууд бас чиглүүлэг, сануулга авч байжээ. Ямар нэг шийтгэлтэй эсэх нь тодорхой бус ч энэ нь улс төрийн нөлөө бүхий дарамт мэт санагдана. Энэ нь надад Бээжинд болсон Монгол судлалын хурал дээр илтгэгчид Ши Жиньпиний нэрийг зохиомлоор магтдаг байсан үзэгдлийг санагдуулсан юм.

Сүүлийн үед болсон жагсаал цуглааны үеийн баривчилгаа, мөн сэтгүүлчдийн баривчилгаа нь эрүүгийн бүрэлдэхүүн нь тодорхой бус бүдэг бадаг шалтгаан, улмаар яллах ажиллагаа үргэлжлээгүй тул эдгээр нь санаатай дарамт шахалт мэт харагдана. Эцэст нь хохиролгүй мэт харагдаж байж болох ч баривчлагдах үйл явц өөрөө айдас, стресс дагуулдаг ба олон нийтэд "сэжигтэн" гэсэн сүүдэр үлддэг. Шууд улс төрийн өндөр албан тушаалтнууд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй ч энэ нь нууц биш явагдаж байгаа бол улс төрийн аль нэг эрх мэдэлтэн оролцож байгаа нь гарцаагүй. Ардчилсан улсын улс төрийн албан тушаалтнууд хэзээ ч шүүмжлэгчдийн дуу хоолойг сүрдүүлж, айлгах үйл ажиллагааг дэмжих ёсгүй.

"Ардчиллын үнэт зүйлтэй иргэд ардчилалд хэрэгтэй" — Веймарын Бүгд Найрамдах улсын анхны Ерөнхийлөгч Фридрих Эберт. Хэрэв шүүмжлэлтэй, нээлттэй байр суурьтай иргэд айж дуугүй болвол ардчиллын хамгийн чухал баталгаануудын нэг нуран унах болно.
"Ардчилал харанхуйд мөхдөг" — Вашингтон Постын уриа болсон энэ үг ил тод байдал, хяналт бол ардчиллын гол хамгаалалт болохыг сануулдаг. Хэрэв өөрийгөө цензурдэх үзэгдэл нийгэмд газар авбал энэхүү хамгаалалт алдагдана.

Өөрийгөө цензурдэх үзэгдэл тун бүдэг, ихэвчлэн аман ярианд тулгуурладаг тул нөхцөл байдлын эерэг өөрчлөлтийг хэмжихэд хэцүү. Олон улсын индексүүд ч онлайн довтолгоо, нийгмийн айдас зэрэг далд дарамтыг хэмжихэд хүндрэлтэй байдаг. Өнөөдөр олон орны адил Монгол Улсад ч гэсэн популист барууны хүчний нөлөөнд ардчиллын тулгуур зарчмууд ганхах эрсдэлтэй тулгарч байна. Энэ үед Монголын ардчиллын төлөөх иргэд, судлаачид, иргэний нийгмийн хүчнүүд өөрсдөө бэхжиж, хамгаалалтад гарч зогсох шаардлагатай юм.

Сэтгүүл зүйн салбарын
СОРИЛТ, СУРГАМЖ, САНАХ үг
Ш.Оюунчимэг
News.mn мэдээллийн агентлагийн Ерөнхий редактор
Нэг нам олон жил давамгайлж байхад хэвлэл сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх ёстой

Өнөөдрийн байдлыг дүгнэвэл зоригтойгоор, асуудлын голыг олж хийж байгаа хэвлэл цөөхөн. Дийлэнхдээ шууд дамжуулалт хийгээд явчихдаг. Нийгэмд ямар хэрэгтэй юм гэдэг том агуулгаараа хүмүүст мэдээлэл очихгүйгээр нэг хүний яриа очдог шийдэл явчхаад байна. Нэг нам олон жил давамгайлж байгаа энэ тохиолдолд хэвлэл сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх ёстой. Зөвхөн албан тушаалын төлөө бие биеэ унагадаг, улс төрийн нөхцөл байдлыг харвал, үнэнийг хэлэхэд хэвлэл мэдээлэл зориггүй байсан учраас, болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг гаргаж ирж чадаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд тулсан гэж харж болно.

Үнэнийг хэлэхэд хэвлэл мэдээлэл зориггүй байсан учраас болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг гаргаж ирж чадаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд тулсан гэж харж болно. МАН-аас хэдэн тэрбумтан төрөв. Энэ нам эрх барьж байгаа үед яагаад өнөөдрийн нөхцөл байдал үүсчихсэн юм бэ гэдгийг магадлан харах ёстой. Ялангуяа, МУ-ын Ерөнхийлөгчийн гаргаж байгаа шийдвэр Засгийн газар, УИХ-ын бодлого үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр сэтгүүлчийнхээ хувьд байр сууриа илэрхийлсний төлөө учиргүй дарамтлаад байхгүй ч гэсэн хаанаас захиалсан юм, яагаад ингэж бичиж байгаа юм гэдэг нөхцөл байдал үүсдэг. Өнөөдрийн хүртэл миний зориг мохоогүй, мохох ч үгүй байх.

Шинээр нээгдэж байгаа сайтууд редакцууд бодлогоо зарладаг байгаасай. Хэвлэл, сэтгүүлч, сошиал ялгагдахаа больчхоод байна. Улс төрийн нийтлэл бичиж байгаа бол News.mn-ийн бодлоготой яаж уялдаж байгаа вэ гэдгийг боддог. Энэ мэт асуудлаа редакцууд сайн тодорхой болгох шаардлага улам бүр үүсэж байна. Хэвлэл мэдээлэл сайн байвал олон нийт мэдээлэлтэй байна. Тэр хэрээр сонголтоо маш сайн хийдэг гэдгийг л мартаж болохгүй.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Б.Ариунцэцэг
"Тэнгэр" телевизийн Ерөнхий продюсер
Улс төржилтөөс хол байх тусам ард түмэн хүчтэй байна

Хэвлэлүүд өнөөдөр зоригтой ажиллаж байгаа. Гэхдээ нэг боомилж байгаа зүйл нь санхүүжилт. Өнөөдөр хаана мөнгө байна гээд харахаар бизнесүүдэд, ард түмэнд байхгүй. Ганцхан төрд мөнгө байна. Ийм болохоор гэрээ хийж, төрийн үйл ажиллагааг сурталчилна гэдэг — ихэнх хэвлэл мэдээллүүд ингэж л амь зогоож байна. Энэ талаас нь харахаар зоригтой гээд шууд хэлж болохгүй болчхож байгаа биз. Нэг үеэ бодоход тэнцвэртэй мэдээлэл хүргэх тал дээр сайжирсан.

Миний хүсдэг юм бол аль болох сөрөг хүчний байр суурийг хүргээсэй. Ингэж байж нэг зам засаглаж байгаа энэ үед эрх баригчид, хэт их улс төржилтийн сэдвээр ард түмний тархийг угааж байгааг зааглаж өгнө. Улс төржилтөөс хол байх тусам ард түмэн хүчтэй байна. Сонгож байгаа сэдвээ олон нийт суурьтай болгочихвол эрх баригчид хэчнээн ч олон жил төр барьсан бай хэвлэл мэдээлэл сөрөг хүчний үүргээ биелүүлж чадна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Х.Мөнхжаргал
"Зууны мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
Төрийн байгууллагууд маш их нууцлалтай, мэдээлэл өгөхөө больсон

Хэвлэл мэдээллийн зах зээл өөр түвшинд шилжиж байна. Сошиал платформыг дагаад агуулга, хэлбэр, дүрсээ өөрчилж байна. Одоогийн байдлаар Монголд гурван өдөр тутмын сонин үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Бид аль болох тоймлосон, баталгаатай, энэ асуудлын ард юу болсон юм, үнэн үү гэдгийг баримттайгаар гаргаж ирдэг мэдээллийн хэрэгсэл болохоор ажилладаг.

Зоригтой ажиллахад хууль эрх зүйн орчин нь өөрөө учир дутагдалтай. Төрийн байгууллагууд маш их нууцлалтай, мэдээлэл өгөхөө больсон. Сэтгүүлчид мэдээллийг олж авахын тулд саад бэрхшээлтэй тулгарч байна гэдэг бол зориг мөхөх бас нэг шалтгаан юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
У.Болортуяа
Urug.mn сайтын үүсгэн байгуулагч
Зоригтой ажиллана гэдэг бол бидний нэг том тулгуур багана

Хэвлэл мэдээллийн салбарын хамгийн чухал зүйл бол зориг. Зоригтой ажиллаж чадвал хийж байгаа бүтээлээрээ төрийн бодлогод, нийгэмд нөлөө үзүүлж чадна. Зоригтой ажиллана гэдэг бол бидний нэг том тулгуур багана. Гэтэл сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд зоригтой ажиллах гэдэг зарчмаасаа ухарсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг шоронд хоригдсоноос хойш сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах хүний тоо ч буурсан — мэргэжлээрээ ажиллахаа болъё гээд салбараасаа гарсан хүмүүс байгаа, нэрлэж болж байна. Ер нь тэгсхийгээд л явж байвал зүгээр юм байна байдал үүсгэж байгаа юм.

Айхтар хурц асуудлыг ухаж төнхөхөөр тухайн сэтгүүлчийн амыг таглах дуугүй байлгах зорилгоор "эзэн нь байхад хэрэг нь олдоно" гэдэг замаар бидний өмнө сэтгүүлчийг шоронд хийгээд бүр хаалттай шүүгээд үзүүлчихсэн. Төрийн нууцыг хадгалсан гэдгээр шоронд хийгээд үзүүлчихлээ шүү дээ. Төрийн нууцыг задруулсан хүн нь хариуцлага байхгүй.

Энэ үйл явдлаас хойш би хувь сэтгүүлчийнхээ хувьд ч гэсэн эрсдэлтэй том сэдвээр дуугарч, сэтгүүл зүйн эрэн сурвалжлах бүтээл хийгээгүй байдалтай л байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Б.Батцэцэг
Newsroom.mn сайтын эрхлэгч
Эх сурвалжаа нууцлах зэрэг бусад хамгаалалт дутуу дулимаг

Зориг гэхээр ямар хэм хэмжээ вэ гэдэг чухал. Сайн редакц бол сэтгүүлчээ төлөвшүүлэхдээ эрх мэдэлтэн, албан тушаалтны өөдөөс сөрж, өөрсдийн зөв гэсэн мэдээллээ хүргэх зоригтой байхад нь чиглүүлж, хамгаалж өгдөг. Хууль эрх зүйн орчин дутмаг байгааг судалгаагаар гаргаад ирчихсэн. Эх сурвалжаа нууцлах зэрэг бусад хамгаалалт дутуу дулимаг гэдгийг салбартаа байгаа та хэд маань сайн мэдэж байгаа байх. Хууль эрх зүйн орчин, цалин мөнгө, хөдөлмөрийн хөлсний зах зээл гээд олон сэдэвтэй энэ агуулга уялдана.

Зоригтой байх дээр редакц чухал. Миний ард намайг хамгаалах редакц байгаа, зөв нийтлэлийн бодлогоор хангах гэдэгт редакц байх учраас зориг өгдөг. Албан тушаалтнуудын зүгээс ирдэг дарамт шахалтууд их. Дээрээс нь олон нийтийн зүгээс.

Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах боловсон хүчний тоо сүүлийн арван жилд 60 хувиар буурсан гэдэг судалгаа байсан. Буурах болсон шалтгааны нэг шинэ ойлголт гарч ирсэн нь бүллидэх, цахимаар дайруулах явдал юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Б.Баяртогтох
Mining.mn сайтын эрхлэгч
Зориг гэдэг бол бидний хувьд баримт, эх сурвалж юм

Манай салбарынхан үеийн үед л зоригтой байж ирсэн. Цагийн цагт дайчин, өөрийнхөө санаа бодлоос гадна сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулаад нийгмийн дуу хоолой болдог. Одоо ч энэ хэвээрээ ажиллаж байгаа. Гэхдээ сүүлийн үед, ялангуяа ковидоос хойш нэг харзнасан, хүлээзнэсэн, эмээсэн зориг нь мохох зүйл мэр сэр байна уу даа. Яагаад гэвэл, редакцуудын нийтлэлийн бодлого, хуучин гарч байсан мэдээллийн урсгал, гарчиг, ярилцлагын өгч байгаа мэдээллээс харахад бид хэтэрхий мөлгөр болоод байгаа юм болов уу гэдэг зүйл ажиглагддаг. Энэ нь мэргэжлийн сэтгүүл зүйн тодорхой хэмжээний стандарт, үнэ цэн унах гээд байна уу гэж харагдана.

Гэхдээ бид зориг гэдгийг увайгүй байдал гэж бодож болохгүй. Зориг гэдэг бол бидний хувьд баримт, эх сурвалж юм. Мэдлэгт суурилсан агуулга. Мөн тухайн үйл явдал дээр задлан шинжилгээ хийсэн анализ бүхий нийтлэл, сурвалжилга юм гэж хувьдаа ойлгодог.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
У.Оргилмаа
Чөлөөт нийтлэлч
Хүнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдсан бол айдас үүснэ

Зориг гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Зодож, нүдэж байгаа юм шигээр бичих гэхээс илүүтэйгээр хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодож бичих хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийн муу муухай, хор уршгийг дэлгэхийг зоригтой гээд буй, зөв. Харин хэн нэгнийг зодох гэвэл буруу. Өөрөөр хэлбэл, асуудал бичвэл зөв, хүн рүү чиглэчихвэл буруу.

Зоригийн тухайд, асуудал дээр харьшгүй байх хэрэгтэй, хүнийг нь ерөөс бодох ёсгүй. "Тэр хэн билээ, ямар хамааралтай, албан тушаалтай хүн билээ" гэдгийг бодоод эхэлбэл өс хонзонгийн зориулалттай, сэдэл нь буруу тийшээ эргэчихдэг.

Хүнийг чиглэж сэтгүүл зүйн бүтээл гаргасан бол айдаст автана. Тэр хүнийг гүтгэн доромжилж, нэр хүндэд нь халдсан бол айдас үүсэхээс аргагүй. Харин асуудал харж бичсэн бол нийтийн төлөө байсан хэмээн зоригтой бардам хэлнэ байх.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Үргэлжлэл
— Эгүүр · Зориг ба Айдас · 2026 —
ТАВ.
ДҮГНЭЛТ
ДҮГНЭЛТ · 2026
ГАРЦ
ГАРГАЛГАА
Монголд хэвлэлийн эрх чөлөө гэдэг ойлголт системийн дарамтад орсоор байгаа төдийгүй, далд айдас улам ил болж буй энэ байдлыг сэтгүүл зүйн салбарынхан үргэлж анзааран харж байх ёстой.

Бидний хөндсөн "Монголын редакцууд зоригтой ажиллаж чадаж байгаа юу" гэх асуултын хариуд бидэнд өнөөдөр ардчилал бий учраас хэвлэл, редакц, сэтгүүлч чадах хэмжээгээрээ зоригтойгоор ажиллаж байгаа боловч бүхэлд нь харвал хэвлэлийн эрх чөлөө институцын түвшинд хумигдаж байна гэж харагдав.

Бид энэ гол шинжүүдээ хадгалахын тулд тодорхой түвшинд урагшлах оролдлогууд хийсээр байгаа ч хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө боомилуулах оролдлогуудад өртсөөр байна. Энэ талаар Олон улсын байгууллагуудын нийтлэл, судалгаанд "Монголд гарсан гүтгэлгийн хэргийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг гарч байна" гэжээ. CIVICUS Monitor сэтгүүлд, Монголд иргэний нийгмийн орон зай хумигдаж байгааг ч мөн тодотгосон байв. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хамгаалахын төлөө ажилладаг хүмүүс рүү ирэх эрх мэдэлтнүүдийн дарамт, айлган сүрдүүлэх, өш хонзон илэрхийлэх асуудал нэмэгдэж буйг судалгаандаа дурджээ.

СЭРЭМЖ

Дайн дажингүй, геополитикийн хурц зөрчилдөөнгүй Монголд алсуураа улс төрийн авторитар дэглэмийн хандлага нэмэгдэж, үүний илрэл нь хэвлэлийг ард түмний дайсан мэт үзэх байдал төрөөс, улс төрчдөөс гарч буй нь сэрэмжлэх ёстой зүйл мөн.

Редакц · Нэгдэл

Редакцууд үнэнийг эрэлхийлэх мэргэжлийн үүргийнхээ хажуугаар айдасгүйгээр орших шаардлагатай тулгарч, энэ хэрээрээ дан ганц хувь сэтгүүлчийн зоригийн асуудал бус салбарын зориг, нэгдлийн асуудал ч мөн энд хөндөгдөж байгааг анзаарууштай. Хэвлэл мэдээллийн нэр төрд халдах замаар олон нийтийн итгэлийг бууруулж буй нь эргээд сэтгүүл зүйн салбар тэдний дэмжлэгийг хэрхэн олж авах вэ гэдэг сорилттой ч нүүр тулахад хүрчээ.

Мэдээллийн орчин

Нөгөө талд, сошиал медиад зориудаар түгээсэн ташаа мэдээлэл давамгайлж, хуйвалдааны онол, илт худал агуулгууд үнэн мэт түгснээр олон нийтийн дунд буруу хэвшмэл ойлголт тогтож байгаа энэ үед редакцууд өөрсдийн зөв гэсэн байр суурь дээрээ нийгмийг сөрж зогсох зоригийг бэхжүүлэх шаардлага ч ирсэн.

Олон улсын тодорхойлолт

Олон улсын түвшинд бие даасан, чөлөөт редакц гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллага улс төр, бизнес эсвэл бусад нөлөөллөөс ангид байж, редакцын шийдвэрээ мэргэжлийн стандарт, олон нийтийн ашиг сонирхолд тулгуурлан гаргах, сөрөх чадвартай байхыг хэлдэг.

Судалгаа · Тоо баримт
0
хаяг
0
пост

Мөн бидний анхаарах ёстой нэг зүйл нь Монголын сошиал орчинд хуурамч мэдээллийг зохиомлоор үүсгэх, түгээх, ингэхдээ зохион байгуулалттайгаар хийх тохиолдол ч байгааг мартаж болохгүй. Энэ талаар "Сэтгүүл зүйн Хөгжлийн Үүр төв" болон түүний дэргэдэх "Монголын баримт шалгах төв"-өөс Оросыг дэмжсэн хуурамч мэдээллийн талаарх судалгааг хийсэн. Үүнд, Оросыг дэмжсэн мэдээллийг тогтмол түгээдэг 16 хаяг сонгож авч нэг жилийн хугацаанд тэдний нийтэлсэн постуудыг үндсэн дата болгон ашиглажээ. Нийт 16,622 постыг оруулсан нь тус улсын ололт амжилтыг онцолсон, ураныг эсэргүүцсэн, хятадуудыг үзэн ядах, Халзан бүрэгтэйн ордын үйл ажиллагааг эсэргүүцсэн, ШХАБ-ын үйл ажиллагааг дэмжсэн агуулгууд байсан. Эндээс харвал сошиалд олон нийтийн үнэн, зөв мэдээлэл авах процесст хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогууд улам институтжиж байгааг харуулж байна.

Мөн Нийгмийн сүлжээг зохицуулах хуулийн төслийг УИХ дээр ярьсан кэйс нь RSF-ийн үзсэнээр төр засаг хэлэхгүй мэдээллийг устгах, цахим хаягийг хаах, эрх мэдлийн хүчтэй аппарат болж хувирч болзошгүй хэмээн шүүмжилсэн удаатай.

Олон нийтийн хяналтын 4 үүрэг
  • 01 Төр хэвлэлд ямар цензур тавихыг оролдож байгааг хянах
  • 02 Хуулийн байгууллагууд олон нийтийн мэдэх эрхийг зөрчсөн хуурамч мэдээллүүдийн эсрэг хэрхэн ажилладагт дүгнэлт хийх
  • 03 Мэдээлэл хязгаарлах, хэвлэлийн байгууллагуудын эрхийг зөрчих үйлдэл төрийн өндөр албан тушаалтнуудын зүгээс гарч буй эсэх
  • 04 Сэтгүүлчдийн дуу хоолойг боомилох үйл процессын давтамж нэмэгдэж байна уу зэрэгт тогтмол анхаарал хандуулахаас аргагүй юм

Иймд өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарт редакц, сэтгүүлч бодлогоор, аливаа нийгэм улс төрийн агуулгын гүн рүү орохдоо хэнээс ч, юунаас ч үл эмээн баримтын араас явдаг тэр орон зайг эрүүлээр бий болгох шаардлага бий болсоор байна. Ингэхдээ Олон улсын байгууллагууд, тухайлбал ЮНЕСКО-гоос хэвлэл мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, эх сурвалжийг хуулиар хамгаалах асуудлыг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатайг зөвлөсөн юм.

Eguur News · Зориг ба Айдас · 2026
Улс төрийн нэг хүчин төрийн эрх барьж буй хугацаанд хэвлэл мэдээллийн салбарынхныг хуулийн байгууллагаар шалгуулах, эрхийг нь зөрчих нөхцөл байдал хэр их үүсэж байгаагаас тухайн улс оронд дарангуйлал бий болж байна уу, Ардчилал үндсэн үнэт зүйлээрээ оршиж байна уу гэдгийг бүх нийтээр асууж, хянаж байх ёстой.
Хэвлэлийн эрх чөлөө бол
ардчиллын үнэт зүйл
гэдгийг л мартаж боломгүй.
RSF · CIVICUS · ЮНЕСКО · Eguur News · 2026
Төгсгөл
— Эгүүр · Зориг ба Айдас · 2026 —